| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 133/2023/00541/И |
| Дугаар | 001/хт2024/00324 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/хт2024/00324
“Ө” ХХК, Ц.М нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дүгээр шийдвэртэй,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 215/МА2024/00013 дугаар магадлалтай,
“Ө” ХХК, Ц.М нарын нэхэмжлэлтэй,
Р.С, Н.А нарт холбогдох,
2023.06.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Р.С-ын 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай,
Хариуцагч Н.А-ийн 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай тус тус сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, М.О, хариуцагч Р.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” ХХК, Ц.М нар нь хариуцагч Р.С, Н.А нарт холбогдуулан 2023.06.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Р.С эс зөвшөөрч 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай, хариуцагч Н.А эс зөвшөөрч 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган тус тус маргажээ.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн 2023.06.21-ний өдрийн 003 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2021.10.12-ны өдрийн 2379 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч Р.С-т даалгаж, нэхэмжлэлээс “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Н.А, Р.С нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгож шийдвэрлэжээ.
3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 215/МА2024/00013 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч “Ө” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлээс 2023.06.21-ний өдрийн 003 бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С, Н.А нарын 2021.10.12-ны өдрийн 003 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Р.С, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Саас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 239,547 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.30-ны өдрийн 215/МА2024/00013 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.С- би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
Магадлалд: “... Н.А-аас Говь-Алтай аймгийн 0000 багт байрлах, нэгж талбарын 0000 дугаартай, 450 м.кв хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0000 дугаартай газрыг эзэмших эрхийг Ц.М, Р.С нарт шилжүүлэх тухай 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.” гээд дараах байдлаар дүгнэсэн байдаг. “... Тодруулбал энэ хэлцлийн талууд бодит байдалд уг хэлцлийн дагуу хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, гэрээний дагуу хууль зүйн ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсээгүй, харин гадна талдаа уг газрын эзэмших эрхийг 15,000,000 төгрөгөөр худалдсан хэлцэл хийсэн мэт дүр үзүүлэх зорилготой байсан нь тогтоогдож байна. Уг гэрээний талууд хүсэл зоригоо дүр үзүүлэх төдийгөөр илэрхийлснийг хэлцэлд оролцогч талууд болох нэхэмжлэгч хариуцагч нар мэдэж байсан байна. Тиймээс уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч Ц.М нь уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна.” гэжээ.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ 12-13 дугаар талд уг хэлцлийг дүгнэхдээ: “... Харин хариуцагч Р.С-ын гаргасан 2021.10.12-ны өдрийн 2379 бүртгэлийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч Н.А-ийн гаргасан 2379 бүртгэлийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлүүдийн хувьд дээрх үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гээд шийдвэртээ: “... Дээрх тайлбарууд, нотлох баримтаас дүгнэхэд Р.С, Ц.М нар нь орон сууц барихаар хамтран ажиллах хэлцлийг аман хэлбэрээр байгуулсан ба энэ тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор барилга барих газрын эрхийг шилжүүлэн авах гэрээнд нэг тал болон оролцжээ. Н.А-аас эрх шилжүүлэн авсан газар нь Р.С, Ц.М нарын хамтран ажиллах гэрээний нэг хэсэг болж байна. Маргаан бүхий 2021.10.12-ны өдрийн гэрээ нь хоёр талт гэрээ байх ба гэрээний нэг талд хариуцагч Р.С, нэхэмжлэгч Ц.М гэх хоёр оролцогч оролцжээ. Энэ гэрээний зүйл болох тухайн газрын эрхийг шилжүүлсэн дараагийн гэрээний хувьд нэхэмжлэгч Ц.М нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд болох ба Иргэний хуулийн 50 дугаар үйлийн 50.1-д заасан зөвшөөрлөөр хийх хэлцэл байна. 2023.06.21-ний өдрийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Нөгөө талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тухайд хамтран ажиллах гэрээний зүйл болох барилгын ажил гүйцэтгэгдэж тодорхой хэмжээний буюу харьцангуй их гэж болохоор хэмжээний хөрөнгө оруулалт хоёр талаас хийгдсэний дараа буюу эрх шилжүүлэх өмнөх гэрээ үйлчилж байхад газрын эрхийг шилжүүлэх гэрээг дахин байгуулсан нь өмнөх гэрээний нэг оролцогчийн эрх, ашиг сонирхолд хохиролтой байхаар байхын зэрэгцээ шинэ гэрээ байгуулах болсонд хариуцагч Р.С-ын субьектив хүчин зүйл нөлөөлсөн нь хэлцлийн нэг тал нөгөө талдаа харилцах харилцаанд зөрчил бий болгосон байна.” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх эсэргээр нь дүгнэсэн.
2021.10.12-ны өдрийн гэрээний үр дүнд 18 айлын орон сууц баригдаж уг орон сууцнаас Р.С гурван орон сууц авч өөрөө амьдарч байгаа нь түүний тайлбаруудаар болон хавтаст хэргийн 17, 18 дугаар хуудсанд байгаа баримтаар хангалттай нотлогдоно.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын Иргэний хуулийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-ийг тайлбарласнаас өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.30-ны өдрийн 215/MA2024/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.29-ний өдрийн 001/ШХТ2024/01443 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Ө” ХХК, Ц.М нар нь хариуцагч Р.С, Н.А нарт холбогдуулан 2023.06.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2021 онд иргэн Р.С нь “Хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна.” гэсний дагуу 2021.10.12 өдөр Н.Аийн эзэмшлийн Говь-Алтай аймаг, А суманд байрлах 450 м.кв газрын эрхийг шилжүүлж авахаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. 2022 онд 2 блок 9 айлын 2 ширхэг орон сууцыг дээрх газар дээр барьсан. Манай компани өөрийн хөрөнгө, ажиллах хүчээрээ 18 айлын орон сууцыг барьж дуусгасан бөгөөд Р.С-ын оруулсан 262,350,000 төгрөгийн хөрөнгө оруулалтад тохирсон нийт 318,000,000 төгрөгийн үнэ бүхий 53 м.кв талбайтай 3 ширхэг орон сууцыг түүнд өгсөн. Р.С бид 2 анх ярьж тохирохдоо “Хамтран ажиллах” гэрээний дагуу орон сууцанд шаардагдах хөрөнгийг болон барилгатай холбоотой бүх зөвшөөрлийн бичиг баримтыг Р.С хөөцөлдөж бэлэн болгох, харин миний зүгээс өөрийн компаниараа барилгыг барьж дуусгах гэсэн тохиролцоотой байсан. Гэтэл Р.С өөрийн үүрэг болох газрын эрх эзэмших гэрчилгээ гаргуулах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ бэлэн болгох, хөрөнгө оруулалтыг хийх зэрэг өөрийн гүйцэтгэх ёстой ажлаа хийгээгүй. ...Бүх бичиг баримтаа бүрдүүлэн улсын комисст барилгаа хүлээлгэж өгөх болоход хариуцагч нар хуйвалдан надад мэдэгдэлгүй 2023.06.21-ний өдөр 5,000,000 төгрөгийн үнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг шинээр хийж Р.С өөрийнхөө нэр дээр газрыг шилжүүлэн авсан байна. Зүй нь 18 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч газрыг сууц өмчлөгч нарт шилжүүлэн өгөх ёстой байсан юм. Р.С өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар 18 айлын орон сууцыг худалдаж авсан иргэдийг давхар хохироож байна.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Р.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “… Миний бие нь 2020 онд иргэн Н.А-аас урьдын хувийн тооцоонд Говь-Алтай аймгийн 0000 баг хаягт байрлах 0000 нэгж талбарын дугаартай 450 м.кв орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-0000 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. ... 2021 оны 08 сард “Ө” ХХК-ийн захирал Ц.М гэх танил эмэгтэй дээрх газарт орон сууц барих ажилд хамтран ажиллая гэсэн санал тавьсан. ...Би болохоор газар болон нэмж 400,000,000 төгрөг гаргаж чадна гэсэн. Харин Ц.М нь миний энэ саналыг хүлээн зөвшөөрөөд бусад хөрөнгө оруулалтыг би шийдье орон сууцаа барьж дуусаад 1,1 орцоор буюу нийт орон сууцыг 50,50 хувиар авахаар хамтран ажиллая, гэрээ байгуулъя гэсэн. Ингээд миний бие амаар тохиролцсон тохиролцоогоо баталгаажуулсан хамтран ажиллах гэрээгээ байгуулъя гэхэд газрын эрх шилжүүлэх гэрээгээ миний нэр дээр шилжүүлчих тэгээд гэрээгээ хийе гэсэн. Миний бие энэ үгэнд нь итгэхгүй Н.А-аас газрын эрх шилжүүлэхдээ өөрийн болон Ц.М нар руу шилжүүлэхээр 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж “Хамтран ажиллах гэрээ”-гээ байгуулсны дараа би тан руу газар эзэмших эрхээ шилжүүлье гэж тохирсон. Би 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэснээрээ “Ө” ХХК-ийн Хаан банк дахь 0000 дугаартай данс руу болон Ц.М-ийн данс руу нийт 280,000,000 гаруй төгрөгийг цувуулж төлсөн. ...Барилга барьж байх хугацаанд “Хамтран ажиллах гэрээ”-гээ ярьж тохирсноороо хийхийг миний бие удаа дараа шаардсан боловч гэрээгээ хийхгүй яваад байсан тул Ц.М амаар тохирсон ёсоороо барилга барьж дууссаны дараа барилгын 50 хувийг надад өгнө гэдэг нь худлаа болж байгаа сэтгэгдэл төрж Н.А-аас маргаан бүхий газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Өнөөдрийн байдлаар “Ө” ХХК нь тохирсон ёсоор 1 орц 9 айлын орон сууцаа надад хүлээлгэж өгсөн тохиолдолд маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэхэд бэлэн байна. Говь-Алтай аймгийн А сумын 0000баг Агудамж 0000 тоотхаягт байрлах 0000 нэгж талбарын дугаартай 450 м.кв талбай бүхий Э-0000 дугаартай газрыг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023.08.28-ны өдрийн А дугаартай захирамжаар эзэмших эрхийг шилжүүлж авсан.” гэж маргаж, 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
9. Хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг нь эс зөвшөөрч: “…Би Говь-Алтай аймаг, А суманд байрлах 450.0 м.кв газрын эрхийг эзэмшиж байсан бөгөөд Улаанбаатар хотод байнга амьдрах болж ... 2021 оны 10 дугаар сарын эхээр Говь-Алтай аймагт очсон байхад бүл дүү Д.Н нь газрыг Р.С-т урьдын өглөгтөө өгөхөөр болсон та газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх үү гэсэн. Нэгэнт бүл дүүдээ өгөхөөр болсон байсан тул би зөвшөөрөөд нотариат дээр уулзахад Р.С нь Ц.М-ийн хамт ирж эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Миний хувьд Ц.М-тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Гэрээ хийх үед Р.С нь Ц.М-ийн хамт ирж Ц.М-тэй хамтран ажиллахаар болж байгаа талаар ярьсан учраас л 2021.10.12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хийсэн. Үүнээс хойш 2023 оны 06-р сард намайг Говь-Алтай аймагт ажлаар очсон байхад Р.С ирж уулзаад Говь-Алтай аймаг, А суманд байрлах 450 м.кв газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийе гэсэн. Миний бие урьд гэрээ хийсэн биз дээ яагаад дахин гэрээ хийх гэж байгаа талаар асуусан. Гэтэл хамтран ажиллах гэж байсан Ц.М нь надад худлаа ярьж газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн байна. Тэгэхээр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн юм гэсэн утгатай юм ярьж байсан. Ингээд миний бие нь анхнаасаа Ц.М-тэй газрын эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн харилцаа үүсээгүй бүл дүүгийн хэлснээр Р.С-т шилжүүлж өгөх ёстой байсан тул Р.С-тай 2023.06.21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотариат дээр байгуулсан. ...Энэхүү 2021.10.12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь анхнаасаа хийгдэх үедээ хууль зөрчиж, ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй Ц.М-т шилжихээр хийгдсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар Ц.М нь үндэслэлгүйгээр газрын эзэмших эрхийг олж авах нөхцөлийг бий болгож байна.” гэж маргаж, 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Ө” ХХК болон хариуцагч Р.С, Н.А нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэртээ:
10.1. 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар “...Р.С, Ц.М нар орон сууц барихаар хамтран ажиллахаар хэлцэл хийгдэж энэ шаардлагаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ц.М-ийг оролцуулан шилжүүлж авахаар тохирсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6-д заасан шинэ санал байх ба энэхүү гэрээг 2021.10.12-ны өдөр бичгээр байгуулж А сумын тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ байна. ... Н.Ааас эрх шилжүүлэн авсан газар нь Р.С, Ц.М нарын хамтран ажиллах гэрээний нэг хэсэг болж байна. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд Р.С нь гэрээний нэг талын оролцогч Ц.М, нөгөө тал Н.А нарыг хууран мэхэлж гэрээ байгуулсан гэх буюу гэрээний талуудын хүсэл зориг, бие даасан хараат бус байдалд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй. ...
10.2. 2023.06.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар ... хамтран ажиллах гэрээний дагуу Ц.М, түүний төлөөлдөг (гэрчилгээнд 1 гишүүнтэй) “Ө” ХХК барилгын ажлыг гүйцэтгэсний дараа буюу 2023.06.21-ний өдөр Р.С нь хамтран ажиллах гэрээний үүргийн асуудлаас дахин эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хамтран ажиллах гэрээнээс татгалзах, цуцлах, гэрээний үүргийг саатуулан барих, гэрээний үүргийг шаардах зэрэг хуульд заасан урьдчилсан боломжуудыг хэрэгжүүлэхгүйгээр барилгын ажил эхэлж, хөрөнгө оруулалт хийгдэж, ажил дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн үндсэн гол хэсэг болох газрын эзэмшлийг өөрчилсөн нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхээр байна. ...Маргаан бүхий 2021.10.12-ны өдрийн гэрээ нь хоёр талт гэрээ байх ба гэрээний нэг талд хариуцагч Р.С, нэхэмжлэгч Ц.М гэх хоёр оролцогч оролцжээ. Энэ гэрээний зүйл болох тухайн газрын эрхийг шилжүүлсэн дараагийн гэрээний хувьд нэхэмжлэгч Ц.М нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд болох ба Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зөвшөөрлөөр хийх хэлцэл байна. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.
10.3. Нэхэмжлэлийн нэг шаардлага болох 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар бүртгүүлэхийг даалгах шаардлагын хувьд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасны дагуу бүртгүүлэх үйл ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэх нь эрх шилжүүлэх гэрээ бодитой хэрэгжих нөхцөл болохоор байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Гэрээний дагуу газар эзэмших эрх шилжиж байгаа тул Н.А-т бус бүртгүүлэх эрхтэй этгээд болох эрх шилжүүлэн авагчийн нэг Р.С-т хамаарахаар байх тул түүнд даалгах нь зүйтэй юм.
10.4. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2021.10.12-ны өдрийн гэрээний хувьд “Ө” ХХК нь гэрээний тал биш байх тул шаардах эрхгүй гэж үзэн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.5. Харин хариуцагч Р.С-ын гаргасан 2021.10.12-ны өдрийн 2379 бүртгэлийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч Н.А-ийн гаргасан 2379 бүртгэлийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлүүдийн хувьд дээрх үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10.6. Нэхэмжлэгч иргэн Ц.М нь “Ө” ХХК-ийн захирал ч гэсэн тусдаа нэхэмжлэгч болж байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2023.06.21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, хариуцагч нарын 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “...Н.Ааас Говь-Алтай аймгийн 0000 багт байрлах, нэгж талбарын 0000 дугаартай, 450 м.кв хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0000 дугаартай газрыг эзэмших эрхийг Ц.М, Р.С нарт шилжүүлэх тухай 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч Ц.М нь уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж, хэлцлийн үүргийг хариуцагч нараас шаардаж байгаа бол нотолгооны үүргийн хуваарийн дагуу тэргүүн ээлжид уг хэлцэл хүчин төгөлдөр болохыг нотлох үүрэгтэй. Гэвч Ц.М нь уг хэлцэл талуудын хүсэл зоригийг бодитой илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг нотолж чадаагүй байна. Харин хариуцагч нар нь бодит байдалд 15,000,000 төгрөгөөр уг газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг уг хэлцлийн талуудад байгаагүй, энэ байдал нь уг хэлцлийн дагуу ямар нэгэн хариу төлбөр хийгдээгүйгээр тогтоогдоно гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна. Тодруулбал энэ хэлцлийн талууд бодит байдалд уг хэлцлийн дагуу хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, гэрээний дагуу хууль зүйн ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсээгүй, харин гадна талдаа уг газрын эзэмших эрхийг 15,000,000 төгрөгөөр худалдсан хэлцэл хийсэн мэт дүр үзүүлэх зорилготой байсан нь тогтоогдож байна. Уг гэрээний талууд хүсэл зоригоо дүр үзүүлэх төдийгөөр илэрхийлснийг хэлцэлд оролцогч талууд болох нэхэмжлэгч хариуцагч нар мэдэж байсан байна. Тиймээс уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч Ц.М нь уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна. ...Харин хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэсэн үндэслэлээ сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С нотлоогүй бөгөөд дүр үзүүлэн хийсэн тухайн хэлцлийн дагуу талууд харилцан бие биедээ мөнгө эд зүйл шилжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.М нь Н.А, Р.С нарын 2023.06.21-ний өдрийн маргаан бүхий газрын эзэмших эрхийг 5,000,000 төгрөгөөр шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргаж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Н.А-аас маргаан бүхий газрыг эзэмших эрхийг 5,000,000 төгрөгийн хариу төлбөртэйгөөр Р.С-т шилжүүлэх тухай 2023.06.21-ний өдрийн гэрээ нь талуудын эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлийг бодитоор тусгаагүй, хэрэг дээрээ уг гэрээний дагуу талууд хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.
12. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэж, өөр шийдэл гаргасан талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
13. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ц.М болон хариуцагч Р.С нар нь орон сууцны зориулалтай барилга барихад хамтран ажиллах буюу нэхэмжлэгч Ц.М нь өөрийн “Ө” ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгэх, холбогдох зардлыг хариуцах, хариуцагч Р.С нь барилга барих газрын эзэмших эрхийг хариуцагч Н.А-аас авч Ц.М-т шилжүүлэх, барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зарим зардлыг хариуцахаар тус тус тохиролцож, хариуцагч Н.А болон Р.С, нэхэмжлэгч Ц.М нар нь 2021.10.12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч Ц.М-ийг хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар энэхүү гэрээ хэрэгжээгүй, улмаар хариуцагч Н.А, Р.С нар нь 2023.06.21-ны өдөр дахин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, маргаан бүхий Говь-Алтай аймгийн А сумын 0000 баг, А гудамж, 0000 тоот хаягт байрлах, 0000 нэгж талбарын дугаартай, 450 м.кв талбай бүхий Э-0000 дугаартай газрыг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016.07.01-ний өдрийн А/277 дугаар шийдвэрийн дагуу орон сууцны зориулалтаар Н.А-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсан ба Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023.08.28-ны өдрийн А дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хариуцагч Р.С шилжүүлж авсан үйл баримт тогтоогджээ.
14. Зохигч дээрх хоёр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан ба анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаарх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна.
Тухайлбал анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.М болон хариуцагч нарын хооронд 2021.10.12-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, хариуцагч Р.С-ыг хамтран ажиллах гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй дахин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж хариуцагч Н.А болон Р.С нарын хооронд 2023.06.21-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцсэн.
Харин давж заалдах шатны шүүх дээрх хоёр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж дүгнэж, нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлээс 2023.06.21-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг мөн хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрт өөрчлөлт оруулахаар дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэсэн магадлал гаргах журамд нийцээгүй, мөн үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч гэх зэргээр хэргийн оролцогчдын талаар хуульд заагаагүй нэршлийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д нийцээгүйг тус тус анхаарвал зохино.
15. Нэхэмжлэгч Ц.М болон хариуцагч Р.С нарын хооронд Говь-Алтай аймгийн А сумын 0000баг, А гудамж, 0000 тоотхаягт байрлах, 450 м.кв талбай бүхий газар дээр орон сууцны зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэхэд талууд хамтарч ажиллахаар тохиролцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан гэрээг амаар байгуулсан байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхийн зэрэгцээ хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.
Мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийг мөнгөн хөрөнгө, эсхүл үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.
16. Зохигчийн тайлбар болон хэргийн бусад баримтаас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрх шилжүүлэх асуудал нь хариуцагч Р.С-ын хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн хураамжийг төлөх хэлбэр байх бөгөөд энэ агуулгаар хариуцагч Н.А-ийн эзэмшлийн газрыг шилжүүлэн авахаар нэхэмжлэгч Ц.М болон хариуцагч Р.С нар нь 2021.10.12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч Р.С нь өөрт байхгүй зүйлийг хамтран ажиллах гэрээний хураамжид шилжүүлэх үүрэг хүлээх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үр дагаврыг үүсгэх боловч тус хэргийн хувьд газрын хууль ёсны эзэмшигч Н.А нь Р.С-ын энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч Р.С-ын хамтран ажиллах гэрээгээр төлөх хураамж нь барилга барих газрыг гаргах буюу хариуцагч Н.А-ийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгч Ц.М-т шилжүүлэн эзэмшүүлэх хүсэл зоригийг хариуцагч Н.А илэрхийлж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь дээрх хуульд нийцсэн байхаас гадна талуудын энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн аль ч шинжийг агуулаагүй.
17. Улмаар талуудын энэхүү хамтран ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжиж үр дүнд нь тус бүр 9 айлын орон сууцны зориулалт бүхий 2 барилга баригдсан байх ба талууд гэрээгээ дүгнэх, ашиг, алдагдлыг хуваарилах асуудлаар энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй, энэ хэргийн маргааны зүйл болоогүй.
Харин хариуцагч Р.С нэхэмжлэгч Ц.М-ийг хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулахгүй, гэрээгээр хүлээсэн ашиг хуваарилах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Н.А-тай 2023.06.21-ний өдөр дахин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцээгүй.
Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болохыг хуульд заасан бөгөөд гэрээг бичгээр байгуулах нь талуудын үүрэг гэж үзэх үндэслэлгүй ба гагцхүү нэхэмжлэгч Ц.М нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн ашиг хуваарилах эсэх асуудлаар талууд маргаж болох боловч энэ нь гэрээний хураамж төлөх үүргээс хариуцагч Р.С-ыг чөлөөлөх үндэслэл болохгүйн зэрэгцээ хамтран ажиллах гэрээний хураамжид Н.Аийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгч Н.М-т шилжүүлэх тухай талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй.
18. Иймд нэгэнт гэрээгээр хүлээсэн хураамж төлөх энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхад гэрээнээс татгалзах, цуцлах зэрэг хуульд заасан журмыг хэрэглэлгүйгээр гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Ц.М-т мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дахин байгуулсан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчимд нийцээгүй тул 2023.06.21-ний өдрийн хариуцагч Р.С, Н.А нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
19. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохыг хориглоогүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2021.10.12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлэх буюу гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгах шаардлагыг анхан шатны шүүх хариуцагч Р.С-т холбогдуулан шийдвэрлэснийг буруутгахгүй.
Учир нь уг гэрээний дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Н.А-аас газар эзэмших эрхээ Ц.М, Р.С-т нарт шилжүүлэх явдал бөгөөд маргаан бүхий тохиолдолд Р.С-ын хүсэл зоригоос шалтгаалж гэрээ хэрэгжээгүй нөхцөл байдал тогтоогдсон, нөгөө талаас газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг нь Р.С-ын хамтран ажиллах гэрээнд заасан хураамж төлөх үүрэгт хамааралтай болно.
20. Анхан шатны шүүхийн маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан талаар тодорхой дурдсан атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.
21. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 215/МА2024/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Р.С, Н.А нарын хооронд 2023.06.21-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Р.С, Н.А нарын хооронд 2021.10.12-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч Р.С-т даалгаж, нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Р.С, Н.А нарын хооронд 2021.10.12-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Р.С, Н.А нарын сөрөг нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.07-ны өдөр урьдчилан төлсөн 239,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД