| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ч холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн 700 тоотод байрлах Э.Эийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж, 2 ширхэг зөөврийн компьютер, 2 ширхэг иргэний үнэмлэх, 1 ширхэг жолооны үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.029.100 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн 700 тоотод байрлах хохирогч Э.Э-ийн гэрт хууль бусаар нэвтэрч Дэлл, Тошиба загварын 2 ширхэг зөөврийн компьютер, мөн Э.Э-ийн хэтэвчтэй бичиг баримтыг хулгайлж, 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Чын өгсөн: “..би мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э-ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн 700 тоотод оршин суух орон сууцны байшинд 19 цагаас 22 цагийн хооронд хулгай орж Дэлл, Тошиба маркийн 2 ширхэг зөөврийн нөүтбүүк хулгайд алдсан. Мөн миний хэтэвчтэй бичиг баримтыг минь бас хулгайлсан байна. Манай байшинд хулгай хийхдээ вакум цонхны түгжээг нь эвдээд цонхоор хулгай хийсэн байна. Дэлл маркийн нөүтбүүкийг 2020 онд шинээр нь 2,300,000 төгрөгөөр тошиба маркийн нөүтбүүкийг 2016 онд 1,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би одоо дэлл нөүтбүүкийг 2,300,000 төгрөгөөр, тошибаг 1,300,000 төгрөгөөр үнэлж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... Би Ц.Чыг зүс танина. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Манай байшингийн вакум цонхыг түлхэж орсон байсан. Би энэ хүнийг хулгай хийсэнд гомдолтой байгаа. Мөн хулгайд алдсан эд зүйлийг үнэлүүлсэн 80,000 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 21-22 тал/,
Гэрч Н.Б өгсөн: “...2023 оны 12 сарын 09-ний орой 21 цагийн үед манай дүү Ч**Б хүнээс авлаа гээд 2 ширхэг нөүтбүүк гэртээ авчирсан. Би хаана хэнээс авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр орой 22 цагийн үед хэсгийн төлөөлөгч цагдаа нар араас нь ирээд Ч**Баас нөгөө хоёр нөүтбүүкийг нь хурааж аваад явсан юм. Би өөр зүйл мэдэхгүй байна. Надад Ч**Б ямар нэгэн зүйл яриагүй. Би хаанаас хэнээс авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хар саарал өнгийн л нөүтбүүкнүүд байсан. Би ямар маркийн гэдгийг нь согтуу байсан тул сайн анзаарч харж мэдээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-923/8517 дугаартай: “...Үнэлэгдэж буй Dell болон Toshiba загварын зөөврийн компьютерийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 890,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-923/8707 дугаартай: “...Үнэлэгдэж буй иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 139,100 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
Хохирогч Э.Э-ийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ХМШЗ/68 дугаартай захирамж /хх-ийн 74-75 тал/,
Шүүгдэгч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 12 сарын 09-ний өдөр би архи ууж байгаад гэртээ харих гэж явж байгаад Э.г эгчийн гэр нь гэрэлгүй байхаар нь тухайн айлын цонх нь онгорхой байхаар нь би 2 ширхэг ямар маркийн комьпютер байсныг нь санахгүй байна. Гэрээс нь аваад гарсан. Тухайн комьпютерийг би гэртээ аваачаад байж байхад орой 00 цаг өнгөрч байх үед манай сумын хэсгийн төлөөлөгч манай гэрт ирээд тухайн компьютерийг авч Э.г эгчид хүлээлгэж өгсөн. Би архи уусан байсан бас архины мөнгө байхгүй байсан болохоор би тухайн айлд архи хайж гэрт орсон ямар нэгэн шалтгаан байхгүй. Тэгээд архи байхгүй байсан болохоор нь би ширээн дээр нь байсан компьютерийг аваад гарч ирсэн. Тухайн авсан байсан компьютерийг буцааж эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар баг 700 тоотод байрлах Э.Эийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж, 2 ширхэг зөөврийн компьютер, 2 ширхэг иргэний үнэмлэх, 1 ширхэг жолооны үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж бйх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Ч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Э, гэрч Н.Б**т нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-923/8517 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-923/8707 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Эийн Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ХМШЗ/68 дугаартай захирамж, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ц.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн 700 тоотод байрлах хохирогч Э.Эийн гэрт хууль бусаар нэвтэрч Дэлл, Тошиба загварын 2 ширхэг зөөврийн компьютер, мөн Э.Эийн хэтэвчтэй бичиг баримтыг хулгайлж, 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ц.Чын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Ч нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Ч нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Чын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Эт 1.029.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-923/8517 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-923/8707 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э нь “2 ширхэг зөөврийн компьютер, 2 ширхэг иргэний үнэмлэх, 1 ширхэг жолооны үнэмлэх зэргийг хүлээн авсан. Би одоо Ц.Чаас хулгайд алдсан эд зүйлийг үнэлүүлсэн 80.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/-д хэрэгт авагдсан байх тул Э.Эт учирсан 1.029.100 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийн хохирлыг шүүгдэгч Ц.Ч нь төлж барагдуулсан гэж үзэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 80.000 төгрөг нэхэмжилж байх боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Ц.Чаас хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Чыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Чын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэргээр өмнө ял эдэлж байсан ба хугацаанаас өмнө суллагдаж дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна..” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Ч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ХМШЗ/68 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Чад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Чын нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Чын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Чаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Чад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ч**Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч**Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил, 2 ( хоёр) сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) сар 12 (арван хоёр) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Ч-ын нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ын цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ч-аас хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын 80.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч**Б нь 2 (хоёр) хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН