Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2021/00253

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин А-г эх О.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ч.М-оос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ч.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч О.Энарт  тус тус даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /Далан мянга хоёр зуу/ төгрөг,  хариуцагч Ч.М-оос хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 35,164 /гучин таван мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, тус тус улсын орлогод үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Ч.М-оос гаргуулан нэхэмжлэгч О.Э-д, сөрөг нэхэмжлэлийг татан авсан тул сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 72,534 /Далан хоёр мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг Төрийн сангийн 100160000941 тоот данснаас гаргуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-д тус тус олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Э-д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.М-д тус тус мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН