Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2021/03054

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2021/03054

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 4 хороо, арцат 4 гудамж, 178 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, 3 хороо, ******* ******* 21 гудамж, 9 тоот хаягт оршин суух ******* овогт /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт 63 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь Б.д 2019 оны 08 сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2019 оны 10 сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулж, Б. нь 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан.

Хариуцагч нь 2019 оны 08 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон 30 000 000 төгрөгийн зээл, хүүгийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тул 2020 оны 07 сарын 30-ны өдөр гэрээний бусад нөхцөлийг хэвээр үлдээн гэрээний хугацааг 8 сараар сунгасан байдаг. Б.тэй байгуулсан 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 28-ны өдөр дуусахад 30 000 000 төгрөгийн зээлийн 14 сарын хүү нь 12 600 000 төгрөг болсон. Мөн зээлийн гэрээний 2.8-т зааснаар хоногийн 0.5 хувийн алданги 2020 оны 10 сарын 29-ний өдрөөс эхлэн бодогдож эхэлсэн. 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 12 600 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 15 000 000 төгрөг, нийт 57 600 000 төгрөг нэхэмжилнэ.

2019 оны 10 сарын 25-ны өдрийн 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагч 6 000 000 төгрөг буцаан өгсөн бөгөөд 6 000 000 төгрөгийн 3 сарын хүү нь 1 080 000 төгрөг, үлдэх 4 920 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг нь хугацаа хэтэрсэн 100 хоногийн алданги, 1 920 000 төгрөг нь үндсэн зээл байна. 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2019 оны 10 сарын 25-ны өдөр байгуулж 2020 оны 01 сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл зээлдэгч 6 000 000 төгрөгийг 2020 оны 07 сарын 30-ны өдөр шилжүүлсэн, 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс хойш 6 000 000 төгрөгийн алданги нь хоногийн 0,5 буюу өдрийн 30 000 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 6 000 000 төгрөгийн 50 хувь болох 3 000 000 төгрөгийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл хоногийг тоолоход 130 хоног болж байгаа учраас бид 100 хоног гэж тайлбарлаад байгаа юм. 6 000 000 төгрөгийн зээлийн 3 сарын хүү 1 080 000 төгрөг, үлдэх 4 920 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг нь алданги, үлдэх 1 920 000 төгрөг нь 6 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт тооцвол тус гэрээнээс 4 080 000 төгрөг үлдэхээс 900 000 төгрөгийн баримт сая өгсөн тул 3 180 000 төгрөг болж байна. Иймд 6 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 3 180 000 төгрөг шаардаж, 6 000 000 төгрөгийн алданги, хүү шаардаагүй, учир нь төлөгдсөн гэж үзэж байна. Иймд 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 57 600 000 төгрөг, 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 3 180 000 төгрөг нийт 60 780 000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчтай 60 780 000 төгрөгийн 780 000 төгрөгөөс татгалзаад 60 000 000 төгрөгт эвлэрч болно гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.*******гаас 30 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг мөнгийг 35 000 000 төгрөг болгож төлөхөөр бид 2021 оны 07 сард харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2021 оны 08 сарын 04-ний өдөр миний Хаан банкны 5062046753 тоот дансыг хаалгаж, улмаар 2021 оны 08 сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар миний хоёр үл хөдлөх эд хөрөнгө дээр хориг тавиулсан хэвээр байна. Нэхэмжлэгч нь миний үл хөдлөх эд хөрөнгийн хориг болон Хаан банкны дансны зарлагын хөдөлгөөнийг нээхгүй бол миний бие дахин зээл авч, уг төлбөрийг төлөх боломжгүй юм. Хамгийн сүүлд миний Хаан банкны дансанд байсан 3 620 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж авсан. Д.******* нь миний үл хөдлөх хөрөнгө дээрх хоригийг авч, данс нээлгээд өгчихвөл үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж Д.*******гаас авсан зээл 30 000 000 төгрөгийг 35 000 000 төгрөг болгож өгөх байсан боловч сүүлийн 2 жил орчим Ковид цар тахлын улмаас эмийн сангийн үйл ажиллагаа маань зогссон. 6 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч 2021 оны 07 сарын 30-ны өдөр 17.51 цагт 6 000 000 төгрөг шилжүүлж, зээлсэн мөнгөө буцааж өгсөн, нэхэмжлэгчийн хэлсэн эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй, надад 60 000 000 төгрөг төлөх чадал байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* зээлийн гэрээний үүрэгт 63 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 60 780 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл, баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Д.*******, хариуцагч /зээлдэгч/ Б. нар 30 000 000 төгрөгийг 2019 оны 08 сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан,

Дээрх зээлийн гэрээг 2020 оны 02 сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл 8 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлөөр 2020 оны 07 сарын 30-ны өдөр сунгасан,

6 000 000 төгрөгийг 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ тус тус байгуулжээ. /хэргийн 4,7, 8 тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. ..., 282.4-т мөнгө ... шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна. Хууль болон зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.******* нь зээлдэгч Б.ийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан мөнгийг, хүүгийн хамт зээлийн гэрээнд заасан хугацаанд буцаан өгөх гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Д.******* нь зээлдэгч Б.ийн Хаан банкны 5062046753 тоот данс руу 2019 оны 08 сарын 29-ний өдөр 30 000 000 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай маргахгүй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Нэг. 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон зээлийн гэрээг сунгасан тухайд:

Талууд 30 000 000 төгрөгийг 2019 оны 08 сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 02 сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл 8 сараар сунгасан гэрээг 2020 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ... зээлдэгч нь 30 000 000 төгрөг зээлсэн боловч гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 12 600 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 57 600 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж ... 30 000 000 төгрөг зээлсэн нь үнэн, ... 35 000 000 төгрөг болгож буцааж өгөх байсан боловч Ковид цар тахлаас шалтгаалж эрхэлж байсан эмийн худалдаа зогсож, төлөх боломжгүй болсон, 35 000 000 төгрөг төлнө гэж тайлбарлажээ.

2019 оны 08 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 2.1, 2.2, 2.4, 2.8-д зааснаар 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй бөгөөд гэрээний 3.3-т зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьж болно гэж зааснаар зээлдэгч Б. гэрээний хугацааг сунгах хүсэлтээ 2020 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан байна. /хэргийн 10 тал/

Зээлийн гэрээний хугацаа сунгасан тухай талууд маргаагүй, 2020 оны 07 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалтын гэрээ гэх баримтаар 30 000 000 төгрөгийг зээлийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл өмнөх гэрээний хугацаа дуусаагүй байхад ижил нөхцөлөөр сунгасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй. Тодруулбал үүрэг гүйцэтгэгч Б. гэрээ дуусгавар болох 2020 оны 02 сарын 28-ны өдөр гэхэд зээл, хүү, алданги төлөх хугацааг хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгүүлэгч Д.******* нь 8 сарын нэмэлт хугацаа олгосон боловч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс зээл, хүү, алданги шаардах эрхтэй. 30 000 000 төгрөгийн 1 сарын хүү нь 900 000 төгрөг /30 000 000 х 3 хувь = 900 000/ ба зээлийн гэрээ байгуулсан 2019 оны 08 сарын 28-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах 2020 оны 10 сарын 28-ний өдөр хүртэл 14 сарын хүү нь 12 600 000 төгрөг /900 000 х 14 сар = 12 600 000/ болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заажээ. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүн бөгөөд мөн хуулийн 232.4-т зааснаар анз буюу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. 30 000 000 төгрөгийн 0,5 хувийн алданги хоногийн 150 000 төгрөгийг /30 000 000 х 0,5 :100 = 150 000/ хугацаа хэтэрсэн 420 хоногоор /14 сар х 30 хоног = 420/ тооцоход 63 000 000 төгрөг /150 000 х 420 = 63 000 000/ болох боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 30 000 000 төгрөгийн тал хувиас хэтрэхгүй тул алдангийн нийт хэмжээ 15 000 000 төгрөг байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Д.*******гаас зээлж авсан 30 000 000 төгрөгийг 35 000 000 төгрөг болгон буцааж өгөхөөр тохиролцсон гэх боловч 2019 оны 08 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 07 сарын 30-ны өдрийн гэрээний сунгалтаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэгчийн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 12 600 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 57 600 000 төгрөг /30 000 000 + 12 600 000 + 15 000 000 = 57 600 000/ шаардсан нь үндэслэлтэй.

Хоёр. 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд:

Талууд 6 000 000 төгрөгийг 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0, 5 хувийн алданги тооцох зээлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ... зээлдэгч 6 000 000 төгрөг буцааж өгсөн боловч 6 000 000 төгрөгийн 3 сарын хүү 1 080 000 төгрөг, үлдэх 4 920 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг нь алданги, үлдэх 1 920 000 төгрөг нь 6 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр тооцвол 4 080 000 төгрөг үлдэхээс 900 000 төгрөгийн баримт сая өгсөн тул 3 180 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж ... 6 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 17.51 цагт 6 000 000 төгрөг шилжүүлж, зээлсэн мөнгөө буцааж өгсөн... гэж тайлбарлажээ.

2019 оны 10 сарын 25-ны зээлийн гэрээний 2.4-т зээлийн хугацаа 2020 оны 01 сарын 25-ны өдөр дуусахаар заасан байх ба хариуцагч Б.ийн тайлбар, тайлбараа нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тэрээр 2020 оны 07 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.*******гийн Хаан банкны 5166256606 дугаар данс руу 6 000 000 төгрөг шилжүүлжээ. /хэргийн 37, 40 тал/

2020 оны 07 сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийг зээлийн гэрээний 2.2-т заасан 6 хувийн хүү төлөх, 2.4-т заасан 2020 он 01 сарын 25-ны өдөр зээл төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2020 оны 01 сарын 25-ны өдрийн дотор үндсэн зээл 6 000 000 төгрөг, сарын хүү 360 000 төгрөг / 6 000 000 х 6 :100 = 360 000/ 3 сарын хүү 1 080 000 төгрөг /360 000 х 3 = 1 080 000/ нийт 7 080 000 төгрөг төлөх байжээ. Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээний 3.2-т 0,5 хувийн алданги төлнө гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заажээ. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүн бөгөөд мөн хуулийн 232.4-т зааснаар анз буюу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс 6 000 000 төгрөг буцаан төлсөн 2020 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хугацааг тооцоход 172 хоног бөгөөд алдангийн хэмжээ 6 000 000 төгрөгийн 1 хоногийн алданги болох 30 000 төгрөгийг /6 000 000 х 0,5 :100 = 30 000/ хугацаа хэтэрсэн 172 хоногоор тооцоход 5 160 000 төгрөг /30 000 х 172 = 5 160 000/ болох боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6 000 000 төгрөгийн тал хувиас хэтрэхгүй тул алдангийн нийт хэмжээ 3 000 000 төгрөг болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 6 000 000 төгрөгийг хариуцагчаас авснаас 6 000 000 төгрөгийн зээлийн 3 сарын хүү 1 080 000 төгрөг, үлдэх 4 920 000 төгрөгөөс 3 000 000 төгрөг нь алданги, үлдэх 1 920 000 төгрөг нь зээлийн үндсэн төлбөр тул гэрээнээс 4 080 000 төгрөг үлдэхээс 900 000 төгрөгийн баримт сая өгсөн тул үндсэн зээл 3 180 000 төгрөг шаардана гэсэн нь зээл, хүү, алдангийн тооцоололтой нийцэж байхаас гадна хариуцагч нь шаардлагыг няцааж тайлбар, баримт гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 180 000 төгрөг, хүү 12 600 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 60 780 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор заажээ. Зээлдүүлэгч Д.*******гаас зээлдэгч Б.т олгосон 6 000 000 төгрөгийн зээлийн сарын хүү 6 хувь байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгож буй зээл, 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр тогтоосон хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулахад өндөр тогтоосон гэж үзэх үндэстэй боловч зохигчид энэ тухай мэтгэлцээгүй, хариуцагч Б. зээлийн хүү багасгах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 63 600 000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, хариуцагч нь 900 000 төгрөг төлсөн үндэслэлээр 60 780 000 төгрөгөөр багасгаж нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн 63 600 000 төгрөг гаргуулах шаардлагадаа тэмдэгтийн хураамжид төлсөн 475 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 60 780 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 461 850 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 180 000 төгрөг, хүү 12 600 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 60 780 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 60 780 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 461 850 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР