Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2025/00013

 

 “У” ХНН-ийн

          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 202/МА2024/00027 дугаар магадлалтай,

“У” ХНН-ийн нэхэмжлэлтэй

Д.Эт холбогдох

872,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, О.Б, хариуцагч Д.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У” ХНН нь Д.Эт холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны өөрийн хөрөнгийг бусдад түрээслэн олох байсан ашиг орлого болох 872,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т заасныг баримтлан “МЗХНН У”-ын Д.Эаас 872,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний          хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 202/МА2024/00027 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Э миний бие МЗХНН “У”-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.23-ны өдрийн 27 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан давж заалдах шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь, миний бие 2014 оноос Сайншанд өртөөний зорчигчийн тавцан дахь 1301**************** бүртгэлийн дугаартай, МЗХНН “У”-ын ашиглах эрхийн 0003******* дугаар бүхий зурвас газарт 12 м2 талбайд дэлгүүрийн зориулалттай зөөврийн сууцыг байршуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сүүлийн 3 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглалтын түрээсийн төлбөрийн маргаан гарсан. Хэрэгт цугларсан баримтаар МЗХНН “У” нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 4410***** нэгж талбарын дугаартай 231,4 га газрыг хугацаагүйгээр, сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр замын дагуух зурвас газрын зориулалтаар ашиглахаар гэрчилгээ авсан.

Газрын тухай хуулийн 3.1.4-т газар ашиглах гэж “хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” заасан. Үүнээс үзэхэд тухайн түрээсэлсэн гэх 12 м.кв газар нь МЗХНН “У”-ын өмчлөх, эзэмших эрхийн газар биш байх бөгөөд уг газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч гэж баталгаажуулсан бөгөөд мөн зүйлийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэж, 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн газар байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ тухайн газрыг Монгол Улсын Үндсэн хууль болоод түүнд нийцүүлэн батлагдсан Газрын тухай хуульд зааснаар “газар ашиглах эрхийн гэрчилгээтэй “У” ХНН нь зөвшөөрөл бүхий газраа Сайншанд сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр зам дагуух газрыг төмөр замын зурвас зориулалтаар ашиглахаас өөр зориулалтаар ашиглахыг хориглосон” буюу төмөр замын үйл ажиллагааг хэвийн явуулахад хамааралгүй, зөвшөөрөгдсөнөөс өөрөөр, зориулалтын бусаар тухайн газрыг ашиглаж, гуравдагч этгээдтэй өөр бусад гэрээ байгуулан, үр шимийг нь хүртсэн нь хууль, журам зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхад давж заалдах шатны шүүх хөндлөнгийн, хараат бус зарчмыг зөрчиж анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудал нотлох баримтыг цуглуулах талаар "зурвас газарт хамаарах талбайг бусдад худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар түрээслэх эрх хэмжээг, эрх бүхий байгууллагаас олгосонтой холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Газрын тухай хуульд зааснаар төрийн өмчийн газрыг гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан, хувь нийлүүлсэн байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хуулиар хориглосон бөгөөд гагцхүү олон улсын гэрээнд зааснаар ашиглуулж болно, тухайн ашиглуулж буй газрыг зориулалтын бусаар ашиглах, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байхад эрх бүхий байгууллагаас тухайн газрыг гуравдагч этгээдэд худалдаа, үйлчилгээ явуулах зориулалтаар түрээслэх эрх олгосон баримтыг авч хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн нь хууль бус болсон байна. Өөрөөр хэлбэл хуулиар зориулалтаас өөр бусдаар ашиглахыг хориглосон байхад бусдад ашиглуулах, түрээслэх эрх олгосон баримт гарах боломжгүй юм.

Харин ч тухайн газрыг бусдад түрээслэх, ашиглуулах нь хуулиар хориотой байхад бусдад ашиглуулж, түрээсийн төлбөр, ашиг олж байгаа үйлдэл нь 231,4 га төмөр замын зурвас газрыг зориулалтын дагуу ашиглах үүргээ биелүүлээгүй байх ба хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний төлбөр 872,000 төгрөгийг гаргуулахаар надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл МЗХНН “У” нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байх тул түүнд хуульд заасан шаардах эрх үүсэхгүй байхад давж заалдах шатны шүүх шаардах эрхтэй эсэхийг огт шалгалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай гэж хэтэрхий нэг талыг баримтлан дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин ч иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан газрын түрээс нэртэйгээр бусдаас түрээсийн гэх төлбөрийг авсан үйлдэл нь өөрөө үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүй.

Мөн шаардах эрх үүсэхгүй байхад дараа дараачийн үр дагаврын талаарх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байхад маргааны үйл баримтаас хэтрүүлэн нэхэмжлэгч талд байх боломжгүй, нотлох баримт цуглуулах талаар дүгнэлт хийж байгаа нь талуудын тэгш байдлыг алдагдуулж, хэтэрхий нэг талыг баримталсан магадлал болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... газар түрээсэлсэн хэмээн нэг талыг хэт барьж шийдвэрлэсэн” гэж дурдсан байх ба анхан шатны шүүхийн шийдвэрт газар түрээсэлсэн гэсэн агуулга бүхий бичиглэл нэг ч байхгүй.

Мөн анхан шатны шүүхийн 2023.09.22-ны өдрийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг анхан шатны шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь уг шийдвэр маргаан бүхий нэхэмжлэлийг хуульд нийцсэн, шаардах эрхтэй гэж үзсэн шийдвэр огт биш бөгөөд ийм шүүгчийн захирамжийн үндэслэл, агуулга, хууль хэрэглээг тайлбарладаггүй болохыг цохон тэмдэглэмээр байна.

Хэрэв бидний хооронд байгуулсан Түрээсийн гэрээг хуульд нийцсэн гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар Түрээслүүлэгч этгээд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар буюу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль ёсны шаардлага тавигддаг бөгөөд тус гэрээг холбогдох төрийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 202/МА2024/00027 дугаартай магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг илтэд буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх тул тус магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2024/01591 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Д.Эын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагч Д.Эын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

7. Нэхэмжлэгч “У” ХНН нь Д.Эт холбогдуулан 2023.09.20-ны өдрөөс 2024.04.10-ны өдрийг хүртэлх хугацаанд олох байсан орлого 872,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... У ХНН нь хариуцагч Д.Этай 2022.09.20-ны өдөр ТГ/22/370 дугаартай түрээсийн гэрээг байгуулж нийгэмлэгийн газарт өөрийн өмчлөлийн дэлгүүр буюу зөөврийн сууцыг байршуулан түрээсээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Түрээсийн гэрээний 8.4.11 дэх заалтад түрээслүүлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсон, ... түрээсийн хөрөнгийг 5 хоногийн дотор түрээслүүлэгчид актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй. ... түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. 2023.09.22-ны өдөр шүүхэд түрээсийн төлбөр, алдангид нийт 1,650,200 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргасан ... Д.Э нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг шүүгч ... захирамжаар баталж шийдвэрлэсэн. ... шүүхийн шийдвэрийн дагуу 1,625,200 төгрөгийг 2023.11.30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан боловч 2023.09.20-ны өдрөөс хойш хөрөнгийг чөлөөлж өгөлгүй байсаар 2024.04.11-ний өдөр чөлөөлж өгсөн. ... Иймд Д.Эаас 2023.09.20-ны өдрөөс 2024.04.10-ны өдрийн хооронд хөрөнгийг бусдад түрээслэн олох байсан ашиг орлого болох 872,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбараа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна.

8. Анхан шатны шүүх хариуцагч Д.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3, 102.5-д зааснаар “У” ХНН зөвшөөрөл бүхий газраа Сайншанд сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр зам дагуух газрыг төмөр замын зурвас зориулалтаар ашиглахаас өөр зориулалтаар ашиглахыг хориглосон гэж ойлгоно. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагчид ... “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болох” эрхийг олгоогүй. Газар ашиглах эрхийн гэрчилгээтэй этгээд хуулиар эрх олгоогүй, хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчиж бусадтай гэрээ байгуулсан нь шаардах эрх үүсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй....” гэж дүгнэсэн.

 9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. Магадлалд “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, зохигч маргаагүй зүйл болох “У”-ын газар эзэмших, ашиглах эрхэд хамаатуулан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимтай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл талуудын мэтгэлцээгүй үндэслэлийг шүүх өөрийн санаачилгаараа гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой байж болох ашиглах эрхийн зөвшөөрөлтэй тусгай зурвас газарт хамаарах 12м.кв талбайг бусдад худалдаа, үйлчилгээ явуулах зориулалтаар түрээслэх эрх хэмжээг, эрх бүхий байгууллагаас олгосонтой холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг шийдвэрлэх нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой...” гэж дүгнэсэн.

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрөн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.  

11. Нэхэмжлэгч “У” ХНН нь газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байх ба Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т газар ашиглагчид эрх олгоогүй, хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчиж бусадтай гэрээ байгуулсан нь шаардах эрх үүсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо зохигч мэтгэлцээгүй асуудлаар шүүх санаачилгаараа эрх зүйн дүгнэлт хийсэн гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлох, хариуцагч шаардлагыг зөвшөөрөх, татгалзах, түүний үндэслэлийг тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд хэргийн зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлэх, дуусгавар болгох эсэхийг өөрөө шийдэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим мөн. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэгч тодорхой тогтоож маргасан байх ба шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, хариуцагчийн татгалзлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэх хууль зүйн боломжтой.

12. Нэхэмжлэгч хариуцагчтай гэрээ байгуулсан, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр цуцалсан, улмаар цуцалснаас хойш гэрээний зүйлийг түүний эзэмшилд шилжүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэн нэхэмжилсэн бол хариуцагч энэ асуудлаар хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу “У” ХНН нь газар ашиглах эрхтэй байх боловч уг газраа, эсхүл түүний тодорхой хэсгийг бусдад дамжуулан эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй гэж дүгнэснийг, давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалт, дүрэм, журмыг хэрэглэх зарчмаар тайлбарлан дүгнэж, хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын маргаан бус, хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхтэй холбоотой маргаан байх тул дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй байна.  Иймд  анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан. Энэхүү үүргээ хэрэгжүүлсэн байдал болон хэрэгт авагдсан баримтад дүгнэлт өгөх замаар талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймээс тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 202/МА2024/00027 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Эаас 2024.11.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                          ШҮҮГЧИД                                 Н.БАТЗОРИГ

                                                                                                Н.БАТЧИМЭГ

                                                                                                Н.БАЯРМАА