Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

 

     2020            8              25                                       2020/ДШМ/1068

 

 

 

        Л.Б-т холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1374 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2008012960777 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Орлой овгийн Лувсаннямын Л.Б-, 19... оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн;

Л.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 1 давхарт “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар Н.Б-ийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь үүдэн баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед баримтлах хуулийн шаардлага, зохицуулалтыг хуульчилсан бөгөөд энэ бүлгийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт гэм буруугаа зөвшөөрсөн хүнтэй ял тохиролцохдоо урьд шийтгүүлсэн ялыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх эрх хэмжээг прокурор, шүүхэд олгоогүй байна. Гэтэл прокурор гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчтай хуулиар тогтоосон хэр хэмжээг хэтрүүлэн эрүүгийн хариуцлагын талаар ял тохиролцсон байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Тодруулбал, хууль тогтоогчийн үзэл санаа нь урьд ял шийтгүүлсэн бөгөөд тухайн ялаа эдлээгүй байгаа ялтанд холбогдох шинэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй буюу түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцох боломжгүй байдлаар хуульчилсан гэж үзэхээр байна. Түүнчлэн, шүүгдэгч Л.Б- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/364 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж эхэлсэн байх бөгөөд нийт хэдэн цагийн ялыг эдэлсэн, хэдэн цагийн ялыг эдлээгүй үлдсэн талаарх ялын тооцоо хэрэгт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд Л.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.” гэжээ.  

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийн “Үндэслэх” хэсэгт “... прокурор яллагдагчтай хуулиар тогтоосон хэр хэмжээг хэтрүүлэн эрүүгийн хариуцлагын талаар ял тохирсон, ... өмнө 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялын тооцоо хэрэгт авагдаагүй.” гэжээ.

Л.Б- нь яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх үед Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эдэлж эхлээгүй байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдсон тул ялтны ялын тооцоог хэрэгт авч хавсаргах боломжгүй байсан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг үл харгалзан дан яллагдагчийн “ялаа эдэлж байгаа” гэх шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан. Шүүх хуралдааныг ялтны ялын тооцоог холбогдох байгууллагаас ирүүлэх хүртэл түр хугацаагаар завсарлуулах, мөн шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан боломжийг ашиглан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж хохирогч болон шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалан цаг алдалгүй хэргийг хялбар, шуурхай шийдвэрлэх боломжтой байсан гэж үзнэ. Түүнчлэн, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хянасны үндсэн дээр Л.Б-тай 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон ба харин урьд шийтгүүлсэн 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж эхлээгүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр одоо оногдуулж болох 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх нөхцөл бий болсон талаарх хууль зүйн учир холбогдлыг тайлбарлаж өгсөн. Энэ тохиолдолд прокуророос 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүх эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн шүүх хуралдааныг товлон хуралдуулсан. Гэвч хэргийг буцаасан захирамжид 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэж шүүх хурлын өмнөх өдрийн огноогоор дугаарласан зөрчилтэй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Л.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлтийн зарим хэсэг хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, тус шүүгчийн захирамжийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнтэй ял тохиролцохдоо урьд шийтгүүлсэн ялыг нэмж нэгтгэн буюу Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх эрх хэмжээг прокурор, шүүхэд хуулиар олгоогүй байна” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэсэнтэй нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд прокурор нь яллагдагчийн холбогдож байгаа тухайн хэрэгтэй нь холбогдуулан хэргийн зүйлчлэл болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахаар хуульд зохицуулсан байна гэж үзэхээр байна.

Харин шүүгчийн захирамжийн “...урьд ял шийтгүүлсэн бөгөөд тухайн ялаа эдлээгүй байгаа ялтанд холбогдох шинэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй буюу түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцох боломжгүй байдлаар хуульчилсан байна”, “...Л.Б-ын шүүхээр шийтгүүлсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын тооцоо хэрэгт авагдаагүй” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зохицуулалтаас үзэхэд урьд шүүхээр ял шийтгүүлж, тухайн ялаа эдлээгүй хүнд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхгүй гэсэн агуулга байхгүй байна.

Түүнчлэн Л.Б-ын урьд шүүхээр ял шийтгүүлсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй байгаа болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/18571 дугаартай албан бичгээр тодруулсан байх тул энэ талаар ялын тооцоо гаргуулах тухай заалт үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, уг захирамжийг хүчингүй болгохоор бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1374 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ