| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2021/01097/И |
| Дугаар | 182/ШШ2021/02582 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2021/02582
| 2021 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2021/02582 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БОАС, ОББҮХ
Ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б миний бие хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор 2019.11.21-ний өдрийн Б/58 тот тушаалаар томилогдсон. .... Ажлын албаны дарга Б.А нь ажлаа хүлээлгэн өг гэж шаарддаг байсан. Надад ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. 2021.01.10-ны өдрийг хүртэл цалингүй ажилласан, ажлаа хүлээлгэн өгөхгүй бол тушаалыг өгөхгүй гэж шахаж шаардаж байсан. Миний оронд ажиллах хүн нь томилогдсон учир ажлаа хүлээлцэн, тушаалаа авахад 2020.12.25-ны өдөр гарсан байсныг мэдсэн. Ажлаа хүлээлгэн өгсний дараа ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг асуухад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлгүй хариулт хэлсэн. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үндэслэл тайлбарлаагүй, уг гэрээний үр дүнтэй холбоотой үндэслэл, зүйл танилцуулаагүй. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, өөрийн ажил үүргээ цаг хугацаанд гүйцэтгэдэг байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэл заасан нь миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
- гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Болортуяа нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т зааснаар хугацаа дуусмагц талууд гэрээгээ цуцлаагүй, ажилтан нь үргэлжлүүлэн ажилласаар байвал хөдөлмөрийн гэрээ сунгагддаг.
Хариуцагч байгууллагын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д зааснаар ажлын албаны дарга нь ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээний биелэлтийг үнэлж дүгнэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд энэ дүгнэлттэй огт танилцаагүй. Өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээ байхгүй, тайланг дүгнээгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020.11.18-ны өдөр дууссан байхад 2020.12.22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус юм.
Цар тахлаас урьдчидан сэргийлэх тухай хуулийн 7.2.1.-д зааснаар иргэдийн ажлын байрыг хадгалах тухай Засгийн газрын арга хэмжээг заасан байдаг. Засгийн газрын 2020.12.21-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байх үед Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргаас гаргасан журам, дүрмүүдийг зөрчин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон. Ажлаас халсан тушаалын үндэслэл болон хариуцагчийн тайлбар зөрчилдсөн. Ажлын албаны даргын танилцуулга нь ойлгомжгүй, юуг яаж, ямар үнэдэслэлээр сайдад танилцуулаад байгаа нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэг хүний танилцуулгаар шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Үндэсний аудитын газрын тайлангаар Н.Б-ийн хариуцсан ажилтай холбоотой ямар дүгнэлт гарсан, тэр талаар хэрэгт баримт өгөөгүй байна. Нягтлан бодогч нь бүх баримтад хоёрдугаар гарын үсэгийг зурдаг, бүх баримтууд Төрийн сангаар дамжин хийгддэг, шилэн дансанд байршуулдаг байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасныг тогтоосон аудитын дүгнэлт байхгүй байна. Тиймээс Н.Б нь ямар нэгэн санхүүгийн, сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт байхгүй.
Нэхэмжлэгч Н.Б-д ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020.12.25-ны өдөр гардуулж өгөөгүй учир өөрөө 2021.01.12-ны өдөр очиж авсан, түүнийгээ нэхэмжлэлд өгсөн. Нэхэмжлэлээ гаргах боломжгүй, цар тахлын улмаас улс орны хэмжээнд хөл хорио тогтоосон учраас 2021.03.30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2019.11.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан. Н.Б нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрсөн, албан үүрэгтээ хайнга хандсан. 2020 оны жилийн эцсийн тайланг гаргахдаа бараа, материалын эхний үлдэгдэл зөрүүтэй, программаас устгасан, үндсэн хөрөнгө, бараа материалд тооллогын акт үйлддэггүй зэрэг зөрчлүүд гаргадаг.
2017-2020 оны байгууллагын тайланг дүгнэсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангаар 7 хоногт 3 тэрбум төгрөгийн өр авлага үүсгэж, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн маш олон зөрчилд акт, албан шаардлага тавигдсан, санхүүгийн аудитын дүгнэлтээр 18,2 тэрбум төгрөгийн зөрчилд 1,1 тэрбум төгрөгийн акт тавигдсан. Эдгээр зөрчлүүд нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй шууд холбоотой. Ийм байдлуудаас үндэслэн 2020.10.13-ны өдөр хорооны даргад Н.Б-г ажлаас чөлөөлөх саналаа явуулсан. Энэ нь миний ажил, үүрэг юм. Өөрт нь зөрчлүүдийн талаар олон удаа өөрт нь хэлэхэд миний хариуцах зүйл биш гэдэг. Н.Б нь Хөдөлмөрийн гэрээний 1.16, Хөдөлмөрийн дотоод журмын 4.23.2, 4.23.3-т зааснаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.2.-т зааснаар мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Иймд Б/63 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Н.Б-д тушаалыг 2020.12.25-ны өдөр өөрт нь өгсөн, сүүлд нь тушаалаа үрэгдүүлсэн гэсэн шалтгаан хэлээд бичиг хэрэг дээрээс хуулбарыг нь авсан байна. Улс оронд бүх нийтээр хорио цээрийн дэглэм тогтоосон байсан ч шүүх, төрийн байгууллагууд нь хязгаарлалтад ороогүй үйл ажиллагаагаа явуулж байсан.
Нэхэмжлэгч өөрийн биеэр ирж гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргах боломжгүй ч шуудангаар хүргүүлэх боломж нь байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь 2020.12.25-ны өдрөөс хойш тооцоход дууссан, 2021.01.12-ны өдрөөс хойш тооцоход ч бас дууссан байдаг. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2.-т заасныг үндэслэн гаргаж болох байсан ч өөрөө чөлөөлөгдөх хүсэлтэй байсан учраас түүний дахин ажилд орох боломжийг нь харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тушаалдаа заасан байгаа. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч байгууллагад холбогдуулан, ... 2020.12.22-ны өдрийн Б/63 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ... нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч, Н.Б нь нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, алдаа дутагдал гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2017-2020 оны байгууллагын тайланг дүгнэсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангаар 3 тэрбум төгрөгийн өр авлага үүсгэж, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зөрчилд акт, албан шаардлага тавигдсан, санхүүгийн аудитын дүгнэлтээр 1,1 тэрбум төгрөгийн акт тавигдсан зэрэг зөрчил нягтлан бодогчийн ажил үүрэгтэй шууд холбоотой, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь Хөдөлмөрийн гэрээний 1.16., Хөдөлмөрийн дотоод журмын 4.23.2, 4.23.3.-т заасныг зөрчсөн, ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, тушаалыг 2020.12.25-нд өөрт нь өгсөн гэж тайлбарлан маргасан.
Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ, тушаалд ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаагүй, гэрээ дүгнэсэн тайланг танилцуулаагүй, дүгнээгүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон, ажлаас чөлөөлсөн тушаалыг надад 2020.12.25-ны өдөр гардуулж өгөөгүй, 2021.01.12-ны өдөр өөрөө очиж авсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэсэн аудитын дүгнэлт хэрэгт авагдаагүй, сахилгын зөрчил гаргасан гэдгийг нотлох баримтгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж тодорхойлон, ...хороо болон Н.Б нарын хооронд байгуулсан 2019.11.18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тухай 2020.12.22-ны өдрийн Б/63 тоот тушаал, 000146540 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Н.Б-ийн эзэмшлийн “Төрийн банк” ХХК дахь цалингийн дансны хуулгууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 6-10, 38-43, 91-93/ зэргийг нотлох баримтаар гарган, гэрч Н.Э-ийн мэдүүлгээр нотлон мэтгэлцсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Н.Б нь 2019.11.21-ний өдрөөс эхлэн ... сайдын Б/58 тоот тушаалаар ... хорооны нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус сайдын 2020.12.22-ны өдрийн Б/63 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Дээрх үйл баримт ажил олгогч байгууллага болон Н.Б нарын хооронд байгуулсан 2019.11.18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ...сайдын ажлаас чөлөөлсөн тухай 2020.12.22-ны өдрийн Б\63 тоот тушаал, Н.Б-ийн 000146540 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар, гэрч Н.Э-ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон.
2.Ажил олгогч ... хорооны дарга, ... сайдын 2020.12.22-ны өдрийн Б/63 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Н.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан...” гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3., Хөдөлмөрийн гэрээний 1.15-д заасныг тус тус үндэслэн нэхмжлэгчийг нягтлан бодогчийн ажлаас нь чөлөөлсөн байна.
3.Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.11.-д “...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2. дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаатай байх бөгөөд аль нэг талаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бол дахин нэг жилээр сунгана” гэж заажээ.
Нэхэмжлэгч Н.Б-ийн нягтлан бодогчийн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д заасны дагуу байнгын ажлын байранд гүйцэтгэх ажил үүрэгт хамаарах бөгөөд 23.2.2.-т зааснаар талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаатай байгуулж болно. Гэвч хариуцагч байгууллагад нягтлан бодогчийн ажил үүргийг хугацаатай гүйцэтгүүлэх буюу Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл, зайлшгүй шаардлага бий болсон талаар, энэ тухай ажилтан болон ажил олгогч нар харилцан тохиролцсон талаарх нөхцөл байдал хэргийн баримтуудаар тогтоогдоогүй байна.
Нөгөө талаар ажилтан Н.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2020.11.18-ны өдөр дуусахаас өмнө ажил олгогчоос болон ажилтнаас аль алинаас нь ч уг гэрээг цуцлах талаар санал гаргаагүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх 2019.11.18-ны өдрийн Х өдөлмөрийн гэрээ тухайн нөхцөлөөр 1 жилээр сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж зааснаар болон Хөдөлмөрийн гэрээний 1.11-д зааснаар гэрээний хугацаа дуусмагц талууд хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй, ажилтан Н.Б нь 2020.12.22-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримтаар тухайн Хөдөлмөрийн гэрээ 2020.11.18-ны өдрийг хүртэл сунгагдсан байна.
Иймд хариуцагч талын Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх Н.Б-г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасантай нийцэхгүй байна.
4.Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.16-д “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4.23.2, 4.23.3-т заасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж, ...хорооны Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4.23.2-т “ Ажилтан энэ журам болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн, албан тушаалын тодорхойлолт, ажлын төлөвлөгөө, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг үндэслэн тухайн алба хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан, нэгжийн саналыг үндэслэн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна...”, 4.23.3-т “ажилтан нь сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол...ажлаас шууд халах арга хэмжээ авч болно...” гэж тус тус заасан байна.
Хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Н.Б-г Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан талаар шалгаж тогтоосон баримтгүй, мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон тухайн байгууллагын болон хяналт шалгалтын байгууллагын ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
Иймд хариуцагч талаас гаргасан, ... хорооны Ажлын албаны 2020.11.09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, уг хурлаар өгөгдсөн үүрэг даалгавар, 2020.10.05-ны өдрөөс 2020.10.09-ний өдрийг хүртэл хугацааны нягтлан бодогч Н.Б-ийн 7 хоногийн ажлын тайлан, 2020.10.13-ны өдрийн Ажлын албаны дарга Б.А-ын, Орчны бохирдлын бууруулах үндэсний хорооны даргад хүргүүлсэн гэх Н.Б-ийн талаарх танилцуулга зэрэг баримтууд /хх-ийн 48-54, 75-77/ хариуцагч талын тайлбар, татгалзлыг нотлох үндэслэл болохгүйн дээр Н.Б-г ажлаас чөлөөлсөн Б/63 тоот тушаалд сахилгын зөрчилтэй холбоотой ямар нэг үндэслэл заагаагүй байна.
5.Нэхэмжлэгч Н.Б-д хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн Б\63 тоот тушаалыг 2020.12.25-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “2021.01.12” гэсэн огноо бүхий байгууллагын тэмдэгтэй 2020.12.22-ны өдрийн Б\63 тоот тушаалын хуулбарыг хавсаргаж, уг тушаалын хуулбарыг нэхэмжлэгч Н.Б нь 2021.01.12-ны өдөр ажил олгогчоос өөрөө авсан талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж, 129.3.-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын шийдвэрийг 2021.01.12-ны өдөр хүлээн авснаас хойш 2021.02.12-ны өдрийн дотор ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаарх гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021.02.10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2021.02.11-ний өдрөөс 2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2., 11.3.3.-т заасныг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэн, хорио цээрийн дэглэм тогтоосон нь нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах дээрх хугацааг хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь үүнээс хойш 2021.02.24-ний өдрөөс 2021.03.24-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй буюу 2021.03.30-ны өдөр нэхэмжлэлээ анх гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, дээрх хугацаанд нэхэмжлэгчид ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдлоо шүүхэд гаргах боломжгүй болсон талаарх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлийг нотлох баримтгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх шалтгааныг илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Н.Б-ийн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгахаар хариуцагч байгууллагаас шаардах эрхгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, ажил олгогч ... үндэсний хорооны даргад холбогдох дээрх нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан буюу тусгайлсан хуулиар нарийвчлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч ... холбогдох, ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА