Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/012

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: М.О
Шүүгдэгч: Ш.К 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Шн Кд холбогдох эрүүгийн 201604000233 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Шн К РД: ******. 
Шүүгдэгч Ш.К нь 2016 оны 09 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Хар ямаатын хавцал” гэдэг нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар 30815 м3 эзэлхүүнтэй нойтон мод бэлтгэж, ойн санд 3394578 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
-    Шүүгдэгч Ш.Кы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “...Модыг хүү болох Х, Б нарын хамт бэлдсэн. Х, Б нар уул руу гараад ой дотроос унанги мод бэлдэж ирсэн үед би машинд ойролцоо байгаа ой дотор орж хэд хэдэн нойтон мод огтолж бэлдсэн байсан. Тэрийг Х, Б хоёр үзээд надад та яагаад нойтон мод огтолсон юм вэ? гэж асуухад би зөвшөөрлийн бичгийн дагуу нойтон мод огтолсон энэ хэсгээс ойн цэвэрлэгээний журмаар мод авч болно, хууль зөрчсөн асуудал байхгүй, хуулийн дагуу огтолж байгаа болно гэж ойлгуулсан. Би шинээр гэр бүл болсон хүүхдэдээ байшин барьж өгөхийн тулд модны зөвшөөрөл авсан. Зөвшөөрлөөс илүү мод авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 50 нас гарсан хүн шүүхэд ирэх хэцүү юм байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 5 хүүхэдтэй. Амьдрахын тулд ийм хэрэг үйлдсэн. 2 хүүхэд маань гэрлэсэн. Өнгөрсөн жил нэг хүүхэд маань бүрэн дунд сургууль төгсөн. Би эдийн засгийн боломжгүйн улмаас хүүхдээ их сургуульд явуулж чадаагүй. 1 хүүхдээ их сургуульд сургаж байна. Миний отгон хүүхэд маань энэ жил 12 анги төгссөн. Мөнгөний боломжгүйгээс энэхүү хэрэгт холбогдлоо. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128-р хуудас/ 
-    Иргэний нэхэмжлэгч О.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Сагсай сумын Засаг даргын Тамгын газраас төлөөлөн намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон нь үнэн. Манай сумын иргэн Ш.К хууль бусаар нойтон мод огтолсон гэж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг сонссон. Модыг манай сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар олгосон учраас нөхөн төлбөрийг орон нутгийн ойн санд авах нь зүйтэй гэж бодож байна. Манай байгууллагаас миний биеийг иргэний нэхэмжлэгчээр томилогдсон тул Ойн санд учруулсан нөхөн төлбөр болох 3,394,578 төгрөгийг иргэн Ш.Каас нэхэмжилж, төлж барагдуулахыг шаардаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас /
-    Гэрч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний хашаанд буулгасан 108 ширхэг мод бүгд  нойтон  мод  байна.  Дээрх  108  ширхэг модыг ойгоос бэлтгэх  эрхийн  бичиг олгохгүй. Учир нь унасан мод хуурай байдаг, огтолсон мод нойтон байдгаараа онцлогтой. Эрхийн бичгийг хэрэглээний, түлээний гэж олгодог. Хэрэглээ гэдэг нь ой дотор өөрөө унасан, унгаа модыг авч материал болгож хэрэглэдэг. Түлээний гэдэг хуучин ойд унасан, материал болгож ашиглах боломжгуй модыг түлээний гэж ойлгож болно. Ш.Кы хувьд миний дээрх хэлсэн зүйлтэй хамаарахгүй, ургаа модыг огтолсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас /
-    Гэрч М.Кын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүүхдүүдийг Сагсай сумын төвд хичээлд нь хүргэж өгөөд буцаж гэр лүүгээ явж байх замдаа "Ховы" гэх нэртэй газарт Ктай тааралдсан, К Зил-130 маркийн  тээврийн  хэрэгсэлтэй  мод  бэлтгэх гэж явж байна,  та хамт яваад мод бэлдэхэд туслаач гэж надаас гуйсан үед би өнөөдөр очиж чадахгүй  гэрт хүн байхгүй би маргааш өдрийн цагаар очиж хэдэн цаг тусалъя гэж хэлээд явсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед очиж, уул руу 2 удаа Х, Б хоёр хамт гарч ой дотор өөрсдийн бэлдэж тавьсан моднуудаас 10 гаруй модыг чирч уулын энгэрт байсан машиныхаа хажууд хүргэж өгөөд эрт яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас /
-    Гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр К ахын хамт Сагсай сумын Ямаатын хавцал  гэдэг газарт очиж мод бэлдэж 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буцаж явсан. Явахаас өмнө К ах надад туслаарай хамт яваад ирье, би мод бэлтгэх   зөвшөөрлийн бичиг авсан, уг зөвшөөрлийн дагуу бэлтгэх болно гэж хэлсэн байсан. Би нэг хүүхэддээ байшин барьж өгнө гэж хэлээд явдаг байсан. Ойгоос унанги модыг Х бид хоёр түүж бэлтгэсэн. Бид хоёр явган яваад бараг уулын орой хэсгээс унанги модыг хайж, олж аваад чирч авч ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр К гэдэг залуу ирж Х бид хоёр ой дотор бэлдэж нэг газарт цуглуулсан модноос хэдэн унанги модыг чирч машины хажууд буулгаж авч  ирж өгөөд яваад өгсөн. Ой дотор унасан янз бүр хэмжээтэй мод бэлтгэсэн ба яг хэдэн ширхэг мод бэлтгэснийг хэлж мэдэхгүй байна. Харин К ах машинд ойрхон ойгоос өөрөө ганцаараа мод огтолж бэлдээд яваад байсан. Ахын бэлдсэн модыг хараад та нойтон мод огтолсон биш үү гэж К ахаас асуухад "...энэ хэсгээс мод бэлдэж болно, эрхийн бичигтэй" гэж хэлсэн тэгээд би ямар нэгэн юм хэлээгүй зүгээр хаясан байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас /
-    Гэрч К.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн  "...2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мод бэлтгэхээр гэрээс эцэг болох К, аавын дүү болох Б бид гурав гарсан байсан. Замдаа байгаль хамгаалагч Аээс мод бэлтгэх зөвшөөрлийг миний эцэг бичүүлж авсан. Яг хэдэн куб метр мод бэлтгэх зөвшөөрөл авсныг би сайн мэдэхгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг аваад Ямаатын хавцал гэдэг газарт очиж мод бэлтгэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мод бэлтгэж байхад байгаль хамгаалагч А ирж бэлдэж байсан модыг үзээд, манай эцэгтэй уулзаад явсан байна. Миний бие өөрөө Атэй уулзаагүй юм. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай хөрш оршин суудаг К гэдэг хүн ирж бид нартай 4,5 цаг туслаад эрт яваад өгсөн юм. Миний эцэг Б бид хоёрт та нар ой дотор унанги модыг хайж олоод бэлдээрэй гэж хэлсэн. Тэгээд аавын хэлсний дагуу бид нар ой дотроос мод бэлдхээр хол яваад буцаж ирэхэд аав маань нэлээн хэд нойтон мод бэлдсэн байсан. Би ааваас та яагаад нойтон мод бэлдсэн бэ гэж асуухад аав маань зүгээрээ зөвшөөрөл нь байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас /
-    Гэрч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр надаас хэрэглээний мод бэлтгэх 5 метр куб, түлээний 3 метр куб авах зөвшөөрлийг аваад явсан. Хэрэглээний модны 92000 төгрөг, түлээний модны 12750 төгрөг нийтдээ 104750 төгрөг төлж эрхийн бичиг бичүүлж авсан. Ш.К нь "Ямаатын хавцал" гэдэг газраас миний өгсөн эрхийн бичгийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр түлээний мод болон хэрэглээний модыг ойгоос бэлдэж байхад би өөрөө шалгалтаар явж байгаад  шалгаад  явсан.  Дараа  нь  хаанаас  нь яаж, ямар мод бэлтгэсэн болохыг би мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч А.А гэдэг хүн надад ирж Ш.К гэгч танаас ойгоос мод авах зөвшөөрөл, эрхийн бичиг авсан гэж байна. Та бичгээ гаргаж өгөөд, иргэн Ш.К гэгчийн хаваржаанд модыг үзээд хэмжилт хийж өгнө үү гэж дагуулж яваад Ш.Кы хаваржаанд ирээд байгаа моднуудыг үзэхэд миний бичиж өгсөн эрхийн бичгийн дагуу хэрэглээний болон түлээний модтой нийлээд 8 метр куб байсан. Түүнээс гадна 3.8 метр куб гаруй мод байсан. Нойтон хальстай моднуудад зохих журмын дагуу хэмжилт хийж үзэхэд 3,8 метр куб гаруй нойтон мод гарсан. Миний хэмжилт хийж метр кубыг гаргасан моднуудыг ойгоос бэлтгэх зөвшөөрөл өгөхгүй, ургаа модыг огтлох хориотой байдаг”  гэх мэдүүлэг /хх-ийн 60-65-р хуудас /
-    Шинжээч С.Сий мөрдөн байцаалтын шатанд өгсөн " 
    1. Сагсай сумын "Хар ямаат" уулын хавцал гэдэг газраас бэлтгэсэн 108 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ 3394580 төгрөг байна. 
    2. Бэлтгэсэн моднууд нь шинэс буюу шилмүүст мод байна. 
    3. Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн  21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 3.0815 м3 эзэлхүүнтэй байна. 
    4. Энгийн нүдээр гаднаас харахад ууланд гаргаж тавьсан шарга, битүү хашаанд байсан нуруу моднуудын зарим нь саяхан огтолж бэлтгэсэн байна. Огтолсон модны уг хэсэг нь шинэвтэр, нойтон модыг огтлоход харагддаг цагаан өнгөтэй ба 1-6 сарын өмнө огтолсон шинж тэмдэгтэй байна. 
    5. Нойтон моднууд байна. 
    6. Иргэн хүнд ургаа мод буюу нойтон мод огтлоход ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй. 
    7. Сагсай сумын "Хар ямаат" уулын хавцал гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай Алтай Таван богдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. 
   8. Ш.К нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75-р хуудас /
-    Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-9-р хуудас/
-     Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-17-р хуудас /
-    0182651 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 32-р хуудас/
-    Мод бэлтгэсэн сүх болон хөрөөг хураан авсан тогтоол /хх-ийн 34-37-р хуудас/
-    108 ширхэг мод битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21-р хуудас/ 
-    Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-26-р хуудас/
-    Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83, 92-р хуудас/
-    Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 140-р хуудас /
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181-р хуудас /
- Хохирол төлсөн баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, үнэн зөв гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.К нь 2016 оны 09 дүгээр сарын 03-аас 04-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улсын тусгай хамгаалалттай “Алтай Таван богд” байгалийн цогцолборт газрын “Хар ямаатын хавцал” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 30815 м3 хэмжээтэй шинэс, шилмүүс нэртэй 108 ширхэг нойтон мод бэлтгэж, тээвэрлэн, ойн санд 3394578 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч О.Ж, гэрч Т.М, М.К, Ш.Б, К.Х, Ш.А, шинжээч С.С нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримт, шинжээчийн 39-04-40/05 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Кы хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Иймд М.Кыг улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч М.Кы үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3394578 төгрөг гэж шинжээч тогтоосон бөгөөд уг хохирлыг төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч О.Жы албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.  
Шүүхээс шүүгдэгч Ш.Кд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, нас, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулан уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар хөрөнгөжих зорилготой үйлдэлтэй, нөгөө талаас иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг холбогдох хүмүүс хангалтгүй зохион байгуулсантай холбоотой юм. 
Шүүгдэгч Ш.Кы гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хууль бусаар бэлтгэсэн шинэс шилмүүс нэртэй 108 ширхэг нойтон модыг, хууль бус мод тээвэрлэсэн ЗИЛ-130 маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нас бие гүйцсэн эр тэмээ 1 ширхэг зэргийг тус тус хурааж улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх  нь зүйтэй байна. 
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ЗИЛ-130 маркийн ачааны машин нь өөрийнх нь эзэмшлийн машин болох нь иргэний нэхэмжлэгч Т.Н болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг автомашин нь Т.Ны нэр дээр бүртгэлтэй болохыг дурьдаж байна. 
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Ш.Кы 80 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй байна. 
Шинжээчийн дүгнэлтээр хийсэн эд зүйлийн үнэлгээ болох ********** улсын дугаартай ЗИЛ-130 маркийн ачааны автомашиныг 800000 төгрөгөөр, нас бие гүйцсэн эр тэмээг 600000 төгрөгөөр үнэлснийг үнэн зөв гэж үзлээ. 
Харин эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 ширхэг хөрөө, 2 ширхэг сүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу устгах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүнд урьд авсан туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн цахим үнэмлэх 1ш, Эрүүл мэндийн дэвтэр 1 ш зэргийг өөрт нь буцаан олгож нь зүйтэй. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                                          ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Шн Кыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар шүүгдэгч Ш.Кыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Кд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан Ш.Кы эзэмшлийн 800000 төгрөгийн үнэлгээтэй ********** улсын дугаартай зил-130 маркийн ачааны автомашин, 600000 төгрөгийн үнэлгээтэй нас бие гүйцсэн эр тэмээ 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн 30815 м3 эзлэхүүнтэй 108 ширхэг нойтон мод зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ЗИЛ-130 маркийн ******** улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, 1 эр тэмээ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол,  108 ширхэг нойтон мод битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг хэвээр үлдээн, битүүмжилсэн эд зүйлсийг №00375098 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, харин 80 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Кы цахим иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар   эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 ширхэг гар хөрөө, 2 ширхэг сүх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах С.Еркинд даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан Ш.Кд  оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
10. Шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ