Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн товч агуулга: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх 48.037767, 93.236065 gps-ийн байрлал бүхий Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 32 тооны “алтайн сугас” загасыг хууль бусаар агнасан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас), шүүгдэгч *******ын жолоодож явсан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-16 хуудас), мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд хүчинтэйд тооцуулах санал (1 дэх хавтаст хэргийн 17 хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), прокурорын эд зүйл хураан авах тухай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 22 дугаар хуудас); эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (1 дэх хавтаст хэргийн 25 дугаар хуудас), эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 26 дугаар хуудас), эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),  шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 32 дугаар хуудас), криминалистикийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас), амьтан судлалын анхдагч шинжилгээний 23 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас), Ховд аймгийн Цагдаагийн газрын албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар хуудас), хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 56 хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), Хаан банк дахь шүүгдэгч *******ын *** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 74-75 хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас), *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 122 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас), *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 133 дугаар хуудас), хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 141-147 дугаар хуудас), ******* үнэлгээ ХХК-ийн Toyota prius 20 загварын ХОЕ улсын дугаартай автомашинд үнэлгээ хийсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 164-168 хуудас), криминалистикийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 172-175 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 186-191 дүгээр хуудас);

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх гомдол /мэдээлэл/-ыг шалгах хугацааг сунгах тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),  *******ын жолоодож явсан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-16 хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), криминалистикийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 34-42 хуудас), амьтан судлалын анхдагч шинжилгээний 23 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-50 хуудас), Ховд аймгийн Цагдаагийн газрын албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), Ховд аймгийн Цагдаагийн газрын албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар хуудас), хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 56 хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), Хаан банк дахь шүүгдэгч *******ын *** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 74-75 хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас);

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******: Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), *******ын жолоодож явсан гэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-16 хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), криминалистикийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 34-42 хуудас), гэрч гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалжээ.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*******гаас гаргасан: Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хар нуураас зөвшөөрөлгүй, хууль бусаар 32 тооны загас олдсон” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 01 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр Хар нуурын голд мөсөн дээр жижиг хэсэг хулстай газар байх ба ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хулсны урд талаар ...мөр гарсан, хүний хоёр өөр гутлын мөр цасан дээр гарсан ...хулс руу орж үзэхэд нэг ууттай загас, төмөр лоом 1 ш, хүрз 1 ш байсныг эд мөрийн баримтаар хураан авч, ууттай загас нь хөлдөөгүй байсныг уутнаас гаргаж тоолж үзэхэд 32ш загас байлаа. Уг газраас тээврийн хэрэгслийн 4 ш дугуйны мөр, 2 өөр гутлын 4 ш мөр зэргийг бэхжүүлэн авч, GPS-ийн байршлыг тогтооход 48,065323, 93212102 зааж гарсан. Автомашины мөрийг дагаж үзэхэд: хэсэг газарт мөс цоолсон газрууд байх ба 2 мөс цоолсон газрын мөс 0,5 см хэмжээтэй нимгэн хөлдсөн. Баруун талд нь автомашин ирж зогссон, гутлын. Мөрүүд мөс цоолсон нүхний эргэн тойронд гарсан. Гутлын мөрнүүдийг үзэхэд 2 хүний гутлын мөр байв. Нүхний хэсэгт гар утасны GPS-ээр байршлыг тогтооход 48,037767, 93,236065 зааж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас);

- Автомашинд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь ХОЕ улсын дугаартай цагаан өнгөтэй приус-20 маркийн, тээврийн хэрэгсэл нь дөрвөн өөр дугуйтай байв. ...дотор талд нь үзлэг хийхэд: ...автомашины багажны хэсэг нэлэнхийдээ загасны үнэр үнэртэж байснаар үзлэгийг дуусгаж, загасны тор-1ш, 2 ш цагаан даавуутай шороо мэт зүйлийг хураан авч орлогч прокурор н.Бадралд *** дугаарын утсаар мэдэгдэж” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Би Ховд аймгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгчийн хамт Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр Хар нуурын мөсөн дээр хяналт шалгалт хийгээд явж байхад *** улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашин явж байхад нь зогсоон шалгахад *******, ******* нар явж байсан. Шалгахад автомашинаас нь загасны үнэр үнэртэж байсан, ямар нэгэн загас болон тор, багаж хэрэгсэл байхгүй байсан, *******ын дээлийн урд хормой нь норчихсон явж байсан, бид нар тухайн газраас ХОЕ улсын дугаартай автомашины мөрийг дагаад явж байтал мөсөн дээр хэсэг зээсний хажууд автомашин зогссон, хоёр хүний мөр гарсан байсан. Бид нар тухайн газарт очиж үзэхэд зэгсэн дотор ууттай загас, төмөр лоом 1 ширхэг, хүрз-1 ширхэг байсан бөгөөд загаснууд нь хөлдөөгүй байхаар нь уутнаас гаргаж үзэхэд 32 ширхэг сугас загас байсан. Тэр газарт үзлэг хийж, загас эд зүйлийг нь хураан авсан байгаа. ... Би энэ жил 2 удаа хяналт шалгалтаар Хар нуур дээгүүр явж байхад 0200ХОЕ улсын дугаартай автомашинтай ******* байнга тааралдаж байсан, 1 удаа загасны тор, төмөр ломбо зэрэг эд зүйлүүдтэй явж байсан, би *******ыг зүс танина, сайн танихгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн дахин өгсөн “...Тэр газарт үзлэг хийж, загас эд зүйлийг нь хураан авсан байгаа. Тухайн загас, хүрз, лоом байсан газарт нэг л автомашины мөр, 2 хүний хоёр өөр гутлын ул мөр цасан дээр үлдсэн /гарсан/ байсан, хажуу талаар нь болон эргэн тойронд өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл болон хүний гутлын ул мөр байгаагүй. ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөсөн дээр зогсоож шалгачхаад тухайн ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ирсэн мөрийг дагаад 2-3 орчим км газар явж байтал хулс дотор ууттай загас, хүрз, лоом гэх мэт эд зүйл байсан. Тухайн газарт эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад үзлэг хийж ул мөр болон эд зүйлийг хураан авсан байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178-179 хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...13-ны шөнө Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч , хамгаалалтын захиргааны дарга , , ******* миний бие эргүүл, хяналт шалгалтын ажлаар явж байгаад нууран дээр *******тай таарсан.  ...Цаашаа *******, ******* нарын автомашины мөрийг дагахад 4-5 км-н цаана хэсэг хулсан дотор ууттай 32 ширхэг загас, хүрз, лоом хаячихсан байсныг мөрдөгч олоод тэмдэглэл үйлдээд, бэхжүүлж авсан.

Бид тэмдэглэлээ үйлдчихээд байгаль хамгаалагчийнхаа байран дээр очиж амарсан. Өглөө нь *******, ******* нарын гэрт очоод гадаа гаргаж ирээд уулзахад ******* “би барьсан юм аа. Миний буруу. Би нуурын цаад эрэг дээр нэг айлд оччихоод буцах замдаа урдаас гэрэл гарахаар нь айгаад хаячихсан юм” гэж хэлсэн. Хаанаас барьсан юм гэхэд барьсан газраа зааж өгөхөөр явсан боловч барьсан газар дээрээ хүргэж өгч чадаагүй.

Тухайн үед мөс нимгэн байгаад цөмрөх эрсдэлтэй байсан учраас “та хоёр энэ газраар явсан юм уу” гэхэд “үгүй. Бид 2 цаад талаас нь очиж авсан” гэж хэлсэн. Тэгээд бид нарыг цооног дээр аваачилгүйгээр буцаад явсан. Тухайн үед ******* нь жижиг автомашинаа бариад буцсан. ******* нь бид нарт энэ хавиар хүмүүс барьж байсан байж магадгүй гэх ганц нэг цооногуудаар дагуулж яваад, удалгүй араас нь очсон” гэх мэдүүлэг;

- Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны “...Танайхаас ирүүлсэн Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр Хар нуур 48,037767, 93,236065 GPS-ын байрлалд байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгааг хавсралт зургаар гаргаж хүргүүлэв” гэх албан бичиг, хавсралт зураг (1 дэх хавтаст хэргийн 52-53 хуудас);

- Амьтан судлалын анхдагч шинжилгээний 23 дугаартай “...Уг шинжилгээнд ирүүлсэн амьтанууд нь 1 төрөл зүйлийн Мөрөгтөн (Cyprinidae) багийн Мөрөгийнхөн (Cyprinidae) овгийн Алтайн сугасны төрлийн Алтайн сугас (Oreoleuciscus potanini) загас 32 ширхэг байна. Тухайн амьтан нь хэдийд агнагдсан хугацааг тогтоох боломжгүй. Уг шинжилгээнд ирүүлсэн 32 ширхэг загаснуудад гэмтэл тогтоогдоогүй. Уг шинжилгээнд ирүүлсэн Алтайн сугас (Oreoleuciscus potanini) нь ховордлын зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас);

- Прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч *******аас хураан авсан гуталд үзлэг хийсэн “...29 см өндөр түрийтэй, гутлын улны урт 29 см, өсгийн өргөн 8.5 см, өлмийний өргөн 11 см, улны нумын өргөн 6.5 см хэмжээтэй хуучин хар өнгийн, арьсан дотортой, ул хэсэгт Dumun гэсэн бичигтэй 1 хос, 2 ширхгийг эд мөрийн баримт, шинжилгээ хийлгэхээр хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);

- Прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч *******аас хураан авсан гуталд үзлэг хийсэн “...38 см өндөр түрийтэй, гутлын улны урт 28 см, өсгийн өргөн 7 см, өлмийний өргөн 10 см, улны нумын өргөн 7 см хэмжээтэй хуучин шаргал өнгийн Made in Mongolia гэсэн бичигтэй 1 хос, 2 ширхгийг эд мөрийн баримт, шинжилгээ хийлгэхээр хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас);

- Криминалистикийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай “...Шинжилгээнд тэнцэж буй “Зураг №6, 9, 24, 25, 26” гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн 1 хос /2 ширхэг/ хар өнгийн түрийтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөрүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.

Шинжилгээнд тэнцэж буй “3ураг №7, 8, 23” гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн 1 хос /2 ширхэг/ саарал өнгийн үстэй, түрийтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 34-42 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрээс буюу 48.037767, 93.236065 gps-ийн солбицол бүхий Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 32 тооны “алтайн сугас” загасыг агнасан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч ******* яллагдагчаар “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын төвөөс гэрт ирэхэд дүү ******* мал усалж байсан, би өнгөрсөн жил портер машины сугалаа явуулсан юм. Тухайн үед надаас бод, богоор сугалаа авсан гэх айлаас сугалааны үнэ адуу зүсэлж авахаар дүү *******ын хамт явсан, ахын очиж адуу үзэх гэсэн боловч адуу нь олдоогүй, тухайн үед , ахынхаар очоод гэр лүүгээ буцсан.

Буцаад явж байтал нуур дээр хоёр машины гэрэл тусаад байхаар нь чиглээд явж байтал гэрэл нь унтраад алга болчихсон юм, тэгээд төв зам руу ороод буцаад явж байтал цагдаагийн алба хаагч, байгаль хамгаалагч нар таараад гэх хүн бууж ирээд бид хоёрын автомашиныг шалгасан.

Тухайн үед дүү *******ын дээлийн хормойгоос барж үзээд “чи загас барьсан юм уу” гэж асууж байсан, тухайн үед манай дүү би загас бариагүй, мал усалсан юм гэж хэлж байсан” гэж (1 дэх хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас);

- шүүхийн хэлэлцүүлэгт “Удаа дараа таарсан гэж байна. Би нуурын цаад хаяа руу гэдэг айлынх руу хүрз, ломботой явж байсан. Тэгэхэд энэ ах бас явж байсан. Би сумаас тэр айл руу зорьж явж байсан. Тэгэхэд хүрз, лоомыг хурааж авсан. Тэгээд удаа дараа таарсан гэж байна.

12-ны өдөр би сумаас ирэхэд энэ дүү маань тосгуур дээр мал усалж байсан учраас дүүгээ аваад адуу авах ёстой айл руугаа явсан. Замдаа айлаас асуухад “30-40 км зам яваад Хар харганат гэдэг газар гэдэг айлаас гэдэг айлыг асуу” гэж хэлсэн.

...Ингээд цаад талын хаяанаасаа төв замтайгаа нийлээд нөгөө талын хаяанд иртэл энэ хэд ирээд “зогс” гэж зогсоогоод “хойд талын багажаа онгойлго” гэтэл хойд багаж хөлдөөд онгойхгүй байсан учраас урд талынхаа суудлыг унагааж байгаад шалгуулчхаад гэртээ ирээд унтсан.

Маргааш нь буюу 13-ны өглөө босож малаа явуулчхаад буцаад унтаж байтал 12 цагийн үед гэдэг хүн манай гэрт орж ирээд “******* гараад ир” гэсэн. Гараад очтол “чи загас барьсан байна, чамайг авч явж шалгана” гээд зандрахаар нь “явъя” гээд би, манай дүү, эмэгтэй дүү, эхнэр, хүүхдүүд бүгд хамт явсан. Би тухайн үед сум явах гэж байна гэж ойлгосон.

Гэтэл миний машинд суугаад “нуур руу яв” гэж хэлээд нууран дээр ирээд “тор тавьж байгаа хүн мэдэж байна уу? Зааж өг” гэхээр нь “би мэдэхгүй байна. Барьж байгаа баахан хүн байна гэсэн. Энд тэндээс хүмүүс ирээд загас барьж байна гэсэн” гэж хариулсан.

Тэгээд байж байгаад *******ыг эхнэр, хүүхэд, дүүгийн хамт суулгаж автомашин унуулсан. Намайг “хамт яв” гээд машинд суулгаад нууран дээр байгаа цооног хэсүүлж, зөндөө явсан. Оройхон болоод нар орохын алдад намайг хүргэж ирчхээд өөрсдөө буцаад нуур руу, үлдээд намайг дагуулаад сумын төв явсан. 13-ны өдөр гэгээ тасарч байхад сумын төв орж ирээд машины мөр аваад, машин хурааж авсан. Миний автомашин цагдаагийн байгууллагын гадна арав гаруй хоносон” гэж;

- Шүүгдэгч ******* яллагдагчаар “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны 16 цагийн үед гэрээсээ ах *******ын хамт адуу үзэхээр явж, нуураар нэвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын талд гарсан, замдаа гэдэг айлаар орж өөрийнхөө адуу үзсэн, , гэх хоёр айлаар зүгээр орсон.

Буцаад гэр рүүгээ нуураар явж байтал цагдаагийн алба хаагч, байгаль хамгаалагч нар таараад ах бууж ирээд ах ******* бид хоёрын машиныг шалгасан, тухайн үед ах миний дээлийн хормойгоос барж үзээд “чи загас барьсан юм уу” гэж хэлсэн. Би “загас бариагүй, мал усалсан юм” гэж хэлээд бид хоёр явсан юм ...Би тусгай хамгаалалтай газраас загас агнасан зүйл байхгүй, хураан авсан лоом, хүрз минийх бишээ” гэж (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас);

- шүүхийн хэлэлцүүлэгт “...Нөгөө талд нь ах бид хоёр уулзахад “чи загас барьсан юм биш үү” гэхээр “та дүүгээ мэдэж байгаа ш дээ. Загас барьдаггүй гэдгийг гэж хэлэхэд “чиний хормой нойтон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ яах вэ, хүний амьдрал шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг загас барьсан гэж ойлгосон юм шиг байсан.

Тэр шөнөө бид хоёр наашаа ирж нэг айлд бууж үлдчихээд тэр айлдаа хөзөр тоглож нэлээн сууж байгаад, 3 цагийн үед гэртээ ирээд унтаж байтал гаднаас хүн дуудсан. “Энэ чинь юу болж байгаа билээ” гэсэн зүйл нойрондоо бодоод гарч иртэл гадна ах, энэ ах хоёр ирчихсэн байсан. Гэтэл ******* ах айчихсан гэрт байсан ногоон хөвөгчтэй торыг авдраас гаргаж өгч байхаар нь “яагаад наад тороо гаргаж өгч байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед би дотроо “хууль бус юм байх даа” гэж бодсон. Гэтэл одоо гэрт хүний хувийн хэрэглээнд байх үндэслэлтэй гэсэн зүйл ярьж байна.

13-ны өдөр авч явна гэхээр нь сум явах гэж байна гэж бодоод ээжээсээ 20,000 төгрөг авсан. Гэтэл нуур руу авч явсан. Нуур луу авч яваад том цөн байсны хажууд ирсэн. Байгаль орчны машин хойно үлдээд, би болон ******* ах, ах бид гурав ирээд “энэ лоом чинийх үү” гэхээр нь “би хэнийх гэдгийг яаж мэддэг юм” гэж хэлсэн.

...Тэр хавьцаа олон мөр байсан ч нүдний баримжаагаараа Чандмань сумын гэрэл харагдаж байгаа газар ирсэн. Бид хоёрыг зааж өг гэхээр нь иртэл тэнд юу ч байгаагүй. Бид хоёрт загас олсон газар гэж үзүүлээгүй. Тэнд очоод алхаж байхад хөлийн дор ширт ширт гээд дуугарч байсан ба би болон ах бид хоёр хоёулаа хойшоо ухрахад ус мэлтэлзээд гарч ирсэн.

...Би “энэ төмрөөр яах гэж байгаа юм” гэтэл “мэдэхгүй байна. Тор авах гэж байгаа юм шиг байна” гэсэн. Гэрт ирээд ахад нэг цай аягалж өгтөл ууж дуусчхаад “******* явна” гэсэн. Намайг тухайн үед дуудаагүй ч гэсэн “чи ч гэсэн яваарай” гэж хэлсэн. Сумын төв дээр нар жаргаж байх үед ирсэн. Машины багажид гэрээс хурааж авсан тор байсан ба тэр тор болон машины дөрвөн дугуйны зургийг дарж авсан” гэж гэм буруугийн талаар маргажээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч нар нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу хэргийн газрын ойролцоо явж байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогджээ. Тухайн үед шүүгдэгч *******ын дээлийн хормой норсон, тухайн үед шүүгдэгч нарын жолоодож явсан ХОЕ улсын дугаартай автомашинаас загасны үнэр үнэртэж байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх өс хонзон, өр авлага зэрэг хувийн сэдэлт зорилго байхгүй болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Өглөө нь *******, ******* нарын гэрт очоод гадаа гаргаж ирээд уулзахад ******* “би барьсан юм аа. Миний буруу. Би нуурын цаад эрэг дээр нэг айлд оччихоод буцах замдаа урдаас гэрэл гарахаар нь айгаад хаячихсан юм” гэж хэлсэн. Хаанаас барьсан юм гэхэд барьсан газраа зааж өгөхөөр явсан боловч барьсан газар дээрээ хүргэж өгч чадаагүй” гэх мэдүүлэгт эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь шүүгдэгч нарын өмсөж явсан гэх гутлын мөртэй тохирсон болох нь криминалистикийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтээр нотлогджээ. Иймд 32 тооны сугас загасыг шүүгдэгч *******, ******* нар агнасан гэж үзэх үндэслэлтэй буюу шүүгдэгч нарын мэдүүлэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ан амьтан нь төрийн нийтийн өмч юм. Төрийн буюу нийтийн өмчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй иргэн, аж ахуй нэгж дураараа хувьдаа завшихыг нийгэмд аюултай үйлдэлд тооцдог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрээс буюу 48.037767, 93.236065 gps-ийн солбицол бүхий Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 32 тооны “алтайн сугас” загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл нь дээр дурдсан хууль бусаар ан агнах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

3.2. Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан буюу хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар алтайн сугас загасны үнэлгээг 15’000 төгрөгөөр тогтоосон байна. Тодруулбал шүүгдэг *******, ******* нар бүлэглэн 32 тооны алтайн сугас загас агнаж нийт 480’000 (=15’000₮*32) төгрөгийн хохирол байгаль орчинд учруулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоохоор тус тус хуульчилсан.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нараас  960’000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

4.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр тус тус журамласан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч *******аас 480’000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 480’000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн болно.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 184 дүгээр хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 110 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 184-191 дүгээр хуудас), сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 194 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 200 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон түүний мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 112 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон түүний мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, эх, дүү нарын хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, шүүгдэгч *******ад 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтыг Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагшаа болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах байдлаар авах” гэх санал;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* “...Зуны ид үед барилгын ажил эрхэлдэг тохиолдолд сар бүр 2’000’000-2’500’000 төгрөгийн цалин хөлс авдаг тул ажил хөдөлмөр эрхлээд торгох ялыг төлөх бүрэн боломжтой тул шүүгдэгч *******ад торгох ял оногдуулж өгнө үү.

******* нь хоёр бага насны хүүхэдтэй, өндөр настай ээжийнхээ хажууд мал маллаж, гэр бүлээ тэжээдэг. Хэдийгээр ******* ээждээ ирж тусалдаг боловч Ховд аймагт байдаг учраас өндөр настай ээжийгээ асардаг, хоёр нялх хүүхэдтэй учраас эмнэлэгт үзүүлэх тохиолдол хүртэл гарна. Мөн нутаглаж байгаа газар нь гурвын аймгийн хилийн ойролцоо учраас хязгаарлалтын бүсийг өргөжүүлж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх санал;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* “...*******ад 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон ба өндөр настай эхийнхээ хамт амьдарч, барилгын ажил хийж эхийгээ тэжээдэг.

******* нь мөн торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж өгнө үү гэх саналыг өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргаж байна. Учир нь бага насны хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг ба эмнэлэгт аваачиж өгөх шаардлага гарна. Нүүдлийн шинжтэй мал аж ахуй эрхэлдэг учраас 1 жилийн хугацаанд торгох ялаа төлж барагдуулъя гэсэн хүсэл зоригоо илэрхийлж байгааг шүүхээс харгалзаж үзнэ үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

3.2. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч *******ад 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох; эсхүл тодорхой газар очихыг хориглох; эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих; эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх гэсэн хэлбэрийн аль нэгээр тогтоодог.

Шүүгдэгч нар Ховд аймгийн сумын 03 дугаар (Аргалан) багт оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 111, 113 дугаар хуудас)-аар нотлогдсон тул тэдгээрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх эрхийг нь хангах үүднээс зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн ө сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоов.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал албадан гаргуулах буюу хураан авахаар заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус нарийвчлан хуульчилжээ.

Шүүгдэгч нар гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор гэрч ын өмчлөлийн ΧΟЕ улсын дугаартай Toyota prius-20 загварын автомашиныг ашигласан болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон.

******* үнэлгээ ХХК-ийн дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 164-168 дугаар хуудас)-д гэрч ын өмчлөлийн ΧΟЕ улсын дугаартай Toyota prius-20 загварын автомашины үнэлгээг 9’658’125 төгрөгөөр тогтоожээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэлгээг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргаж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй. Тодруулбал шүүгдэгч *******аас 4’829’062.5 төгрөгийг, шүүгдэгч *******аас 4’829’062.5 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 110 см урттай, 36 см төмөр хүрз нэг ширхэг, 130 см урттай төмөр лоом нэг ширхэг, цагаан өнгийн даавуун ууттай шороо мэт зүйл хоёр ширхэг, ногоон өнгийн тааран ууттай 32 ширхэг алтайн сугас загас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

3.5. Мөрдөгч 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч *******ад (1 дэх хавтаст хэргийн 133 дугаар хуудас), мөн тус өдөр шүүгдэгч *******ад (1 дэх хавтаст хэргийн 122 дугаар хуудас) тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн түрийтэй, цагаан өнгийн ноосон дотортой, размер тодорхойгүй, хуучин нэг хос гутал, саарал өнгийн үстэй, саарал өнгийн оруулгатай, размер тодорхойгүй хуучин нэг хос гутал зэрэг нь зайлшгүй хэрэгцээт буюу улирлын нэг ээлжийн хувцас тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин олон тооны цагаан өнгийн хөөсөнцөр жижиг зүйлтэй ногоон өнгийн дөрвөлжин нүхтэй, нарийн сатуркан загасны (хоёр хэсэг болсон) тор солигдсон талаар шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгчийн захирамжаар уг асуудлыг гэмт хэргийн талаар мэдээллээр шалгуулахыг прокурорт даалгасан тул холбогдох байгууллагад хүргүүлэхээр Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэсэн болно.

5. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ургийн овогт , ургийн овогт нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн ө сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ΧΟЕ улсын дугаартай Toyota prius-20 загварын автомашины үнэлгээ болох 9’658’125 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч *******аас 4’829’062.5 (дөрвөн сая найман зуун хорин есөн мянга жаран хоёр арваны таван) төгрөгийг, шүүгдэгч *******аас 4’829’062.5 (дөрвөн сая найман зуун хорин есөн мянга жаран хоёр арваны таван) төгрөгийг тус тус албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 110 см урттай, 36 см төмөр хүрз нэг ширхэг, 130 см урттай төмөр лоом нэг ширхэг, цагаан өнгийн даавуун ууттай шороо мэт зүйл хоёр ширхэг, ногоон өнгийн тааран ууттай 32 (гучин хоёр) ширхэг алтайн сугас загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн түрийтэй, цагаан өнгийн ноосон дотортой, размер тодорхойгүй, хуучин нэг хос гутлыг шүүгдэгч *******ад, саарал өнгийн үстэй, саарал өнгийн оруулгатай, размер тодорхойгүй хуучин нэг хос гутлыг шүүгдэгч *******ад тус тус буцаан олгож, олон тооны цагаан өнгийн хөөсөнцөр жижиг зүйлтэй ногоон өнгийн дөрвөлжин нүхтэй, нарийн сатуркан загасны (хоёр хэсэг болсон) торыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА