Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч Д.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.-ийн Я.Ад холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Я нь Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим төрсөн хүү Б.М овогтой А.Дыг /2 сартай эрэгтэй/ өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг болгоомжгүйгээр хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг болон эрүүгийн ****************дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Я нь Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим төрсөн хүү 2 сартай Б.А.Д-ыг хөхүүлж, тэвэрч унтуулахдаа цээж, нуруу хэсэгт даралт өгсны улмаас амьсгал бүтэлтэд орж нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ягийн өгсөн: “...Тэр өглөө манай хүүхэд 7 цагт сэрсэн. Тэгтэл манай нөхөр намайг шөнө сайн унтаагүй учраас унтаж амар гээд 9 цаг хүртэл хүүхдээ нөхөр маань авсан. Тэгээд би сэрж манай нөхөр 9 цагаас 10 цагийн хооронд дугуйгаа засуулна гээд явсан. Би хүүхэдтэйгээ үлдээд буйдан дээрээ хөхүүлж сууж байгаад унтсан байсан...гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б.Мын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 08 цаг өнгөрч байхад талийгаач хүү маань сэрчихсэн. Эхнэр Я.Н маань тэврээд сууж байхаар нь би эхнэрээсээ хүүхдээ авсан юм. Манай хүү ер нь л шөнөдөө унтдаггүй, өдөр нь хааяа хааяа унтаад байдаг байсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө бас унтахгүй, сэрэх үед нь эхнэр маань тэврээд бүүвэйлээд өглөө болгосон болохоор би эхнэрийнхээ гарыг амраахаар хүүхдээ авсан юм. Тэгээд 10 цаг өнгөрч байхад би гэрээсээ ганцаараа гараад аавынх руугаа ирсэн юм. Тэндээсээ ажил дээрээ очиж байж байгаад гэр лүүгээ барагцаагаар 14 цагийн үед очсон. Очиход эхнэр маань хүүхдээ унтуулчихсан гээд гэр орныхоо ажлыг хийгээд байж байсан. Хүүхэд маань манай гэрийн хаалгатай ойрхон хүн суудаг буйдан дээр унтаж байсан юм. Тэгээд хэсэг байж байгаад би хүүхдээ очиж харахад амьсгалгүй болчихсон байсан. Би сандраад шууд аав руугаа залгаж энэ талаар хэлээд дуудсан. Аав гаднаас сумын эмч Д.Э орж ирээд Д.Э эмч хүүхдийг маань үзээд нас барсан байна гэж хэлсэн...Ерөнхийдөө гар дээрээ бүүвэйлээд яг унтахад нь гэрийн хаалгатай ойрхон буйдан дээр ганцааранг нь тавиад унтуулчихдаг юм. Харин би том охинтойгоо газраар унтдаг. Эхнэр маань хүүгээ унтуулаад миний хажуугаар орж ирээд унтдаг юм. Ихэвчлэн шөнө унтахгүй, тэврүүлдэг хүүхэд байсан юм...Ганц хоёр ханиалгаж байсан болохоос биш хэвийн зүгээр л байсан...Надад гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч И.Г өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай хүү Г.Б.М над руу гар утсаар залгаад хүү Б.А.Д маань амьсгалахаа болчихлоо гэхээр нь би сандраад эхнэртэйгээ хамт яваад очиход Г.Б.М ач хүү Б.А.Дыг тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Д.Я болохоор том охиноо тэвэрчихсэн цаад орон дээр уйлаад сууж байсан. Би юу болсон бэ гэж асуухад Г.Б.М “амьсгалахаа болчихлоо” гэж хэлсэн. Би шууд гараад Д.Э эмчийг гэрээс нь аваад ач хүүг үзүүлэхэд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...Д.Я, Г.Б.М нар нь даруухан, элдэв буруу зан ааш байхгүй, архи дарс тамхи хэрэглэдэггүй, хоорондоо эвтэй найртай сайн хүүхдүүд юм. Манай бэр Я.Н нь үг дуу цөөнтэй, бүрэг, том охиноо өвөө эмээ нарын гар хүргэлгүйгээр сайн өсгөсөн. Одоо 4 настай охин байдаг. Энэ хоёр маань нэг нутгийн багаасаа бие биенийгээ мэднэ. Оюутан байхдаа үерхээд 2018 онд хүүхэдтэй болж, гэрлэлтээ батлуулж тусдаа гарсан. Хоорондоо хэрүүл маргаан ийм тийм асуудал гарлаа гэж дуулдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрч Н.Т өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд гэртээ байж байхад гаднаас талийгаачийн өвөө Ганбаатар манай гэрт орж ирээд манай хүүгийн хүүхэд царай нь хөхрөөд сонин болчихсон байна хурдлаарай гэсээр орж ирсэн. Бид хоёр хамт маш хурдан байгаа газарт нь явж очиход 2 сартай Б.А.Д гэх эрэгтэй хүүхэд өлгийтэйгөө нас барчихсан, дух, толгой, гар, хөл, царай нь хөхөлбөр болж хөрсөн байсан. Гүрээний судас тэмтрэхэд тэмтрэгдэхгүй, зүрх чагнахад сонсогдохгүй зүрх зогссон байсан. Би ар гэрт нь нас барчихсан байна гэдгийг нь танилцуулсан. Бид нар 0-1 насны хүүхэд нас барсан байвал мэдээлэх журмаараа аймгийн эрүүл мэндийн газрын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Баярмаад танилцуулсан. Баярмаа мэргэжилтэн хариуд нь надад орон нутгийн цагдаадаа мэдэгдээрэй гэсэн хариу өгсөн. Би сумын төлөөлөгч Батбаярт энэ талаар мэдэгдсэн. Амь хохирогч Б.А.Д нь гэрийн эргэлтийн хяналтанд хамрагдаагүй байсан... Би эхээс нь хамгийн сүүлд хэзээ хөхөө хөхүүлсэн бэ гэж асуухад 11-12 цагийн үед хөхүүлээд хэвтүүлсэн. Сая очиж үзэхэд ийм болчихсон байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаартай: “...Б.А.Д-ын цогцост нуруу хэсэгт дарагдлын ором тогтоодлоо. Энэ нь амь хохирогчийг амь бүтэлтэнд оруулж нас барахад хүргэжээ. Б.А.Д-ын цогцост үхэлд нөлөөлсөн өвчин эмгэг тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.А.Д нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас баржээ. Б.А.Д нь амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ягийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би тухайн үед нөхрийгөө гараад явсны дараа талийгаач хүүхэд маань сэрвэлзээд сайн унтаж өгөхгүй байгаад байсан болохоор би буйдан дээрээ суугаад хүүхдээ хөхүүлж байсан. Би урд шөнө нь нойр муутай хоносон болохоор хүүхдээ хөхүүлж байхдаа зүүрмэглээд дарчихсан байхыг үгүйсгэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б.М-ын мэдүүлэг, гэрч И.Г, Н.Т нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаартай гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Я-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Я нь Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим төрсөн хүү 2 сартай Б.А.Д-ыг хөхүүлж, тэвэрч унтуулахдаа цээж, нуруу хэсэгт даралт өгсны улмаас амьсгал бүтэлтэд оруулан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр 2 сартай Б.А.Д-ын амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль  зүйн хувьд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Ягийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Я нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Я нь өөрийн хүү болох амь хохирогч Б.А.Д-ыг гэмтээх, амь насыг нь хохироох гэсэн оюун санаа, сэтгэхүйн хүсэл эрмэлзэл, хандлагагүй, сэдэлт зорилго тогтоогдоогүй нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Д.Я-гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Я-гийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас түүний 2 сартай хүү Б.А.Д-ын амь нас хохирсон ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б.М нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Яг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Я-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Ягийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Яг өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглох хязгаарлалтыг 1 жилийн хугацаагаар  тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.-ийн Я.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Я.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч П.Я.Н-г Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Я-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН