Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч:  *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000144 тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Энхбүрд өрхийн эмнэлэгт өөрийн хүүхэд *******ийг эмчид үзүүлэх үедээ 207 тоот эмчийн өрөөнд байсан иргэн *******гийн эзэмшил, өмчлөлийн самсунг А15 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 770,000 /долоон зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдээ үзүүлэх гээд 9 дүгээр багийн эмнэлэгт оччихоод үзүүлээд 1 цаг гаран болоод буцаж яваад Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 5 дугаар гудамжинд явж байгаад тухайн гар утсыг олсон. Би Энхбүрд буюу  Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн өрхийн эмнэлэгт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед үзүүлсэн. Би гар утсыг буцааж хүлээлгэн өгсөн..гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...2024 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед эмчийн өрөөнд ороод гар утсаараа ярьж байгаад үзлэгийн орон дээр үлдээсэн байсан. Тэгээд манай сувилагч та манай эмчийн өрөөнд утсаа үлдээсэн байна лээ аваарай гэхээр нь за тэгнээ гээд өөр зүйл хийгээд нэг хэсэгтээ мартсан байж байгаад ороод авах гэтэл алга болсон байсан. Тухайн асуудал 10 цагаас 11 цаг 30 минутын хооронд болсон. Тэгээд утас руу залгахад холбогдохгүй болсон байсан. Самсунг галакси А15 маркийн саарал өнгөтэй, кейсгүй, шилэн наалттай, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Мобиком салбар дээрээс 790,000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй шинээрээ байгаа. Тухайн цаг хугацаанд 10 гаран том хүн, хүүхэд нийлсэн хүмүүс үйлчлүүлсэн байсан. имей1: 353182201079778, имей2: 356464351079775 кодтой гар утас байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 6-7 /,

...Миний эмчийн өрөө 207 тоот өрөө байгаа. Тухайн өрөөний хүүхдийн үзлэгийн орон дээр миний гар утас байсан. Би тухайн өдөр 9 дүгээр багийн 5 дугаар гудамжаар яваагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 8 /,

...Би 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10-11 цаг 40 минутын хооронд эмчийн үзлэгийн орон дээр тавьж үлдээгээд алдсан. Би 207 тоот өрөөнд үлдээсэн байсан. Тухайн өрөө нь хүүхдийн эмчийн өрөө байдаг юм. Би тухайн өдөр өглөө 08 цагийн үед ажил дээрээ очоод ажлын газраас гараагүй. Тухайн гудамжаар яваагүй. Би гар утсаа хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бүрэн бүтэн хүлээн авсан. Би гар утасныхаа үнэлгээг 30,000 төгрөгөөр хийлгэсэн. Тухайн мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2024 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд манай өрөөний хүүхэд үздэг өлгий вандан дээр ******* эгчийн гар утас байсныг би болон манай сувилагч ******* бид хоёр харсан. ******* эгч коридорт цэвэрлэгээ хийж байхаар нь эгч утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд хүүхдийн вакцинтай өдөр байсан болохоор хүн ихтэй, үзлэг хийж эхэлсэн. Тэгээд ******* эгч 11 цагийн үед гар утсаа авахаар орж ирэхэд тухайн утас байгаагүй тэгээд тэнд байгаа хүмүүсээс асуугаад байхгүй утас нь холбогдохгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг / хх-ийн 16 /,

5. Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2024 оны 03 дугаар сарын 13-ны өгдөө 09 цаг 30 минутын орчимд манай өрөөний хүүхэд үздэг өлгий вандан дээр ******* эгчийн гар утас байсныг бил болон манай эмч бид хоёр харсан. ******* эгч коридорт цэвэрлэгээ хийж байхаар утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд ******* эгч 11 цагийн үед гар утас авахаар орж ирэхэд тухайн утас байгаагүй тэгээд тэнд байсан хүмүүсээс асуугаад байхгүй утас нь холбогдохгүй байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 18 /,

6. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаартай:... Самсунг А15 маркийн гар утас 770.000  төгрөг,

Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2024 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн  байдлаар 770.000 /Долоон зуун далан мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 22/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Юнител ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12-01/3087 дугаартай албан бичиг /хх-ийн 46/, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Энхбүрд” өрхийн эмнэлэгт өөрийн хүүхэд *******ийг эмчид үзүүлэх үедээ тухайн эмнэлгийн  207 тоот эмчийн өрөөнд байсан иргэн *******гийн эзэмшил, өмчлөлийн самсунг А15 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 770,000 /долоон зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч , Д.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.******* нь хохирогч *******гийн гар утсыг шунахай сэдэлтийн улмаас хулгайлсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь гар утсаа биетээр нь эргүүлэн авсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч С.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”,  гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн,учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлын харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******д оршин суух газар ажил сургуулиа  өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг буюу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа эрх бүхий байгууллага буюу Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн гэж ойлгох нь зүйтэй байна.

Энэ хэргийн учир  шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  нэг  / 01 / жилийн хугацаагаар   тэнсэж үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ  хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар ажил сургуулиа  өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргийг хүлээлгэж уг үүргийг  хэрэгжүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ