| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2021/03147/И |
| Дугаар | 182/ШШ2021/02569 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2021/02569
2021 11 23 182/ШШ2021/02569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 19/А байр, 47 тоот хаягт оршин суух, Шагж овогт Хаяабарын Долгормаа /РД: ЦВ82052962/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 20 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Харчин овогт Дэмбэрэлийн Энхтөмөр /РД: ШГ78120515/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Долгормаа, хариуцагч Д.Энхтөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид 2004 онд танилцаж, 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулснаас хойш 3 дахь удаагаа тусдаа амьдарч байна. Нийт 5 жил тус тусдаа амьдарсан. Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, анхаарал халамж тавих нь багассан. 2020 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч эхлэсэн.
Өмнө нь 2012 онд тусдаа амьдраад жил болсон. Дараа нь 2016 оноос хойш хоёр жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан. Одоо тусдаа амьдарч байгаа шалтгаан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мөн гар хүрэх гэж байсан болохоор салахаар шийдсэн. Том хүүхэд маань 16 настай, дундах нь 7 настай.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.Энхтөмөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Долгормаа нь хариуцагч Д.Энхтөмөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид болох Х.Долгормаа, Д.Энхтөмөр нар нь 2004 онд танилцаж, 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Э.Чингүн, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Эрхэтсаран, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.Цэлмэг нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан 0041692 дугаарт гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Э.Чингүн, охин Э.Эрхэтсаран, охин Э.Цэлмэг нарын 0000799786, 0000538407, 1107000501 дугаарт төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид болох Х.Долгормаа, Д.Энхтөмөр нар нь таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, хүү Э.Чингүн, охин Э.Эрхэтсаран, охин Э.Цэлмэг нар нь төрсөн цагаас хойш эх Х.Долгормаагийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж зааснаар эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх бөгөөд гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй болж 2020 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа зэрэг нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Долгормаа нь хүү Э.Чингүн, охин Э.Эрхэтсаран, охин Э.Цэлмэг нарыг эхийн асрамжид үлдээх шаардлага гаргасныг хариуцагч Д.Энхтөмөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүү Э.Чингүн, охин Э.Эрхэтсаран, охин Э.Цэлмэг нарыг эх Х.Долгормаагийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Д.Энхтөмөр нь хүү Э.Чингүн, охин Э.Эрхэтсаран, охин Э.Цэлмэг нарыг эх Х.Долгормаагийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шагж овогт Хаяабарын Долгормаа /РД: ЦВ82052962/, Харчин овогт Дэмбэрэлийн Энхтөмөр /РД: ШГ78120515/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Чингүн, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Эрхэтсаран, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Цэлмэг нарыг эх Х.Долгормаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Чингүн, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Эрхэтсаран, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Цэлмэг нарыг 11 хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус сар бүр төрсөн эцэг Д.Энхтөмөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Долгормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 183,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Долгормаад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Сайнбилэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН