Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/1021/З |
Дугаар | 128/ШШ2017/0080 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2017/0080
2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 128/ШШ2017/0080 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, Зүүн нарангийн 0-00 тоотод оршин суух Э.Э
Хариуцагч: Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Э-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Э нь Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхад тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаал гарч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1187 тоот албан бичгээр Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад ороогүй, мөн Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр уг албан тушаалд томилогдсон байх тул түүний гаргасан эрх зүйн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байгааг уламжилж, холбогдох асуудлаа шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн.
Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, Д.Э-ийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан аль үндэслэлээр чөлөөлснийг тусгайлан зааж өгөөгүй, орон тоо нь хасагдсан үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Д.Э-ийн хашиж байсан албан тушаал болох Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн ажлын байр, албан тушаал хасагдаагүй хэвээр байгаа. 2 хэлтсийн нэг даргатай, нөгөө нь даргагүй байхаар баталсан нь хүнийг нь халахын тулд хийсэн ажил бөгөөд түүний эрхлэх ажлыг нь дэд даргын ажлын байрны чиг үүрэгт хамруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тушаалд орон тоо хасагдсан гэх ганц ч үг байхгүй. Орон тоо хасагдсан гэх хууль зүйн ойлголт нь тухайн ажил болон албан тушаал нь байхгүй болсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл эрхэлж байсан ажил албан тушаал нь байхгүй болбол түүнд оноосон албан тушаал нь ч гэсэн байхгүй болох ёстой. Гэтэл Д.Э-ийн гүйцэтгэх чиг үүрэг нь хэвээрээ, гагцхүү албан тушаалын нэрийг нь авч, ажлыг нь дэд даргын ажлын байрны тодорхойлолт дээр оруулснаар орон тоо нь хасагдсан гэж үзэхгүй. Халамжийн үйлчилгээний хэлтсийн ажил хэзээ ч байхгүй болно гэж байхгүй, чиг үүрэг нь байсаар байхад үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Шинэ болон хуучин бүтцээс харвал орон тоо нь адилхан 17 байна.
Нөгөөтээгүүр Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар агентлагийн дарга нь өөрийн албан хаагчтай гэрээ байгуулж, ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй. Харин агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь дээрх эрхийг баталгаатай олж авсан, уг эрхийг эдлэх эрхтэй эсэх, ажил нь байсаар байхад яагаад чөлөөлсөн бол нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Маргаан бүхий акт нь гарсан цагаасаа хууль бус байсан. Өөрөөр хэлбэл ажлын чиг үүрэг нь байсаар байтал ажлын байрыг нь /хүнийг нь/ байхгүй болгохын тулд ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Э-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар сүүлийн 3 сар буюу 7, 8, 9 дүгээр сарын дундаж цалин хөлсөөр тооцож, нэг сард 970.059 төгрөг, нэг өдрийн 43.113 төгрөг болж байгаа бөгөөд бүх нийтээр амрах өдрийг хасаж, ажлын өдрийг тооцоход 77 хоног буюу ажилгүй байсан хугацааны цалин 3.319.701 төгрөгийн тооцоо гарсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Д.Э нь тус газарт 2003 оноос хойш ажилласан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т ... бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасан.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн халамжийн үйлчилгээний төрийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Манай газар нь үйл ажиллагааны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас батлагдсан бүтэц, орон тоо, санхүүжилтийн хүрээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангагддаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Аймаг нийслэл, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан. Уг бүтэц, орон тоогоор Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь дарга, дэд дарга, захиргаа, санхүү, хяналтын хэлтэс нь тамгын хэлтэстэйгээ нэгдэн 1 хэлтсийн дарга, 6 мэргэжилтэн, нийгмийн халамжийн хэлтэс даргагүй 8 мэргэжилтэнтэй байхаар, дэд даргын чиг үүрэгт халамжийн хэлтсийн үйл ажиллагааг хариуцуулахаар баталсан.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Шинэ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Д.Э-ийн эрхэлж байсан Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын орон тоо хасагдсан учраас түүнийг чөлөөлсөн.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 17 албан хаагчтай, үүний 5 нь дарга, бусад нь мэргэжилтнүүд байдаг бөгөөд 3-4 хүнд нэг дарга ногдож байсан. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа бол халамжийн үйлчилгээ байдаг, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дарга, дэд дарга хариуцаж байгаа тул хэлтэс нь даргатай байх шаардлагагүй гэж үзэж, албан тушаал, чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, чанартай хүргэх үүднээс бүтэц орон тоог батлахдаа Халамжийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан гэж ойлгож байна.
Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тодорхой заасан. Д.Э-ийн эрхэлж байсан Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр, албан тушаал нь одоо манай газарт байхгүй, газрын дэд дарга ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу халамжийн хэлтсийн үйл ажиллагааг чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байгаа бөгөөд ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс авдаггүй тул ажлын байр, албан тушаалын орон тоо хасагдаагүй. Манай байгууллага нь 17 орон тоотой бөгөөд уг баталсан орон тоонд Халамжийн хэлтсийн дарга гэсэн орон тоо байхгүй, бүхэлдээ хасагдсан тул түүнийг буцааж авах ямар ч боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажил, албан тушаал хэвээр байгаа, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй.
Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон. Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлөөр хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлж болдог. Түр орлон гүйцэтгэж байгаа хүн болгон ямар нэгэн тушаал гаргах эрхгүй, тэр тусмаа ажлаас халах тушаал гаргах эрхгүй гэсэн тайлбар нь холбогдох хууль болон журамд нийцэхгүй. Иймд Т.О нь эрх бүхий албан тушаалтны томилсон тушаал шийдвэрийн дагуу төрийн албыг тасралтгүй явуулах чиг үүргийг хангуулж ажиллаж байгаа албан тушаалтан гэж үзэж байна.
Газрын дарга Т.О нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас батлагдсан орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр эрхэлж буй ажлын байр нь хасагдсан болохыг Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Э-тэй биечлэн уулзаж мэдэгдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу түүнд сонсгох ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулсан. Д.Э дээд газраас ирсэн бүтэц, орон тоо баталсан тушаалтай танилцан өөрийн албан тушаалын ажлын байр хасагдсан гэдгийг ойлгож, хүлээн авсан.
Босоо тогтолцоотой төрийн байгууллага дээд шатны байгууллагын өгсөн чиг үүрэг, баталсан бүтэц орон тоогоор ажиллах үүрэгтэй. Дээд шатны байгууллагын баталсан бүтэц орон тоо, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд ямар нэгэн хууль бус зүйл байхгүй. Нэгэнт орон тоо нь байхгүй болсон тул буцааж авах эрх бидэнд байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмжийг олгосон. Хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрээ гаргасан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргад холбогдуулан Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Э-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн ажлын байр, албан тушаал хасагдаагүй, гүйцэтгэх чиг үүрэг нь хэвээр байхад хүнийг нь халж сэлгэхийн тулд орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй... гэж, хариуцагч нь дээд газраас баталсан бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга-ын орон тоо хасагдаж, чиг үүрэг нь дэд даргад шилжсэн тул түүнийг буцааж авах боломжгүй, тушаал хууль, журамд нийцсэн... гэж маргажээ.
Маргаан бүхий Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн нэг дэх заалтаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Э-ийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмж олгон, төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд уг тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай А/53 дугаар тушаалын хавсралтаар Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын бүтэц орон тоог дарга, дэд дарга, тамгын хэлтэс нь дарга 1, мэргэжилтэн 2, Халамж, үйлчилгээний хэлтэс дарга 1, мэргэжилтэн 7, Санхүү, бүртгэл хяналтын хэлтэс дарга 1, мэргэжилтэн 3, нийт 17 орон тоотой байхаар баталжээ.
Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай Б/21 дүгээр тушаалын хавсралтаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын бүтэц орон тоог дарга, дэд дарга /Халамжийн хэлтсийн үйл ажиллагааг хариуцах/, Захиргаа, санхүү, хяналтын хэлтэс дарга 1, мэргэжилтэн 5, жолооч, нярав 1, Нийгмийн халамжийн хэлтэс 8 мэргэжилтэн, нийт 17 орон тоотой байхаар баталжээ.
Дээрх тушаалуудаас үзэхэд Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 17 орон тоотой /нэмэгдэж, хасагдаагүй/ байх боловч Халамж, үйлчилгээний хэлтсийн даргын орон тоо нь хасагдаж, тус хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг дэд дарга хэрэгжүүлэхээр болсон нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 дугаар тушаалын хавсралт[1], 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хавсралт[2], дэд даргын ажлын байрны тодорхойлолт[3] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар ... орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон-ыг ойлгох бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэгэнт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь бүтэц, орон тоог өөрчлөн баталснаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийн Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр, албан тушаал хасагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.О-ийг томилсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.4-д Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ-ээр заасан байх тул түүнийг маргаан бүхий тушаалыг гаргах эрхгүй гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан энэ тушаалыг гаргасан газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар энэ тушаалыг гаргах ёсгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь дээд шатны байгууллага буюу Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын баталсан бүтэц орон тоогоор ажиллах үүрэгтэй бөгөөд шинээр батлагдсан бүтэц, орон тоогоор Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга-ын албан тушаалын орон тоо хасагдаж, улмаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Д.Э-ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т төрийн албан хаагч ... бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасныг үндэслэн ажил, албан тушаалаас нь чөлөөлснийг шүүх буруутгах үндэслэлгүй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Э-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц. БАТСҮРЭН