Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 136

 

Д.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Намсрайжав, иргэний хариуцагч Г.Хүрэлсүхийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр магадлалтай, 2014250000497 дугаар эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн хөрөнгө хурааж, 13 жил хорих ялаар шийтгүүлсэн, Сартуул овогт Д.Э нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Э-ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдад 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ыг 10 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил хорих ял дээр өмнөх 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн Д.Э-ын биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Эаас хохирогч М.Одсүрэнд 70,000,000 төгрөг, хохирогч Ч.Базардагийд 53,132,000 төгрөг, хохирогч Ч.Очирбатад 50,500,000 төгрөг, хохирогч Л.Энхтуулд 44,000,000 төгрөг, хохирогч Г.Батсайханд 135,750,000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 56,000,000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 27,700,000 төгрөг, хохирогч Г.Болортуяад 60,500,000 төгрөг, С.Өлзийсайханд 20,000,000 төгрөг, Г.Баярсайханд 36,000,000 төгрөг, А.Билгүүнд 26,000,000 төгрөг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалын хянавал хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэж хуульд байхгүй зүйл, хэсгийг иш татсан. Хэрэв үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйл гэж ойлговол энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй заалт болж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Д.Э-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 1 хоног хорих ялаас 2 жилийг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн” гэж тусгаж өгсөөр байтал давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болох бүрэн эрх давж заалдах шатны шүүхэд байсаар байтал дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх бүрэн боломжтой. Д.Э-д холбогдох хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас нэр бүхий 11 хохирогч 6 жилийн хугацаанд хохирч, Д.Э нь цаг хугацаа хожиж ял завшиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Харин давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагч Г.Хүрэлсүхийн өмгөөлөгч Б.Гантөмөр хэлсэн саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Д.Э нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Харин амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял нэгтгэх асуудлыг шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хохирогч А.Билгүүний өмгөөлөгч К.Бауиржан, хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Л.Энхтуул, Д.Нэргүй, Д.Батцэцэг, Г.Болортуяа, Ч.Базардагий, М.Одсүрэн, Г.Батсайхан, Г.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх нь “...Д.Э-ын урьд ял шийтгүүлсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх талаарх асуудлыг хянан хэлэлцээгүй”, Д.Э-д Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн алинаар нь түүний биечлэн эдлэх ялыг тогтоох талаар дүгнэлт хийгээгүй”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг заах шаардлагатай” гэсэн 3 үндэслэл зааж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно”, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх ...энэ хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9-д заасан шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд заасан дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.   

 

                                           ДАРГАЛАГЧ,                                               Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ   

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д..ЭРДЭНЭБАЛСҮРЭН