Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2018/0840

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2018/0840

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Б гудамж, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, С.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х дүүргийн 00 дугаар хороо, Х гудамж, 000 дугаар байр, 0000 тоотод оршин суух, Э.С

Гуравдагч этгээд: С дүүргийн 00 дугаар хороо, Ө хороолол, 00 дугаар байр, 0-0 тоотод оршин суух, Т.Б

Гуравдагч этгээд: Б дүүргийн 0 дугаар хороо, У 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, А.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд А.М, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Анх маргаан бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар 220 м.кв газрыг М.О-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0062716 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

С.Б нь өөрийн хамт ажилладаг байсан М.О-ээс 220 м.кв талбай бүхий эзэмшил газрыг шилжүүлэн авахаар 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээг хуулийн дагуу хийж, холбогдох бичиг баримтыг Газрын тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн, Чингэлтэй дүүргийн газрын албанд өгсөн боловч, дүүргийн Засаг даргын 2011 оны А/206 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэхдээ үндэслэлгүйгээр 50 м.кв-ыг хасч, газрын хэмжээг багасган 170 м.кв газрыг С.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, кадастрын мэдээллийн санд С.Б-ийн газрыг 55 м.кв-аар бүртгэсэн. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/192 тоот захирамжаар М.О-ийн эзэмшил газартай давхцуулан, орц, гарцыг нь хаасан байдлаар 374 м.кв газрыг Х.Ш-д эзэмшүүлснээс үүдэн газрын маргаан эхэлсэн.

Э.С нь Х.Ш-оос 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тухайн газрыг шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Газрын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын алба нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй.

Энэ хугацаанд Э.С нь уг газар маргаантай, шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдсээр байж, Нийслэлийн Засаг даргад хандан газар өмчлөх хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/355 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Э.С-д өмчлүүлсэн. Э.С нь газар өмчлөх эрхийг Т.Б-д, Т.Б нь А.М-д шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна.

Чингэлтэй дүүргийн Газрын алба хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа этгээдэд газар өмчлүүлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох бичиг баримтын хамт Нийслэлийн Засаг даргад уламжилдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан, маргаантай байгаа газрыг иргэнд өмчлүүлэх тухай холбогдох бичиг баримтыг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14.1.3 дахь заалтыг зөрчсөн. Мөн Э.С-ийн газар өмчилж авах хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар газар өмчлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг хянах явцад газрын маргаантай, шүүхийн шийдвэр гарсан талаар мэдэх боломжтой байсан боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн энэхүү алдаатай шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу залруулах үүргээ хэрэгжүүлэхгүй байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэргэжилтэн болон Хуулийн хэлтсийн даргатай уулзахад 220 м.кв газрыг ямар нэгэн байдлаар олгоно гэсэн боловч маргаан бүхий газрын ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах хуучин гол урсдаг байсан жалганд олгоно гэдэг. Энэ нь өөрөө өвлийн улиралд маш их хэмжээний цас хуримтлагддаг бөгөөд машин явах боломжгүй, үер, усны аюултай бөгөөд голын ай сав газарт газар эзэмшүүлэх эрх олгох хууль эрх зүйн үндэслэл Чингэлтэй дүүргийн Газрын албанд байхгүй гэж үзэж бид татгалзсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжаар 374 м.кв газрыг Х.Ш-д эзэмшүүлсэн. Газар эзэмшигч Х.Ш нь Э.С-тай тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Э.С-д шилжүүлсэн.

Э.С нь өөрийн эзэмшлийн газрыг өмчлөх хүсэлт гаргасныг судалж үзээд Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар дэмжигдэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын дагуу Э.С-д газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан.

Чингэлтэй дүүргийн Газрын албаны тухайн хороо хариуцсан газар зохион байгуулагч маргаантай тэмдэглэгээг мэдээллийн санд хийх үүрэгтэй боловч тус үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан бүхий акт гарсан байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүхийн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Газрын алба хэрэгжүүлээгүй, тус албаны мэдээллийн санд тэмдэглээ хийгээгүй буруутай үйл ажиллагаа, алдаатай баримтыг үндэслэн Э.С-д газар өмчлүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/355 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл байна гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Газрын алба өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус 2 иргэнд тухайн газрыг ямар нэгэн давхцалгүйгээр олгосноор маргааныг шийдвэрлэх боломжтой гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Э.С нь Х.Ш-той харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид 12 гудамжны 1239 тоот хаягт байрлах нэгж талбарын 18641325028781 дугаар бүхий 374 м.кв газрыг худалдан авч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар захирамжаар гэр бүлийн зориулалтаар эзэмших эрхийг авсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.5.2-т заасны дагуу өөрийн эзэмшлийн газрыг өмчилж авах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/355 дугаар захирамжаар , Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид 12 гудамжны 1239 тоот хаягт байрлах нэгж талбарын 18641325028781 дугаар бүхий 374 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, Г-2202017064 дугаар бүхий газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Э.С нь Т.Б-тай харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн газрыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдсан.

Э.С нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгэж, өмчлөлийн газрынхаа хил, заагийг тэмдэгжүүлж, газар эзэмших, өмчилж авахтай холбоотой бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэн өгсөн бөгөөд дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нар нь Газрын тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд 374 м.кв газрыг Э.С-д эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

С.Б нь Э.С-д газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, С.Б-ийн 220 м.кв газрын эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэхийг даалгасан шийдвэр болохоос С.Б-ийн газар нь Э.С-д өмчлүүлсэн 374 м.кв газартай давхацсан асуудал байхгүй.

Иймд С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 100 хувь бусдын асаргаанд байдаг тул хотын утаанаас холдох зорилгоор Э.С-тай харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ хийж, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид 12 гудамжны 1239 тоот хаягт байрлах нэгж талбарын 18641325028781 дугаар бүхий 374 м.кв газрыг худалдаж авсан.

Тухайн газрын худалдаж авахдаа Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан тул худалдаж авсан. Зуслангийн газар дээр байсан хуучин байшинг нурааж, багагүй хэмжээний хөрөнгө гаргаж, 48 м.кв бүхий өвлийн байшинг барьж, шинээр төмөр хашаа, саравч барьсан.

Гэтэл байшин барьж байх үед хажуу айлын хүн ирж энэ газар, байшин чинь манайх, энэ хэсгээр гарц гаргана, барьж буй байшинг чинь нураана, би төрийн тусгай хамгаалалтад ажилладаг, том биетэй залуус авчирч нураалгана гэх зэргээр дарамталж байсан тул өөрсдөө амьдрахаар тохижуулсан газраа зах зээлийн үнээс хямд зарахад хүрсэн.

Ингээд хашаа байшингаа 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ хийж, А.М гэдэг хүнд худалдсан.

Дээрх газрыг худалдан авахад эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж маргаан бүхий газрыг худалдаж авсан тул С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Т.Б гэх хүнээс газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 374 м.кв газрыг 6х7 харьцаатай өвлийн байшингийн хамт 30 сая төгрөгөөр худалдаж авсан.

Тухайн үед газар өмчлөх эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан. Газрын тухай хуулиар олгогдсон хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж авсан.

Газрын маргаантай гэдгийг нь мэдээгүй, худалдаж авсан газар дээрээ ирэх болгонд хөрш болох С.Б нь ... шүүхийн шийдвэр гарсан, танай байшинг нураалгана гэж удаа дараа сүрдүүлж байсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай төмөр хашааг бидэнд мэдэгдэлгүйгээр нураасан байсныг хөрш айлын хүмүүс бидэнд утсаар мэдэгдсэнээр мэдэж, тодорхой шаардлагыг тавьсан. С.Б нь газар эзэмших хүчин төгөлдөр гэрчилгээг огт үзүүлээгүй.

Газрын тухай хуульд зааснаар өмчлөх эрхийн 000403364 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 374 м.кв газар нь хууль ёсных гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь С.Б нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг зөрчиж, Э.С-д газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь миний газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... эрх бүхий байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны 3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр, 2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2011 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 21/29 дүгээр, 2014 оны 101 дүгээр, 2014 оны 181 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Э.С-ийн гэр бүлийн зориулалтаар эзэмшиж буй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 12 дугаар гудамжны 1239 тоотод байршилтай 374 м.кв газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар М.О-т Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Жигжид гэх газарт 220 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, М.О нь эзэмшил газраа С.Б-д шилжүүлэх хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/206 дугаар захирамжаар С.Б-д Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидэд зуслангийн зориулалтаар 170 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжаар Х.Ш-д Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Жигжидийн зусланд байрлалтай 374 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байх бөгөөд Х.Ш нь өөрийн эзэмшлийн дээрх газрыг Э.С-д худалдаж, өөрийн эзэмших эрхээ шилжүүлснээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/170 дугаар захирамжаар Э.С-д Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Жигжидэд байрлалтай 374 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Э.С нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн дээрх газрыг өмчилж авах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжаар Э.С-д өмчлүүлсэн, Э.С нь уг газраа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр Т.Б-ы өмчлөлд, Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр А.М-ын өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрийн нэг дэх заалтаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 23 дугаар зүйлийн 23.4.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжийн Х.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн М.О-ээс 220 м.кв газрыг хуульд зааснаар шилжүүлэхдээ орц, гарц бүхий байдлаар баталгаажуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны актыг хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр, хоёр дахь заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 3: дугаар зүйлийн 35.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 3, дугаар зүйлийн 38.1, 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/206 дугаар захирамжийн иргэн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь С.Б-ийн эзэмшил газрыг 55 м.кв хэмжээтэйгээр газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.О-ээс гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг түүнд заасан хэмжээгээр шилжүүлэхдээ нэгж талбар бүхий газар эзэмшигч нарын газар эзэмших эрх анх үүссэн цаг хугацааны дарааллыг харгалзан үзэж, тэдгээрийн орц, гарц бүхий газар эзэмших эрхийг хангах байдлаар дахин зохион байгуулж, газар эзэмшүүлэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албанаас шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулж, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт гаргаагүй. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч нь уг газрыг маргаантай талаарх тэмдэглэгээг кадастрын мэдээллийн санд оруулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15/724 дүгээр албан бичгээр[2] тогтоогджээ.

Гэтэл дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ... нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт нэр шилжүүлэн болон шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ... суурин болон хээрийн судалгааг хийгээгүй, орц гарцыг нарийвчлан тодорхойлж тогтоогоогүй, газар дээр нь очиж, нэг координатаар тэмдэглэж баталгаажуулаагүй, давхцал үүсч байгаа эсэхийг шалгаж, тогтоох үүргээ биелүүлээгүйгээс холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, ... хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн шилжүүлэн авч байгаа эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг анх олгогдсон хэмжээгээр тухайн үед мэдээллийн санд оруулаагүй орхигдуулснаас шалтгаалж буюу хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эзэмшил газрын орц, гарц бүхий нэгж талбар газрын зохион байгуулалт алдагдах, гуравдагч этгээд Х.Ш-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан Э.С-ийн газрын давхцлын байдал бий болсон байх тул хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хохирох нөхцөл байдлыг хариуцагч залруулах нь зүйтэй юм гэж дүгнэн иргэн Э.С-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлсэн иргэн Х.Ш-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаар захирамжийн холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн, уг захиргааны актын эрх зүйн үйлчлэл зогссон байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү нөхцөл байдлыг нягтлан үзэхгүйгээр Э.С-д газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэсэн газар өмчлүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэгэнт газар эзэмшүүлэх эрхийг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, уг захиргааны актын үйлчлэл зогсох тул тухайн тохиолдолд газар эзэмшүүлэх асуудлыг эхэлж шийдвэрлэхээс бус газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.2-т захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчлан тогтоосон байх тул хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь өмнөх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрт заасан ажиллагааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албанаас хийж гүйцэтгэсний дараа буюу шүүхийн шийдвэрийг биелүүлсний дараа маргаан бүхий газрыг өмчлүүлэх эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Э.С нь Газрын тухай хуулийн дагуу өөрийн эзэмшиж байсан 374 м.кв газраа өмчилж авсан байх бөгөөд уг газрыг эзэмших эрх анх 2006 онд Х.Ш-д үүссэн, иргэн Х.Ш нь дээрх эзэмшлийн газрын гэрчилгээг 2012 онд иргэн Э.С-д шилжүүлсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр Х.Ш-д газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжийн холбогдох хэсгийг шүүхээс шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшил газрын асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа маргаан бүхий газрыг өмчлүүлэх эсэхийг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 31

дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын Х.Ш-д газар эзэмших эрх олгосон захирамжийг ... шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Тус шүүхийн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Газрын алба хэрэгжүүлээгүй нь Газрын албаны буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Э.С-д тус газрыг Чингэлтэй дүүргийн Газрын албанаас ирүүлсэн алдаатай баримтыг үндэслэж, өмчлүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын буруутай үйлдэл мөн. ... тухайн газрыг ямар нэгэн давхцалгүйгээр олгосноос маргааныг шийдвэрлэх боломжтой гэж өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл өмнөх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан тодорхой ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа буюу шүүхийн шийдвэр биелэгдсэнээр газрын давхцал юунаас болж үүссэн, тухайн газрыг эзэмших эрх түрүүлж хэнд үүссэн зэрэг нөхцөл байдал болон эзэмшил газрын орц, гарцыг нарийвчлан тодорхойлсноор уг маргаан бүхий газрын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхээс нэмж тодруулах асуудал нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 /гурван / сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН