| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0132/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: ******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000780135 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Цогтгэрэл нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны12 дугаар сарын 13-ны өдрийн 0225481 дугаар шийтгэлийн хуудсаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж,
-2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.48 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах таксины гудамжнаас 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах шинэ Майхан цахир худалдааны төвийн зүүн талын төв замд өөрийн эзэмшлийн 80-25 БНХ улсын дугаартай, Hyundai verna загварын тээврийн хэрэгслийг жолоодож, зам хөдөлгөөнд оролцсон,
- Үргэлжилсэн үйлдлээрээ 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,75 хувийн согтолтын зэрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн төв засмал замд иргэн *******ын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 80-25 БНХ улсын дугаартай, Hyundai verna загварын тээврийн хэрэгслээр урсгал сөрж мөргөн, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Товчхондоо би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө байсан, манай гэрт ******* гээд хуурай ах ирээд бид хоёр Хараа нэртэй 0.5 граммтай тал архийг хоёулаа хувааж уучхаад 10 мянгатын голын 4 замын уулзварын дугуй засварын газар буюу манай ажил дээр явган ирчхээд тэгээд тэнд байж байгаад ******* ах гэр рүүгээ явсан, тэгээд би аймгийн биржийн хажууд талд байх засварын газраас машины эд зүйл авах гээд ганцаараа Тоёота Верна маркийн 80-25 БНХ цагаан өнгийн машинаа жолоодоод аймгийн төв замаар явж байгаад Амар худалдааны төв болон Шинэ Майхан цахир худалдааны төвийн дунд төв зам дээр цагдаа зогсоогоод тэгээд шалгуулсан чинь 1.48 хувийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж гарсан. Би ганцаараа явсан. Би ямар нэг зам тээврийн осол гаргаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Осол гаргасан үйлдэл хийсэндээ гэмшиж байгаа. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан учир одоо мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 108-109 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн үед Баянхонгор сумын 3 дугаар баг хашаанд тэжээж байсан адуундаа тэжээлийг нь өгчхөөд гэртээ харихаар 3 дугаар баг 10 Мянгатын голын засмал замаар уруудаад явж байхад өөдөөс машин урсгал сөрж ирээд миний машины зүүн талын урд хэсэг рүү мөргөсөн. Би машинаас бууж ирээд цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж машин мөргөсөн газарт хэмжилт хийж зураг авч, осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаа руу аваад явсан. Би ойролцоогоор 20-30 км/цаг орчим хурдтай явж байгаад өөдөөс машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь зогссон, миний машиныг ирээд мөргөсөн. Осол гаргасан жолооч, осол болсны дараа машинаас бууж ирэхдээ хөл дээрээ тогтох, чадваргүй согтуу байсан. Осол гаргасан жолоочийг цагдаа нар согтуурал шалгах багаж үлээлгэж байх шиг байсан, яг хэдэн хувийн согтолттой байсныг би хараагүй. Миний машины зүүн урд талын урд хэсэг бүхэлдээ хагарч, эвдэрсэн. Тухайн ослын улмаас миний биед ил харагдах гэмтэл, шарх ямар нэгэн зовуурилах зүйл байхгүй. Би ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд учирсан 2,330,000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, Тоёота приус -20 маркийн 48-85 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний авто машин байгаа юм... гэх мэдүүлэг / хх-ийн 57-59 /,
4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, машинд гэмтэл учирсан. Шинжээчийн дүгнэлтээр 2.330.000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд бид хоёр харилцан тохиролцож *******ийн зүгээс бэлэн 1.600.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 88-89 /,
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тус өдөр өглөө 10 цагийн үед ийн гэрт очсон. Тэгсэн Хараа нэртэй шилний тал архи гаргаж ирээд бид хоёр хоёулаа уусан. Тэгээд ийн ажил дээр бид хоёр явган алхаж ирсэн. Сүүлд нь машинаа унаад хөдөлгөөнд оролцсон байсан. Манай найз ******* 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө 10 цагийн орчим надтай Хараа гэх нэртэй архи хагс шилтэйг цуг уусан. Манай найз ******* ажлаасаа жолоодоод явсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 /,
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр баг төв зам дагуу шинэ Майхан цахир худалдааны төвийн харалдаа зам дээр хяналт шалгалт хийж байгаад 80-25 БНХ улсын дугаартай цагаан өнгийн верна маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч болох ******* гэх хүн өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдал тогтоогдсон тул цагдаагийн газар дээр авчирч согтуурал шалгах драйгер багаж үлээлгэж шалгахад 1.48 хувийн согтолтын зэрэгтэй гарсан тул тэмдэглэл үйлдэж, тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /,
7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 478 дугаартай:...Үнэлгээгээр тогтоогдсон 2,330,000...гэх дүгнэлт / хх-ийн 75-76 / болон 3өрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5 /, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай /хх-ийн 11, 14-15/, Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 53/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-62/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай /хх-ийн 63-65/, Замын цагдаагийн тасгийн Цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ийн илтгэх хуудас /хх-ийн 74/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Цогтгэрэл нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0225481 дугаар шийтгэлийн хуудсаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.48 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах таксины гудамжнаас 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “шинэ Майхан цахир” худалдааны төвийн зүүн талын төв замд өөрийн эзэмшлийн 80-25 БНХ улсын дугаартай “Hyundai verna” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, зам хөдөлгөөнд оролцсон, мөн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,75 хувийн согтолтын зэрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн төв засмал замд иргэн *******ын 48-85 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 80-25 БНХ улсын дугаартай “Hyundai verna” загварын тээврийн хэрэгслээр урсгал сөрж мөргөн, замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******, гэрч Л.*******, нарын мэдүүлэг, шинжээчийн 478 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн / хуучин мөрдөгдөж байсан / 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.48 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байрлах таксины гудамжнаас 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “шинэ Майхан цахир” худалдааны төвийн зүүн талын төв замд өөрийн эзэмшлийн 80-25 БНХ улсын дугаартай “Hyundai verna” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, зам хөдөлгөөнд оролцсон, мөн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,75 хувийн согтолтын зэрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн төв засмал замд иргэн *******ын 48-85 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 80-25 БНХ улсын дугаартай “Hyundai verna” загварын тээврийн хэрэгслээр урсгал сөрж мөргөн, замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Харин шүүгдэгч *******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас явахыг хориглох үүрийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ