| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/03063/И |
| Дугаар | 184/ШШ2021/03233 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2021/03233
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2021/03233 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймаг, сум, байр хаягт байрлах Сокол ХХК /РД: 2690934/
Хариуцагч: дүүрэг, хороо, байр хаягт байрлах Геологийн төв лаборатори Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ААТҮГ/
18 489 680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Геологийн төв лаборатори ААТҮГ нь 2013 оны 04 сарын 25-ны өдөр БМИҮҮГ-15/2013 дугаар химийн бодис худалдах, худалдан авах гэрээг манай компанитай байгуулж, манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Талууд төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлэхэд 18 489 680 төгрөг үлдсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн Санхүүгийн тайлангийн өглөгийн дансны тулган баталгаажуулалт гэх 90 тоот албан бичгийг манайд ирүүлснийг манай компани 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 2/0315 дугаар Санхүүгийн тайлангийн дансны авлагын тулган баталгаажуулалт гэх албан бичгээр Нийслэл аудит ХХК-д илгээсэн. Нийслэл аудит ХХК нь хариуцагчийн санхүүгийн тайланд аудит хийж, байгууллага хоорондын өглөг, авлагыг баталгаажуулсан. Манай компани нь хариуцагчид хугацаа олгож, хүлээцтэй хандан үлдэгдэл төлбөр төлөхийг нь хүлээсэн боловч төлөөгүй тул хариуцагчаас 18 489 680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч төлбөр хүлээн зөвшөөрч байсан нь 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 90 дүгээр албан бичиг болон сая шүүх хуралдаанаас өмнө хариуцагчаас гаргаж өгсөн эвлэрлийн гэрээ байгуулах тухай 513 албан бичгээр тогтоогдсон. Гэрээний үүргээ удаан хугацааны турш гүйцэтгээгүй байж өнөөдөр зарим төлбөрт нь чулуун бүтээгдэхүүн санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул 18 489 680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, одоогоор төлбөрийг төлөх боломжгүй байна. Өмнө нь нэхэмжлэгчид эвлэрэх санал хүргүүлсэн боловч саналыг зөвшөөрөөгүй. Манай зүгээс 10 000 000 төгрөгийг шүүхээс эвлэрлийг баталгаажуулсан өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 8 489 680 төгрөгийг өөрийн үйлдвэрлэдэг чулуун бүтээгдэхүүнээр 2021 онд багтаан төлж барагдуулахаар санал өнөөдөр хүргүүлсэн, талуудын удирдлагууд эвлэрэх тухай ярьж тохирсон гэж ойлгосон боловч шүүх хуралдаанд ирээд тохиролцоогүй болохыг мэдлээ, өөр тайлбаргүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сокол ХХК нь тооцооны үлдэгдэл 18 489 680 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Геологийн төв лаборатори ААТҮГ хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч /нийлүүлэгч/ Сокол ХХК, хариуцагч /захиалагч/ Геологийн төв лаборатори ААТҮГ нь 2013 оны 04 сарын 25-ны өдөр химийн бодис худалдан авах БМИҮҮГ-15/2013 дугаар гэрээ байгуулсан. /хэргийн 10-13 тал/
Химийн бодис худалдан авах БМИҮҮГ-15/2013 дугаар гэрээний 4, гэрээний тусгай нөхцөлийн 3.1-д зааснаар нийлүүлэгч нь 13 нэр төрлийн барааг /химийн бодис/ 2013 оны 05 сарын 02-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний 7, гэрээний тусгай нөхцөлийн 4.2, 4.3-д зааснаар захиалагч нь барааны үнэ 29 571 630 төгрөгөөс 8 871 600 төгрөгийг урьдчилан шилжүүлж, үлдэх 20 700 000 төгрөгийг ажлын 3 хоногийн дотор нийлүүлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэстэй байна. Худалдах-худалдан авах гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна. Нэхэмжлэгч нь химийн бодис нийлүүлсэн, хариуцагч нь химийн бодис хүлээн авч, үнийг төлж байсан болох нь хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ тухай маргаагүй тул тэдгээрийн хооронд химийн бодис нийлүүлэх, химийн бодисын үнэ 29 571 630 төгрөг байх гэрээний гол нөхцөлийг тохирч, бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
Зохигчид гэрээний үлдэгдэл төлбөр 18 489 680 төгрөг болохыг харилцан баталгаажуулж, хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болох нь Тооцооны үлдэгдлийн баталгаа, Сокол ХХК-ийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 21/03-15, Геологийн төв лаборатори ААТҮГ-ын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 90, 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 513 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 5, 8, 62, 64 тал/
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар мэтгэлцээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Геологийн төв лаборатори ААТҮГ-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 18 489 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сокол ХХК-д олгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Геологийн төв лаборатори ААТҮГ-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 18 489 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сокол ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Геологийн төв лаборатори ААТҮГ-аас 250 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сокол ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР