Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/011

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч А.Дауренбек, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч: Х.Г 
Нарийн бичгийн дарга: Ц.С
Улсын яллагч: М.О
Хохирогч: С.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.С
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Хын Ат холбогдох 201604000126 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт хөгжимчин ажилтай, ам бүл 4, аав, эхнэр хүүхдийн хамт Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Хын А РД:*****.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна", 21.7-д заасан "Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2016 оны 06 сарын 06-ны өдөр **** улсын дугаартай "Зил-130" маркийн ачааны автомашин жолоодож явж байгаад Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дэх ачаан дээр сууж явсан Т.Н, Х.Х, А.Л нарын амь нас хохирсон, Б.Рийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтай сум руу дөхөж хавцалын зам ороод дээшээ өгсөж явж байсан замын нэг эргэлттэй өгсүүр газарт ирэхэд би машины араа сольж явж замын баруун гар руу руульээ дартал гэнэт машины рульийн механизм гацаж би дарж чадахгүй замаас зүүн гар тийш хазайж гараад доошоо явж байгаад хажуу талаасаа унаж машин дээшээ харж онхолдож унсан тэгээд юу болсон талаар би хэсэг зуур ухаан балартсан байна. Эхлээд би машинаас өөрөө гарсны дараа эхнэр хүүхэд аавийгаа гаргаж авсан, тэгээд гэнэт ухаан орж машин дээр сууж явсан хүүхдүүдийг хартал Н машины зүүн талд газарт хэвтэж байсан ба үхсэн юм шиг харагдсан, тэгээд би орилж уйлаад машины нөгөө талд гартал миний охин Лы хөл нь харагдаж “ээжээ” гэж дугарч байх шиг сонсогдож би сандарч ачааны олсыг тайлж зарим ачааг татаж гаргаж байж 2 охиноо гаргаж ирсэн чинь амьсгал хураасан байсан тэгээд түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/
-Шүүгдэгч Х.Аийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “.. Миний машины дугуй гацсанаас болоод машины осол гарч 2 хүүхдээсээ хагцлаа. Машин жолоодоод явж байхад ямар нэгэн гэмтэл анзаарагдаагүй. Гэнэт машины руль хатуураад тоормос дарах боломж гараагүй. Урьд нь гэмтэл анзаарагдсан бол би машинаа зогсоогоод арга хэмжээ авах байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч С.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн “2016 оны 06 сарын 06-ны өдөр бид өглөө Өлгийгээс 06  цагийн үед миний  хүү Х.А өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн машинтай бид өөрсдийн хэдэн үхэр, гэр орон, хүүхдүүдээ ачиж аваад гарсан ба кабинд миний бие, мөн Аийн эхнэр Б, бага охин нар сууж явсан. Машины дээр миний охин Х, А.Л, Т.Н мөн Б.Р нар сууж явсан юм. Аймгаас гараад Буянт сум орж цаашаа гарч явж байгаад өглөөний 11 цагийн үед Алтай сумын хавцлын наад талын ам болох "Кенсай" гэх газарт явж байгаад машин дээшээ өгсүүр замаар явж байгаад эргэлттэй газар ирээд гэнэт машины руль гацаж миний хүү сандарч эхэлсэн ба тэр хооронд машин замаас гараад шууд замын зүүн тал руу хазайж байгаад онхолдож унасан юм. Би сандарч балмагдаж эхлээд кабинаас А гарсан араас нь эхнэрээ  гаргаж  авсан  хамгийн сүүлд намайг гаргаж авсан ба ачаа бараа машинаас зарим нь цацагдсан Т.Н машины хажууд нас барсан байлаа. Харин машины баруун талд буюу ачааны доор миний охин Х, Л нар дарагдсан байдалтай нэгний хөл нь гарсан харагдсан. Тэгээд бид ачааны олсыг тасалж зарим ачааг татаж гаргаж нөгөө Х, Л хоёрыг гаргаж авсан тэр хоёр мөн нас барсан байлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч С.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " 2016 оны 06 сарын 06-ны өдөр өглөө бид аймгийн төвөөс өөрсдийн машинд гэрийн ачаа бараа эд хогшил,  үхэр  мал,  хэдэн  хүүхдээ  ачиж аваад  миний  нөхөр  Х.А өөрийн машинаа барьж Алтай сум руу зусланд гарахаар явж байгаад замд “Кенсай” гэх газарт машин онхолдож миний 2 охин болон хамт явж байсан миний ахын охин Т.Н нар нас барсан юм. ...би кабинд хадам аавын хамт өвөрт авсан бага хүүгээ тэвэрч сууж явсан ба машины ачааны дээр нь миний том охин Х, Л, Н, Р нар сууж явсан юм. Гэнэт машин замаас гарч доошоо уруудаж байгаад тэгээд онхолдсон юм. Осол болсон үед машинаас эхлээд А гарсан би гарсан хамгийн сүүлд хадам аавыг гаргаж аваад тэгээд би уйлаад сандраад байсан ба дээр нь сууж явсан миний хоёр охин ачааны доор нь дарагдсан байлаа. Бид татаж гаргаж авах үед тэд маань аль хэдийнээ амьсгал хураасан байсан. Н машины нэг талд ганцаараа шидэгдсэн миний 2 охин ачааны доор байснаас бид гаргаж авсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
 - Хохирогч С.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " ...Миний охин Н аймгийн төвд Аийн гэрт нь байгаад МСҮТ-д суралцаж төгсөж, тэгээд А хөдөө аав, эхнэр хүүхдээ аваад зуслан руу гарч яваад ийм асуудал болж миний охин нас барсан байгаа. Аийн өөрийнхөн 2 охин нас барсан” гэх мэдүүлэг
- Хохирогч Б.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " Тэр өдөр А ах өөрийн гэр орныг хөдөө зусланд гаргана гэж бид аймгийн төвөөс өглөө 06 цагийн үед гарч явж байгаад Алтай сумын наана очиж явж байгаад машин онхолдсон юм. ...Машин дээр би байсан бас нөгөө талийгаач 3 охин байсан. Машины дээр би унтаж байсан ба машин нэг мэдэхэд хазайж байсан санагдаж тэгээд би машин унасан талын эсрэг тал руу унасан байлаа. Яаж унасан талаар би өөрөө ч мэдэхгүй одоо санахгүй байна. Би нэг ухаан орсон чинь Н машины зүүн талд газар унасан амьсгал хураасан байсан. Харин нөгөө хоёр нь машины нөгөө талд ачааны доор нь дарагдсан байснаас А бид хоёр ачааг татаж гаргаж байж 2 охиныг гаргаж авсан ба тэр хоёр бас амьсгал хураасан байсан. ...Миний зүүн талын гарын шууны хэсгээр цуурсан байлаа. Мөн хүзүү бага зэрэг тулсан байна гэж эмч хэлсэн юм. Би өөрийн ахтайгаа хамт явж байгаад осолд орсон ба ах маань 2 сайхан охиноо алдсан байгаа. Би харин амьд үлдсэндээ баярлаж байгаа тул ямар ч шүүх эмч энэ тэр гэхгүй. Хэнээс ямар ч юм би нэхэмжлэхгүй, хохирол гээд байх асуудал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
- Гэрч Х.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Өглөө 11 цагийн орчимд Буянт сумын чиглэлээс ачаатай цэнхэр өнгийн Зил-130 маркийн машин Алтай сум руу өгсөж явж байхаар нь тэр машинд эхнэрээ суулгах санаатай араас нь өөрийн мотоциклтой эхнэрийн  хамт  гэрээс  гарч  явж  байхад  оршуулгын  газрын цаана хавцлын "Кен сай" гэх газарт замын доод талд нөгөө ачаатай Зил-130 маркийн машин онхолдсон байдалтай байсан. Тэнд Х гэх өвгөн болон үл таних нэг эрэгтэй, нэг эмэгтэй, 8-9-р ангийн эрэгтэй хүүхэд, 4 орчим насны жаахан хүүхэд байсан. Зил-130 маркийн машины дугуй нь дээшээ харж онхолдож замын зүүн талд унаж, машины зүүн талд толгой хэсгээс нь цус гарсан хажуу тийшээ хэвтсэн байдалтай эмэгтэй хүний цогцос мөн машины доор нь хоёр хүүхдийн хоёр хөл нь харагдаж байсан ба би тэр хоёр хүүхдийн амьд эсэхийг нь мэдэхээр ойртож очиход нас барсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай "1. Талийгаач Х.Хын биед цээж, зүүн талын гарын шуу, зүүн талын гарын бугуйны хэсэгт боровтор өнгийн дарагдлын ором. Хүзүүний баруун дээд хэсэг, зүүн талын өвдөг, зүүн талын хацарны хэсгүүдэд зулгарсан зургарсан зулгаралт зэрэг гэмтэл учирсан байна. 
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр буюу дарагдах цохигдсон үед үүсгэгдэх боломжтой. 
3.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр буюу дарагдаж цохигдсон үед үүсгэгдэх боломжтой. 
4. Талийгаач нь биеийнхээ бүх хэсгээр дарагдсанаас амьсгал авч чадалгүй механик амьсгал бүтэлтэд орж төвийн гаралтай амьсгал, зүрх дутагдлаар нас баржээ.
5. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
6. Талийгаач нь механик амьсгал бүтэдтэд орж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ" гэх дүгнэлт /хх-ийн 70-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай 
" 1. Талийгаач  А.Лы биед дух, баруун талын тохой, зүүн талын шилбэ, баруун талын өвдөгний хэсгүүдэд зулгарсан зулгаралт, баруун болон зүүн талын шилбэний хэсгүүдэд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу дарагдаж цохигдсон үед үүсгэгдэх боломжтой.
3. Талийгаач нь биеийнхээ бүх хэсгээр  дарагдсанаас амьсгал авч чадалгүй механик амьсгал бүтэлтэд орж төвийн гаралтай амьсгал, зүрх дутагдлаар нас баржээ.
4. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна " гэх дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай 
" 1. Талийгаач Т.Нгийн биед дух нь баруун талд зах ирмэг нь тэгш бус ил шарх, нуруу болон зүүн талын сүврэгний хэсэгт зулгарсан зулгаралт, дагзны ясны цөмөрсөн хугарал, дух дагзны хэсгийн хатуу хальсны доорх болон тархины эд дэх цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. 
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Талийгаачийн биед дагзны ясны цөмөрсөн хугарал, дух дагзны хэсгийн хатуу хальсан доор болон тархины эд дэх цус хуралт, духны баруун хэсэг дэх шарх зэрэг амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ " гэх дүгнэлт /хх-ийн 78-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 298 дугаартай 
" 1. Иргэн Б.Рийн биед зүүн талын гарын шуу ясны доод эөрөөгүй хугарал гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно.
3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь амь биед аюултай.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 81-р хуудас/
- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07-р дүгнэлтэд: 
“...1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Мын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. 
2. Жолооч Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөний дүрмийн доорх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.7-д заасан "хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө" гэсэн заалтыг зөрчиж ачаан дээр хүн суулгаж явсан. "Зил-130" маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үед ямар хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. "Зил-130" маркийн 4098БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн нөхцөл тулгарсан үед машиныг бүрэн зогсоож ослоос зайлж болох байсан. Осолд хүргэсэн шууд шалтгаан нь тээврийн хэрэгслийн руль нь гацсанаас болсон байна ” /хх-ийн 91-р хуудас/
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-20 хуудас/
-  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан шалтгааныг тогтоосон акт /хх-ийн 8-12-р  хуудас/,
- Шинжээч А.Мийн өгсөн тайлбар /хх-ийн 181-184-р хуудас/
- Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/
- Гэрч С.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/
- Гэрч Р.Уы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/
- Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
-  Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 107-р хуудас/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлав. 
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ. 
Шүүгдэгч Х.А нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Кен сай” гэх газарт **** улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашиныг жолоодож явахад тээврийн хэрэгслийн руль нь гацаж, тэрээр тухайн нөхцөл тулгарсан үед машиныг бүрэн зогсоож ослоос зайлж болох байсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй осол гаргаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.7-д “Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг (тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд) суулгаж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн ачаа ачсан тэвшин дээр сууж явсан Т.Н, Х.Х, А.Л нарын амь насыг хохироосон, Б.Рийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Х, С.Б, С.Т, Б.Р, гэрч Х.И, Б.Н нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 03, 04, 05, 298 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 69-81-р хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зураг, зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдэвч зураг, ослын шалтгааны акт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд “...Энэ осол хөдөлгөөн дунд баруун урд дугуйны сафны латуун шарик хадагдаж, гэнэтийн осол гарсан. ...Энэ техник шинжээчийн акт нь цагаатгах талын нотлох баримт байж болно, иймд шүүгдэгч Х.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд томоохон эргэлзээ төрүүлж байна. Дараа нь Б.Мын акт нь үндэслэлтэй эсэхэд шинжээч А.М дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Б.Мын акт үндэслэлтэй гэсэн боловч Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 а, 21.8.б-д заасан асуудлыг тусгаагүй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 21.7-д заасан заалтыг зөрчсөн гэж шинэ заалт оруулан, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг хэвээр нь байлгасан. Иймээс шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэх боломжгүй, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж байна...” гэж мэтгэлцэж байгаа боловч уг хавтаст хэрэгт Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх, ослын талаар Замын цагдаагийн тасгийн шинжээч А.Мийн ганцхан дүгнэлт байгаа бөгөөд ослын газарт очиж акт үйлдсэн Б.Мыг шинжээч гэж үзэхгүй. 
Харин Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а, 21.8.б-д заасан заалтыг зөрчсөн гэдгийг шинжээч өөрийн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зөвтгөж, Замын хөдөлгөөний дүрмийн 21.7 гэж дүгнэн, үндэслэлтэй тайлбарлаж байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзлээ. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, техникийн шижээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрээр давхар нотлогдож байна. 
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Мын актыг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй, актын 1 дэх заалт нь үндэслэлтэй болох нь шинжээчийн дүгнэлт, тайлбар, хэмжилтийн бүдүүвч, зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр батлагдаж байна гэж үзлээ.
 Иймд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 
Харин жолооч замын хөдөлгөөнд оролцохын өмнө болон оролцож байхдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах нь хуулиар хүлээсэн үүрэг байдаг бөгөөд тээврийн хэрэгслийн аливаа гэмтлээс шалтгаалан осол болсон нь жолоочийг зөвтгөн, хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болохгүй юм. 
Шүүгдэгч Х.А нь баруун урд дугуйны сафны латуун шарик гацаж руль ажиллагаагүй болох үед автомашиныг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан ч тормоз гишгэх, кардан татах зэрэг зогсоох үйлдэл огт хийгээгүй, мөн хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироож, 1 хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой бөгөөд дээрх гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. 
Иймд шүүгдэгч Х.Ат холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж 3 хүний амь насыг хохироож, 1 хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь  тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч нар шүүгдэгч Х.Ат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Ат ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 55.1.9 зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, амь нас хохирсон 2 охин нь шүүгдэгчийн өөрийнх нь төрсөн охин зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулан, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмчлөлийн 4 өрөө 72 м2  өвлийн орон сууц, 4098 БӨА улсын дугаартай Зил-130 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Аийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний цахим үнэмлэх, 203922 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон            
                              
ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч И овогт Хын Аийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироож, 1  хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 -р зүйлийн 551 .1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн 4 өрөө 72 м2  өвлийн орон сууц, **** улсын дугаартай Зил-130 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Х.Аийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим иргэний үнэмлэх 203922 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Х.Ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


    
            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ
                      ШҮҮГЧИД                           А.ДАУРЕНБЕК
                                                                                    П.БАЯСГАЛАН