Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1067

 

 

 

 

 

 

    2020            8               25                                       2020/ДШМ/1067

 

 

   Б.Э -т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1223 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Э -т холбогдох эрүүгийн 1908051771502 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мэнд овгийн Батаагийн Э-, 19... оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт ................Өвөрхангай  тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн;

Б.Э - нь 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 30 дугаар гудамжны 54 тоотод оршин суух иргэн Г.С- эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн “Тошиба” фирмийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, хаалганы цоож, цүү 65.000 төгрөгийн хор уршиг, нийт 665.000 төгрөгийн хохирол,

2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжны 127 тоотод оршин суух иргэн Л.Н-эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 46 инчийн “Самсунг” фирмийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 580.000 төгрөгийн шууд хохирол,

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Сургуулийн 1-39а тоотод оршин суух иргэн Э.Б- хүн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Э.Болорчимэгт 250.000 төгрөгийн хохирол,

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жамъян Пайтан” ХХК-ийн өмчлөлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулах байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг плазмаг хулгайлж, бусдад 1.925.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурор яллах дүгнэлт, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг “...яллагдагч Б.Э - нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жамъян Пайтан” ХХК-ийн өмчлөлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулах байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг плазмаг хулгайлж, бусдад 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан...” хэмээн тусгажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас... эд хөрөнгийн... хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаар мөрдөгч, прокурор гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн аж ахуй нэгж, байгууллага буюу хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож, мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл 1 дүгээр хавтас хэргийн 245-246 дугаар хуудаст авагдсан мөрдөгчийн тогтоолоор хуулийн этгээдийг бус Гэлэгжамцын Аюурсэд гэх хувь хүнийг хохирогчоор тогтоосон хэргийн оролцогч болгосон байгаа нь энэ хэргийн жинхэнэ хохирогч болох “Жамъян Пайтан” ХХК-ийн хуулиар баталгаажуулсан эрхийг ноцтой зөрчсөн байна.

            Иймд шүүх “Жамъян Пайтан” ХХК-иас яллагдагч Б.Э -т холбогдох эрүүгийн 1908051771502 дугаартай хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцэх боломжгүй боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоох шийдвэр гаргах боломжтой боловч хохирогчоор тогтоогдох ёстой байсан хуулийн этгээдийн хувьд мөрдөн байцаалтын үед эдлэх байсан процессын эрхийг сэргээн эдлүүлэх боломжгүй юм.

            Түүнчлэн, хохирогч болох байсан хуулийн этгээдээс шүүхэд хандан гаргасан хүсэлтэд дурьдсан асуудлуудын агуулгаас үзвэл мөрдөн байцаалтын ажиллагаатай шууд холбоотой гомдол, саналууд байгааг харгалзахгүй орхиж болохгүй бөгөөд шүүхээс өмнөх шатанд оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл болж байна гээд Б.Э -т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Хэдийгээр хэрэгт  “Жамъян Пайтан” ХХК-ийг буюу хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй ч гэсэн Өмнөговь аймаг дахь Цогтцэций сумын цагдаагийн хэлтсээс “Жамъян Пайтан” ХХК-ийн “...тус компанид менежер ажилтай Г.Аюурсэд нь тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцоно” гэсэн итгэмжлэлийн дагуу хэрэгт Г.Аюурсэдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тогтоож, үүнээс хойшхи бүхий л мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “хохирогчийн эрх”-ийг хангасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасан байх ба шүүхийн шатанд хохирогчоор тогтоох боломжтой. “Жамъян Пайтан” ХХК-ийн итгэмжлэлийн дагуу менежер ажилтай Г.Аюурсэд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулиар олгосон эрхээ эдэлж оролцсон, шүүхийн шатанд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож зөвтгөх боломжтой байтал шүүхээс хохирогчийн процессын эрхийг сэргээн эдлүүлэх боломжгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Түүнчлэн, дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон билээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогоогүй ч гэсэн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байсан. Энэ хэрэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас харьяалал тогтоож Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар ирсэн. Мөн шүүгчийн захирамжид “Жамъян Пайтан ХХК-иас гаргасан хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэх боломжгүй гэсэн мөртлөө хэргийг прокурорт буцаах захирамждаа мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хийгдсэн асуудлыг хэлэлцэхгүй орхигдуулж болохгүй” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосон байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.Э -т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, шүүгчийн захирамжийн “...мөрдөгчийн тогтоолоор хуулийн этгээдийг бус Г.Аюурсэд гэх хувь хүнийг хохирогчоор тогтоон хэргийн оролцогч болгосон байгаа нь энэ хэргийн жинхэнэ хохирогч болох “Жамъян пайтан” ХХК-ийн хуулиар баталгаажуулсан эрхийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоох шийдвэр гаргах боломжтой боловч хохирогчоор тогтоогдох ёстой байсан хуулийн этгээдийн хувьд мөрдөн байцаалтын үед эдлэх байсан процессын эрхийг сэргээн эдлүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана. Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заажээ.

Яллагдагч Б.Э - нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жамъян Пайтан” ХХК-ийн өмчлөлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулах байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг плазмаг хулгайлж, бусдад 1.925.000 төгрөгийн хохирол учруулсан байж болох үйлдэлд нь тус компанийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19/78 дугаартай албан бичгээр “...манай компанийг төлөөлж менежер Г.Аюурсэд нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох тул итгэмжлэл олгож байна” гэсэн хүсэлтийн дагуу Г.Аюурсэдийг хохирогчоор тогтоосон нь буруу бөгөөд уг гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд хохирол учирсан байгаа тул “Жамъян пайтан” ХХК-ийг өөрийг нь хохирогчоор тогтоох, улмаар хохирогчийн төлөөлөгчөөр тухайн хуулийн этгээдийн томилсон этгээдийг оролцуулах замаар мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүхийн шатан дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хуульд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1223 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ