Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Л.Отгончимэг

Хохирогч М.Н-

Шүүгдэгч Ц.Ж- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ж-т холбогдох эрүүгийн 201722000049 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Ж-,

Шүүгдэгч Ц.Ж- нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод өөрийн гэртээ согтуугаар эхнэр М.Н-г гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ц.Ж- нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод өөрийн гэртээ согтуугаар эхнэр М.Н-г гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч М.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тэгээд орой 20 цагийн орчимд Ц.Ж- нэлээд согтуу болчихсон танай гэрийнхэн намайг үздэггүй, чи угаасаа урьд нь далай дээр ажилладаг байхдаа хүнтэй явалддаг байсан биздээ тэрийгээ чи хүлээн зөвшөөр гээд агсам тавиад бид 2 маргалдсан. Би өрөөний буланд очоод зогсож байсан чинь Ц.Ж- хэрүүл хийгээд хүрээд ирэхээр нь би доошоо суусан чинь миний нүүр лүү 2 удаа өшиглөж, хөл рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг уурлаж үглэж байснаа гаднаас түлээ оруулж ирж гал түлчихээд галынхаа хажууд хэвтэж байгаад унтчихсан. Баруун талын гуяны дотор хэсэг, хянга хөхөрсөн, зүүн хөл, гуяны дотор хэсэг хөхөрсөн. Зүүн талын нүд хөхөрсөн. Эмчилгээ бол хийгээгүй, би өөрөө 6 сартай жирэмсэн учраас Томографт үзүүлсэн. Өөрчлөлт байхгүй байна гэсэн. Байнга л надаас уучлалт гуйгаад байгаа. Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгээгүй зардал нэхэмжлэхгүй, бид хоорондоо эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай М.Н-гийн биед гэмтэл тогтоогдлоо, М.Н-ийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, эрүү, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ, Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

Шүүгдэгч Ц.Ж-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Дарханаас ирээд найз Мэндбаяраар түлээ хөрөөдүүлсэн юм. Тэгээд Мэндбаяртай нийлээд гэртээ 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Би архи ууж байгаад тасарчихсан байсан. Найзыгаа гэрт нь хүргэж өгснөө л хальт санаж байгаа юм. Тэгээд эхнэр М.Н-д ямар ааш гаргаснаа огт санахгүй байна. Маргааш өглөө нь намайг сэрэхэд эхнэр М.Н-гийн нүд нь хөхөрчихсөн байсан. Би эхнэрээсээ яагаад ийм зүйл болчихвоо гэхэд огт дуугарахгүй байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000049 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Ц.Ж- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201722000498 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Ж-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ц.Ж-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж-т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Н.АРИУНЖАРГАЛ