| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2020/00910/И |
| Дугаар | 153/ШШ2021/00078 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 153/ШШ2021/00078
| 2021 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2021/00078 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: "Г банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б.А-д холбогдох, үндсэн зээл 2,040,749.25 төгрөг, зээлийн хүү 3,487,648.29 төгрөг, нийт 5,528,433.54 /таван сая таван зуун хорин найм дөрвөн зуун гучин гурав мянга тавин дөрвөн мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00910/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.О, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Л.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Г банк" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 2018 оны 02 сарын 09-ны өдөр Г банктай *** дугаарт кредит картны зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24-н сарын хугацаатайгаар кредит зартны зээл авсан болно. Зээлдэгчийн зээлийн картны гэрээний хугацаа 2020 оны 01 сарын 30-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,040,749.25 төгрөг, зээлийн хүү 3,487,684.29 төгрөг нийт 5,528,433.54 төгрөг байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан болно. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2,040,749.25 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,487,649.29 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 5,528,433.54 төгрөг байна. Иймд хариуцагч Б.А-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5,528,433.54 /таван сая таван зуун хорин найм дөрвөн зуун гучин гурав мянга тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж "Г банк" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. шүүхэд хандсанаас хойш 800,000 төгрөгийг төлсөн байгаа гэв.
Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... "Би энэ кредит картны зээлийн албан ёсны хүсэлт гаргаж аваагүй. 2018 оны 02 сарын 09-ны өдөр Г банкнаас таны нэр 2,000,000 төгрөгний эрхтэй кредит карт ирсэн байна гээд надад өгсөн. Тухайн үедээ сар бүр эргэн төлөлтөө боломжоороо хийгээд явж байсан. 2020 онд хугацаа нь дуусахад эдийн засагчид тайлбар өгсөн. Миний бие ажилгүй гэртээ хүүхдээ харж байна.Санхүүгийн хувьд хүндрэлтэй байна гэдгээ хэлж байсан. Шүүхэд хандсанаас хойш 800,000 төгрөгний төлөлт хийсэн. Одоо миний бие үндсэн зээлийг л төлөх боломжтой" гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд, мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
"Г банк"-ны Ховд аймаг дахь салбараас хариуцагч Б.А-т холбогдуулан үндсэн зээл 2,040,749.25 төгрөг, зээлийн хүү 3,487,648.29 төгрөг, нийт 5,528,433.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.А нь "Г банк"-аас албан шаардлагаар хүсэлт гаргаж кредит карт аваагүй гэж маргасан тул шүүхээс талуудын хооронд хийгдсэн гэрээ /хэлэлцээр/ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн эсэхэд дүгнэлт хийж, нэхэмжлэгч "Г банк"-ны Ховд салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд хийгдсэн гэрээ /хэлцэл/ хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон үндэслэл нь:
Нэхэмжлэгч "Г банк" нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай Кредит картын гэрээ байгуулан Б.А-т 2,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 42 хувийн хүүтэй олгосон зээлийн гэрээг үндэслэн Б.А-аас үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5,528,433.54 төгрөг шаардсан байна.
Хариуцагч Б.А нь уг кредит картыг захиалж аваагүй, банкнаас дуудаад өгсөн, кредит карт захиалах шаардлага байгаагүй, би өөрөө тухайн үед Г банканд зээлтэй байсан гэж маргасан тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл тэдний хүсэл зоригийг илэрхийлж хийгдсэн хэлцэл мөн эсэхийг шалгах шаардлагатай байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор заажээ.
"Г банк"-аас нотлох баримтаар ирүүлсэн Кредит картын гэрээ гэж нэрлэсэн зээлийн гэрээний 3 дахь заалтад кредит картын зээлийн эрх нээгдэх нөхцөлийг зааж, зээлийн гэрээний 3.1-д Карт эзэмшигч нь карт авах тухай хүсэлт гаргасан байх..., 3.2-т Банк карт эзэмшигчийн гаргасан хүсэлт болон бүрдүүлж өгсөн материалын дагуу Карт эзэмшигчийн зээлчих чадварыг судалж, зээлийн эрх олгох боломжтой эсэхийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна. Үүнээс үзэхэд Кредит карт нь "Г банк"-ны зээл гаргах бүтээгдэхүүний нэг төрөл бөгөөд банкнаас иргэнд зээл олгох нөхцөл, шаардлагыг зээлийн гэрээний 3.1, 3.2-т тодорхой заасан байна.
"Г банк"-ны энэхүү Зээлийн гэрээний нөхцөл, шаардлагыг судалж үзэхэд Кредит карт эзэмшигч нь эхлээд карт авах тухай банкинд хүсэлт гаргах, банк тухайн зээлдэгчийн зээлжих чадварыг судалж Кредит карт олгох шийдвэр гаргах ёстой байжээ. Зохигчдын тайлбараар хариуцагч Б.А нь Кредит карт захиалах тухай банкинд хүсэлт гаргаагүй бөгөөд банк зээлдэгч нарт /өмнө тухайн банкинд зээлтэй байсан/ зориулан Алтан карт буюу Кредит карт олгосон нь тогтоогдов. Мөн банк Кредит карт олгохдоо зээлдэгчийн зээлжих чадварыг судлах үүргийг /Гэрээний 3.2/ хүлээсэн мөртлөө хариуцагч Б.А-д Кредит карт олгохдоо энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар хариуцагч Б.А-ийн "Г банк"-нд зээлтэй байхад банкаас миний зөвшөөрлийг авалгүй дахин зээл олгосноор зээл төлөх чадваргүй болсон гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь "банк зээлдэгч нарт Кредит карт олгосон, Б.А нь хүсэлт гаргаагүй..." гэх тайлбарыг үндэслэн банк өөрт байгаа давуу байдлыг ашиглан, зээлдэгчийн эдийн засгийн байдлыг улам дордуулсан шийдвэр гаргасан гэж дүгнэлээ.
Г банк нь зээлийн гэрээг үндэслэн Б.А-аас зээл, хүүгийн хамт шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн энэхүү шаардах эрх нь талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд үндэслэгдэн бий болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10-д хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул шүүх нэхэмжлэгч "Г банк"-ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай "Кредит картын гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Б.А нь зээлийн гэрээний дагуу 800,000 төгрөгийг Г банк нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн болох нь тогтоогдсон, хариуцагч Б.А нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт зааснаар "Г банк"-ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох Үндсэн зээл 2,040,749.25 төгрөг, зээлийн хүү 3,487,648.29 төгрөг, нийт 5,528,433.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2,000,000 /хоёр сая/ төгрөг, зээлийн хүү 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.А нь үндсэн зээл, зээлийн хүүд 800,000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар "Г банк"-ны Ховд салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 /Жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Б.А-аас гаргуулан нэхэмжлэгч "Г банк"-ны Ховд салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН