Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

 

 

     2020            8              25                                         2020/ДШМ/1069

 

 

 

    Г.А-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Алтанчимэгт холбогдох эрүүгийн 1811007990423 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Гончигийн Г.А-, 1....... оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, ............... хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ........ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Г.А- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.А-аас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.200.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн хүү Д.Халиуны нэр дээрхи “Хаан банк”-ны 5003549564 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан иргэн Г.А-ад нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.А-ээс 7.200.000 төгрөг гаргуулан хохирогч Г.А-ад олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.А-т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон хэргийн байдлыг анхаарч үзэлгүй хорих ял оногдуулсан нь хэт нэг талыг барьсан, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй нь миний үйлчлүүлэгчид хүндээр туслаа гэж үзэж байна. Г.А- нь өөрийн гэм бурууг ойлгон, чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн ба хохирол төлбөрийг даруй төлөхөө илэрхийлсэн. Г.А- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон ба гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсээр ирсэн. Улсад насаараа шударгаар хөдөлмөрлөж ирсэн ба өндөр насны тэтгэвэрт байдаг. Одоо 62 настай, эрүүл мэндийн хувьд зүрхний өвчтэй, байнга эмчийн хяналтад байдаг ба түүний нөхөр 80 настай, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд түүний хувийн байдал, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж байгаа, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Анармөнх тус шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Г.А- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.А-аас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.200.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн хүү Д.Халиуны нэр дээрхи “Хаан банк”-ны 5003549564 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А-ын “... 2017 оны 7 дугаар сард намайг ажлаа хийж байхад яаралтай гүйж орж ирээд “эгч нь яг яаралтай 1 дэх өдөр ажлаа бүтээх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, 1 дэх өдөр дансанд мөнгө ороод ирнэ, 5.000.000 төгрөг түр өгөөч” гэхээр нь би итгээд нягтлан руу яриад мөнгө шилжүүлүүлсэн. Уг мөнгийг Г.А-ийн хүү Халиун гэдэг хүний данс руу хийсэн байсан. ... “Компанийн ажил бүтээхэд мөнгө хэрэг болоод байна, 4, 5 сая төгрөг байна уу гэхээр нь байхгүй, 2 сая төгрөг л байна” гэсэн чинь “за тэгвэл байгаагаа өгчих” гээд нягтлангаар Г.А-ийн хүү Халиуны данс руу шилжүүлсэн. ... “1.500.000 төгрөг байна уу” гэхээр нь “надад тийм мөнгө байхгүй, одоо би нягтлан руу ярьж шилжүүлж чадахгүй, урьдныхаа мөнгийг өгөөгүй байж” гэж хэлээд, “түрийвчинд 500.000 төгрөг байна, энийг авах юм уу” гэтэл “за тэгье” гээд надаас бэлнээр 500.000 төгрөг авсан. ...” /хх 20/,

гэрч С.Далайцэрэнгийн “... Г.А- өөрийн танил болох Г.А-аас 7.200.000 төгрөгийг зээлж, бид ажилдаа зарцуулсан юм. ...” /хх 23/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Г.А-ын “Хас” банкны дансны хуулга /хх 37-38/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.А-ийн “тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж 4 удаагийн үйлдлээр 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч Г.А- нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.А- түүнд гомдол, саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Г.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэгийн “...хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Г.А- нь хохирогч Г.А-ад учруулсан мөнгөн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

 5. Шүүгдэгч Г.А- нь 55 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, түүнийг энэ өдрөөс эхлэн нэн даруй суллан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.АРИУНХИШИГ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ