Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2018/00096

 

И.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00479 дүгээр шийдвэртэй, И.Н-ийн нэхэмжлэлтэй, Ж.Э-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч И.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны 5 м.кв талбайн үнийн зөрүү 6250000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие анх 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ж.Е-ийн барьж буй 24 айлын орон сууцнаас байр захиалж урьдчилгаа болох 22,500,000 төгрөгийг авч байр авахаар тохиролцож нийт 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Анх иргэн Ж.Е нь чанартай байр барьж ашиглалтад оруулна гэж худал хэлж оршин суугч нарыг хууран мэхэлж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг байр нь чанаргүй баригдсан болон өрөөнүүд нь заасан м.кв-таа хүрэхгүй дутуу байгаа нь мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нотлогдож байна. Тухайн үед иргэн Ж.Е барьж ашиглалтад оруулсан 24 айлын 8 тоотод мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийлгэж үзэхэд 60 м.кв хүрэхгүй 55 м.кв болж 5 м.кв дутуу байсан. Нэг м.кв-ыг 1250000.00 төгрөгөөр тооцон нийт 6250000.00 төгрөгийг Ж.Е-ээс гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2013 онд өөрийнхөө эзэмшлийн 3 өрөө байраа иргэн И.Н-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байсан.Тухайн үед гэрээг чөлөөтэй байгуулж, миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3 өрөө байрыг худалдан авагчид бүрэн шилжүүлж өгсөн. Харин худалдан авагч И.Н нь гэрээгээр хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөхөөс зайлсхийж байсан тул шүүхэд хандаж Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар шүүхээс дахин тогтоох боломжгүй. И.Н нь 3 өрөө байрыг шилжүүлэн авах үед ямар нэгэн доголдолтой эсэхийг шалгаж тогтоох бүрэн боломжтой байсан. Би И.Н-г хууран мэхэлж байраа худалдаагүй. Миний байрыг байгаа байдлаар нь үзэж танилцсаны үндсэн дээр үнэ төлбөрөө тохиролцож улсын бүртгэлд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлэн авсан. Хэрэв биет байдлын доголдолтой /тогтоосон тоо, ширхгээс бага/ байсан бол тухай бүрд нь хэлж надаас хэлэлцэн тохирсон үнийг буруулахыг шаардах ёстой байсан ч 5 жилийн дараа ийм шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэмжилт хийсэн “Р” ХХК нь хэмжилт хийх тухай зөвшөөрлийн хугацаа нь дууссан компани юм. “Р” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй атлаа худал хэмжилт хийж бусдыг хохироож байгаад их гомдолтой байна. Нөгөөтээгүүр энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00479 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Е-ээс орон сууц худалдан авахад дутуу 5м2 талбайд илүү төлсөн 6,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч И.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130\ШШ2018\00479 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх И.Н-ийн нэхэмжлэлтэй Ж.Е-д холбогдох орон сууц худалдан авахтай холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. И.Н би 2013 оны 8 дугаар сард Ж.Е-ээс 22,500,000 төгрөгийн урьдчилгаа өгч нийт 75,000,000 төгрөгийн байр худалдаж авсан. Уг орон сууцыг Ж.Е надад худалдах үед 60 м.кв талбайтай гэж өгсөн боловч бодит байдалд уг 2 өрөө орон сууц нь 55 м.кв байсан ба 5 м.кв дутуу байсныг хожим сүүлд мэдсэн буюу тухайн үед Ж.Е-ийн урьдчилан боловсруулсан худалдах-худалдан авах гэрээнд итгэж гарын үсэг зурж байрыг хүлээ авсан. Өөрөөр хэлбэл тухайн үед Ж.Е-д итгэснээс болж нарийвчилсан хэмжилт нэг бүрчлэн хийгээгүй. Харин энэхүү эд хөрөнгийн доголдолтой асуудлыг сүүлд мэдсэн боловч орон сууцны талбайд нарийвчилсан хэмжилт хийх мэргэжлийн байгууллага Баян-Өлгий аймагт байгаагүй. Гэхдээ тухайн орон сууцны талбай нь 60 м.кв хүрэхгүй байгааг худалдагч Ж.Е-д амаар олон удаа хэлж, хэмжилт хийлгэж өгөхийг шаардсан. Худалдагч Ж.Е нь иргэн И.Н надад 55 м.кв талбайтай орон сууц худалдсан асуудлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулагдсан шинжээч нар нотолсон. Энэ тухай анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иймд нэхэмжлэгч И.Н-ийн худалдаж авсан орон сууцны талбайн тоо, хэмжээнд хүрээгүй буюу хариуцагч Ж.Е-ийн худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээгээр тохирсон сууцны талбайн хэмжээнээс дутуу м.кв талаар хариуцагч Ж.Е-ээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх нь байна’’ гэж дүгнэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч И.Н миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх И.Н миний нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхээ алдсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 75.2.2-т заасныг ноцтой зөрчиж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130\ШШ2018\000479 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон И.Н миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбар болон Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэг гэрээг тус тус хавсаргав.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

                       

Худалдагч Ж.Е, худалдан авагч И.Н нар 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, шинээр баригдсан орон сууцны 08 тоот, 60 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг 75000000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, худалдан авагч нь тухайн орон сууцны үнийг бүрэн төлсөн, худалдагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

            Нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууцны талбайн зөрүү буюу 5 м.кв талбайн үнэ 6250000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа  “Р” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Өлгий сумын 5 дугаар багийн иргэн И.Н-ийн Н-24 айлын орон сууцны 8 тоотын өрөө, тасалгааны хэмжилт хийж түүнийг талбайг тооцсон тэмдэглэлийг үндэс болгосон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг дээрх хэмжилт бүхий тооцоололтой харьцуулан дүгнэвэл, И.Н-ийн худалдаж авсан орон сууцны талбайн тоо хэмжээ нь гэрээгээр тогтоосон хэмжээнд хүрээгүй, худалдагч Ж.Е нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй боловч гэрээнд заасан тоо хэмжээ 60 м.кв-аас бага буюу 55 м.кв талбайтай орон сууцыг И.Н-ийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, хариуцагч Ж.Е-ийн худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т зааснаар биет байдлын доголдолтой байжээ.

 

Нэхэмжлэгч И.Н нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа худалдагчаар төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Түүнчлэн, мөн зүйлийн 254.2.-т зааснаар нэхэмжлэгчээс баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд дээрх шаардах эрхүүдийг хэрэгжүүлээгүй бол доголдлыг арилгах шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болох боловч худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн онцлогоос шалтгаалан, биет байдлын доголдлыг талууд арилгах, засаж залруулах боломжгүй учраас И.Н нь худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээний үнийн зөрүүг тооцож, хариуцагчаас 5 м.кв талбайн үнэ 6250000.00 төгрөгийг шаардсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн агуулгад нийцэж байна. Гэвч хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, талууд орон сууцны нийт үнийг талбайн хэмжээгээр нь тохиролцсон нь тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар гэрээ байгуулагдах үед мэдэх, орон сууцны талбайн хэмжээг худалдаж авах үед хэмжүүлэх бүрэн боломжтой байхад уг хөрөнгийг хүлээн авсан буюу 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буюу 5 жилийн дараа хэмжилт хийлгэж, худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг тогтоолгосон байна.  

 

Иймээс нэхэмжлэгч И.Н нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1.-т зааснаар худалдан авсан эд хөрөнгөө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан учраас дээрх шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Талууд гэрээндээ худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 60 м.кв гэж тодорхой тусгасан ба нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууцаа хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байх тул шаардлага гаргах эрхээ хуульд зааснаар алдсан гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан журмаар үнэлсэн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК