Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2018/00093

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00379 дүгээр шийдвэртэй, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Ш.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Би 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А сумын иргэн Ш.А-т 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлөхөөр 4,000,000 төгрөгийг хоногийн 0,3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Ш.А нь одоо хүртэл үндсэн зээл 4,000,000 төгрөгийг болон хугацаа хэтрүүлсний хүүг өнөөдөр хүртэл төлөхгүй байна. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээн авахгүй надаас зугтаад байна. Иймд Ш.А-ээс үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2015 оны 5 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ иргэн С.Б-ээс 4,000,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгө нь С.Б-ийн сум хөгжүүлэх сангаас авсан мөнгө бөгөөд би түүнээс гуйж авсан. С.Б нь сум хөгжүүлэх сангаас нийтдээ 9.0 сая төгрөг авч 4.0 сая төгрөгийг надад өгч, үлдсэн мөнгийг өөрөө авч хэрэглэсэн. Тухайн үед сум хөгжүүлэх сангаас авсан мөнгийг буцаан хийх хугацаа болоход 5.0 сая төгрөгийг С.Б, 4.0 сая төгрөгийг би төлөхөөр болж тохирсон. Гэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй. С.Б-ийн өөрөөс нь мөнгө зээлдэж аваагүй. Би энэ 4.0 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа ба С.Б-д эргүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. С.Б-ийн нэхэмжилж байгаа зээлийн хүү 1.2 сая төгрөгийн хувьд би энэ нэхэмжлэлийг хүлээж авсны дараа түүнтэй 2 удаа очиж уулзсан. С.Б нь 4.0 сая төгрөгийг өгвөл хүү нэхэмжлэхгүй гэж надтай амаар тохирсон болно. Энэ талаар С.Б-ээс тодруулахад өөрөө хэлж өгөх байх.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00379 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Ш.А-ээс үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүүд 360,000 төгрөг, нийт 4,360,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 840,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00379 дүгээр шийдвэрээр хариуцагч Ш.А надаас зээлийн хүүд 360,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие С.Б-ээс 4,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд үүнийг анх гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт тодорхой дурдсан. Би дээрх зээлийг авахдаа ямар нэгэн хүү төлөх талаар тохиролцож байгаагүй, энэ талаар бидний хооронд байгуулсан гэрээнд ямар ч тодорхой заалт байгаагүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлийн хүүг 0,3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон боловч уг хүүг хоног, сар, улирал, жилээр тооцох талаар шууд тусгаж өгөөгүй байгаа талаар зөв дүгнэлт хийсэн атлаа жилийн 3 хувийн хүүтэй зээлээр өгсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараар тогтоогдож байна гэж дүгнээд гэрээний заалтыг баримтлахгүйгээр надаас хүүгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00379 дүгээр шийдвэрийн зээлийн хүүд 360.000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ш.А-т холбогдуулан “үндсэн зээл 4000000 төгрөг,  хүү 1200000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч “хүү 1200000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгч С.Б нь зээлдэгч Ш.А-т 4000000 төгрөгийг 0.3 хувийн хүүтэй, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн байна. Зээлийн гэрээнд зээлийн хүүг 0.3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон боловч уг хүүг хоног, сар, улирал, жилээр тооцох талаар шууд тусгаж өгөөгүй байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 4000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй зээлээр өгсөн нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэж,  зээлийг хүүг зөв тооцож, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-ийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Ш.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                       

Д.КӨБЕШ