Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.Төрболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Д,

Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х-д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн ...... суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжилтэй, Завхан аймгийн ....... сумын ..... ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ...... багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...... овогт А-ийн Х, регистрийн дугаар ..........,

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х нь аймгийн Засаг даргын зүгээс “Х” ХХК компанитай байгуулсан гэрээ цуцлагдаагүй, хугацаа дуусаагүй байхад “Х” ХХК-ний шугам сүлжээ нь ус алддаг, өвөлдөө хүйтэн, халдаггүй гэх шалтгаанаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй “Б” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

...... аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Б нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц-той 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд” Завхан аймгийн ..... сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулсан байна. Уг гэрээний нөхцөл нь гүйцэтгэгч компани халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн гүйцэтгэж 30 жилийн хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлийн дагуу орон өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тусгагдсан байна.

Шүүгдэгч А.Х нь аймгийн Засаг даргын зүгээс “Х” ХХК компанитай байгуулсан гэрээ цуцлагдаагүй, хугацаа дуусаагүй байхад “Х” ХХК-ний шугам сүлжээ нь ус алддаг, өвөлдөө хүйтэн, халдаггүй гэх шалтгаанаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй “Б” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэрч С.Г-ийн “...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн .... сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг засаг дарга А.Х байгуулсан талаар мэдэхгүй. 2022, 2023 онуудад Завхан аймгийн .... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ..... сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээний талаар ямар нэгэн асуудал хэлэлцэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас/,

- Гэрч Ч.М-ын “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн .... сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хамтран ажиллах гэрээг засаг дарга А.Х байгуулсан... “Б” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа байр бол Засаг даргын тамгын газрын өмчид бүртгэлтэй байр юм. Засаг дарга А.Х нь түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш. Би байрыг түрээслэх гэрээ байгуулсан талаар мэдэхгүй тухайн үед ээлжийн амралттай байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас/,

- Гэрч Ч.Н-ийн “...Надад 2023 оны 3 дугаар сард Завхан аймгийн .... сумын нэгдсэн халаалтыг шинээр холбох сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулах саналыг засаг дарга А.Х тавьж гэрээ байгуулсан. Тухайн үед засаг дарга А.Х нь хуучин халаалтыг хангаж байсан уурын зуухны асуудлыг ажлын хэсэг гараад шийдвэрлэх учир намайг ажлаа эхлүүлж болно гэж хэлсэн. Гэрээний дагуу би судлаад хөрөнгө оруулагч олж шаардлагатай материалыг 2023 оны 5 дугаар сард авчирсан. Тэгээд уурын зуух барих газрын асуудлыг засаг дарга А.Х-д тавихад намайг шинээр газар гэж байхаар 20 гаруй жил ашиглаагүй хуучин халуун усны газрыг ашиглаад үйл ажиллагаа явуулж болно гэсний дагуу та нар бичиг баримтыг болгож өгвөл надад татгалзах зүйл байхгүй гээд зөвшөөрсөн. ...Би дулааны ажлыг хийхээ больё гээд байж байхад 2023.08.18-нд Заcar дарга Х надтай уулзаад аймгийн засаг даргын хуулийн зөвлөх гэдэг хүнтэй ярьсан суманд 2 уурын зуух байж болох юм байна эхний ээлжинд та гэрээгүй газруудад халаалт өгөх боломжтой гээд хэлэхээр нь би ажлаа эхлүүлсэн... Завхан аймгийн ..... сумын нутагт дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зэрэг зөвшөөрөл аваагүй. Би өөрийн компани дээр тусгай зөвшөөрөл авах гээд явсан боловч маш их ажилтай учир авч чадаагүй. Зураг төслийн ажил, байгаль орчны үнэлгээ зэрэг нь бэлэн болж байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-92 дугаар хуудас/,

- Гэрч Ц.А-ийн “...Хяналт шалгалтаар Завхан аймгийн ... сумын засаг дарга болон “Б” ХХК-ийн захирал Ч.Н нарын хооронд нэгдсэн халаалтаар хангах гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн бөгөөд баримтуудыг үзэхэд “Б” ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг “А" ХХК-тай байгуулсан байсан. Өөр ямар нэгэн баримт байхгүй, зөвшөөрөл авсан зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, батлагдсан ажлын зураг төсөвгүй, эрчим хүчээр хангах техникийн нөхцөлгүй байсан учир 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-24-01/075/01 дугаартай үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт тавьж хүргүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-105 дугаар хуудас/,  

- Гэрч Б.Б-гийн “...Завхан аймгийн Засаг даргын тамгын газар болон манай газарт Завхан аймгийн .... сумын Засаг дарга А.Х нь “Б” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ямар нэгэн мэдэгдсэн зүйл байхгүй... Завхан аймгийн ..... сумын Засаг дарга А.Х нь “Б” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ямар хууль журам зөрчсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. Төрийн өмчийг бусдад түрээслэхдээ түрээслэгч хувь хүн болон хуулийн этгээдтэй гэрээ байгуулан тухайн гэрээг манай газарт мэдэгдэж зөвшөөрөл авч баталгаажуулсан байх ёстой. Завхан аймгийн ..... сумын төвд байрлах халуун усны барилгыг бусдад түрээслэх талаар зөвшөөрөл авч түрээсийн гэрээг баталгаажуулсан зүйл байхгүй. Үүнийг Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “ хөрөнгийг түрээслэх журам”-ын дагуу зохицуулагддаг. Төрийн эд хөрөнгийг түрээсэлсэн хувийн хэвшлийн байгууллага нь төрийн эд хөрөнгийн хийц, зориулалтыг өөрчлөх эрхгүй. Түрээсэлж байгаа хуулийн этгээд болон хувь нь төрийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, их засвар хийхдээ манай газраас зөвшөөрөл авах ёстой. Завхан аймгийн ..... сумын төвд байрлах халуун усны барилгын зориулалтыг өөрчлөх болон ашиглаж байгаа талаар зөвшөөрөл аваагүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139-143 дугаар хуудас/,

- Гэрч Г.А-ы “...Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус аймгийн .... сумын Засаг дарга А.Х нь “Б” ХХК-тай гэрээг байгуулахад Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар сонгож эрх олгосон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дугаар хуудас/,

- Гэрч У.Б-ийн “...Завхан аймгийн .... сумын төвийг халаалтаар хангах "Х" ХХК-тай концессын гэрээ байгуулсан бөгөөд тухайн уурын зуух яг хэзээ яаж ашиглалтад орсон талаар би мэдэхгүй байна. 2023 оны намар 10 дугаар сард аймгийн Засаг даргатай хамт тайлан тавих ажлаар явахад .... суманд очиход 2 дахь уурын зуух баригдаж эхэлсэн байсан. Үүнийг барьсан шалтгааныг Х дарга тайлбарлахдаа үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух нь стандартын бус, шугам сүлжээ нь ус алддаг, өвөлдөө хүйтэн халдаггүй учир өмнөх гэрээг цуцалж өгөхийг хүссэн. “Х” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцалж өгөх хүсэлтийг Засаг дарга А.Х нь 2023 оны 04 дүгээр сарын сүүл, 06 дугаар сүүлд тавьж байсан. Энэ хүсэлтийг одоо болтол шийдвэрлээгүй байгаа. Эхний хүсэлтийг хүлээж авах боломжгүй бөгөөд учир нь тухайн асуудлаар Засгийн газрын 11-11 болон, аймгийн засаг даргад албан ёсоор ямар нэгэн гомдол гаргаж хандаж байгаагүй, Аймгийн Эрчим хүчний зохицуулах газар, мэргэжлийн харьяа байгууллагад хандаагүй байсан. Гэнэт л халаалт муу учир өмнөх гэрээг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Завхан аймгийн ..... сумын Засаг дарга А.Х нь аймгийн Засаг дарга болон бид нарт ойлгуулахдаа өмнө ажиллаж байсан уурын зуухны ажилтай давхцахгүй, шинээр баригдсан сургуулийн барилгын өргөтгөлийг халаана гэж хэлдэг юм. Тэгсэн яг адилхан шугам сүлжээ байгуулаад бүх байгууллагын дулаанд холбохоор болсон байсан. Завхан аймгийн ..... сумын Засаг дарга А.Х-д “Б” ХХК-тай тус сумын төвийн нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах тухай гэрээ байгуулахдаа аймгийн Засаг даргад танилцуулсан гэдэг. Гэхдээ Засаг дарга А.Х-д эрх олгож зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Энэ эрх нь аймгийн засаг даргын бүрэн эрхэд байдаг. Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар сонгож эрх олгосон шалгаруулалт явуулсан зүйл огт байхгүй.  Завхан аймгийн ..... сумын Засаг дарга А.Х нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ..... сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг “Б” ХХК-тай байгуулахдаа аймгийн Засаг даргад мэдэгдэж хуулийн хэлтсээс зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Завхан аймгийн .... сумын Засаг дарга А.Х нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн .... сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг “Б” ХХК-тай байгуулсан гэдгийг мэдэгдээгүй бөгөөд тухайн гэрээг хянуулсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-152 дугаар хуудас/,  

- 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Завхан аймгийн ..... сумын засаг дарга А.Х болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан Завхан аймгийн .... сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах тухай гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,  

- 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23/07/17 дугаар Завхан аймгийн ..... сумын засаг дарга А.Х болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран төгсдөг гэмт хэрэг юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д бүх шатны Засаг дарга болон…” гэж заасан байх тул сумын засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч А.Х нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6 дэх хэсэг “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухайн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж Завхан аймгийн Засаг даргын зүгээс “Х” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, гэрээнд заасан 30 жилийн хугацаа дуусаагүй байхад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй “Б” ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг байгуулж “Б” ХХК-д давуу байдлыг олгожээ. 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгч Ц.Д нар “...Б ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ байгуулсан нь “Х” ХХК-д ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй. “Х” ХХК нь тус сумын төсвийн байгууллагууд болон зарим аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж байгаа. Манай сум өргөжин тэлж байгаа бөгөөд “Б” ХХК бусад газар болон айл өрхүүдийг дулаанаар хангаж ажиллана. Мөн суманд 2 уурын зуухтай болсноор өрсөлдөөн бий болж үйлчилгээний чанар сайжрах нөхцөл бүрдэнэ” гэв.

Гэвч Завхан аймгийн .... сумын засаг дарга А.Х-ийн “Б” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээний нэг дэх хэсгийн “Зорилго”-д “...төсвийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдийн дулаан хангамжийн системийг боловсронгуй болгох чиглэлээр хөрөнгө оруулалт хийж шинэ техник, технологи нэвтрүүлэн ажилтан, ажиллагсад, иргэдийн ая тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг хангаж ...хүйтний улиралд дулаанаар хэвийн найдвартай хангахад талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж, мөн гэрээний 4.6-д “Төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдийг халаалтын системд бүрэн хамрагдуулна” гэж тус тус заасан байна.

Уг гэрээгээр Завхан аймгийн ..... суманд үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангах чиглэлтэй байх бөгөөд одоо үйл ажиллагаа нь явагдаж буй “Х” ХХК-ийн тус сумын төсвийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүдийг дулаанаар хангах үйл ажиллагаа “Б” ХХК-д шууд шилжихээр байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтад “...сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг …холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.” гэжээ.

Гэтэл Завхан аймгийн ..... сумын засаг дарга А.Х нь тус аймгийн засаг даргын “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц-той 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 30 жилийн хугацааны дотор ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлийн дагуу орон өмчлөлд шилжүүлэн өгөх нөхцөл бүхий “Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд” Завхан аймгийн ... сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ цуцлагдаагүй хүчин төгөлдөр үйлчилж байхад өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй “Б" ХХК-тай тус сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан талууд гэрээний биелэлтийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу дүгнээгүй, албан ёсны ажлын хэсэг байгуулж “Х” ХХК-ийн техникийн хүчин чадлыг тодорхойлоогүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн дулаан хангамжийн үйл ажиллагаа эхлүүлэх, шугам сүлжээ барих зөвшөөрөлгүй “Б” ХХК-тай дахин гэрээ байгуулж буй үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болно.

Иймд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийтийн албан тушаалтны хууль дээдлэх, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч А.Х өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн  149 дүгээр хуудас/

Шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Завхан аймгийн ..... сумын хилийн цэсээр тогтоож, 1 жилийн хугацаанд тус сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч А.Х-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Харин шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч А.Х-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд ажиллах эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Х-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолно.  

Энэ хэрэгт шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт А-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Завхан аймгийн ...... сумын хилийн цэсээр тогтоож, 1 жилийн хугацаанд тус сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Х-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд уг ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай. 

7. Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч А.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ