Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоноос Мөрөн чиглэлд явах хатуу хучилттай автозам дээр согтуурсан үедээ 39-08 УАР улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж Даюун маркийн улсын дугааргүй, шаргал өнгийн мотоциклийг мөргөж, улмаар мотоциклийн жолооч Б.Бын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн шилбэнд шарх, дээд уруулын дотор салст, зүүн бугалга баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, дээд баруун 1,2-р шүдний хөдөлгөөн бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч Б.Гийн биед хэвлийн битүү гэмтэл, зүүн хөлний дунд чөмөгг ясны хугарал, бүсэлхийн L1, L2-р нугалмын сэртэнгийн хугарал, зүүн өвдгөнд шарх бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, Б**Гын биед гавал, тархи болон цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун чамархайн хуйханд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 6 дугаар багийн нутагт байрлах босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам буюу А1101 улсын дугаартай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос Мөрөн чиглэлийн зам дээр 39-08 УАР улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7 дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж Даюун маркийн улсын дугааргүй, шаргал өнгийн мотоциклийг мөргөж, улмаар мотоциклийн жолооч Б.Бын эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн шилбэнд шарх, дээд уруулын дотор салст, зүүн бугалга баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, дээд баруун 1, 2-р шүдний хөдөлгөөн бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мотоцикльд зорчин явсан Б.Гийн эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, зүүн хөлний дунд чөмөгг ясны хугарал, бүсэлхийн L1, L2-р нугалмын сэртэнгийн хугарал, зүүн өвдгөнд шарх бүхий хүнд хохирол учруулсан, мөн мотоциклийн зорчигч Б**Гын эрүүл мэндэд гавал, тархи болон цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун чамархайн хуйханд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 7-13 тал/, зам тээврийн  ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 14-15 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 тал/, насанд хүрээгүй хохирогч Б**Гын мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, иргэний хариуцагч Д.Э мэдүүлэг /хх-ийн 37-38, 46, 48 тал/, гэрч М.Б мэдүүлэг /хх-ийн 43 тал/, гэрч Д.О мэдүүлэг /хх-ийн 59 тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 65 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 81 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 88 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-923/6206 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-95 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1309 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-104 тал/, Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа /хх-ийн 114-118 тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б**Г, Б.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байх ба насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Б  шүүгдэгч Б.Б нар нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Б.Б би 2 хүүхдийн эмчилгээний болон бусад зардалд 6.605.530 төгрөг төлүүлсэн. 2 хүүхдийн бие сайжирч байгаа тул 2 тал тохиролцож, эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээг байгуулж нотариатчаар гэрчүүлсэн баримтыг /хх-ийн 159 тал/, хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Б нар нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “нийт 3.169.900 төгрөг авсан. Хоёр тал тохиролцож эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээг байгуулж нотариатчаар гэрчүүлсэн баримтыг /хх-ийн 161 тал/ шүүхэд ирүүлсэн байх тул  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Бын 819662 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заасныг баримтлан шүүгдэгч Б.Б оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бад тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бад хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн ****** дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Б-ын 819662 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН