| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0061/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/59 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч, шүүгдэгч Т.Н, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н, Д.О нарт холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Т.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад Д.О тэй бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдан улмаар харилцан зодолдож Д.О-ийн зүүн өвдөгөн тус газар нэг удаа өшиглөж, алагдаж, цээж хэсэг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад Т.Н.Лтэй бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдан улмаар харилцан зодолдож Т.Н.Л-ийн цээжийг хумсаараа маажиж, чих рүү нь алагдаад, хөл рүү өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Н.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад Д.О-тэй бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдан улмаар харилцан зодолдож Д.О-ийн зүүн өвдөгөн тус газар нэг удаа өшиглөж, алагдаж, цээж хэсэг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад Т.Н.Лтэй бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдан улмаар харилцан зодолдож Т.Н.Лийн цээжийг хумсаараа маажиж, чих рүү нь алагдаад, хөл рүү өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Т.Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 01 сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Зааланд гар бөмбөг тоглож байтал бөмбөг таазанд хүрчих шиг болохоор нь 2 баг хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь О.Г бид нарыг балай гэж бодоо юу гэхээр нь би тэгээд бид нар балай юу гээд бид хоёрын хэрүүл эхэлсэн. Тэгж байгаад намайг мэдлэг боловсролгүй балай авгай эндээс зайл энэ тэр гээд намайг доромжлоод байхаар нь би явж очоод юу гээд байгаа юм чи дахиад наад үгээ хэл дээ гээд хувцаснаас нь татсан. Тэгээд хэрүүл хийж байгаад салаад гардаг юм уу гэж байтал намайг заалнаас зайл балай авгай энэ тэр гээд байхаар нь би буцаж очоод чи ер нь юу гээд байгаа юм гэсэн чинь намайг урдаас хөлөөрөө тийрсэн. Миний гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би үсдээд О.Г ч намайг үсдэж аваад аль аль нь зууралдаад үсдэлцсэн. Тэгээд намайг тэнд байсан багш нар салгасан. О.Г уйлаад би ч тэгээд хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад яах вэ гээд гараад явсан. О.Г л цагдаа дуудаад төлөөлөгчид хэлж мэдэгдсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хх-50х),
Шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Зааланд гар бөмбөг тоглож байхад манай багийн гишүүний тоссон бөмбөг нэлээн дээшээ яваад тэрнээс болоод манайхан таазанд хүрээгүй гээд эсрэг баг таазанд хүрсэн гээд маргасан. Тэгээд манай багийн нэг багш за яршиг дандаа ингэж байдаг юм өг өг гээд бөмбөгөө нөгөө багт шилжүүлсэн. Би тэр маргааны дундуур мэдрэл муутай биш таазанд хүрсэн хүрээгүйг мэднэ шүү дээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгсэн чинь Н.Л эгч бид нар тэгээд мэдрэл муутай юм уу О.Гээ чамайг би ална шүү гээд орилсон. Тэгээд манай багийнхан больё больё гээд сууцгаасан. Би заалны буланд очоод сууж байтал Н.Л чи зүгээр битгий ингэж бай та нарын эзэмшлийн заал уу гэхээр нь би битгий зааланд дандаа хэрүүл хийж бай гудмын зангаа битгий энд гаргаж бай авгай минь гэсэн чинь хүрч ирээд толгой руу гар хуруугаараа хатгаж толгойд хүрээд түлхээд байхаар нь би бас зодоон болох нь гэж бодоод чимээгүй байж байснаа толгой руу хатгаж энэ тэр болоод байхаар нь зайлаач авгай минь гээд хэлчихсэн. Тэгтэл намайг алгадаад авсан. Би хөдлөөгүй. Тэгээд заалны зүүн талын булангаас гол дунд нь ирээд би хувцсаа өмсөөд зогсож байсан. Би эхлээд гар хөдлөөгүй ч гэсэн уур хүрээд балай авгай энэ тэр гээд хэрүүлээ хийж л байсан. Тэгсэн чинь над дээр ирээд дахиад нэг өшиглөөд авсан. Тэгэхээр нь би буцаагаад гуя руу нь өшиглөсөн чинь намайг хувцаснаас татаж ураад хоёр гараараа үсдэж дарсан. Би зөрүүлээд нэг гараараа үсэдсэн. Тэгээд л бид хоёрыг тэнд байсан гурван багш салгасан. Тэгж байхад Н.Л чамайг ална шүү гээд байсан. Би салаад шарандаа уйлаад чи муу мэдлэг боловсролгүй юм, дандаа зааланд хэрүүл хийж байдаг” энэ тэр гээд хэлсэн. Тэгээд цагдаа дуудна энэ тэр болж байгаад сумын хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Н.Л тэр чинь хэнд хамаатай юм гээд гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг (хх-51х),
Хохирогч Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын сургуулийн спорт зааланд гар бөмбөг тоглож байхад эсрэг багийн О.Г гэх хүнтэй бөмбөг таазанд хүрсэн. хүрээгүй гэх асуудлаас маргалдаад би О.Г-т хандан чи зааланд тоглохоор дандаа хэрүүл хийж байдаг гэсэн чинь чи ч гэсэн дандаа хэрүүл хийдэг гээд мэдлэг боловсролгүй эргүү мал минь чи заалнаас зайл гээд дунд хуруугаа гаргаад чамд тааруулж харьцаж байна гэх мэтээр нь доромжлоод байхаар нь юу гээд байгаа юм гээд О.Г рүү очоод барьцалдаж аваад үснээсээ зулгаалцаад хувцаснаасаа зулгаалцахад бид хоёрын цээж хумсаараа урсан байсан. Ингээд зодолдож байхад тэнд тоглож байсан багш нар бид хоёрыг салгаж байх үед О.Г миний чих рүү алгадаад, хөл рүү тийрээд тэрнээс болоод миний хөл хөхөрсөн байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-21-22х),
Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төмөрбулаг сумын 5-р баг Ерөнхий боловсролын сургуулийн Спорт зааланд волейбол тоглож байсан. Манай эсрэг багт тоглож байсан Н.Л гэдэг эгч манай багийн бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдаж эхэлсэн ба Н.Л эгч над руу дайраад О.Гээ чи юу юм чамайг ална шүү гэсэн. Та яахаараа зааланд орж ирээд хэрэлддэг юм гэсэн чинь чи энэ заалны юу юм гээд хэрэлдэж байснаа миний хажууд ирээд толгой руу нэг удаа гараараа чичихээр нь би зайлаарай авгай минь гэсэн чинь миний баруун хацар луу нэг удаа алгадаад цаашаа яваад суусан. Тэгээд хэрүүл үргэлжилсээр л байсан. Тэгээд миний зүүн өвдгөн тус газар нэг удаа өшиглөсөн. тэгэхээр нь би буцааж Н.Л эгчийг хөлөн тус газар нь нэг өшиглөсөн Тэгээд намайг барьж аваад цээж хэсэгт маажиж пудволка урж үснээс зулгаагаад доош нь тонгойлгож хоёр гараараа дарахаар нь би нэг гараараа үснээс нь зулгаасан. Ш.О.Г, Д.Г, П.Т нар ирж салгасан. ... ” гэх мэдүүлэг (хх-15-16, 18х),
Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй талаар Н.Л, О.Г хоёр маргалдаад түүнээс болоод манай хоёр баг тоглохоо больсон. Тэгээд Н.Л, О.Г нар маргалдаад байсан ба Н.Л нь О.Гийн толгой руу хоёр удаа чичээд нэг алгадсан. Н.Л холдсон байснаа эргэж ирээд О.Гийн хөл рүү нэг удаа өшиглөөд тэгээд Н.Л, О.Г хоёр бие биеийнхээ үснээс зулгаалцсан. Тэгээд Ганцацрал, тогооч О.Г бид гурав очиж салгасан. ...” гэх мэдүүлэг (хх-25-26х),
Гэрч Ш.О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бөмбөг таазанд хүрсэн хүрээгүй гэж Н.Л, О.Г нар маргалдаад түүнээс болоод хоёр баг тоглохоо больсон. ...Н.Л нь О.Гийн толгой руу хуруугаараа хоёр удаа чичээд нэг удаа алгадсан. О.Г нь урдаас нь эсэргүүцэл үзүүлээгүй хэрэлдээд суугаад байсан. тэгээд Н.Л холдсон байснаа иргэж ирээд О.Гийн хөлөн тус газар нэг удаа өшиглөсөн. Бие биенийхээ үснээс зулгаалцаад Ганцацрал, Тогоохүү бид гурав очиж салгасан. ... “ гэх мэдүүлэг (хх-27-28х),
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Л, О.Г нар маргалдаад байсан, яг юу гэж хэрэлдээд байгааг сонсоогүй зааланд цуурайтаад байсан ба Н.Л нь О.Гийг нэг удаа алгадаж байхыг нь харсан. Би тухайн үед өөр ямар асуудал болсон талаар сайн анзаарч хараагүй. О.Г урдаас нь эсэргүүцэл үзүүлэхгүй хэрэлдээд суугаад байсан. Тэгээд Н.Л холдсон байснаа эргэж ирж О.Гийн хөлөн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөөд тэгээд Н.Л, О.Г хоёр бие биеийнхээ үснээс зулгаасан. Тэгээд манай сургуулийн тогооч Ш.О.Г. Тогоохүү бид гурав очиж салгасан. ... гэх мэдүүлэг (хх-33-34х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай:
1. Д.Оийн биед зөөлөн эдийн гэмтэл, хоолой, цээж, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3. Д.Оийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт (хх-37х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай:
1. Т.Нарангэрлийн биед дух, зүүн хацар, цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүгэгдсэн байна.
3. Т.Н.Лийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. “... гэх дүгнэлт (хх-42х),
Шүүгдэгч Д.Оийн хувийн байдлыг тогтоосон:
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч .Н.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад Д.Отэй бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдан улмаар харилцан зодолдож Д.Оийн зүүн өвдөгөн тус газар нэг удаа өшиглөж, алагдаж, цээж хэсэг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрийг, шүүгдэгч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын спорт зааланд гар бөмбөг тоглож байгаад .Н.Лтэй бөмбөг таазанд хүрсэн, хүрээгүй гэж маргалдан улмаар харилцан зодолдож Н.Лийн цээжийг хумсаараа маажиж, чих рүү нь алагдаад, хөл рүү өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Н.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-21-22х), Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-15-16, 18х), Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-25-26х), Гэрч Ш.О.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-27-28х), Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-33-34х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт (хх-37х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт (хх-42х), 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-72-73х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Л, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.Л, Д.О нар нь үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Н.Л, Д.О нар харилцан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Л, Д.О нар нь харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Л, Д.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-72-73х),
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Л, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Н.Л, Д.О нар нь “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Н.Л, Д.О нар нь хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч .Н.Л, Д.О нар нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэр гийг харгалзан тус бүр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Л, шүүгдэгч О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л, шүүгдэгч О.Г нарыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Л, Д.О нар нь торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд тус тус төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Л, Д.О нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Н.Л, Д.О нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л, Д.О нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН