Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/02890

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/02890

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, З... овогт Э..ий Г... /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х... овогт Д...ийн Х... /регистрийн дугаар: .../-д холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Г-.... дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбайтай гаражийн өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г..., түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Д.Х..., түүний өмгөөлөгч Ж.Б...т, гуравдагч этгээд Э.Б... итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Г... нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эх Г.Б...ын хамтаар өмчилж байсан ба эх маань нас барснаас хойш миний өргөмөл дүү Э.Б... нь Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Ж...тай үгсэн тохирч өвлөх эрхийн гэрчилгээг өөр дээрээ гаргуулан Д.Х... гэх иргэнд газар, гараж, хувийн сууц зэргийг худалдсан байсан. Миний бие тус шүүхэд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 184/ШШ2020/... дугаартай шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, зэргийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн. Миний бие нь одоо тус хаягтаа оршин суудаг ба Д.Х... нь миний дүү Э.Б...тай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулж, газар, гараж, хувийн сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан байна. Миний өргөмөл дүү Э.Б... болон Д.Х... нар нь миний хөрөнгүүдийг надад шилжүүлж өгөхгүй байгаа тул тэдний хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах /газар, гараж, хувийн сууц/ гэрээ-үүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эдгээр хөрөнгүүдийн өмчлөгчөөр Э.Г... намайг буцаан тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Х... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г...гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 онд www.unegui.mn сайт дээр гарсан зарын дагуу Э.Б...тай уулзсан. Э.Б... хөрөнгийг хэзээ ч хамаагүй очиж үзэж болно гэсний дагуу очиж үзэхэд эзгүй хоосон хашаа байсан. Ингээд улсын бүртгэлээс лавлагаа гаргуулахад эдгээр хөрөнгө Э.Б...н нэр дээр бүртгэлтэй байсан учир 42.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, үнийг төлсөн ба хожим 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсон билээ. Худалдаж авсан газар байшиндаа өөрийн худалдагчийг амьдруулж байтал Э.Г... гэдэг хүн ирж манай худалдагчийг хөөж туун оруулахгүй гэх мэтээр сүрдүүлэх болсон. Энэ талаар худалдагч Э.Б...тай холбогдож асуухад, манай эгч юм, битгий санаа зов гэдэг хариу өгсөн. Тэр үед манай худалдагч Э.Г...д хашаа байшинг түрээслэн сууж байгаа гэж хэлсэн юм билээ. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 42.000.000 төгрөгийг Э.Б...н данс руу цувуулж төлөн дуусгасан тул уг Д.Х... би эдгээр хөрөнгийн хууль ёсны шударга эзэмшигч болсон гэж үзэж байна. Би нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй бөгөөд хуулийн хүрээнд Э.Б...тай харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн ба хөрөнгийг эзэмшээд 3 жил болж байна. Нэхэмжлэгч Э.Г... нь миний өмчлөлийн хашаа байшинд амьдардаггүй, тусдаа өөрийн өмчлөлийн хашаа байшинд амьдардаг болно. Иймд Э.Г...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Э.Б...н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г... нь талийгаач Э...ий төрсөн хүүхэд биш бөгөөд хожим Э...ээр овоглох болсон юм. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аав Э..., ээж Б... нар гурав гурван дагавар хүүхэдтэй нийлж гэр бүл болсон бөгөөд дундаас нь хүүхэд гараагүй учир Б...г өргөж авсан. 2015 онд Э.Г..., Э.Б..., Э.... нар Сонгинохайрхан дүүргийн нотариатч О.Ж... дээр очоод өөрсдөө сайн дураар хүсэл зоригоо илэрхийлэн өвлөх эрхийн гэрчилгээг Э.Б...н нэр дээр гаргаж, түүнд хөрөнгийг өмчлүүлэх болсон. Ингээд Э.Б... хөрөнгийг Д.Х...д худалдан борлуулсан юм. Гэтэл Э.Г... нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Э.Б...г хариуцагчаар татан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Э.Б... болон Э.Г... нар мөн харилцан тохиролцож маргаан бүхий газрын хамар хашаа болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөс гадна Э.Г...гийн охин О.М...д зохих хэмжээний мөнгийг төлснөөр эгч дүү нарын хооронд үүссэн маргаан дуусгавар болсон юм. Нөгөө талаас, Э.Г... Сонгинохайрхан дүүргийн нотариатч О.Ж...ыг хариуцагчаар татаж, 2015 оны 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахад Э.Б... болон Д.Х... нар оролцоогүй тул уг шийдвэр эдгээр хүмүүсийн хувьд үйлчлэхгүй юм. Нэхэмжлэгч Э.Г... нь дээрх хөрөнгийг зараад 1 өрөө байр авч өгнө гэсэн гэх боловч 42.000.000 төгрөгөөр худалдсан энэ хөрөнгийн хувьд ямар ч боломжгүй зүйл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г... нь хариуцагч Д.Х...д холбогдуулан, Э.Б... болон Д.Х... нарын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /гараж, хувийн сууц, газар/-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбайтай гаражийн өмчлөх өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Х... хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 700 м.кв газрын өмчлөх эрх анх нэхэмжлэгчийн эцэг У.Э..., эх Г.Б... болон Ц.О... нарын өмчлөлд 2007 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэгджээ. Улмаар өв залгамжлал болон, хамтран өмчлөгч хасуулах, нэмэх хэлцлийн дагуу нэхэмжлэгч Э.Г... нь эх Г.Б...ын хамт газрыг өмчлөх болсон байна. /хх 76 дугаар тал/

Хамтран өмчлөгч Г.Б... нас барж, Сонгинохайрхан дүүргийн тойргийн 14 дугаартай нотариатч О.Ж...аас олгосон 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, уг нотариатчийн гэрчилсэн мөн өдрийн бэлэглэлийн гэрээ, өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий газар өмчлөх эрх нэхэмжлэгчийн дүү Э.Б...н өмчлөлд шилжсэн байна. /хх 90-92, 156 дугаар тал/

Газрын өмчлөгч болсон Э.Б... улсын бүртгэлд хүсэлт гаргаснаар тухайн газар дээр байрлах 70 м.кв талбай бүхий гаражийн анхны өмчлөгчөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-… дугаарт, 116 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт тус тус бүртгүүлж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /хх 76-81 дүгээр тал/

Нэхэмжлэгч Э.Г... нь дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрх Э.Б...д шилжсэн үндэслэл /өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт/-ийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн 184/ШШ2020/... дугаартай шийдвэрээр Э.Б...д өмчлөх эрх шилжих үндэслэл болсон 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, мөн өдрийн бэлэглэлийн гэрээ болон өвлөх эрхээс татгалзах хүсэлт зэргийг шүүх хүчингүй болгожээ. Энэ шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 10-14 дүгээр тал/

Улмаар нэхэмжлэгч Э.Г... нь, хөрөнгийн өмчлөх эрх Э.Б...д шилжих үндэслэл болсон хэлцэл шүүхийн шийдвэрийн дагуу буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон гэж үзээд, энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Э.Б... болон хариуцагч Д.Х... нарын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /гараж, хувийн сууц, газар/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, энэ үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Х...ээс буцаан шаардсан.

Тодруулбал, нэхэмжлэгч Э.Г...гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, тэрээр Э.Б... болон Д.Х... нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, түүний үр дагаврыг арилгуулах буюу хууль бусаар алдсан өмчлөх эрхээ буцаан сэргээлгэх /хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Х...ээс буцаан шаардсан/ нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д: Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заажээ.

Хуулийн дээрх хэсэгт: ...боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж зааснаас үзвэл, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахад хөрөнгийг буцаан шилжүүлж болохгүй тохиолдол байж болдог байна.

Шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Х...ээс буцаан шилжүүлж болохгүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт:

-       Нэхэмжлэгч Э.Г...гийн шүүх хуралдаанд гаргасан: ...миний дүү Э.Б... нь маргаан бүхий газар, хувийн сууц, гаражийг зараад танд 1 өрөө орон сууц авч өгөөд, өөрөө үлдсэнийг нь авъя гэсэн... гэх тайлбар /хх 157-164 дүгээр тал/,

-       Нэхэмжлэгч Э.Г...гийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: ... Э.Б... нь ээжийг нас барсны дараа манай гэрээр ирж намайг болон охин О.М... бид хоёрыг гуйж, энэ газрыг Солонгос хүн авъя гээд байна, зараад та хоёрт нэг өрөө байр авч өгье гэсэн... гэсэн агуулга бүхий нэхэмжлэл /хх 147-148 дугаар тал/,

-       Э.Б...гаас О.М...д 5.000.000 төгрөг, 1.800.000 төгрөг төлсөн Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордер баримт /хх 153-154 дүгээр тал/,

-       2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Э.Б...гаас Э.Г...д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаарт байрлах 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 700 м.кв газар өмчлөх эрх бэлэглэх гэрээ /хх 156 дугаар тал/,

-       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, дүү Э.Б...тай тохиролцсон гэх агуулга бүхий хүсэлт /хх 133-134 дүгээр тал/,

-       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/... дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /Хариуцагч 132 дугаар тал/

зэрэг баримтууд авагджээ.

Дээрх баримтуудаас үзвэл, маргаан бүхий хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 700 м.кв газар, 70 м.кв гараж, 116 м.кв хувийн сууцыг нэхэмжлэгч Э.Г... бусдад худалдан борлуулах хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна.

Өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэгч Э.Г... нь нэгэнт өөрөө тухайн хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зоригтой байх үед, худалдан авагч буюу хариуцагч Д.Х... нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Б...тай гэрээ байгуулжээ. Улмаар хөрөнгийг 42.000.000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулга, талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 39-48 дугаар тал/

Дээрх тохиолдолд, хөрөнгө худалдан авсан этгээд буюу хариуцагч Д.Х...ийг, эгч дүүс болох Э.Г... болон Э.Б...н хоорондын үл ойлголцол, харилцааны зөрчлийн талаар мэдэж байсан, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, улмаар хөрөнгийн өмчлөх эрхийг шударга бусаар олж авсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, өвлөх эрхээс татгалзах хүсэлтийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд хөрөнгийг хариуцагч Д.Х... худалдан авснаас хойш гарсан байна. Энэ тохиолдолд, худалдан авагч Д.Х... хөрөнгийн өмчлөх эрх маргаантай байсныг мөн л мэдэх боломжгүй байсан гэж үзнэ. /хх 10-14, 46-48 дугаар тал/

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдээс тухайн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар зохицуулсан эрх зүйн хамгаалалт юм.

Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Х...ээс Э.Г...д буцаан шилжүүлэх боломжгүй байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч Э.Г...гийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай нотариатчийн үйлдсэн Өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, өвлөх эрхээс татгалзах хүсэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хариуцагч О.Ж... /нотариатч/-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Б..., Д.Х... нар оролцоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмын агуулга, түүний үндсэн дээр гарч буй шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд зөвхөн тухайн хэргийн оролцогч талуудад хамааралтай юм. Энэ тохиолдолд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/... дугаартай шийдвэрийг Э.Б... болон Д.Х... нарын хувьд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй ба гагцхүү мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан бичмэл нотлох баримтын хэмжээнд, хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэх боломжтой.

Түүнчлэн, шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударга бусаар алдсан, улмаар шударга бус өмчлөгчөөс хөрөнгийг буцаан шаардсан агуулга бүхий Э.Г...гийн нэхэмжлэлтэй Д.Х...д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа. Иймд нэхэмжлэгч Э.Г... хөрөнгийг худалдан борлуулахдаа хэнээр дамжуулж, хэдэн төгрөгөөр худалдан борлуулах, орлогыг хэрхэн хуваарилах талаар хэнтэй тохиролцоо хийсэн зэргийг энэ хэрэгт эрх зүйн ач холбогдолгүй гэж үзэж, дүгнэлт хийгээгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Х...ээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шаардсан нэхэмжлэгч Э.Г...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Д.Х... шүүхийн харьяаллын талаар маргаагүй, хэргийг өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүх болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Э.Г...гийн нэхэмжлэлтэй Д.Х...д холбогдох шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Г... шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт 245.150 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар хөрөнгө шаардсан нэхэмжлэлийн үнийг тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн дүнгээс тооцох талаар заажээ. Хариуцагч Д.Х..., гуравдагч этгээд Э.Б... нар бичгээр байгуулсан гэрээндээ хөрөнгийн нийт үнийг 10.000.000 төгрөг гэж заасан тул энэ үнээс нэхэмжлэлийн үнийг тооцож үзвэл 174.950 төгрөгийг нэхэмжлэгч Э.Г... нэхэмжлэл гаргахдаа төлөхөөр байжээ. Иймд илүү төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, мөн үлдэх 174.950 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 116 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбайтай гаражийн өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг шаардсан Д.Х...д холбогдох Э.Г...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245.150 төгрөгөөс 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс /улсын орлого/-ээс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.Г...д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР