Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2021/00155

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр          Дугаар 153/ШТ2021/00155            Жаргалант сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

"Байгууллагад учирсан хохирол 2,396,969 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 153/2021/00010/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Г.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СХХ-ийн дарга Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Э нь Ховд аймгийн СХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 01 -ний өдрийн *** тоот тушаалаар *** тоот регистрийн дугаартай Х.Т-ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Х.Т тус тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гарган гурван шатны шүүхээр тус маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Х.Т-ыг Ховд аймгийн СХХ-ийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,026,107 төгрөгийг олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичилт хийх, Улсын тэмдэгтийн хураамж 117567 төгрөгийг төлөхийг даалгасан шүүхийн шийдвэр, тогтоол болон Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн мэдэгдэх хуудасны хамт ирүүлсэн. Тус шийдвэрийн биелэлтийг Ховд аймгийн СХХ-ийн хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Х.Т-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 1679189 төгрөгийг Х.Т-ын ХААН банкны *** тоот дансанд гарган өгсөн ба, ажил олгогч болон ажилтанаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 486266 төгрөгийг нийгмийн даатгалд нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэж, Улсын тэмдэгтийн хураамж 117567 төгрөгийг Хорих 457 дугаар ангийн төрийн банкны 111800002784 тоот дансанд шилжүүлсэн тул Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Э нь иргэн Х.Т-ын цалинтай холбоотой СХХ-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус хэлтсийн үйлчлэгч ажилтай Х.Т нь удаа дараа тэтгэвэрт гарахад тэтгэмжийн асуудлыг төсвийн төсөөлөл хэлэлцэх хурал дээр удаа дараа санал гаргаж байсны улмаас 2019 онд тэтгэмж нь төсөвт суугдсан, хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрсэн тул тэтгэвэрт нь гарсан болно. Иймд хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрч тэтгэмж суугдан тэтгэвэрт гарсан тул цалинг төлөх боломжгүй гэдэг тайлбарыг албан ёсоор гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь Ховд аймгийн СХХ-ийн даргаар ажиллаж байх үедээ Х.Т-ыг ажлаас халсан. Х.Т нь намайг хууль бусаар ажлаас халсан гэж шүүхэд хандаж Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 464 дугаар тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын 1-д нэхэмжлэгч Х.Т-ыг Ховд аймгийн СХХ-ийн үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн томилсон тушаалыг ажил хүлээлцсэн баримт бичгийн хамт ирүүлэх, 2-т ажилгүй байсан хугацааны цалин 2,026,107 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 117,567 төгрөг, нийт 2,143,674 төгрөгийг олгох, 3-т 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичилт хийлгүүлэн ирүүлэхийг даалгасан. Энэ мэдэгдлийн дагуу Х.Т-ын гомдлыг барагдуулж Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн заалтаар нэхэмжлэл гаргасан. Иймд манай байгууллагаас гарсан зардлыг Б.Э-ээр төлүүлэх үндэслэлтэй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Г.Сарантуяа шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Б.Э нь СХХ-ийн дарга байхдаа ажилчин Х.Т-ыг тэтгэвэрт гаргах нэрийдлээр ажлаас нь чөлөөлсөн. Х.Т нь тэтгэвэр гарах насанд хүрээгүй байхад халах тушаал гаргасан буруутай гэж үзэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн СХХ-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Э-д мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Ховд аймгийн СХХ-ээс хариуцагч Б.Э-д холбогдуулан “Байгууллагад учирсан хохирол 2,396,969 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг Б.Э нь Ховд аймгийн СХХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд ажилтан Х.Т-ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, үүний улмаас Х.Т-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, байгууллагын зүгээс Х.Т-ын ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тул тухайн үед үндэслэлгүй шийдвэр гаргасан ажил олгогч Б.Э хариуцна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Э нь хуулийн дагуу тэтгэвэрт гарсан ажилтны тэтгэмж төсөвт суусан, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тэтгэмжийг төсөвт тусгасан тул цалинг төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа гаргасан байна. 

Ховд аймгийн СХХ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5.-т энэ хуулийн  498.2-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс гаргуулахыг шаардах эрхийг хуулиар олгосныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч байгууллага өөрт учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тухайн байгууллагад учирсан хохирлыг тогтоосон аудитын байгууллагын дүгнэлт гарсан байхыг хуульчилсан. Үүнд:

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т...Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, уг үүргийг тухайн байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын  нэгж, дотоод  аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцахаар заасан тул тухайн байгууллагад учирсан хохирлыг аудитын байгууллагын актыг үндэслэн тогтооно.

  Хэрэгт Ховд аймгийн СХХ-т Аудитын байгууллагаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр тогтоосон акт байхгүй, нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээд шатны байгууллагын аудитад хандаагүй болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төрийн  албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн Ховд аймгийн СХХ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласан боловч хуулийн энэ зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагчид хамрагдах зохицуулалт бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой хохирлыг нөхөн төлүүлэх тухай маргааныг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх юм. Ховд аймгийн СХХ-т хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтнаар тухайн үед даргын үүрэг гүйцэтгэж байсан Б.Э-ийг хариуцагчаар тодорхойлсон ба Б.Э нь төрийн албаны ангиллын хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба Ховд аймгийн СХХ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо энэ үүргээ биелүүлээгүй байна.

Ховд аймгийн СХХ-ээс “Байгууллагад учирсан хохирол 2,369,969 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслээд шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.   

Ховд аймгийн СХХ нь байгууллагад хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тогтоосон тухайн байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллагын актыг үндэслэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн СХХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох “Байгууллагад учирсан хохирол 2,369,969 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн СХХ нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Шүүхийн тогтоолд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.РАУШАН

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                        Х.ОТГОНЖАРГАЛ