Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2018/00095

 

    Х.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00413 дугаар шийдвэртэй, Х.Б-ын нэхэмжлэлтэй, Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Б, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилохыг даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тушаалаар тус төвийн үйлчлэгчийн сул орон тоонд үйлчлэгчээр ажилд орж, ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын үед шинээр томилогдсон дарга А.С нь "тус Эрүүл мэндийн төвд 4 үйлчлэгч ажилладаг, төсвийн байдал хүнд тул орон тооны цомхотгол хийнэ. Харин төсөв сайжрах юм бол та нарыг эргээд ажилд авна" гээд нийт ажиллаж байсан 4 үйлчлэгчээс 2 үйлчлэгчийг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн. Би тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгож, “дараа нь орон тоо гарвал намайг ажилд аваарай, өвчтэй нөхрөө асран хамгаалдаг” гээд учир байдлаа хэлсэн. Гэтэл тус төвд үйлчлэгчийн орон тоо гарч хүн авсан талаар хүнээс сонсоод дарга А.С-тэй уулзахад "одоогоор өөр хүнийг үйлчлэгчээр ажилд авсан, дараа нь орон тоо гарвал чамайг ажилд авъя" гэж хэлсэн. Тэгээд Б сумын Эрүүл мэндийн төвд өмнө нь ажиллаж байсан үйлчлэгч нэг эмэгтэй тэтгэвэрт гарч түүний оронд өөр нэг хүнийг үйлчлэгчээр ажилд авч, шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд дахин нэг хүнийг ажилд авсан гээд 2018 он гарснаар 2 үйлчлэгч шинээр ажилд орсон байна. Би ажлаас орон тооны цомхотголоор чөлөөлөгдөхөөс өмнө үндсэн ажилтнаар ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т зааснаар "Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно" гэснийг үндэслэн орон тоо бий болсон тохиолдолд хамгийн түрүүнд өмнө нь ажиллаж байсан үндсэн ажилтан намайг үйлчлэгчийн орон тоонд томилох ёстой байсан гэж бодож байна. Иймд миний энэхүү байдлыг харгалзан Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Х.Б эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний 54 тоот тушаалаар үйлчлэгчээр томилогдсон байна.Тухайн үед сумын эрүүл мэндийн төвд Х.Б-тай нийт 7 үйлчлэгч болсон. Эрүүл мэнд спортын яам сангийн яамнуудын хамтарсан Сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилт аргачлал баталсан стандартаар Б сумын Эрүүл мэндийн төв нь үйлчлэгч 3 байх ба 4 дүгээр зэрэглэлийн сум стандартаар 512 м.кв талбайтай бөгөөд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын улсын хяналтын албаны даргын тушаалын дагуу 250-300 м.кв талбайд нэг үйлчлэгч ажиллах гэсэн заалтыг тухайн үеийн төсөв захирагч зөрчиж шинээр хийсвэр орон тоо бий болгож Х.Б-ыг тушаал гарган ажилд томилсон. Тухайн үед батлагдсан 28 байсан ч нийт 38 хүн ажиллаж байсан. Илүү орон тооны цалин, нийгмийн даатгалын шимтгэл их ачаалалтай байсан ба Эрүүл мэндийн газар сумын Төрийн сангийн төлөөлөгчийн надад хүргүүлсэн мэдэгдэх хуудас, тухайн жилийн төсвийн төсөл дутмаг зэрэг нөхцөлүүдтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын заалтын хүрээнд 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тэтгэмж олгож 2017 оны 6 сард орон тооны цомхотголд оруулсан. Шинээр бий болгосон орон тоо гэдэг нь 2018 оны 1 дүгээр сараас нэг үйлчлэгч өндөр насны тэтгэвэрт гарсан тул цомхотгол хийснээс хойш 8 сарын дараа ачаалалтай өвчлөл ихтэй үед үйлчлэгч түр гэрээгээр авч ажиллуулж байгаа.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00413 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилохыг ажил олгогч болох тус төвийн даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “1. Б сумын Эрүүл мэндийн төвийн даргаас биднийг цомхотголд оруулснаас хойш 8 сарын дараа орон тоо бий болсон гэсэн нотлох баримтгүй тайлбарыг шүүх үнэлсэнд гомдолтой байна.

Тухайлбал, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цомхотголоор ажлаас чөлөөлсөн тушаалыг тухайн үед хүлээлгэж өгөөгүй, хэдэн сарын дараа өгсөн болно. Харин ч ажлаас чөлөөлсөн тушаалыг би өөрөө асуугаад шинэ жил ойртож байхад хүлээж авсан болно. Харин шүүхээс уг хугацааг тушаалыг гардуулж өгсөн өдрөөс хойш тооцож миний эрхийг зөрчсөн. Ажил олгогч тушаалыг надад хэзээ гардуулж өгснийг нотолж чадаагүй, нотлох баримт байхгүй бөгөөд Б сумын Эрүүл мэндийн төвөөс 2018 оны 1 дүгээр сард шинээр үйлчлэгчийн орон тоо гарсан байсныг ажил олгогчоос нуун дарагдуулж, К.Б, К.Т нарыг үйлчлэгчийн ажилд авсан. Харин би энэ талаар сүүлд хүмүүсээс мэдсэн. Тэгэхэд намайг цомхотголд оруулснаас хойш 8 сарын дараа биш тушаалыг гардан авснаас хойш 3 сарын дотор 2018 он гарснаар үйлчлэгчийн орон тоо бий болсон нь хэрэгт авагдсан К.Б, К.Т нарыг томилсон тушаалаар шууд нотлогдож байна. Иймээс, үйлчлэгчийн орон тоо гараад 3 сарын хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад би энэ талаар мэдэж шүүхэд гомдол гаргасан.

2. Миний бие цомхотголд оруулах үед нэг нас хүрээгүй нялх хүүхэдтэй, хүнд өвчтэй нөхрөө асран хамгаалдаг, гэртээ ганц хөдөлмөр эрхэлдэг эмэгтэй байсан. Ажил олгогчийн “2018 он гарангуут үйлчлэгчийн орон тоо гарахад хамгийн түрүүнд чамайг ажилд авна” гэж хуурсан амлалтад итгэсэн. Хожим хуульчдаас зөвлөгөө авахад би цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх ёсгүй байсан байна. Тухайн үед намайг цомхотголд оруулахад тус Эрүүл мэндийн төвд 4 үйлчлэгч ажиллаж байсныг 2 үйлчлэгч болгож цомхотголд оруулсан.

3. Би    шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө үйлчлэгчийн орон тоонд 2 хүн авч ажиллуулж байсныг дуулж, энэ талаар Эрүүл мэндийн төвийн дарга А.С-тэй очиж уулзахад “чамайг мэдэж байна, шүүхээс бичиг аваад ир, чамайг ажилд авъя гэхээр дээрээс дарга нар өөр хүнийг ажилд авахыг санал болгож байна, одоо ч гэсэн хэсэг хугацаа хүлээгээрэй” гэж аргадсан болно. Гэтэл намайг хугацаа хожих шалтгаанаар хойшлуулаад байсныг мэдээд эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс ч гэсэн гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн. Харин шинээр бий болсон орон тооны тухайд намайг ажлаас чөлөөлсөн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр эхлэн хугацааг тоолсон нь буруу бөгөөд би тушаалаа тухайн өдөр гардаж аваагүй. Та нарыг цомхотголд оруулахаар боллоо гэдгийг хэлсэн болохоос биш тушаалыг тухайн өдөр гардуулж өгөөгүй, хэдэн сарын дараа би өөрөө тушаалыг авсан болно. Түүний дараа 2018 он гарснаар 3 сарын хугацаа өнгөрөөгүй байхад шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд намайг ажилд авах ёстой байсан. Анхан шатны шүүх уг хугацааг буруу тооцож шийдвэр гаргасан тул миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Б сумаас дахин дахин шүүх хуралдаанд ирэх боломжгүй /зардал төлөх чадваргүй/ тул давж заалдах шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч Х.Б нь өөрийн дүү Х.Е-д итгэмжлэл өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Е оролцсон бөгөөд шүүх түүнд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эрх, үүргийг нь танилцуулж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан байна.

 

Анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б биечлэн оролцсон ба түүнд мөн өдөр 44 хуудастай хэргийн материалыг танилцуулж /хх-45/, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь /хх-14/ тайлбарлаж өгчээ. Нэхэмжлэгч Х.Б-д 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-37/ атлаа 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан бөгөөд энэ өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, анхан шатны шүүх нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй ноцтой зөрчил гаргажээ.

Мөн дээрх үйл баримтаас дүгнэвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т заасан урьдчилсан нөхцөлүүдийг тодруулаагүй, нэхэмжлэгч Х.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш гурван сарын дотор ажил олгогч Б сумын Эрүүл мэндийн төвийн бүтцэд үйлчлэгчийн ажлын байр дахин бий болсон эсэх, орон тоо хассан нь үндэслэлтэй эсэх зэрэг үйл баримтууд тодорхойгүй, тогтоогдоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэлэх журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Х.Б-ын энэ талаар гаргасан “Б сумын Эрүүл мэндийн төвийн даргаас биднийг цомхотголд оруулснаас хойш 8 сарын дараа орон тоо бий болсон гэсэн нотлох баримтгүй тайлбарыг шүүх үнэлсэн” гэсэн гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Б-ын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК