Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2038005980463 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.О-,

Шүүгдэгч Б.О- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Л.А-тэй ахуйн маргаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын төв хойд тал дээр хамтран амьдрагч Л.А-ийг “миний хүүхдийг жирэмсэн болгоод гаргасан, хүүхэд алсан” гэж цээж рүү нь өшиглөж, эрүү хэсэгт нь гараараа цохиж, мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт “янхан хүүхэд алсан” гэж хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн дээр, эрүүний, зүүн дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, доод 2 буйланд шарх, буйланд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хохирогч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний орой Б.О- хөдөөнөөс орж ирээд манай гэрт ирсэн. Тэгээд дэлгүүр ороод Б.О- 1 архи авчихсан ирээд намайг унаж явсан мотоциклийн араар суулгаад Мөрөн төвийн хойд тал дээр гарч Б.О- ганцаараа 1 шил архи уусан. ...Б.О- миний гар утас руу залгаад ...”миний хүүхдийг жирэмсэн болгоод гаргасан, хүүхэд алсан байна” гээд намайг тал дээр цээж рүү өшиглөж, эрүү хэсэгт гараараа цохисон. ...Дараа нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.О- манай гэрт танил эгч Эрдэнэчимэгээр архи авахуулаад бид гурав 1 шил “Их Монгол” 0.5 гр архи уусан. ...22 цаг өнгөрч байхад Мягаа гэдэг айлд очиж ...Б.О- Мягаа гэдэг хүнд 1 шил архи авч өгнө гээд 0.75 гр “Ерөөл” архи дэлгүүрээс аваад Мягаа гэдэг хүний гэрт ганцаараа уусан. ...Б.О- согтоод намайг “энэ янхан хүүхэд алсан” гээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь хамраас цус гоожоод гэрээс нь гарсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 562 дугаартай: “1. Л.А-ийн биед хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн дээр, эрүүний, зүүн дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, доод буйланд шарх, буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Л.А-ийн биед үүссэн хамар ясны хугарал болон шарх бүхий гэмтэл нь тус тусдаа, бусад хэсгийн цус хуралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байх аа /өдрийг нь сайн санахгүй байна/ хөдөө Түнэл сумаас Мөрөн орж ирээд 3 Л.А-ийн гэрт очсон. Л.А- гэртээ согтуу “чиний хүүхдийг эм уугаад алчихлаа” гэж хэлсэн. Би уур хүрээд дэлгүүрээс 1 шил архи авч ирж хойд тал дээр гарч Л.А-тэй хамт уусан. Тэгээд Л.А-ийн нүүр хэсэгт 1 удаа цохисон. Маргааш нь Л.А-ийн гэрт нь 1 шил архи Л.А-тэй хамт уусан. Тэгээд орой 19 цагийн үед Мөрөн сумын 14 дүгээр багт Мягаа ахын гэрт мөнгө өгөхөөр очоод тэндээ Л.А-тэй 1 шил архи хувааж уусан. ...Л.А- урьд нь надад 2-3 удаа жирэмсэн болсон гэж хэлж байсан. Миний хүүхдийг гаргахгүй байгаад гомдоод архи уусан байхдаа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. ...Би Л.А-д 33.700 төгрөгөөр эм авч өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд: ... зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.О- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Шүүгдэгч Б.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.О-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.А- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “..эмчилгээ хийлгэж дууссан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх гар бичвэр /хх-ийн 39/ зэрэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага 5 хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйн эвлэрсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Б.О- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусад туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ