| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0165/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-07-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Ц.Буянбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2436000000187 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч П.******* нь 2024 оны 04 дүгээр сарын эхэн үед Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.*******ын өмчлөлийн бог малаас ишигтэй 2 тооны буюу 4 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч хохирогчид 360’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогч Ч.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрч А.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), гэрч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), Дамно үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас), мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас), мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч Ч.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрч А.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), гэрч А.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), гэрч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), Дамно үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас), мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас), мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудас), шүүгдэгч П.*******ийн хүсэлт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), шүүгдэгч П.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А.*******гаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан: Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн нутаг Голын адаг гэх нэртэй газраас 4 тооны ямаа хулгайд алдагдсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас);
- Мөрдөгчийн мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас);
- Мөрдөгчийн мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудас);
- Хохирогч Ч.*******ын “...2024 оны 05 дугаар сарын эхээр зүсээр нэг шарга ямаа дутахаар нь ойр тойрны айлын малд нийлсэн байж магадгүй гэж бодоод айлуудын малд хайсан юм. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чандмань сумын Тахилт багийн айлууд ямаа худалдаж авсан гэж сонсоод Чандмань сумын Тахилт багийн иргэн Давжуу гэх айлын малд очиж шүүж үзэхэд манай зүсээр дутаж байсан ишигтэй шарга ямаа, мөн цагаан чихтэй бор ямаа ишигтэйгээ хоёр ямаа /ишигтэйгээ дөрвөн ямаа/ Давжуу гэх айлын хотонд байсан. Манай хоёр ямаа хэзээ танай малд ирсэн юм бэ гэхэд Давжуу гэх хүн “ирээд 10 орчим хонож байгаа, манай дүү Б.*******ын худалдаж авсан ямаа байгаа юм, тэгээд манай хотонд худалдаж авсан ямаагаа тавьсан юмаа” гэж хэлсэн. Хоёр гурав хоногийн дараа ******* ахын залуу ******* манай 2 ишигтэй ямааг авч ирж өгсөн. ...Манай алга болсон 2 тооны ишигтэй ямаа нь:
- Зөв чих нь тайрхай, буруу чих нь цуулбар имтэй, зөв чихэндээ ногоон даавуутай, 2 эвэр нь ногоон будагтай, шарга зүсмийн 5 настай эм ямаа;
- Шарга ямааны цагаан ишиг, цагаан ишиг нь зөв чих нь шоргоолж, буруу чих нь цуулбар имтэй, зөв чихэндээ ногоон даавуутай;
- Зөв чих нь цоолбор, буруу чих нь цуулбар имтэй, зөв чихэндээ ногоон даавуутай, 2 эвэр нь ногоон будагтай, цагаан чихтэй бор ямаа, 5 настай;
- Цагаан чихтэй Бор ямааны цагаан чихтэй хар ишиг, цагаан чихтэй хар ишиг нь зөв чих шоргоолж, буруу чих нь цуулбар имтэй, зөв чихэндээ ногоон өнгийн даавуутай. Содон шинж тэмдэг шарга ямааны зөв чихний шоргоолж им нь өвлийн хүйтэнд чих нь хөлдөөд тасарчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);
- Гэрч А.*******гийн “...2024 оны 05 дугаар сарын эхээр зүсээр хоёр ямаа дутаад байсан юм. Би нөхөр Ч.*******ын хамт ямаагаа хайгаад ойр тойрны айлуудаар хайж байтал Чандмань сумын Тахилт багийн малчин Давжуу /***/ гэх айлын малд манай хоёр тооны ишигтэй ямаа байсан. Манай ямаа хэзээ танай хотонд ирсэн юм бэ гэхэд А.******* гэх “манай дүү ******* /Тоня/ гэх залуугийн худалдаж авсан ямаа байгаа юмаа” гэж хэлсэн. Манай ямааг хэн зарсан талаар асуухад Чандмань сумаас П.******* гэх залуугаас худалдаж авсан гэж хэлсэн. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний нөхөр Ч.******* бид хоёр ямаагаа очиж үзээд аваад явах гэтэл “худалдаж авсан эзэн нь ирэхээр ав” гээд өгөөгүй. Хоёр гурав хоногийн дараа манай ишигтэй хоёр ямааг П.******* авч ирж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
- Гэрч А.*******ын “...2024 оны 05 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, манай дүү Б.******* Чандмань сумын иргэдэд мөнгө тараасан /хавар нь ямаа авна гэж иргэдэд мөнгө зээлдүүлсэн/ ба П.******* гэх залуугаас зээлдүүлсэн мөнгөндөө авах ямаагаа ачиж ирнэ гээд Чандмань сум руу яваад автомашиндаа ишигтэй хоёр, ишиггүй 2 тооны ямаа ачиж ирээд манай малд тавьсан юм. Долоогоос найм хоногийн дараа А.*******, Ч.******* хоёр ямаа дутаад байна гээд манай малд ирж мал шүүсэн юм. Манай дүү Б.*******ын Чандмань сумаас ачиж ирсэн 6 тооны ямааны ишигтэй хоёр ямаа нь Ч.*******ын ямаа болж таарсан. Ч.*******, А.******* хоёр явсны дараа П.******* гэх залуу манайд ирээд уг хоёр тооны ишигтэй ямааг буцаагаад авч яваад Ч.*******т хүлээлгэж өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);
- Гэрч Б.*******ын “...Би 2024 оны 01 дүгээр сараас эхлээд 150 эм ямаа худалдаж авахаар хүмүүст урьдчилж зээлээр мөнгө өгсөн юм. Нийт 20 орчим хүнд өгсөн санагдаж байна. 2024 оны 01 дүгээр сарын үед Чандмань сумын Урд гол багийн иргэн П.******* “та ямааны мөнгө тарааж байгаа юм уу, ямааны мөнгө авъя” гэж хэлээд надаас эхлээд 2 ямааны мөнгө буюу нэг ямааг нь 85’000 төгрөгөөр бодож 170’000 төгрөг авсан. Дахиад 2 ямааны мөнгө цувуулаад надаас 85’000 төгрөгөөр хоёр удаа 170’000 төгрөг нийт 340’000 төгрөг надаас аваад хавар 03 сар гэхэд ямаагаа өгчихсөн байна гэж ярьж тохиролцсон юм. П.******* надад өгөх ямаагаа өгөөгүй байсан ба 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Чандмань сумын төвд байхад П.******* рүү залгаад ямаагаа авъя гэхэд “ахаа ирээд ямаагаа авчих, би өөрийнхөө ямааныхаа байранд хашаад үлдээчихлээ, 2 ишигтэй, 2 сувай эм ямаа үлдээчихлээ” гэж хэлсэн. Би П.*******ийн ямааны байранд өөрийн 29-59 УБН улсын дугаартай улаан өнгийн приус 20 загварын автомашинаар эхнэр Б.Буянхишигийн хамт очиход ямааныхаа байрыг модоор тэвхэлчихсэн байсан. Ямааны байран дотор нь ишигтэй эм ямаа 2 тооны, сувай 2 эм ямаа нийт 6 тооны ямаа байсныг би автомашиндаа ачаад явсан. Би тухайн 6 тооны ямааг Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Сүвээ гэх газар байх өөрийн нагац ах А.*******ын малд аваачиж тавьсан. Арваад хоногийн дараа манай нагац ах А.******* “чи хаанаас ямар ямаа аваад ирчихсэн юм бэ, хүний ямаа аваад ирсэн юм биш үү” гэж ярихаар нь “яасан юу болов” гэхэд “Хүрлээ, Баяраа хоёр ирчихсэн тэдний ямаа байна” гэж хэлсэн. Би П.******* рүү залгаад “чи одоо хэний ямааг надад өгчихсөн юм бэ” гэхэд “хүний ямаа байсан юм аа ахаа эзэн нь мэдчихэж, би тэр хоёр ишигтэй ямааг танаас буцааж аваад орных нь хоёр ямааг танд өгье өө” гэж хэлсэн. ...2024 оны 05 дугаар сарын 16, 17-ны үед намайг байхгүй байхад П.******* манай нагац ах А.*******ынд ирж 2 тооны ишигтэй ямааг буцааж авч яваад нэг ямааных нь мөнгө болох 85’000 төгрөгийг манай нагац ах А.*******ынд үлдээгээд явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч П.******* нь гэрч Б.*******т ямаа өгнө гэж нийт 340’000 төгрөгийн авсан байх ба 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр уг өрөндөө 6 тооны ямаа өгсөн байна. Гэрч Б.*******т өгсөн 6 тооны ямааны 4 тооны буюу ишигтэй хоёр ямаа нь хохирогч Ч.*******ын ямаа болох нь нотлогдсон бөгөөд тухайн дөрвөн тооны ямааг шүүгдэгч П.******* нь хохирогч Ч.*******т мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авсан болох нь нотлогдож байна.
2.2. Дамно үнэлгээ ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХЦ-24-153 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 05 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээ нийт 360’000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас)-ээр хохирогчид 360’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь тогтоогдож байна.
2.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч П.******* 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.*******ын малаас ишигтэй 2 тооны буюу 4 тооны ямааг хулгайлан авчээ. Улмаар уг дөрвөн тооны ямааг гэрч Б.*******аас авсан мөнгөнийхөө оронд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгч, хохирогчид 360’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч П.******* хохирогч Ч.*******ын дөрвөн тооны бог малыг буюу ямааг хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
3.2. Шүүгдэгч П.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******т 360’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан. Хохирогч Ч.*******ын “...******* ахын залуу ******* манай 2 ишигтэй ямааг авч ирж өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас)-ээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь нотлогдож байна. Мөн хохирогч шүүгдэгчээс гэмт хэргийн хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлсөн гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
3.2. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх урьдач нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч П.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус тэнсэх журмыг ялгамжтай тогтоосон. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх журмыг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ, харин тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэглэдэг болохыг дурдах нь зүйтэй.
3.3. Мөн шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/330 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч П.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас) авсан ба шүүгдэгч энэ хэрэгт нийт 13 хоног цагдан хоригдсон байна. Шүүгдэгчид хохирох ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч П.*******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь албадлагын арга хэмжээг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тус хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт 13 (арван гурван) хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг даруй суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА