Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Г.Чингис  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.*******ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх санал ирүүлсэн 2414000390178 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы ******* /*******/ ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 30 дугаар гудамжны үзүүрт аргамжаатай байсан иргэн *******ын эзэмшил, өмчлөлийн 1 тооны адууг хууль бусаар хулгайлан авч бусдад 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй айна. Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 114-115 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас аймгийн төв оруулж ирээд өвөлдөө тэжээх гэж байсан морь байсан юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аргамж, чөдөрлөөд хашаанаасаа өвс идүүлэх зорилгоор гаргасан байсан юм. Тэгээд 13 цагийн 20 минутын үед хашаа руу ороход байсан 13 цагийн 50 минутын орчимд гарч ирэхэд байхгүй байсан. Тэгээд эрэл сурал хийгээд цагдаагийн байгууллагад хандаад олоогүй. Нас бие гүйцсэн хүрэн зүсмийн зөв талын гуя нь дээрээ чандмань тамгатай суман дэлтэй морь байгаа. Тухайн үед аргамжаа, чөдөр, ногтыг үлдээгээд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

....2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн 2 дугаар багийн 30 гудамжны үзүүрээс алдсан хүрэн зүсмийн чандмань тамгатай морь маань Баянхонгор аймгийн 3-14-2 тоот хашаан дотор нядалсан байдалтай морины шир, контейнер дотор адууны мах, нойлын хажууд нь сэвс зэрэг байсан. Би тухайн адууны ширийг өөрийн мориных болохыг шилэн дээр буюу чихний ард байдаг цагаан үс /цагаан үсийг авсан байдалтай байсан/, зөв талын гуя нь дээр байсан тамгыг зүсэж авсан байсан мөн суман дэл зэрэг болон адууны зүгээр таньсан. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт амьдардаг гэхдээ тухайн хүмүүсийг танихгүй юм байна лээ. Манай адууг хулгайлж хашаандаа нядалсан Б.*******ийн ээж *******той уулзахад хохирлыг барагдуулж өгнө манай хүүхэд сэтгэцийн өвчтэй аймагт ганцаараа байдаг юм донгоороо ийм зүйл хийсэн байсан гэж ярьсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 /,

......Нэмж ярих зүйл гэвэл манай морийг авч явсан хүн хохирол болох 2,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед би Баян-Овоо суманд ажил дээрээ байж байтал манай бага хүү ******* утсаар яриад ах Б.******* ах хашаандаа адуу юм уу үхэр юм уу мэдэхгүй гаргаад нил цус болсон хашаанд байх контейнерт мах зөөж хийсэн байсан гэж ярьсан. Тэгээд би ажилтай байсан болохоор чөлөө аваад очно гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт ирээд Баянхонгор сумын 3-14-2 тоотод байх хашаандаа очиход контейнер дотор адууны мах дэлгэсэн толгой хүзүүг нь салгаагүй мөчлөөд тавьсан байдалтай хашаан дотор цус болсон адуу гаргасан байдалтай хогийн цэгийн ойролцоо адууны сэвс зэрэг байсан. Гэр дотор тогоон дээр адууны мах чанасан ширээн дээр мах идсэн байдалтай байсан мөн цусны хажууд адууны шир байсан. Тухайн хашаанд Б.******* ганцаараа амьдардаг. Уг нь ******* хамт байдаг сургуулийн хүүхэд байгаа юм. Тэгсэн ойрын хэд хоногоос дүүгээ зодоод сэтгэц нь хөдөлсөн болохоор дүү нь айл руу явсан байсан. Б.*******ийн аав нь Баян-Овоо суманд айлын мал малладаг. Манайд өөрийн адуу байхгүй хаанаас хэний морийг авчраад нядалсныг мэдэхгүй байна. Манай хүү Б.******* нь сэтгэцийн өвчтэй Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч Цэцэгмаа эмч дээр хяналтад байдаг группт байдаг....гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

5. Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед хичээлдээ явсан үдээс хойш 15 цагийн үед гэртээ ирэхэд хашаан дотор манай ах Б.******* ганцаараа адуу нядалсан байдалтай адууны шир, сэвс зэрэг байхаар нь ээж рүү утсаар залгаж хэлсэн. Тэгээд ээж оройдоо Баян-Овоо сумаас аймагт ирээд харахад хашаан дотор адууны шир, сэвс, контейнер дотор адууны мах зэрэг байсан. Би тухайн адууг хаанаас авчирсан хэнийх гэдгийг нь мэдэхгүй би ахтайгаа хамт байдаггүй хажуу талын хашаанд байх аавынхаа эгчийндээ байдаг. Өглөө хичээлдээ явахдаа манай хашаа дотор морь байхыг анзаарч хараагүй. Өөр хүн байгаагүй манай ганцаараа байсан. Намайг ирэхэд морийг нядлаад дууссан хашаан дотор адууны арьс, сэвс байсан..гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,

6. “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 281 дугаартай:...Хүрэн морь 2.000.000 төгрөг,Хулгайд алдсан гэх эд зүйлийн үнэ цэнэ 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2,000,000 /хоёр сая/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 47/,

7. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн их эмч Б.Хулан, З.Тунгалаг, мэдрэлийн их эмч нарын 2024 оны 05 дугаар сарны 08-ны өдрийн 24 дугаартай:...Оролцогч Б.******* нь мэдрэлийн хувьд ямар нэгэн өвчин эмгэггүй. Солиорлын шинж бүхий сэтгэл хөөрөл бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэгтэй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Асуумжаас хэрэг явдал болох үед сэтгэцийн хувьд сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж статустай байсан бөгөөд тухайн үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан. Болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Тухайн үед оролцогч Б.******* нь ухамсарт ухааны алдагдалгүй, өөрийн үйлдлийг ухамсарлах удирдан жолоодох чадвартай байсан хэдий ч сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж гэх сэтгэцийн байдлаасаа үүдэн, дэмийрэлдээ хөтлөгдөн тухайн хэргийг үйлдсэн тул сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй....гэх дүгнэлт /хх-ийн 52-55 /,

8. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн  сэтгэцийн их эмч Б.Хулан, З.Тунгалаг, мэдрэлийн их эмч нарын 2024 оны 05 дугаар сарны 29-ний өдрийн 27 дугаартай:...Хэрэг явдал болох үед Б.******* нь ухамсарт ухааны алдагдалгүй, өөрийн үйлдлийг ухамсарлах удирдан жолоодон чадвартай байсан хэдий ч сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж гэх сэтгэцийн байдлаасаа үүдэн, дэмийрэлдээ хөтлөгдөн тухайн хэргийг үйлдсэн. Тухайн хэрэг явдлаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны хооронд СЭМҮТөвд Ds:F30.2 солиорох шинж бүхий сэтгэл хөөрөл оношоор хэвтэн эмчлүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний үеэр нойрны хямрал, сонсголын хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд илэрч байсан тул тухайн үед сэтгэцийн эмч Б.Хулан шаардлагатай сэтгэц нөлөөт эмийг тогтмол уухыг зөвлөсөн. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээний үр дүнд *******ы *******ийн сэтгэцийн байдал засрал сайжралд орох боломжтой. Хэрэв эмийн эмчилгээ үр дүнгүй нойрны хямрал, сонсголын хий үзэгдэл, дэмийрлийн шинж тэмдгүүд цаашид тогтвортой илэрч байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно.”гэх дүгнэлт /хх-ийн 64 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 30 дугаар гудамжны үзүүрт аргамжаатай байсан иргэн *******ын эзэмшил, өмчлөлийн 1 тооны адууг хууль бусаар хулгайлан авч бусдад 2,000,000 / хоёр сая / төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, Б.******* нарын мэдүүлэг, “Энх-Нахиа” ХХК-ийн дүгнэлт, нарийн мэргэжлийн эмч нарын 24, 27 дугаар дүгнэлт,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь  ухамсарт ухааны алдагдалгүй, өөрийн үйлдлийг ухамсарлах удирдан жолоодон чадвартай байсан хэдий ч сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж гэх сэтгэцийн байдлаасаа үүдэн, дэмийрэлдээ хөтлөгдөн тухайн хэргийг үйлдсэн. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээний үр дүнд *******ы *******ийн сэтгэцийн байдал засрал сайжралд орох боломжтой. Хэрэв эмийн эмчилгээ үр дүнгүй нойрны хямрал, сонсголын хий үзэгдэл, дэмийрлийн шинж тэмдгүүд цаашид тогтвортой илэрч байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно гэх 27 дугаартай шинжээч эмч нарын дүгнэлт гарсан бөгөөд сэтгэцийн байдлаас шалтгаалж уг гэмт хэргийг үйлдсэн боловч Сэтгэцийн эмч нарын 24 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.******* нь ухамсарт ухааны алдагдалгүй, өөрийн үйлдлийг ухамсарлах удирдан жолоодох чадвартай байсан хэдий ч сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж гэх сэтгэцийн байдлаасаа үүдэн, дэмийрэлдээ хөтлөгдөн тухайн хэргийг үйлдсэн тул сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй.” талаар дүгнэлт гарсан тул түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3-д заасан “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Б.*******ид ял оногдуулахгүйгээр  хоёр сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх эмгэг судлалын клиникт эмчлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.*******ийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх эмгэг судлалын клиникт хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсэн тохиолдолд шүүгдэгч Б.*******ид өвчний байдал, явц, эдгэрэлт зэргийг харгалзан цаашид уг арга хэмжээг үргэлжлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанаас өмнө зогсоох зэргийг шинжээч эмч нарын дүгнэлтийг харгалзан шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/240, А/369 дугаартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнд хяналт тавих тухай журамд зааснаар түүнийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Шүүгдэгч Б.*******ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч нарын хамт Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэх өгөхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг бусдын мал хулгайлах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг  хоёр / 02 / сарын хугацаагаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт  эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт  хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.4 дүгээр зүйлийн 8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Б.*******ид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ