| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2020/03576/И |
| Дугаар | 184/ШШ2021/02415 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2021/02415
| 2021 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 184/ШШ2021/02415 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хаягт байрлах Г... ХК /регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ... тоот хаягт бүртгэлтэй Л... таун ХХК /регистрийн дугаар: .../-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 10.560.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн зөрчлөөс өөрт учирсан хохиролд 17.548.556 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г..., хариуцагч Л... таун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У..., шинжээч Л.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г Л... таун ХХК-тай 2 жилийн хугацаагаар байгуулж, агуулах ТЗ-1 буюу 900 м.кв талбайг 1 сарын 4.275.000 төгрөг байхаар тохиролцож түрээслүүлсэн. Улмаар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, хариуцагч нь агуулах ТЗ-1-ийг буцаан өгч, шинээр дулаалгатай сэндвич агуулах-640 м.кв талбайг түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн төлбөрт сар бүр 7.040.000 төгрөг төлөхөөр болсон юм. Гэтэл түрээслэгч 2019 оны 1 дүгээр сараас хойш төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, дутуу төлсөөр 2019 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр 7.040.000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн. Л... таун ХХК нь Г... ХК-д агуулах түрээслүүлэх гэрээний 2.3-т заасны дагуу сар бүрийн 1-ний өдрөөс өмнө урьдчилан түрээсийн төлбөрөө төлөх ёстой юм. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Түүнчлэн, талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул алдангийн нийт төлбөр 3.520.000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Л... таун ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр 7.040.000 төгрөг, алданги 3.520.000 төгрөг, нийт 10.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л... таун ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л... таун ХХК-ийн түрээслэн ашиглаж байсан агуулахууд хулганатай байсан, мөн хүйтэн агуулахад бараа цан цохиж, улмаар хөгцөрч мөөгөнцөртэй болж муудсан. Мөн чийг авч булан тохой нь гэмтсэн байсан. Энэ нөхцөл байдлыг Г... ХК-ийн удирдлага болох Долгормаа ирж үзсэн. Манайх шинэ агуулахад нүүж ороод норсон байсан бараануудын боодлыг задлахад зарим нь гэмтсэн болох нь мэдэгдсэн. Мөн худалдан авсан айлд нь хүргэж өгөөд задлахад ямар нэгэн байдлаар гэмтсэн нь мэдэгдэж бараа буцаагдаж байсан. Г... ХК-ийн зүгээс манай агуулахын харалдаа хаалганд нохойны хоолны үйлдвэр оруулснаас болж зөөлөн тавилгуудад үнэр шингэсэн байсан. Мөн нохойны хоолны үйлдвэрээс болж хулгана гүйгээд, зарим барааны буланг мэрж гэмтээж эхэлсэн тул өөр агуулах руу нүүх шаардлагатай болсон. Хулганы баасны үнэр шингэсэн барааг буцааж авч шинэ бараа худалдан авагчид хүргүүлж зардал гаргасан. Үүний дараа түрээслүүлэгчийн санал болгосон шинэ агуулахад орсон. Энэ агуулах маш их хүйтэн байсан тул модон эдлэл хагарч гэмтэх эрсдэл үүсээд байна гэж түрээслүүлэгч талд мэдэгдэхэд шинээр барьсан сэндвич агуулахад нүүж ор гэсэн. Ингэж агуулах шилжих орох бүрд зардал гарсан тул үүнийг нэхэмжлэгчээс шаардана. Нэхэмжлэгч түрээсийн гэрээнд заасан шаардлага хангасан агуулах байраар хангасан бол бид ингэж олон нүүж зардал гаргах, зарагдсан барааг буцаах, бараанд хөнгөлөлт үзүүлж хямдруулах зэргээр хохирохгүй байсан. Г... ХК-ийн захирал нь өөрийн хүүгийн компанийн нэр дээр гэрээ байгуулсан боловч үл хөдлөх хөрөнгө нь Г... ХК-ийн агуулах байгаа тул Г... ХК болон Ди Би ... ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг албадан гаргуулж өгнө үү. Ди Би ... ХХК-ийн манайд түрээслүүлсэн агуулах нь Г... ХК-ийн өмч болох нь Г... ХК-ийн өмнө гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхээр цугларсан материалаас тогтоогдсон болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л... таун ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани АНУ-ын Ашлэй брэндийн тавилга, хэрэгслийг импортоор оруулж ирж, худалдаалдаг. 2013 оноос эхлэн Г... ХК болон эдний зааж өгсөн Ди Би ... ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан бараагаа хадгалдаг байсан. Энэ агуулахыг ашиглаж байхад байнга ус чийг алдаж, тавилга чийг авч байсан нь ч бид алдагдал хүлээсэн асуудлаараа ямар нэг маргаан үүсгэж байгаагүй. Гэтэл манай зэргэлдээ байранд нохойн хоолны үйлдвэр оруулснаас даавуун болон арьсан тавилгад үнэр шингэж хулгана маш ихээр үржсэн. Бид их хэмжээний хулганы хор цацсан. Хэд хэдэн удаа борлуулсан бараа буцаагдсан. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн агуулах ТЗ-1 нэртэй 900 м.кв талбайтай агуулахыг 4.275.000 төгрөгөөр түрээсэлсэн байсан. Сүүлдээ энэ агуулахад байх боломжгүй болж олон удаа шаардлага тавьж нүүсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр дулаан агуулах гэгчид нь нүүж орсон. Гэтэл өвөл барьж дуусгасан агуулах нь халуун хүйтний нөлөөнөөс болж ус чийг татан мөн л тавилга хэрэгсэл норж хөгцөрч гэмтсэн. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөр 7.040.000 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Нүүлт хийсэн хугацаанд их хэмжээний зардал гарсан. Ингээд арга буюу дулаан оруулаад 2019 оны 7 дугаар сард түрээсийн байрнаас нүүж өөр газарт бараагаа хадгалах болсон. Г... ХК-ийн захирал Т…т хандан хэлэхэд За яах вэ нэг сарын түрээс авахаа болилоо гэж хэлж байсан. Гэтэл манай эсрэг нэхэмжлэл гаргасан учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд 3 удаа агуулах дамжин нүүсэн түлшний зардалд 1.883.656 төгрөг, ачаа ачиж буулгахад хүн хөлслөн илүү цагаар ажиллуулсны зардалд 2.929.000 төгрөг, хулгана мэрсэн, хөгцөрч гэмтсэн, чийг татаж халуун хүйтний улмаас хууларч гэмтсэн бараа зэргийг хямдруулан борлуулснаас үүдэн гарсан хохиролд 3.822.900 төгрөг, нэг хүний худалдан авалтад бага зэргийн гэмтэлтэй гэж хэлээд нийт 21.580.000 төгрөгийн барааг 18.245.000 төгрөгөөр борлуулсан байсан. Тухайлбал зарсан матрасыг гэрт нь аваачаад задалж тавьсны дараа биднийг дуудсан. Очиход дотор нь хулгана орж үржин зарим нь үхсэн байсан. Ингээд буцаагдаж 2.890.000 төгрөгийн матрасыг хаясан. Үүний бодит хохирол 2.023.000 төгрөг. Сандал ширээний хөлийг хулгана мэрж, халуун хүйтний улмаас зарим хэсэг хөгцөрч хөөсөн байсан. Ширээ сандлын комыг 5.290.000 төгрөгөөс 15 хувь хямдруулан зарсан боловч буцаагаад дараагийн хүнд 20 хувь хөнгөрүүлж зарсан тул 1.058.000 төгрөгийн хохирол хүлээсэн. Хулгана мэрсэн арьсаар бүрсэн сандал 1.690.000 төгрөгийн үнэтэй. Үүнийг 50 хувь хямдруулаад өнөөдрийг хүртэл худалдан борлогдохгүй байгаа. Иймд сандлын үнийг 20 хувь хямдруулаад зарж болох байсан 1.352.000 төгрөгийг нэхэмжилнэ. Сандлын зөрүүг тооцон Г... ХК-д өгнө. Мөн чийгнээс болж хууларсан ширээ сандлын 2 комыг зарж чадахгүй болсон тул 1.990.000+1.290.000 төгрөг, нийт 3.280.000 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэ ширээ сандлууд буцаагдаад манайх гэмтэлтэй бараатай үлдсэн байгаа. Анх орсон агуулахад гөлмөн төмрөөр хаалга хийлгэсэн. Төмөр захирлыг 1 сарын түрээсээс чөлөөлнө гэж хэлсэн тул хаалгаа аваагүй орхисон байсан юм. Нэгэнт ингэж их хэмжээний мөнгө нэхэж байгаа тул хаалга хийлгэсэн зардал болох 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд нийт 17.548.556 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Г... ХК-тай агуулах түрээслэх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ гэрээ байгуулахаас өмнөх хугацааны үйл баримтыг дурдсан байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Л... таун ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г... ХК нь хариуцагч Л... таун ХХК-д холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу 2019 оны 6 дугаар сард төлөх ёстой байсан төлбөр 7.040.000 төгрөг, алдангийн төлбөрт 3.520.000 төгрөг, нийт 10.560.000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Л... таун ХХК талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, түрээсийн гэрээний зүйл болох агуулах нь стандартын шаардлага хангаагүй, мөн 2019 оны 6 дугаар сарын төлбөрийг төлөхгүй талаар талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Улмаар стандартын шаардлага хангаагүй эд хөрөнгө түрээслүүлсний улмаас эд хөрөнгөд учирсан хохирол, мөн салгаж үл болох засан сайжруулалт хийсэн зардал, нийт 17.548.556 төгрөгийг нэхэмжлэгч Г... ХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргасан.
Талууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр Г... ХК нь 900 м.кв талбай бүхий агуулахын барилгыг Л... таун ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Л... таун ХХК сар бүр 4.275.000 төгрөгийг Г... ХК-д төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. Хожим буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талууд энэ гэрээнд өөрчлөлт оруулж, 640 м.кв талбай бүхий сэндвич агуулахыг 1 сарын 7.040.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 7-11 дүгээр тал/
Түрээсийн гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т зааснаас үзвэл, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах зорилгоор уг гэрээг байгуулдаг байна.
Гэрээний зүйл болох агуулахын барилга нь эзэмшигчдээ шууд үр шим өгөх шинжгүй, хариуцагч Л... таун ХХК хөрөнгөөс шууд үр шим хүртэх бус агуулахад өөрийн эд хөрөнгөө хадгалах хүсэл зоригтой байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ биш, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч Л... таун ХХК 2019 оны 7 дугаар сарыг дуустал агуулахыг ашигласан ба 2019 оны 6 дугаар сарын хөлс 7.040.000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ үйл баримт нь хариуцагчаас гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 47 дугаар тал/
Улмаар 2019 оны 7 дугаар сарыг дуусгаад хариуцагч Л... таун ХХК гэрээг цуцлах санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн авснаар гэрээ цуцлагдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д: Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, хөлс төлбөр шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Мөн талууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 4.2 дахь хэсэг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээний өөрчлөлт-ийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр алдангийн талаар тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувьтай тэнцэх алданги 3.520.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлөх ёстой 2019 оны 6 дугаар сарын хөлс болох 7.040.000 төгрөг, алданги 3.520.000 төгрөг, нийт 10.560.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г... ХК зориулалтын бус агуулах ашиглуулсны улмаас уг агуулахад хадгалагдаж байсан модон тавилгын чанар муудсан, буцаалт хийгдсэн, мөн халаалтгүй агуулахаас халаалттай агуулах руу нүүхэд зардал гарсан, салгаж үл болох засан сайжруулалт хийсний улмаас зардал гарсан /хаалга хийж өгсөн/ гэх үндэслэлээр нийт 17.548.556 төгрөгийг хариуцагч Л... таун ХХК сөрөг нэхэмжлэл гарган шаардсан.
Шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/02792 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч Эрдэм... ХХК-ийн шинжээч Л.Т... нь модон материалын агуулахад тавигддаг стандартын шаардлага хангаагүй, агуулахын шал хананд хөгц, мөөгөнцөр үүсэх боломжтой, орчин үеийн барилгын дулаан хамгааллын болон агааржуулалтын инженерийн шийдлээр төлөвлөгдөөгүй байсан талаар дүгнэлт гаргасан боловч хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь, талууд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Агуулах түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулахдаа гэрээний зүйл болох агуулахын шинж байдлын талаар тухайлан тохиролцоогүй байна. Энэ тохиолдолд талуудын хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын талаар шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөө бусдад хөлслүүлэх хүсэл зоригтой байсан бол хариуцагч худалдаалж буй модон тавилгаа хадгалах хүсэл зоригтой байжээ. Хариуцагч модон тавилгын худалдааг урт хугацаанд эрхэлж байгаа, Г... ХК-ын агуулахыг 2013 оноос хойш хөлсөлсөн талаар тайлбарласан тул модон тавилгыг ямар нөхцөлд хэрхэн яаж хадгалах талаар нэхэмжлэгчээс илүү туршлагатай гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч компани хөлслүүлж буй эд хөрөнгийн чанарын доголдлыг нуусан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, хариуцагч хөлсөлж буй эд хөрөнгийн шинж байдлыг урьдчилан мэдэх боломжтой байна.
Мөн хариуцагч Л... таун ХХК гэрээний зүйл болох агуулахын барилга чанарын шаардлага хангаагүй гэх атлаа агуулахыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан, 2019 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны хөлсийг Г... ХК-д төлсөн байна. Энэ үйл баримтаас үзвэл, агуулахад хадгалсан эд хөрөнгийн чанарын доголдол агуулахын барилгаас үүдэлтэй гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх боломжгүй байдаг.
Иймд эд хөрөнгийн чанарын доголдолтой холбоотой учирсан хохиролд Г... ХК-ийг буруутай гэж үзэх боломжгүй.
Хариуцагч Л... таун ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний гэрээгээр бага төлбөртэй, хүйтэн агуулах хөлсөлж байсан, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээгээр илүү төлбөртэй, дулаан агуулах хөлслөхөөр хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулжээ. Шинээр гэрээ байгуулж, агуулахын байрыг сольсон нь Г... ХК-ийн буруутай үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ийнхүү хариуцагч байгууллага өөрөө шийдвэр гаргаж, хөлсөлж буй агуулахаа сольсон байх тул Г... ХК-ийг буруутай гэж үзэж, нүүлгэлтийн зардал /нэмэлт ажилчин илүү цагаар ажиллуулсан/-ыг нэхэмжлэгч Г... ХК-иас гаргуулах үндэслэлгүй юм.
Хариуцагч Л... таун ХХК анх орсон агуулахад Т... захирлын хүсэлтээр хийлгэсэн агуулахын хаалганы үнэ гэх 1.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Г... ХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн тайлбараас үзвэл, хаалга хийлгэх тухай гэрээг Г... ХК-тай байгуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Иймд хаалганы зардлыг нэхэмжлэгч Г... ХК-иас гаргуулах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л... таун ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар Л... таун ХХК-иас 10.560.000 төгрөгийг гаргуулан Г... ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлгүй тул Г... ХК-иас 17.548.556 төгрөг гаргуулах тухай Л... таун ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 183.910 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 245.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л... таун ХХК-иас 183.910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г... ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР