Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0586/З |
Дугаар | 128/шш2022/0618 |
Огноо | 2022-08-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 128/шш2022/0618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* нам,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.А*******,
Хариуцагч: Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга,
А намын Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А*******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. А нам нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрчилж Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон /ХХ-н 47-50 дахь тал/.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1.А******* нам нь Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Ц.Т*******, С.Э******* нар А******* нам улс төрийн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш болсон байхад үүнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичихгүй байгаагаас цахим улсын бүртгэл дэх мэдээлэл нь цаасан гэрчилгээнд дээрхтэй зөрж, энэ нь С.Э******* өөрийгөө А намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэн эрх зүйн харилцаанд орох боломж гаргасан үр дагаврыг авчирч, намын эрх ашиг хөндөгдөж байгаа гэх үйл баримтыг шүүхэд маргасан;
2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор "А******* намын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар Их хурлаас батлагдсан "А******* намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт"-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэсэн. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.Т*******-ыг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсаныг бүртгэсэн. Уг бүртгэл нь Улсын Дээд шүүхийн "supremecourt.mn" цахим санд улс төрийн намын бүртгэл, А******* нам /АН/ гэсэн хэсэгт бүртгэгдсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.7-д ...энэ хуулийн 8.6-д заасан цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ" гэж заасан тул Улсын дээд шүүхийн цахим бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг албан ёсны гэж үзэж байна. Харин Улсын Дээд шүүхийн шийдвэрээр бүртгэгдсэн дээр дурдсан бүртгэл нь өнөөдрийн байдлаар А******* намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдээгүй байгаа ба Улсын Дээд шүүхээс уг бүртгэлийг А******* намын гэрчилгээнд бичээгүй орхигдуулсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.10-т "... улсын бүртгэлийн гэрчилгээ гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг" гэж заасан ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.8-д "... улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна" гэж заасан.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь А******* намын хуулийн этгээдийн мэдээлэл ба цаасан эх хувь болох улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан мэдээлэл нь өөр өөр байна. Ийнхүү А******* намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх мэдээлэл нь цахим ба цаасан эх хувь дээр өөр өөр байгаа нь тус нам /хуулийн этгээд/-ийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна. Тиймээс А******* намыг төлөөлж Д.Г******* 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* албан тоотоор гаргасан хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй ба Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3.2-т зааснаар ... өргөдлийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой.
2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай улсад олон янзын хуулийн этгээд гэсэн ойлголт байдаг. Эдгээр дундаас нам гэдэг хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 1992 оноос хойш Улсын Дээд шүүх улсын бүртгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлээд явж байна.
А намын дарга нь сүүлийн байдлаар З.Энхболд гэж байсан ба С.Э******* болоод түүнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор А******* намын даргаар С.Э******* бүртгэлтэй байсныг энэ өдрөөс хойш нээлтэй үлдээсэн. Үүгээр А******* намын мэдээлэлд өөрчлөлт орж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл та нар дүрмийнхээ дагуу даргаа сонговол бид бүртгэнэ гэсэн агуулгатай захиргааны шийдвэр гарсан гэж үзэж байна. Үүнээс хойш Дээд шүүхийн цахим мэдээллийн санд А******* намын дарга гэсэн бүртгэл байхгүй болсон. Тухайн бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн санд орсон мэдээлэл нь албан ёсных байна гэж хуульд заасан байдаг. Ингээд цахим мэдээллийн санд 1.А намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсугай. 2. Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассугай. 3. Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* намын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсугай гэсэн мэдээлэл орсон. Энэ нь гэрчилгээ дээр бичигдээгүй үлдчихсэн.
А******* намын дарга нь хэн гэдэг нь тодорхойгүй буюу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж эхэлсэн ба цахим мэдээллийн санд тавигдсан мэдээлэл болон цаасаар гаргаж өгсөн баримт зөрүүтэй болсон учраас үүнийг нэг болгуулах хүсэлтийг Дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан. Ингээд эхний удаа н.А******* даргаас бид нар тэмдэглэгээ хийх боломжгүй гэх хариуг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/516 дугаар албан тоотоор Б.Г*******-т хүргүүлсэн байдаг. Бид тэмдэглэгээ хийх боломжгүй гэсэн хариунаас харахад тэмдэглэгээ хийх эрх нь байгаад 04, 09 гэсэн тогтоолуудаар хангахаас татгалзаж байгаа учраас бид тэмдэглэгээ хийхгүй гэсэн хариу өгсөн агуулгатай гэж харж байна. Ийм учраас Дээд шүүхийн Тамгын газар нь тэмдэглэгээ хийх бүрэн эрхтэй гэж ойлгож байна.
А******* намын зүгээс Дээд шүүхийн Тамгын газарт 3 хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтүүдэд Дээд шүүхийн Тамгын газраас Ц.Т*******-ыг ******* намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассан шийдвэр гарчихсан учраас бид бүртгэхгүй гэсэн хариу өгдөг. Өнөөдрийн бидний маргаан нь Ц.Т*******-тай холбоотой маргаагүй юм. Бичгээр хүсэлт гаргаад хариултаа авч чадаагүй учраас биечлэн очиж уулзахад С.З******* гэх хүн тэмдэглэгээ хийж бичих боломжгүй, өөр дарга сонгогдсон тохиолдолд бичиж өгөх боломжтой гэсэн тайлбар хэлсэн. Бидний хувьд хэн нэгэн хүнийг бүртгүүлэх бус А******* намаас оруулсан өөрчлөлт буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх мэдээллийн өөрчлөлтийг цахим мэдээллийн санд оруулах тухай хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Э******* өөрийгөө А******* намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэн эрх зүйн харилцаанд орж байгаа нь А******* намын эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэ,л итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж Дээд шүүх цахим мэдээллийн санд оруулчихсан байгаа нь маргаантай байдал үүсгэж байгаа юм.
Улсын бүртгэлийн талаар А******* намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх мэдээллийн лавлагааг авах талаар өмгөөлөгч миний бие Дээд шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй удсан учраас шүүхэд хандахад С.З******* дарга өөрийн биеэр ирж эвлэрлийн гэрээ хийсэн. Ингээд эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн захирамж гарсны дараа дээрх лавлагааг надад гаргаж өгсөн бөгөөд 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай хариу хүргүүлэх тухай таны хүсэлтийг ерөнхий шүүгчид танилцуулахад А******* намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн бүртгэлийг он сар өдөр, нэрийн дарааллаар гаргаж өгч байна гээд 4 баримт гаргаж өгсөн. Иргэний хувиар хүсэлт гаргахаар хариу өгдөг. Яг бүртгэлтэй холбоотой асуудлаар тэмдэглэгээ хийлгэх гэхээр бүртгэл байхгүй, бичиж өгөхгүй гэсэн хариу өгдөг. Энэ нь олон нийтэд зөрүүтэй мэдээлэл хүргэж байгаа учраас хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч захиргааны байгууллага маргааныг шийдвэрлэхгүй байгаа нь С.Э********-ийг А******* намын дарга мэтээр харагдуулах гэсэн хувийн ашиг сонирхолтой байна гэсэн миний өөрийн хувийн хардлага байна.
Мөн хариуцагчийн хариу тайлбартай танилцахад С.Э*******-ээс хойш ямар нэгэн бүртгэлд өөрчлөл ороогүй гэсэн зөрүүтэй тайлбар ирүүлсэн байна. Ийм зөрүүтэй худал тайлбар өгсөн байгаа учраас Дээд шүүхийн 30 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг тогтоолын үндэслэх хэсэгт С.Э******* нь А******* намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш учраас өргөдөл гаргах эрхгүй гэж үзсэн байдаг ба Тамгын газар нь Дээд шүүхийн тогтоолын эсрэг тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Ийм учраас миний хувьд тэмдэглэл хийдэг, А******* намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд 04 дүгээр тогтоолоор өөрчлөгдөөд цахим мэдээллийн санд өөрчлөлт орчихсон, 30 дугаар тогтоолоор А******* намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгийг Дээд шүүх нотолчихсон гэж харж байна. Энэ өөрчлөлтөө гэрчилгээ дээр тэмдэглүүлэх шаардлага гаргасан. Гэрчилгээ дээр тэмдэглэл хийж, тамга дарсан хоёр хүнийг гэрчээр дуудсан боловч өнөөдөр шүүх хуралдаанд ирсэнгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.З*******-тэй миний бие шүүх хуралдаанаас өмнө уулзаж тодруулахад ...татгалзсан гэх зүйл яриагүй, бидний зүгээс тэмдэглэгээ хийх зохицуулалт байхгүй талаар хэлсэн гэж мэдэгдсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т ...Монгол Улсын Дээд шүүх нь ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрддэг гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тустаа нэгж гэдэг агуулгыг тухайн хуулиар хуульчилсан. Мөн хуулийн 85 дугаар зүйлд Шүүхийн Тамгын газар гэж ямар байгууллага байх, 86 дугаар зүйлд Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг буюу төрийн байгууллагын хувьд ямар чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хуульчилж өгсөн байдаг. Мөн 87 дугаар зүйлд Шүүхийн Тамгын газрын даргын эрх, хэмжээний асуудлыг тодорхой зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх гэдэг нь хуульд заасан эрх хэмжээгээр шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавьдаг дээд шатны байгууллага юм. Харин Шүүхийн Тамгын газар гэдэг бол Улсын дээд шүүхийг хэвийн үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлдэг захиргааны байгууллага юм. Дээрх хоёр субъект нь тус тусдаа чиг үүрэгтэй байхаар хууль тогтоогч үзсэн учраас хоёр тустаа хуульчилж өгсөн гэж үзэж байна.
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 2-т Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассугай, Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд А******* намын даргаар бүртгүүлсэн С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсугай гэж заасан ба уг тогтоолын дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газар албан ёсны цахим санд энэ тухай тэмдэглэлийг оруулсан.
Шүүхийн тухай хуульд заасан Тамгын газрын чиг үүрэгт бүртгэлийн хэрхэн хөтлөх, яаж тэмдэглэх талаар Тамгын газарт хариуцуулсан чиг үүрэг байдаггүй.
Хэрэг шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.4-т ... шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч бүртгэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд тус тус заасан чиг үүргийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж заасан байдаг. 71 дүгээр зүйлд Шүүхийн бие даасан байдлыг хангах, 72 дугаар зүйлд Шүүхийг хүний нөөцөөр хангах, 73 дугаар зүйлд Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 74 дүгээр зүйлд Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах, 75 дугаар зүйлд Мэдээллээр хангах гэсэн үндсэн асуудлуудыг хуульчилж өгсөн байдаг. Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.8-д ... тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах гэж заасан байх ба шүүн таслах ажиллагаатай холбоотойгоор дээрх чиг үүргүүдийг шүүхийн Тамгын газар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл 86 дугаар зүйлд бүртгэлийг асуудлыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд журмаар нарийвчлан тогтоодог.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Улсын төрийн намын бүртгэлийг хөтлөх журам-ын 2-т Тамгын газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн ба 2.1-д ...Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн хүлээн авч, өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудыг энэ журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу шалгаж, хуудасны тоог бүртгэж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ, 2.2-т Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой бүртгэл хөтөлснөөс хойш 1 хоногийн дотор зохих журмын дагуу Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээчид шилжүүлнэ, 2.3-т Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч өргөдлийг Захиргааны хэргийн Танхимын тэргүүнд танилцуулж, урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна гэсэн байдаг. Мөн уг журмын 4 дүгээр зүйлд Бүртгэл хөтлөх асуудлыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8, 26.1-д зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд бүтгэх асуудал нь Улсын Дээд шүүхийн Тамгын газрын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй гэдгийг холбогдох хууль болоод уг журмаар тодорхой болж байгаа юм.
Дээрх журмын 4.3-т Улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг хэлэлцэх ажиллагаа өргөдлийг хүлээн авсан шүүгчийн илтгэлээр эхэлж, илтгэгч шүүгч Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдлийн агуулга, баримт бичгийн бүрдэл, шүүх хуралдааны бэлтгэл хангах хугацаанд явуулсан үйл ажиллагаа зэргийг танилцуулна, 4.4-т Намын бүртгэл хөтлөх журмыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 26.4-т зааснаар нийт шүүгчийн олонхын саналаар шийдвэрлэх ба шийдвэрийг Улсын дээд шүүхийн цахим хуудсанд байршуулан нийтэд мэдээлж болно гэж заасан байх ба үүнтэй холбоотойгоор холбогдох бүх мэдээллүүд цахим хуудсанд тавигдсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан С.Э*******-ийг намын дарга мэтээр тайлбарласан гэх асуудал огт байхгүй. 04 дүгээр тогтоолд зааснаар тухайн тэмдэглэлийг хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд тусгах шаардлагагүй бөгөөд Улсын Дээд шүүхийн шийдвэрлэснээр техник ажиллагааг гүйцэтгэнэ. Бид тухайн субъектийг дур мэдэн гэрчилгээнд нэмэх эрхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, маргааны үйл баримтад:
1.1.Энэ хэрэгт нэхэмжлэгч Монгол Улсын Дээд шүүх /цаашид Дээд шүүх гэх/-ийн хөтөлдөг улс төрийн намын бүртгэл дэх мэдээлэл, намын гэрчилгээ дээрх мэдээлэлтэй тохирч байх талаарх үйл баримтын талаар маргасан болно.
1.2.Хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч А******* нам улсын төрийн байгууллага /цаашид А нам гэх/-аас намынхаа гэрчилгээнд Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол гарсан гэсэн тэмдэглэл хийх нь Улсын Дээд шүүхийн Тамгын газрын гүйцэтгэх ёстой захиргааны үүрэг гэж байгаа болно.
1.3.Энэ нь тус намын гэрчилгээнд Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассугай, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсугай гэж тэмдэглэхээс огт өөр ойлголт бүхий эрх зүйн үр дагавартай юм.
1.4.Тодруулбал, энэ шийдвэрийн 1.2-т тодорхойлсон ойлголт бол Ц.Т*******-ыг А******* намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, А******* намын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсанаа бүртгэлдээ тусгаж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол гарсан гэдгийг тэмдэглүүлэх тухай ойлголт бол, энэ шийдвэрийн 1.3-т тодорхойлсон ойлголт нь А******* намын дарга Ц.Т*******, эсхүл С.Э******* биш гэдгийг гэрчилгээгээр тогтоож байгаа гэх хууль зүйн үр дагаврууд үүсгэх хоорондоо өөр маргааны зүйл, маргааны үйл баримт байна гэж анхан шатны шүүхэд үзсэн бөгөөд нэхэмжлэгч энэ шийдвэрийн 1.2-т заасан ойлголтоор маргасан болно.
Хоёр. Хэргийн оролцогч болон оролцогч бит этгээдийн эрх зүйн байдлын талаар:
2.1.Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолын 2.1-т ... А******* нам нь одоогийн байдлаар хоёр өөр байранд зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон гэж, ... тамга, тэмдэгтэй холбоотой маргааныг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх гэсэн дүгнэлтүүд хийсэн байна.
2.2.Улсын Дээд шүүхийн дүгнэснээр А******* нам нь 2 өөр байранд үйл ажиллагаа явуулдаг байгаа боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргасан этгээдийг аль байранд үйл ажиллагаа явуулдаг А******* нам нь болохыг асуух, тодруулж шалгах нь тус намын дотоод хэрэгт нь оролцсон, шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулсанд хамаарна гэж үзсэн тул энэ ёс зүйн хязгаарлалтыг барьж уг асуудалд орохгүйгээр тус намын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай Ээлжит бус Их Хурлын шийдвэрийг /ХХ-н 12 дахь тал/ үндэслэн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.
2.3.Үүнээс гадна А******* намын тамганы талаар гаргасан Улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч тус намаас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад, одоо шүүхээс аль нэг тамгыг хүчинтэй, эсхүл хүчингүй гэж үзэх боломжгүй байсан ба нэхэмжлэлд дарсан намын тамгыг хүчинтэй эсэхийг тогтоох боломжгүй гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн боломжгүй, ийм эрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлээр хуулиар олгоогүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.
2.5.Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.Т*******, С.Э******* нарыг А******* намын даргын үүрэг гүйцэтгэгч, даргаар бүртгээгүй үйл баримт нь тодорхой байгаагаас гадна мөн Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолоор ... тухайн тохиолдолд хүсэлт гаргагч С.Э*******-ийг А******* намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй гэж, ... түүнчлэн Улсын Дээд шүүхийн цахим сан дахь С.Э*******-ийн бүртгэлийг сэргээх тухай гаргасан хүсэлтүүдийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн, тогтоолууд хүчин төгөлдөр байна гэж дүгнэж тус тус шийдвэрлэсэн /Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн цахим сайтын Улс төрийн намын бүртгэлд байгаа нийтэд илэрхий үйл баримт/ шийдвэрүүд хүчин төгөлдөр бөгөөд хууль зүйн үр дагавар нь одоо ч хэвээр байна.
2.6.Иймд Улсын Дээд шүүхийн дээрх шийдвэрүүдээр Ц.Т*******, С.Э******* нар нь А******* нам улс төрийн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон, шүүхийн эдгээр шийдвэрүүд тэдгээрийг эрх зүйн байдал /статус/-ыг тодорхойлчихсон тул анхан шатны шүүх нь А******* намын даргаар эдгээр иргэдийг бүртгээгүй, бүртгэлээс хассан Улсын дээд шүүхийн шийдвэрийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх энэхүү маргаанд Туваан, С.Э******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзвэл хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болох юм.
2.7.Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх нь Ц.Т*******, С.Э******* нарыг А******* нам-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзсэн байхад энэхүү бүртгэлийн улмаас тэдгээрийн эрх хөндөгдөнө гэж үзвэл анхан шатны шүүх нь Улсын Дээд шүүхийн шийдвэрлэсэн дүгнэлтээс зөрчилтэй, логик уялдаагүй дүгнэлт хийсэнд тооцогдоно гэж үзлээ.
2.8.Дээрх үндэслэлүүдээр энэхүү эрх зүйн маргааны үйл баримт болон маргаан бүхий захиргааны актын улмаас Ц.Т*******, С.Э******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө үзэх хууль зүйн үндэслэлгүй тул тэдгээрийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх үзэв.
Гурав.Нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийн талаар:
3.1.Энэ хэрэгт А******* намыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг А******* намын ээлжит бус Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08/01 дугаартай тогтоолоор Б.Г*******, П.Н******* нарт олгож, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлд зааж өгсөн байна.
3.2.Улс төрийн намын тухай хуулийн 13.1-т Намын удирдах дээд байгууллага нь намын Их Хурал байна гэж, А******* намын Үндсэн дүрмийн 5.12.1-т Намын эрх барих дээд байгууллага нь А******* намын Их хурал мөн гэж, 5.12.4.11-т Намын бүхий л асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргах гэж тус тус заасан байна.
3.3.Мөн Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолд А******* намын Ээлжит бус Их Хурлын тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсныг хуульд нийцсэн гэж үзсэн бөгөөд энэхүү итгэмжлэлийг нь үндэслэн Улсын дээд шүүх А******* нам улс төрийн байгууллагын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг нь хүлээн авч, хэлэлцэн, уг өөрчлөлтийг бүртгэх шийдвэр гаргасан байгаа ба үүнтэй адил арга, хэлбэрээр, адил эрх бүхий субъектийн олгосон итгэмжлэлийг анхан шатны шүүхэд хууль бус гэж үзэх эрх хэмжээ байхгүй болно.
3.4.Дээрх эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн А******* намын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Ээлжит бус Их Хурлын 08/01 дүгээр тогтоолоор А намын хуулийн этгээдийн бүртгэлтэй хамааралтай захиргааны хэрэгт П.Н*******, Б.Г******* нарыг томилсон-ыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
3.5.Хариуцагч Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас итгэмжлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Дөрөв.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзсэн шүүхийн үндэслэлийн талаар:
4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа А******* намын гэрчилгээнд Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэсэн тэмдэглэлийг хийлгэх хүсэлтээ Улсын Дээд шүүхийн Тамгын газарт олон удаа гаргасан, ийнхүү бичилт хийхгүй байсан тул өмгөөлөгч би 2022 оны 05 дугаар сард С.З******* даргатай биечлэн уулзах хүсэлт гаргаж, уулзахдаа амаар татгалзсан хариу авсан гэж тайлбарлаж байна.
4.2.Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05/2092 дугаар албан бичгээр А******* намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******-ын гаргасан хүсэлтийн хариуг Таны хүсэлтэд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны *******, Тамгын газрын даргын 2022 оны ******* дугаар албан бичгээр хариу өгч байсан гэсэн нь хариуцагчийн А******* намд өгсөн сүүлчийн бичгийн хариу тул уг хугацаанаас тооцож нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэв.
4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А*******-ын З******* даргатай биечлэн уулзаж татгалзсан хариу авсан гэх тайлбарыг үгүйсгээгүй, үүнд холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй тул өмгөөлөгчийн тайлбарыг няцаагдаагүй гэж үзсэн болно.
4.4.Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг нь хангаж, хариуцагчийн А намын хүсэлтэд бичгээр болон амаар татгалзсан хариу өдрөөс тооцон шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзсэн.
Тав. Захиргааны акт гэж үзсэн тухайд:
5.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн зүйлийн 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус заасан байна.
5.2.Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Ц.Т*******-ыг А******* намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлээс хасч, А******* намын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол гарсан гэдгийг А******* намын гэрчилгээнд бичихээс татгалзсан үйлдэл нь А******* намын дарга нь хэн болох, тус намыг хэн төлөөлөх эрхтэй болох нь олон нийт, үүний дотор тус намын гишүүн иргэд, түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагуудад тодорхойгүй болгосон, С.Э******* өөрийгөө намын дарга гэж тодорхойлон намыг төлөөлж эрх зүйн харилцаанд орох боломжийг олгож байгаа эрх зүйн үр дагавар бүхий фактыг бий болгосон байх тул эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт мөн гэж үзлээ.
5.3.Учир нь нэхэмжлэгч тал гэрчилгээнд энэхүү бичилт тэмдэглэгээ хийгээгүйн үр дагавар нь тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байхад уг гэрчилгээнд Содномзундуй овогтой Эрдэнэ-г Намын дарга-р томилсныг бүртгэв гэх бичилт нь С.Эийг намыг төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгогдон, С.Э******* хууль зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргуулах, эд хөрөнгө захиран зарцуулах зэрэг үйлдэл гаргасан гэх агуулгатай тайлбарлаж, шүүхэд холбогдох нотлох баримтыг гаргасан тул намын гэрчилгээнд тэмдэглэгээ, бичилт хийх нь эрх зүйн үр дагавар бүхий үйлдэл болох нь шүүхэд тогтоогдлоо.
Зургаа.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
6.1.Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассугай гэж, мөн хэсгийн 3 дахь заалтаар Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /ХХ-н 195-204 дэх тал/ байна.
6.2.Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр энэ тогтоол байгаа боловч А******* намын хувьд намыг нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Э*******-г гэх гишүүдийн дотоод маргаан байгааг Улсын дээд шүүх уг тогтоолынхоо 2.1-т А******* намыг төлөөлөх эрхтэй этгээд, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал хоорондоо маргаантай гэж дүгнэснээр, мөн 2021 оны 09, 30, 38 дугаар тогтоолуудад .. 04 дүгээр тогтоолд заасан зөрчил арилаагүй гэж дүгнэснээр /ХХ-н 200-209, 217-232 дахь тал/ тогтоогдсон гэж үзэж байна.
6.3.А намаас энэхүү эргэлзээтэй байдлыг зогсоохын тулд намынхаа гэрчилгээ дээр Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэсэн үг, үсэглэл бүхий тэмдэглэлийг тус намын 2006 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний арын нүүр дэх Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл гэсэн хэсэгт бичүүлэхээр гаргажээ.
6.4.А******* намын энэ хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар албан бичиг, мөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгүүдээр болон амаар хүлээн авахаас татгалзсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдлоо.
6.5.Хариуцагчийн төлөөлөгчөөс ийнхүү амаар шийдвэр гаргасан эсэхэд маргаагүй бөгөөд хариуцагч Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга амаар татгалзсан талаар нотлох баримт байхгүй байгаа ч татгалзсан болох нь шүүх хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд энэ мэдээлэл туссан тул гэрчилгээнд ийм бичилт хийхийг хуульд болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд[1] заагаагүй, Дээд шүүхийн Тамгын газар ийм үүрэггүй гэж маргаснаар нотлогдсон гэж үзлээ.
6.6.Улсын Дээд шүүхийн хөтөлдөг цахим бүртгэлийн мэдээлэлд УДШ-ийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан гэсэн бүртгэлийг хийсэн байна. Энэ үйл баримтыг шүүхийн үзлэгээр тогтоосон бөгөөд үзлэгийг шүүх хуралдаан дээр явуулсан тул протоколоос харж болно.
6.7.Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд шүүхээс явуулсан үзлэгээр намын дарга гэсэн хэсэгт нэр байхгүй байна /Үзлэгийг шүүх хуралдаан дээр явуулсан тул үзлэгийн тэмдэглэлийг протоколоос харж болно/.
6.8.Эндээс үзвэл А******* намын дарга гэх этгээд Улсын дээд шүүхийн хөтөлдөг улс төрийн намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Долоо.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
7.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дугаар 3 зүйлийн 3.1.3-т "хуулийн этгээдийн улсын бүртгэл" гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д "... улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна" гэж тус тус заажээ.
7.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "хуулийн этгээдийн мэдээлэл" гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна гээд 10.1.8-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдөр, 10.1.10-т хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, ..., 10.1.12-т хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл гэж тус тус заасан байна.
7.3.Хуулийн эдгээр заалтаар хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлж, бүртгэл нь цахим болон цаасан хувийн хэрэгтэй байх, хувийн хэрэгт нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн зэрэг олон талт мэдээлэл-ийг агуулж байхаар хуульчилсан болно.
7.4.Иймд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассан болон А******* намын бүртгэлд намын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан үүсгэн байгуулагчийн болон бүртгэх байгууллагын шийдвэр хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдах хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр гэдэг мэдээлэлд хамаарч байна гэж дүгнэлээ.
7.5.Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн мэдээлэлд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын нэр хамаарч байгаа бол ийм этгээд байхгүй бол хуулийн этгээдийг гүйцэтгэх удирдлага байхгүй гэдэг мэдээлэл ч бүртгэгдэх ёстой байна.
7.6.Энэ ч учраас Улсын дээд шүүхийн цахим сайтад байгаа Улс төрийн намын бүртгэл дэх А******* намын бүртгэлд төлөөлөх эрхтэй этгээд байхгүй гэх мэдээлэл бүртгэгдсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.1-т заасантай нийцэж байна.
7.7.Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т "улсын бүртгэлийн гэрчилгээ" гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг гэж, 10 дугаар зүйлийн 10.5-д Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд зөвшөөрөл болон зөвшөөрлийн баримт бичгийн хүчинтэй хугацааг тэмдэглүүлж болно гэж заажээ.
7.8.Хуулийн энэ заалтаар гэрчилгээ нь цаасан болон цахим хэлбэрээр олгогдох баримт бичиг бөгөөд гэрчилгээний арын нүүрэнд Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл гэсэн хүснэгт гаргаж хүснэгтэд С.Э*******-ийг намын даргаар бүртгэснийг тэмдэглэж бичилт хийсэн байгаагаас үзвэл энэ нь цаасан бүртгэлд хамаардаг гэдгийг нотолж байна.
7.9.Иймд 8 дугаар зүйлийн 11.8-д "... улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна" гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн Улсын дээд шүүхийн цахим сайтад байгаа Улс төрийн намын бүртгэл дэх А******* намын бүртгэлд төлөөлөх эрхтэй этгээд байхгүй гэх мэдээлэл нь цаасан гэрчилгээнд бичигдэх ёстой мэдээлэл мөн байна.
7.10.Дээрхээс гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаас өөрөөр гэрчилгээнд юу бичих, юу бичихгүй байх зохицуулалтыг хуульд тусгаагүй, ямар нэг хориглосон зохицуулалт ч байхгүй байна.
7.11.Хуулиар аливаа этгээдийн бүх үйлдлийг хуульчлан тогтоох боломжгүй бөгөөд хуульд ямар нэг субъектийн үйлдлийг заасан хэсэг, заалтыг явцуу утгаар ойлгож буюу үүнээс өөр үйлдэл хийхийг зохицуулаагүй тул болохгүй, хориглосон гэх агуулгаар тайлбарлаж хуулийг хэрэглэвэл шүүхийн хууль хэрэглээний алдаа болох юм.
7.12.Иймд хуулиар нэг бүрчлэн тоочоогүй боловч эрх зүйн үр дагавар үүсгэсэн, хувь хүний объектив болон субъектив эрх, эсхүл нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт, үйлдлийг хуулиар зохицуулаагүй гэж орхиж болохгүй бөгөөд тухай эрх зүйн харилцаа хамаарах хуулийн үзэл санаа, баримтлалыг үндэслэж, эрх зүйн зарчмууд, шударга ёсонд нийцүүлж асуудлыг шийдвэрлэх нь шүүхийн үүрэг болно.
7.13.Энэ хууль зүйн үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гэрчилгээнд ийм бичилт хийхийг хуульд болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заагаагүй, Дээд шүүхийн Тамгын газар ийм үүрэггүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
7.14.Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн дараагийн үндэслэл нь Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр тогтоолоор хууль зүйн үр дагавар үүсгэж, шийдвэрлэсэн асуудлын заавал биелэгдэх шинжийг үр нөлөөгүй болгосон бодит үйл барим /факт/-ыг арилгах нь захиргааны үүрэг буюу захиргааны акт зорилгодоо нийцсэн байх зарчмыг хангах ёстой байна.
7.15.Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "хуулийн этгээдийн хувийн хэрэг" гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг гэж, мөн зүйлийн 4.1.9-д "бүртгэлийн цахим хэлбэр" гэж цахим сүлжээгээр дамжуулан улсын бүртгэлийн байгууллагад хандаж улсын бүртгэл хийлгэхийг тус тус ойлгоно гэжээ.
7.16. Хуулийн эдгээр заалтаас үзвэл хуулийн этгээдийн бүртгэлийн цахим хэлбэр гэж байгаагаас цахим бүртгэл гэдэг хууль зүйн ойлголт байхгүй тул улсын бүртгэлийн мэдээллийн сан нь цаасан болон цахим хэлбэртэй байдаг байна.
7.17.Эндээс үзвэл Улсын дээд шүүхийн хөтөлдөг улс төрийн намын бүртгэлийн цахим хэлбэр бүхий бүртгэлд УДШ-ийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан гэж мэдээлэл оруулсан байгаа тул энэ мэдээлэл нь хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт орсон болохыг мэдээлсэн бүртгэл мөн гэж үзэж байна.
7.18.Эндээс дараахь дүгнэлтийг хийвэл, Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор цахим бүртгэлд бүртгэх гэж заасан нь Дээд шүүхийн шийдвэрийг хуулийн этгээдийн гэрчилгээнд бичиж болохгүй, хориглосон гэх дагаврыг үүсгэсэн шийдвэр биш юм.
7.19.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд тэмдэглэгдсэн байгаа тул хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийх ёсгүй гэх, хуулиар гэрчилгээнд бичилт хийх зохицуулалтыг тусгаагүй тул үүрэггүй гэх агуулгатай тайлбаруудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ
7.20.Улмаар С.Э******* нь А******* намыг дарга гэдгээр төлөөлөн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 99 дугаартай албан бичгийг Голомт банканд /ХХ-н 142, 158, 159 дэх тал/, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 97 дугаартай албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан /ХХ-н 159 дэх тал/, татварын албан дахь татвар төлөгчийн хуулийн этгээдийн удирдлага гэх бүртгэлд С.Э******* бүртгэгдсэн зэрэг нь нотлох баримтаар нотлогдож байна.
7.21.Энэ үйл баримтаар А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр тогтоол биелэгдэхгүй байгаа буюу А******* намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй гэж дүгнэж байгаа шийдвэрүүд хууль зүйн нөлөөллөө хангаж чадахгүй байгаа бодит байдал тогтоогдсон болно.
7.22.Иймд Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр тогтоолын хууль зүйн үр нөлөөг хангах, заавал биелэгдэх шинжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаа нь Улсын Дээд шүүхийн Тамгын газраас тус намын хуулийн этгээдийн ******* дугаартай гэрчилгээнд энэ шийдвэр гарсан талаарх бичилтийг хийж, тэмдэглэх нь зохист үр нөлөөтэй бөгөөд хуульд нийцнэ гэж дүгнэв.
7.23.Хоёр өөр байранд зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнэсэн этгээдүүд хоёр тусдаа нам 2 гэрчилгээтэй гэдэг үйл баримт тогтоогдоогүй учраас намын гэрчилгээнд бичилт хийх нь аливаа зөрчил үүсгэхгүй болно.
7.24.Эцэст нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д зааснаар Улсын Дээд шүүх нь улс төрийн намын бүртгэл хөтлөх бөгөөд тус шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Тамгын газар нь шүүхийн улс төрийн намын бүртгэл хийсэн аливаа шийдвэр, шийдвэрлэсэн асуудлыг нийтэд мэдээлэх, шийдвэрүүдийг цахим сан, бүртгэл мэдээлэлд тусгах, хуулийн этгээдийн гэрчилгээнд шаардлагатай мэдээллийн бичилт хийх нь тус газрын чиг үүрэгт хамаарах гэдгийг хариуцагч мэдвэл зохино.
7.25.Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, шүүхэд тогтоогдсон үйл баримт зарчмын дагуу А******* намын хуулийн этгээдийн гэрчилгээнд юу бичих, юу бичигдэх ёсгүйг хуульчлаагүй тохиолдолд хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрнө, хуулиар эрх олгоогүй бол байгууллага албан тушаалтан хориглоно гэх эрх зүйн суурь зарчим үйлчлэхийг хамт А******* намын гэрчилгээнд Улсын дээд шүүхийн шийдвэрлэсэн асуудлаарх мэдээллийг бичилт хийх нь аливаа этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий үр дагавар үүсгэхгүй, субъектив эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, хууль зүйн зөрчил үүсэхгүй гэж анхан шатны шүүхэд үзсэн болохоо дүгнэхийн хамтаар, Улсын дээд шүүхэд улс төрийн намын мэдээллийн өөрчлөлтийн бүртгэл нь заавал биелэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх ёстой байхад өөр үр дагавар үүсгэж байгааг зогсоох нь захиргааны үйл ажиллагааны зорилго байх ёстой гэж үзэн нэхэмжлэгч А******* намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д 10.1.8-д 10.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч А******* нам /АН/ улс төрийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*******-ыг А******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд А******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э*******-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан гэсэн бүртгэлийг А******* нам /АН/-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийж өгөхөөс татгалзсан амаар гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч А******* нам улс төрийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ