Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

 

2024     07         16                                           2024/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Х.Үсен, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2436000000154 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн товч агуулга: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч Х.Үсенийг 2024 оны 02 дугаар сарын эхээр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байсан гэх Борцгор хотон буюу нэн ховор амьтны жагсаалтад орсон шувууны толгойг хууль бусаар өөрийн амбаартаа хадгалж байгаль орчинд 11’790’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас), эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас), яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 30 дугаар хуудас), 65 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас), 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-48 дугаар хуудас), Монгол Улсын Засгийн газрын 260 дугаартай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 69-78 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 141 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж: үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ болон түүнд хавсаргасан баримтын хуулбарууд (хавтаст хэргийн 90-95 дугаар хуудас), мал тооллогын баримт (хавтаст хэргийн 102-109 дүгээр хуудас), ногооны газар эзэмших гэрчилгээний хуулбар (хэргийн 97 дугаар хуудас), хохирол төлсөн баримт (хэргийн 110 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалжээ.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Г.Гэрэлчулуунаас гаргасан: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух Х.Үсен нь нэн ховор амьтан болох хотон шувууны хошуу хадгалж байна” тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Х.Үсен нь борцгор хотон шувууны толгойтой хошууг биеэс нь салгаж авсан гэх газрыг Х.Үсенээр заалгахад: Уг газар нь Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр Улаан буруу багийн ...газар байх” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас);

- Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн “...Х.Үсенээс хураан авсан шувууны хошуу толгой нь хоёр нүдний хэсэг нь цайсан, цайвар өнгийн өдтэй толгой, нийт урт нь 44см, өргөн /толгойноос хүзүүний хэсэг/ 16см, хошууны өргөн 4см хэмжээтэй, хошууны доод хэсгийн уут нь хатаж хатуурсан /борцгор хотон гэх/ шувууны толгойтой хошууг хураан авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Шүүгдэгч Х.Үсений яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Х.Үсений уг үхсэн борцгор хотон шувуу байсан гэх газраас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 17м зайд бургасан дотор голын эрэг дээр толгойгүй цагаан саарал өнгийн шувуу үхсэн байв. ...Яллагдагч Х.Үсен “би энэ газраас уг шувууг олж толгойг нь тасалж авсан” гэж хэлж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас);

- Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Золжаргалын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай “...Уг шинжилгээнд ирүүлсэн амьтны толгойн хэсэг нь Хотонхон (Pelecaniformes) багийн Хотонгийнхон (Pelecanidae) овгийн Борцгор хотон (Pelecanus Crispus) шувууны толгой хэсэг байна. ...Борцгор хотон (Pelecanus Crispus) нь нэн ховор амьтан мөн болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас);

 - Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Золжаргалын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны толгойгүй хэсэг нь амьтан судлалын анхдагч шинжилгээнд тэнцэнэ. Хотонхон (Pelecaniformes) багийн Хотонгийнхон (Pelecanidae) овгийн Борцгор хотон (Pelecanus Crispus) байна. Уг шинжилгээнд ирүүлсэн Борцгор хотон (Pelecanus Crispus)-ны биед хүзүүний 1-2 дугаар нугалмаар тасарсан гэмтэлтэй байна. Гаднын нөлөөгөөр үхсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн амьтны толгойн хэсэг, толгойгүй биеийн хэсгүүдийн адил 1-2 дугаар нугалмаар салсан болон салсан хэсгүүдийн зах ирмэгүүдийн хэсэгт байх мөр дүрс нь тохирч байх тул нэг бодгаль амьтан мөн болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-48 дугаар хуудас);

- Дээрх нотлох баримтаар нотлогдсон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын эхээр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр “Булт” гэх газар байх өөрийн ногооны тороо эргэхээр явж байтал /тухайн үед ус халиад хөлдчихсөн байсан/ Буянт голын мөсөн дээр хажуу тал нь мөсөн доор ороод хөлдчихсөн толгой хэсэг нь ил гарчихсан үхсэн шувуу таарахаар нь би тухайн шувууны толгойг хошуутай нь хүзүүнээс нь гараараа мушгиж таслаад гэртээ авч ирээд амбаартаа хадгалж байгаад 2024 оны 04 дүгээр сард цагдаагийн газарт авч ирж өгч байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.Үсен 2024 оны 02 дугаар сарын эхээр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байсан гэх борцгор хотон шувууны буюу нэн ховор амьтны толгойн хэсгийг өөрийн амбаартаа хадгалж байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Үсен “Буруугаа хүлээж байна” гэж, мөн түүний өмгөөлөгч “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ан амьтан нь төрийн нийтийн өмч юм. Төрийн буюу нийтийн өмчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй иргэн, аж ахуй нэгж дураараа хувьдаа завшихыг нийгэмд аюултай үйлдэлд тооцдог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ...Борцгор хотон /Pelicanus crispus/ ...зэрэг амьтан хамаарна” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Х.Үсений өөрийн амбаарт хадгалж байсан шувууны толгой хэсэг нь борцгор хотон (Pelecanus Crispus) шувууных болох нь шинжээчийн 65 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн борцгор хотон шувууны толгойн хэсгийг хадгалж байсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэх шинжийг хангасан гэж дүгнэв.

3.2. Шүүгдэгч борцгор хотон шувууны толгойн хэсгийг 2024 оны 02 дугаар сарын эхээр олж аваад өөрийн амбаарт хадгалж байсныг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр хураан авсан байна. Тодруулбал уг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалах гэмт хэрэг нь удааширсан үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл уг хэргийг шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр, удааширсан үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

3.3. Шүүгдэгч Х.Үсений үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Х.Үсенийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэргийн улмаас байгаль орчинд шууд хохирол учирдаггүй боловч тухайн эд зүйлийг арилжааны болон бусад зорилгоор хадгалсан үйлдлээрээ байгаль орчинд шууд бусаар хохирол учруулдаг. Иймд хууль хэрэглээний хувьд нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан тохиолдолд агнасантай адилтган үзэж тухайн хохирлыг төлүүлдэг тогтсон жишигтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар борцгор хотон (Pelecanus Crispus) шувууны үнэлгээг 11’790’000 төгрөгөөр тогтоосон байна. Тодруулбал шүүгдэгч Х.Үсенийг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд 11’790’000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоохоор тус тус хуульчилсан.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Х.Үсенээс  23’580’000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба үүнээс шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 7’860’000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 15’720’000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

4.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр тус тус журамласан байна.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Х.Үсенээс 15’720’000 (арван таван сая долоон хорин мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Х.Үсенийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Х.Үсений хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон түүний мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Х.Үсен нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүнсний ногоо тариалдаг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч Х.Үсенд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10’000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаанд торгох шийтгэлийг биелүүлэх санал” гэх санал;

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...10’000’000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирлын зарим хэсгийг төлсөн гэх хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг хангах нь зүйтэй. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Үсенд 10’000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Үсен нь хүнсний ногоо тариалдаг буюу улирлын чанартай ажил  эрхэлдэг болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг хангаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 25 (хорин тав) сарын хугацаанд буюу сар бүр 400’000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4 . Мөрдөгч 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч Х.Үсенд (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн борцгор хотон шувууны толгойгүй биеийн хэсэг 1 ширхэг, хошуутай толгойн хэсэг 1 ширхэг зэргийг музейн үзмэрийн зориулалтаар ашиглаж болохгүй болох нь улсын яллагчийн тайлбараар нотлогдсон тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгчийн 09-27 МЧ улсын дугаартай ногоон өнгийн авто ачигч механизмыг битүүмжилсэн байх ба шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр 15’720’000 төгрөгийн хохирол, хор уршиг нөхөн төлүүлэхээр тогтоосон. Иймд уг битүүмжлэлийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харахас ургийн овогт Хозойн Үсенийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Үсенийг 10’000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Үсенд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 25 (хорин таван) сарын хугацаанд буюу сар бүр 400’000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Үсенийг энэ хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Үсенээс 15’720’000 (арван таван сая долоон хорин мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн борцгор хотон шувууны толгойгүй биеийн хэсэг 1 ширхэг, хошуутай толгойн хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн 09-27 МЧ улсын дугаартай ногоон өнгийн авто ачигч механизмыг битүүмжилснийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА