Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/02959

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/02959

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:******* дүүрэг, 15 хороо, 20 байр, 6 орц, 00 тоот хаягт байрлах ******* Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

Хариуцагч:******* дүүрэг, 15 хороо, 20 байр, 86 тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/

896 000 төгрөг гаргуулж, түрээсийн өрөөг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* СӨХ-ны төлөөлөгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь Өнөр-20 СӨХ-ны дундын өмчлөлийн 3 дугаар орцны подвалын өрөөг орон сууцны зориулалтын бус байрны 8 дугаар гэрээгээр 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 60 000 төгрөг, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор, орон сууцны зориулалтын бус байрны 20 дугаар гэрээгээр 2020 оны 11 сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 60 000 төгрөг, хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус тус модон эдлэл хийх түрээсийн гэрээ хийж ашигласан байдаг. Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөхгүй удаах, гэрээнд заасан давхар түрээслэхгүй байх заалтыг зөрчиж өөр хүн хонуулах зэргээр гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн төлбөрт 2020 оны 09 сараас 2020 оны 12 сарыг дуустал хугацааны 240 000 төгрөг, 2021 оны 01 сараас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 656 000 төгрөг, нийт 896 000 төгрөг гаргуулж, түрээсийн өрөөг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хариуцагчаас алданги нэхэмжлээгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2019 оны 01 сарын 23-ны өдөр ******* СӨХ-той 20 байрны 3 орцны подвал түрээслэх гэрээ байгуулж, 2021 оны 06 сарын 10-ны өдөр СӨХ-ны захирал Б.*******д би одоо юм хийж чадахгүй нь миний дүү өөр хүнд түрээслээрэй гэж хэлсэн. Надаас түрээсийн мөнгөө өг гээд байхаар нь 2021 оны 01, 02, 03, 04 саруудын төлбөр төлсөн гэдгээ хэлсэн. Би өрөө түрээсэлж байхдаа хөлөө гэмтээж, банк руу явж төлбөр төлж чадахгүй байсан тул хүн явуулах боломж байгаа эсэхийг асууж, ******* СӨХ нь нярав нараа явуулж түрээсийн мөнгө авдаг байсан ба нягтлан бодогч С.Шижиртуяад 6-8 сарын төлбөрийг өгсөн, гэтэл надаас түрээсийн төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ******* СӨХ нь миний түрээсэлж байсан өрөөг шөнийн цагаар хойд талаас нь ханыг нь цөм цохин орж, тэнд байсан өвлийн гутлыг минь авсан байсан, хэрвээ өөр зүйл байсан бол яах байсан нь тодорхой юм. Өрөөгөө түрээслүүлсэн нөхцөлд тухайн өрөөнд түрээсэлсэн эзний зөвшөөрөлгүй орох учиргүй, ямар учиртай орсныг асуухад хариу хэлээгүй, өрөөний ханыг цоолсноор үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөлгүй болсон тул 2020 оны 10 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Подвалын өрөөг буцааж өгөх, гэрээ цуцлах тухай амаар хэлсэн боловч нэхэмжлэгч ямар нэг хариу хэлээгүй, цуцлахгүй болохоор нь дахин гэрээ цуцлах тухай яриагүй нь миний буруу байсан. Түрээсийн төлбөр 60 000 төгрөгийг сар бүр төлж байсан, он, сарыг нь зөрүүлээд будилаад байна, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед ажиллуулж чадахаа больсон, өрөөгөө аваарай гэхэд Б.******* нь өвс ургамал тарьдаг хүнд өгөөрэй гэж хэлсэн байдаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь түрээсийн гэрээний үүрэгт 730 000 төгрөг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 896 000 төгрөг гаргуулах, түрээсийн өрөө чөлөөлүүлэх гэж нэмэгдүүлснийг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж хариуцагчид орон сууцны бус зориулалттай подвалын өрөө сарын 60 000 төгрөгөөр түрээслүүлсэн боловч түрээс төлөөгүй, ... өөр хүн оруулсан гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж түрээсэлсэн нь үнэн боловч миний зөвшөөрөлгүй өрөөний хана цоолсноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, түрээсээ төлж байсан гэж тайлбарлажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4, 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.5 зааснаар сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх ба бүх гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй байхаар тус тус хуульчилжээ.

Түрээслүүлэгч ******* СӨХ-г төлөөлж түүний Гүйцэтгэх захирал Б.*******, түрээслэгчийг төлөөлж Б.******* нар 2019 оны 11 сарын 28-ны өдөр подвалын 1 өрөөг сарын 60 000 төгрөгөөр модон эдлэл хийх зориулалтаар 2020 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл түрээслэх 8 тоот гэрээ, 2020 оны 11 сарын 28-ны өдөр мөн дээрх нөхцөлөөр 20 тоот гэрээг 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл тус тус байгуулжээ. /хэргийн 12-15 тал/

Түрээсийн гэрээний 1.2-т тухайн өрөөг модон эдлэлийн чиглэлээр ашиглах, 2.2.1-т байрыг зөвхөн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглана гэж заасан, зохигчид энэ талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсжээ. Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаатайгаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээдэг бол хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олоход нь зориулж тодорхой хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг байна. Тодруулбал ******* СӨХ нь түрээсийн гэрээний гол шинж болох модон эдлэлийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж түүнээсээ үр шим, ашиг олоход нь зориулж подвалын 1 өрөөг Б.*******д түр шилжүүлсэн, Б.******* нь гэрээгээр тохирсон төлбөр 60 000 төгрөгийг сар бүр төлөх гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний зохицуулалтад нийцэж байна.

Түрээсийн зүйл болох******* дүүрэг, 15 хороо, 20 байр, 3 дугаар орцны подвалын 1 өрөө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан утгаар бие даасан хөрөнгө бус орон сууцны 20 дугаар байрны нэг хэсэг бөгөөд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх үндэсгүй. Өөрөөр хэлбэл подвалын өрөөг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах боломжгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч 2020 оны 09 сараас 2020 оны 12 сарыг дуустал хугацааны 240 000 төгрөг, 2021 оны 01 сараас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 656 000 төгрөг, нийт 896 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 32-33, 202 талд авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлэг, харилцах дансны харилцагчийн хуулгаар хариуцагч Б.******* нь 2020 оны 09 сарын 07-ны өдөр 60 000 төгрөг, 2021 оны 02 сарын 04-ний өдөр 60 000 төгрөг, 2021 оны 03 сарын 02-ны өдөр 240 000 төгрөг нийт 360 000 төгрөг түрээсийн төлбөрт төлснийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. Гэрээний 4.3-т түрээслүүлэгчийн шаардлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, дараах тохиолдолд түрээслэгчийг нүүлгэн гаргана, 4.3.4-т түрээсийн төлбөрийг 3 сараас доошгүй хугацаагаар төлөөгүй бол гэж зааснаар түрээслүүлэгч ******* СӨХ нь түрээслэгч Б.*******ыг 1 сарын түрээсийн төлбөр 60 000 төгрөгийг 3 сараас доошгүй хугацаагаар төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж түрээслэгчийг өрөөнөөс гаргах эрхтэй. Түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 28-ны өдөр дуусгавар болохоос гадна түрээслэгч түрээсийн төлбөрийг 3 сараас илүү хугацаагаар төлөөгүй болох нь тогтоогдож байх тул подвалын өрөөг хариуцагч Б.******* чөлөөлж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ түрээсийг тогтмол төлж байсан, түрээсийн өрөөний ханыг зөвшөөрөлгүй нурааж, цоолсноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэжээ. Түрээсийн төлбөр бүрэн төлсөн баримтыг хариуцагч гаргаагүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан татгалзлаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзлээ. Шүүх хариуцагчийн хүсэлтээр подвалын өрөөнд үзлэг хийхэд нэхэмжлэгч нь хуулиар олгосон эрхийн хүрээнд сантехникийн засвар, үйлчилгээ хийхээр хана нурааж, цоолсон болохыг хариуцагч няцаахгүй байна.

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-д зааснаар хариуцагч Б.*******аас түрээсийн гэрээний үүрэгт 536 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, үлдэх 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 536 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 16 730 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-д зааснаар хариуцагч Б.*******аас түрээсийн өрөөг чөлөөлж, түрээсийн гэрээний үүрэгт 536 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, үлдэх 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 536 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 16 730 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР