Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00142

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр             Дугаар 153/ШШ2021/00142  Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХДТ-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Ховд аймгийн ХДТ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 11ий өдөр 153/2021/00027/И индекстэй иргэний хэрэг үүсгэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ш.О, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХДТ-ийн оёдолчин Ш.Оминий бие 2004 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд цэвэрлэгч, оёдол, зураач байхгүй үед зураач хийдэг. Мөн зураачийн гарсан зургийг баяжуулж хувцасны дизайнаа зохиодог. 2020 оны 11 дүгээр сард манай нярав бид хоёр даргын өрөөнд одоо бид хоёр материалаа эртхэн явж авч ирэхгүй бол хувцас оёох хугацаа бага байна гээд даргын өрөөнд орж саналаа хэлсэн. Гэтэл дарга 14 хоногийн хугацаанд 30 хувцсыг бүрэн оёж гарга 12 дугаар сарын 01-н гэхэд өвөл цагийн нээлтийн тоглолтын хувцсыг бэлэн болго гэдэг шаардлагыг надад тавьсан. Гэтэл би одоо тийм их хувцас гарахгүй, энэ хугацаанд тохирсон хувцсыг хагас бүтэн сайнгүй, орой шөнөгүй илүү цагаар сууж ажиллаж гаргаж өгий гэдэг саналыг хэлсэн. Гэтэл манай дарга чи урьд нь ажилгүй байсан, бүгдийг нь оёж гарга, чи чадваргүй, чи мэргэжилдээ муу, боловсролгүй гэх мэтээр шууд дайрсан. Тэгээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд байж байтал 2020 оны 12 дугаар сард жилийн эцсийн урамшууллын мөнгө бодогдох үед манай нярав та сануулах арга хэмжээ авсан шүү дээ, танд урамшууллын мөнгө орохгүй шүү дээ гэсэн. Тэгэхлээр нь би дарга руу залгаж надад сануулах арга хэмжээ авсан юм уу, энэ үнэн юм уу гэж асуусан. Тэгсэн дарга үнэн, би хууль дүрмээрээ явж байгаа, та хууль дүрмээрээ яваарай гэсэн. Тэгээд би сануулах арга хэмжээ авсан тушаалаа 2020 оны 12 дугаар сарын 15-ны үеэр авсан. Надад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй зүйл байхгүй. Иймд, Ховд аймгийн ХДТ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай сануулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн ХДТ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус театрын оёдолчин Ш.О-ийн Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ХДТ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай "Сануулах арга хэмжээ авах тухай" тушаалыг хүчингүй болгуулах гомдлын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн. Жишээ нь 2019 онд тоглогдсон Жүгдэрбарамын цомнол Эх орны хүү бүжгийн жүжгийн 6 ширхэг дээлийг засварлаж янзлаагүй, бүжигчдийн цэргийн 11 хувцсыг оёогүй, 2020 оны 10 дугаар сард Завхан аймагт зохион байгуулагдсан уралдаанд оролцох хөгжимчдийн 16 ширхэг хувцсыг дутуу оёсон зэрэг алдаа дутагдлыг гаргаж байсан.

2. Олон нийтийн дунд ёс зүйн алдаа /хэл амаар доромжлох, нэр хүндэд халдах/ үйлдлийг олон удаа гаргасан. Иймд байгууллагын удирдлага, Уран сайхны зөвлөл, хамт олны хурлаар энэ асуудлыг танилцуулж хэлэлцсэнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмын холбогдох заалтын дагуу сануулах арга хэмжээ авагдсан. Иймд оёдолчин Ш.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ш.О-ийн тайлбар: "...Тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Жилийн эцсээр үр дүнгийн урамшууллын мөнгө авдаг тэр мөнгөө би авч чадаагүй учраас сэтгэл санаа, эдийн засгаар хохирсон учраас уг тушаалыг хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан. ХДТ-ийн даргаас уг тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна..." гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ийн тайлбар: "...Манай байгууллага нь 2020 оноос эхлээд үр дүнгийн урамшууллыг улирал тус бүрээр олгодог болсон бөгөөд 1 дүгээр улиралд 40 хувь, 2 дугаар улиралд 30 хувиар үр дүнгийн урамшууллыг авсан. 2020 оны 12 дугаар сард нийт ажилчдад олгодог түлээ түлшний урамшууллыг эдэлсэн учраас үр дүнгийн урамшуулал олгоогүй. Нэхэмжлэгч ажил үүргийн хуваарьт ажлаа хийж гүйцэтгэхдээ хувцсаа дутуу оёж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийг эзгүй байх хугацаанд гадны оёдолчдоор хувцсаа оёулж байсан. 2019 онд ажилдаа ирсэн боловч энэ хугацаандаа зарим хувцсыг би оёж чадахгүй байна, амжихгүй гэсэн учраас хөлсөөр ажиллах гэрээгээр гадны оёдолчдоор оёулж байсан. 2020 оны 01 дүгээр сараас найруулагчийн дуудлагаар дутуу оёсон хувцсаа оёх үүрэг даалгавар өгч байсан. Хөгжимчдийн уралдаанд оролцохдоо өмсөх байсан хувцсыг дутуу оёсонтой холбоотойгоор байгууллагын удирдлага болон нэхэмжлэгчийн хооронд маргаан үүсээд энэ хувцсыг оёхгүй гэсэн аман тайлбар өгсөн учраас сахилгын арга хэмжээ авсан. Удаа дараа байгууллагын зүгээс дутуу хувцсаа оёж гүйцээгээрэй гэдэг даалгаврыг өгч байсан..." гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.О нь Ховд аймгийн ХДТ-т холбогдох Ховд аймгийн ХДТ-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн ХДТ-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай тушаалыг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй ногдуулсан сахилгын арга хэмжээ байна гэж дүгнэлээ. Үүнд:

Ховд аймгийн ХДТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч С.А нь оёдолчин Ш.О-д сахилгын арга хэмжээ ногдуулсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай тушаалыг Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гаргажээ. Оёдолчин Ш.О-д удирдлагын зүгээс ямар үүрэг даалгаврыг, хэдий хугацаанд биелүүлэх үүрэг өгөгдсөн, уг даалгаврыг оёдолчин Ш.О биелүүлээгүй болохыг тогтоосон талаарх нотлох баримтыг хариуцагч байгууллага гаргаж өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар оёдолчин Ш.О 2016 оноос 2020 оны 10 дугаар сарын хугацаанд гаргасан зөрчилд нь сахилгын арга хэмжээ авагдсан болохыг тайлбарлав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар олгосон. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл Сахилгын арга хэмжээ авсан тушаалд оёдолчин Ш.О нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр ногдуулаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ ногдуулсан байна.

Ховд аймгийн ХДТ-ийг төлөөлөн, тус театрын даргын үүрэг гүйцэтгэгч С.А, оёдолчин Ш.О нар 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.

Хөдөлмөрийн гэрээний 1.6 дахь заалтад Ажлын байрны төрөл: Байнгын ажлын байр, Түр ажлын байр гэж тусгасан ба доогуур нь зурах ёстой байхад хөдөлмөрийн гэрээнд оролцогчид ажлын байрны төрлийг тодорхойлсон хэсгийн доогуур зураагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ш.О нь үндсэн ажлын байранд ажилладаг, 2021 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэх тайлбар, нэхэмжлэгч Ш.О-ийн Ховд аймгийн ХДТ-т ажиллаж байгаа байдлаас дүгнэхэд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.3.-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор хуульчилсныг тус тус үндэслэн Ш.О-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусаагүй байна гэж дүгнэв. Мөн Ш.О-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс Ховд аймгийн "ХДТ-ийн дотоод журам"-ыг гаргаж өгсөн боловч уг дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж баталсан нь тодорхой бус, огноо нь тавигдаагүй, байгууллагын тэмдэг дарагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно. Ховд аймгийн ХДТ-ийн дотоод журмыг хадгалах үүргийг хүлээдэг субъект буюу ажил олгогчоос өөрийн гаргасан тушаалын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч буюу ажилтан нь тухайн байгууллагын Дотоод журмыг хадгалах үүрэг хүлээхгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа ажил олгогч нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ ногдуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ ногдуулсан бөгөөд шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн төвийг сахиж шийдвэр гаргадаг тул хариуцагч байгууллагын дотоод журмыг шаардан гаргуулаагүй болно.

Ш.О-д сахилгын арга хэмжээ ногдуулсан үндэслэлд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэл дурдсан боловч чухам байгууллагын зүгээс Ш.О-д ямар үүрэг даалгавар өгөгдсөн, түүнийг Ш.О биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болон энэ талаар албаны шалгалт хийгдэж, шалгалтаар зөрчил илэрсэн байдал, уг зөрчлийг ажилтан Ш.О хүлээн зөвшөөрсөн эсэх, зөрчил гаргасан хугацааны талаар нотлох баримт байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, эдгээр зөрчлүүдийг илрүүлэн тогтоосон, хэлэлцсэн тухай нотлох баримт байхгүй тул 2016 оноос хойш гаргасан зөрчилд нь сахилгын арга хэмжээ ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайлбарт "...2019 онд тоглогдсон Жүгдэрбарамын цомнол Эх орны хүү бүжгийн жүжгийн 6 ширхэг дээлийг засварлаж янзлаагүй, бүжигчдийн цэргийн 11 хувцсыг оёогүй, 2020 оны 10 дугаар сард Завхан аймагт зохион байгуулагдсан уралдаанд оролцох хөгжимчдийн 16 ширхэг хувцсыг дутуу оёсон..." зэрэг алдаа дутагдлыг гаргаж байсан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэл болсон тухай хариу тайлбартаа бичсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай "Сануулах арга хэмжээ авах тухай" тушаалыг дээрх үндэслэлээр гаргаагүй, сануулах арга хэмжээ ногдуулах болсон үндэслэлийн талаар тушаалд ямар ч үндэслэл тусгагдаагүй болохыг дурдвал зохино. Мөн шүүх хуралдааны явцад ажилтанд сахилгын арга хэмжээ ногдуулахдаа ХДТ-ийн Уран сайхны зөвлөлөөр зөрчлийг авч хэлэлцдэг болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт "..Ш.О-ийн гаргасан зөрчлийг Уран сайхны зөвлөл, хамт олны хурлаар танилцуулж хэлэлцсэн..." тухай тайлбар гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар Ш.О-д холбогдох асуудлыг Уран сайхны зөвлөлөөр хэлэлцээгүй болох нь тогтоогдов.

Шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч Б.А, гэрч Б.О нарын мэдүүлгээр "... 2020 оны 10 дугаар сард тоглогдох тоглолтын хувцсыг хугацаанд нь бэлэн болгох тухай асуудал яригдсан, тэгэхэд хугацаа бага байна гээд дарга болон ажилтан Ш.О нарын хооронд маргаан гарсан..."

Гэрч Д.Б-ийн мэдүүлэгт "...Ш.О нь бүх зүйлийг оёдог, ажилдаа сэтгэлээ зориулан ажилладаг, ажил ихтэй амжихгүй байхад нь би орж тусалдаг..."

Гэрч М.Г-ийн "...Ш.О нь жүжгийн хувцас оёх үүрэг даалгавартай байсан. Үүрэг даалгаврын хувьд хугацаа нь давчуу байсан. Хувцас оёх хугацааны талаар дарга Ш.О нар нь бие биерүүгээ янз бүрээр хэлсэн. Ажлын шаардлагаар хонож өнжөөд хийдэг тохиолдол гардаг..." зэрэг мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ХДТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч С.А болон нэхэмжлэгч Ш.О нарын хооронд 2020 оны 10 дугаар сард хувцас оёх асуудлын талаар маргаан гарсан болохыг мэдүүлдэг боловч ажил олгогч сахилгын арга хэмжээ ногдуулсан үндэслэлийг тушаалдаа тодорхой заагаагүй тул гэрч Б.А, гэрч Б.О, М.Г нарын мэдүүлгийг үндэслэн 2020 оны 10 дугаар сард Ш.О-д удирдлагаас үүрэг даалгавар өгөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Сахилгын арга хэмжээ авагдсан тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ "...зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой, ажил олгогч уг хугацааг хэтрүүлсэн..." гэж мэтгэлцсэн боловч ХДТ-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай тушаалд ажилтан Ш.О нь ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин ажил олгогчийн Сануулах арга хэмжээ ногдуулсан тушаал нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан ба нэхэмжлэгч ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д "...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" тул нэхэмжлэгч Ш.О нь хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэсэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 153/ШЗ2021/00093 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж, нэхэмжлэгч Ш.О нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг өөрт нь буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-д Сануулах арга хэмжээ авах тухай хариуцагч Ховд аймгийн ХДТ-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг өөрт нь буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ХДТ-ийн санхүүгээс 70,200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.РАУШАН