| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0305/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/299 |
| Огноо | 2022-10-21 |
| Зүйл хэсэг | 16.11.3., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Тогтох,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.С-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь 2020 оны 1 дүгээр сараас эхлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин С.А-г хоол хүнсээр зориудаар гачигдуулж, асран хамгаалах үүргээ үл биелүүлж, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах эрхийг зөрчсөний улмаас С.А нь 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хоол тэжээлийн дутагдал болон арчилгаа муутайн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.С нь 2020 оны 1 дүгээр сараас эхлэн өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 4 нас 4 сар 29 хоногтой С.А үл хайхарч хоол хүнсээр зориуд гачигдуулж “Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” үүрэг мөн өөрийн хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 16-17 тоотод 4 нас 4 сар 29 хоногтой С.А нь хоол тэжээлийн дутагдал болон арчилгаа муутайн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Л.Сгийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр би хүүхэдтэйгээ хамт хотоос ирж эмч хэлсний дагуу эмчилгээ хийлгэсэн. Тэр хугацаанд биеийн дархлаа нь нэмэгдэхгүй байсан учраас эдгэрэхгүй, эмчилгээ авахгүй, эмнэлгийн оношоор хэвтэж эмчлүүлэх боломж алга гээд эмнэлэгт хэвтэх боломж олдоогүй. 100 айлын эмнэлэгт үзүүлж тодорхой хэмжээнд гаднаас нь юм түрхэж байсан. 02 сар гаргаад аймагт гэртээ ирсэн. Тэр үед хэсэг хугацаанд хүүхдээ дүү нартай харуулаад би өөрөө эмнэлэгт хэвтсэн. Гарч ирэхэд охин маань нас барсан байсан. Охин маань он гарснаас хойш хоолондоо муудсан. Хоолыг хүчээр өгдөг, өгсөн ч хүлээж авахгүй байдаг байсан…” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дын өгсөн: “.С.Агийн хувьд хүүхдүүдийнхээ эрхийг зөрчиж байгаа асуудлаар хамтарсан баг ажиллаж үүний дагуу хамтарч ажилласан. Л.С өмнө нь Алаг-Эрдэнэ суманд байдаг байсан учраас яадаг байсныг нь мэдэхгүй. Ээж, аав нь Алаг-Эрдэнэ сумын хүүхдүүдээ, дүү нартайгаа харж асардаг. Ээж, аав нь архины хамааралтай гэдгийг нь хэлдэг. Ажилтай учраас хүүхдээ харж чадахгүй, дүү нараараа харуулдаг гэсэн тайлбар хэлсэн. Хүүхэд нь аутизм өвчтэй байх үед нь өвөл эмнэлэгт үзүүлэх асуудлаар манай байгууллага үзүүлж байсан. Салбар комисс буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношилдог салбар комиссын эмчид үзүүлж таараад тухайн эмчээс мэдээлэл авч байхад өмнө нь нөхөртэйгөө хамт амьдарч байхдаа хүүхдээ дажгүй асардаг байсан. Сүүлд яагаад анхаарахаа больчхож байгаа юм бэ. Ер нь харж байхад Л.С өөрөө “би хүүхдээ харж хандаж байгаа, амьдралын төлөө явж байна, дүү нараа өсгөж байна, гэр бүлийн амьдрал нь хүнд” гэдэг боловч яг ямар ажил эрхлээд дүү нараа ханддаг байсан, хүүхдүүддээ яаж ханддаг байсан юм. Хүн болгон ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхад зөвхөн ажилтай гэдэг нэрийн цаана буруу зүйл хийдэг байсан юм болов уу гэж би сүүлд харсан. Яагаад гэхээр Л.С хамтарсан баг ажиллаж байх явцад мэдүүлгээс нь архи дарс хэрэглэдэг байсан юм болов уу гэж харсан. Ямар ажил эрхэлдгийг нь мэдэхгүй. Ажил хийдэг хүн ажлын байр, тодорхой цалин, амралтын цаг хугацаа гэж байх ёстой. Тэр цаг хугацаандаа хүүхдүүддээ анхаарал халамж тавих боломжтой байсан гэж харж байна. Ихэвчлэн ээж, аав дээрээ дүү нар дээрээ үлдээчихдэг. Ээж, аав нь архины хамааралтай хүмүүс байдаг учраас одоо хэнд нь итгэж хүүхдүүдийн асуудлыг шийдэхийг мэдэхгүй байна. Яагаад хамтарсан баг хүүхдүүд чинь ийм эрсдэлтэй байна, хүүхдээ үзүүлээрэй, эмчилгээ хийлгээрэй, хоол хүнс нэмэлт тэжээл нь ийм байна гээд оношлоод энэ талаараа анхаараач ээ, хамтарч ажиллая гэхэд нь та нартай хамтарч ажиллахгүй гэж татгалзсан юм бэ. Өөрийн чинь хүүхдийн эрх ашгийн төлөө ажиллах гэж байгаа төрийн албан хаагч нарийн тавьсан саналаас өөрөө татгалзсан. Хамгийн сүүлд зөрчлийн хэргээр шийтгэл авч байхад би бас хууль ёсны төлөөлөгчөөр орж байсан. Үүнээс өмнө хамтарсан баг манай газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээ авч байсан. Тэгэхэд Л.С харамсаж байна гэж хэлж байсан боловч тэр нь сайн мэдрэгдэхгүй байсан. Манай байгууллагатай хамтарч ажиллах дээр татгалзаагүй “за тэгье, үр хүүхдэдээ анхааръя” гэсэн. Эмнэлэгт үзүүлээд эм тос бичиж өглөө шүү. Чи энгийн хүүхдээс илүү арчилгаа шаардаж байж хэвийн байдалд оруулна. Энэ хүүхдэд онцгой асрамж, халамж, хайр шаардлагатай. Тийм ч учраас тухайн хүүхдэд улсаас тэтгэмжийн мөнгө олгож байгаа. Тэр асуудлаар ярилцаж зөвлөгөө өгч байсан. Аймаг орон нутагт хүүхдээ эмнэлэгт зөндөө үзүүлсэн учраас ийм хүнд хүүхдийг Улаанбаатар хотод Азийн хөгжлийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах төв гэж дагнасан төвд үзүүлж, дахиад очиж үзүүлье, одоо хүүхдэдээ анхааръя гээд зөрчлийн шийтгэл авсныхаа дараа явсан. Энэ дээр манай байгууллагаас дэмжлэг үзүүлээд холбоотой байгаарай, хүүхдэдээ эмчилгээг нь карт дээр нь сайн бичүүлж аваарай, гол нь бичүүлж авах биш хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж эмчилж арчлах нь чухал байна гэж хэлсэн. Энэ дээр тухай хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл байж болох ч хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээс асуугаарай гэж хэлсэн. Улаанбаатар хотод байдаг мэргэшсэн төв учраас итгэж найдаад тэнд цаг авч өгөх үү гэхэд Л.С өөрөө холбогдож шууд очиж үзүүлэхээр цаг авсан. Шүүх хуралдааны дараа хүүхдээ Улаанбаатар хот руу авч явсан. Очсоныхоо дараа 2, 3 удаа холбогдож эмчдээ үзүүллээ, ирчихсэн байна, эмнэлэг дээрээ очсон гэж ярьж байсан. Саяны мэдүүлгээс харахад арьс судлалын үндэсний төв дээр очсон юм шиг байна. Арьсны өвчин бас байсан. Тэрэнд нь тос түрхэж, тэрийгээ үзүүлсэн байна. Эргээд ирснийхээ дараа манайтай эргэж холбогдоогүй. Хамтарсан багаас манайх мэдээлэл аваад уулзъя гэж байх хооронд хүүхдийн амь хохирсон асуудал гарсан байна. Өөрөө бас дутагдалтай байсан болов уу гэж би харж байгаа. Мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллая гэсэн байгаа. Энэ хүмүүс өдөржин шөнөжин дагаад явах боломжгүй ардаа гэр бүлтэй хүмүүс. Цаашдаа 2 хүүхэд нь үлдсэн. Энэ асуудал дээр өөрөө харамсаж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ үүнийг харамсаад өнгөрөөх биш энэ зан үйлээ өөрчилж илүү хариуцлагатай байж 2 хүүхдээ хүний дайтай хүмүүжүүлж эхийнхээ үүргийг биелүүлээсэй гэж хүсэж байна. Ярих нэг өөр, ярьж байгаа зүйлээ амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг бас нэг өөр зүйл. Энэ дээр эх хүний хувьд анхаарч гаргасан алдаагаа дахин давтахгүй байх онцгой үүрэг ирж байна гэж бодож байгаа. Үлдэж байгаа хоёр хүүхдийн ирээдүй, эрсдэл нь ямар байна гэдэг бас чухал. ..Залуу хүн цаашдаа алдаагаа засах байх гэж итгэж байна. Хэрвээ чи өөрөө хүсвэл амьдрах чадварын талаар бүхий л чадварыг суулгах сургалтад хамрагдах боломжтой. Мэргэжлийн байгууллагууд байдаг. Өөрөө чадахгүй, мэдэхгүй гэдэг байж бусад мэргэжлийн байгууллагаас тавьсан саналыг нь хүлээж авахгүй байгаагаа засах байх итгэж байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д өгсөн: “...2021 оны хавар өдөр сарын сайн санахгүй байна. С.Агийн талаар 13 дугаар багийн нийгмийн ажилтан Хишигжаргалаас анх мэдээлэл авсан. С.Агийн нэг хүүхэд нь өвчтэй нэлээн хэцүү нөхцөлд амьдарч байна гэж хэлээд холбогдсон. Хишигжаргал нь хамтарсан багийн нийгмийн ажилтан учраас холбогдох маягтуудаараа нөхцөл байдлын үнэлгээ хийгээд эргээд холбогдоорой. Хүүхэд эрүүл мэндийн асуудалтай байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө холбогдоод хяналтад байдаг эсэхийг тодруулаад хамтарсан багаараа ажиллаад эргээд холбогдоорой гэсэн. Удаач үгүй Хишигжаргал нь цагдаа дээр ирсэн байсан. Цагдаагаас намайг талийгаач А.Э эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй юм байна гээд намайг дуудсан. Тэгээд цагдаа дээр ирээд талийгаач А.Э-г ээжтэй нь хамт байгууллагын машинаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчид үзүүлсэн чинь хүүхэд тураалтай, хяналтад байдаг, арьсан дээр нь юм гарчихсан байсан. Үзээд эмч нь эм бичиж өгсөн. Асаргаа нь яагаад муудсан юм бол ээж нь сайн л хардаг байсан даа гэж эмч асуугаад байсан. С.А өөрөө талийгаач А.Э-д эм, тосыг нь авч өгнө гэсэн. Тэгээд С.Агийн талаар цагдаа дээр зөрчлийн хэрэг нээгдсэн байсан юм байна лээ. Хууль ёсны төлөөлөгчөөр хүүхдийн байгууллагаас намайг томилсон. Зөрчлийн хэрэг нь С.Аг хүүхдээ үл хайхарсан гэж байсан. Тэгээд шүүхээр ороод С.Ад зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан. С.Ад хүүхдээ сайн харах, анхаарал хандуулах, асрах талаар хэлсэн. Талийгаач хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны багш нар байна зөвлөгөө, мэдээлэл авах уу гэсэн чинь С.А өөрөө би Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах тав рүү явна гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хот руу талийгаач хүүхдийг аваад явсан. Манай байгууллагаас талийгаачид живх, хүнс, тэжээл, жижиг багц өгсөн. Эмнэлэгт дугаар авч өгнө гэсэн чинь С.А өөрөө дугаар авна гэсэн. Би эмнэлэгт үзүүлээд талийгаач хүүхдийг С.Атай эмнэлэгт Мөрөнд үзүүлээд гэрт нь аваачиж өгсөн чинь хүүхдүүдийг нь дүү нар нь хардаг юм шиг байсан. Гэр орон 2-3 өрөө байшинд байсан, хоол хүнс бага зэрэг муу, хөдөөнөөс аав нь хоол хүнс бэлдэж өгдөг гэх юм С.А ярьж байсан. Эмч нар ер нь С.Аг хүүхдээ сайн хардаг гэж байсан. Сүүлд гэр бүлийн асуудлаас болсон уу яасан хүүхдээ сайн асрахгүй болсон юм шиг байна лээ. Эмч нар талийгаачийг хооллолт, асаргаа, сувилгаа хэрэгтэй гэж хэлж байсан. Талийгаач төрөлхийн аутизм өвчтэй хүүхэд гэж байсан. С.Аг хот явахад холбоотой байгаагаар гэсэн чинь утсаар 3-4 удаа холбогдсон. Хүүхдээ үзүүлж байгаа 2-3 сар хүүхдээ үзүүлж хотод байр хөлслөөд байх юм ярьсан. Ингээд С.А гар утсаа авахгүй, холбогдохгүй болсон...Манай байгууллагаас талийгаачийг нас барсан цагаас хойш очоогүй. Хамтарсан баг нь очиж ажилласан байх...Миний хувьд С.Аг үлдсэн 2 охиндоо анхаарал хандуулж, хайр халамжаар дутаахгүй, эх хүний үүргээ биелүүлж, ирээдүйг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24-25 тал/,
Гэрч Л.Л өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-16-17 тоотод гэртээ хүүхэд, ач нарын хамт нийт арван хоёулаа амьдардаг юм. Би өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад шүүхийн байгууллага руу явсан юм. Би зөрчлийн хэргээр өнөөдөр шүүх хуралд ор гээд шүүх дээр өнөөдөр өнжсөн. Тэгээд би шүүх дээр байж байтал 11 цагийн үед манай охин С.А над руу гар утсаар залгаад “ааваа би эмнэлгээс гэртээ ирчихсэн байна”, С.А бие нь муу байна та хүрээд ирээч гэж хэлсэн”, би хариуд нь “аав нь яг одоо шүүх хурлаар орох гээд байна аа удахгүй очлоо” гэж хэлсэн. Тэгээд би 13 цагийн үед шүүхээс гартал манай хүүхдүүд над руу гар утсаар залгаад С.А өнгөрчихлөө гээд уйлаад байсан. Би гэртээ яваад очтол нээрээ л ач охин С.А маань нас барсан байсан. Би 14 цагт шүүх хуралтай байсан тул буцаад явсан юм. Миний ач охин С.А нь төрөлхийн нугас тархины өвчтэй хальт тавихаар юм хум тархи толгойгоороо өөрөө мөргөчхөөд байдаг. Сүүлийн үед биеийн байдал нь тааруу байсан. Эмнэлэгт үзүүлээд саяхан Улаанбаатар хот руу явж тархи толгой нугасны эмчилгээ хийлгэж байгаад ирсэн юм...Ямар ч байсан эмчийн хяналтад байнгын байдаг. Хэн гэдэг эмчийн хяналтад байдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Ээж нь сайн мэдэж байгаа...Амь хохирогч С.А нь миний охин С.Агийн 2 дахь хүүхэд болж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөрөн суманд төрсөн, 4 настай эмэгтэй хүүхэд. .. харин талийгаач нь төрөлхийн нугас тархины өвчтэй, юм ярьдаггүй, алхаж чадахгүй, байнгын ээжийнхээ асаргаанд хоёр хөл, хоёр гараа даруулж байж хүчээр ам руу нь шингэн бантан шингэн цай уулгадаг. Тархиараа хойшоогоо айхтар савж юм мөргөчих гээд байдаг...Саяхан 1 дүгээр сард Улаанбаатар хот руу эмчилгээнд ээжтэйгээ яваад 10 гаруй хонож байгаад ирсэн. Би яг ямар эмчилгээ хийснийг нь мэдэхгүй байна. Амбулаторийн картан дээр нь байгаа байх...С.Аг 2 хоног эмнэлэгт байх хугацаанд нь дунд хүү Тэмүүжин /20 настай/ маань харж асарч байсан юм. ..Ажил хийж байгаагүй. Би хөдөө гадаанаас мах түлээг нь өгнө. С.Агийн 2 хүүхдийн сард 200.000 төгрөг авдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32, 34-35 тал/,
Гэрч Д.Т өгсөн: “...Талийгаач дүү маань төрөлхийн аутизм гэдэг өвчтэй байсан. Байнгын хүний асаргаанд байдаг байсан бөгөөд эхлээд өөрөө ойр зуур явдаг байснаа сүүлийн жилээс хэвтэрт орсон. Хүний ярьж хэлж байгааг ойлгодоггүй. Өөрөө бие засч чадахгүй, хоол ундаа хүнээр бариулж халбагадаж өгч хүчээр хооллодог байсан. Ер нь бол байнгын дэргэдээ нэг хүний асаргаанд сахиултай байдаг байсан. Тэгээд өнөө өглөө унтаад байгаа юм шиг л байсан 11 цагийн үед манай эгч С.А эмнэлгээс ирээд охиноо үнэсэж үзсэнээ амьсгалахгүй байна гээд орилоод унасан. Тэгэхээр нь охин маань нас барчихлаа гээд 13 дүгээр багийн өрхийн эмнэлэг дээр очиж хэлсэн... Шинжилгээний хариу нь ямар ч байсан аутизмтэй эмчлэгдэх боломжгүй гэдэг байсан....Голцуу ээж нь асарч гэрээр сахидаг байсан....Ер нь ээж нь голцуу хоол өгдөг байсан. Гол төлөв шингэн бантан халбагадаж өгдөг мөн угжаар цай уудаг байсан. Өдөрт 2 удаа заримдаа нэг удаа хооллодог, угжаар шингэн цай байнга уудаг байсан...Эхэн үедээ гайгүй байдаг байсан, сүүлд намайг шоронгоос гарч ирснээс хойш л харшил гээд бие дээгүүр нь улаан улаан юмнууд туурсан байсан заримдаа хөх алаг болчихсон идээтэй юм гараад байсан...Орон дээр нь хааяа суулгаад орхихоор гэнэт юм мөргөж унаад байдаг. Ер нь хааяа өөрөө өндийгөөд 2 хөл дээрээ зогсоод гэр дотроо явдаг байсан гэхдээ толгойгоороо юм мөргөж унаад байдаг байсан... Манай төрсөн аав болохоор тусдаа 10 дугаар багийн Хөх толгойд амьдардаг....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-38 тал/,
Гэрч Б.С өгсөн: “...Талийгаач дүү маань төрөлхийн аутизм гэдэг өвчтэй байсан. Тархи нь усжилттай гэдэг байсан. Төрөлхийн тийм өвчтэй төрсөн гэсэн эхлээд мэддэггүй байсан ба 1 ой гараад мэдэгдэж эхэлсэн. Байнгын хүний асаргаанд байдаг байсан бөгөөд эхлээд өөрөө ойр зуур явдаг байснаа сүүлийн жилээс хэвтэрт орсон. Хүний ярьж хэлж байгааг ойлгодоггүй, өөрөө бие засч чадахгүй, байнга живх зүүдэг, хоол ундаа хүнээр бариулж халбагадаж өгч хүчээр хооллодог байсан. Ер нь бол байнгын дэргэдээ нэг хүний асаргаанд сахиуртай байдаг байж байгаад өнөө өглөө нас барсан...Тэмүүжин л гол төлөв хардаг байсан. Би ажил хийдэг байсан болохоор гэрээс өглөө гараад орой л очдог байсан. Өдрийн цагаар Тэмүүжин гэртээ үлдэж талийгаачийг хардаг байсан. Талийгаачийн ээж С.А саяхан хот руу явж ирээд хагалгаанд орсон. Тэр хойгуур Тэмүүжин бид хоёр хэдэн дүү нарыг харж гэртээ байдаг байсан. Өөрөө хөл дээрээ босч гэрт ойр зуур явдаг байсан. ....С.А эгч л хот хүрээ энэ тэр эмнэлгээр авч явж үзүүлж харуулдаг байсан. Эмч гэрээр ирж үздэггүй С.А эгч өөрөө аваад явж үзүүлдэг байсан. Хамгийн сүүлд саяхан цагаан сарын сүүлд С.А эгч хот руу явч явж үзүүлчхээд ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40-41 тал/,
Гэрч Л.М өгсөн: “...Талийгаач Амин-Эрдэнийн биеийн байдал муу байсан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр А.Э-г С.А эгчтэй би эмчилгээнд Улаанбаатар хот руу аваад явсан. Эх нялхас, шар хадны эмнэлэгт үзүүлсэн чинь А.Э-г эмчилгээ байхгүй гээд эм, тос бичиж өгсөн байсан. А.Э-г хэвтүүлэх гээд эмнэлэг хүлээж аваагүй. А.Э өвчин нь хүндрээд тураалдаа орсон байсан. А.Э өөрөө юм идэхгүй, хүчээр идэх юм өгөхөөр бөөлжөөд гаргадаг болсон байсан. Угжаар шингэн зүйл байнга өгдөг байсан. А.Э-д би болон С.А эгч дүү Т.Н бид нар байгаа үедээ гурилан хүнс, бантан, цай өгдөг байсан. Усанд С.А эгч бид 7 хоног бүр оруулдаг байсан. Сүүлдээ А.Э биеэр нь юм туураад хар цайнд оруулаад тос түрхэж өгдөг болсон...С.А эгч аль болох А.Э-г харж хандаж, үүргээ биелүүлж байсан. Эмчилгээнд Улаанбаатар хот руу авч явсан. Эмчилгээнд аав 10 орчим сая төгрөг өгөхөөр нь сүүлийн эмчилгээнд А.Э-г хүлээж авахгүй болохоор нь эгч машин авсан. Тэрнээс өмнө Улаанбаатар хот руу 2018 онд авч яваад А.Э-г үзүүлээд ирсэн. Хотод эмнэлэгт хэвтүүлж байгаагүй....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43-44 тал/,
Насанд хүрээгүй гэрч Л.Ө өгсөн: “...Намайг өглөө хичээлдээ явсан байхад 2022 оны 02 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ А.Э нас барсан байсан. Энэ талаар Сосорбарам ах А.Э-г сэрээх гэхэд нь сэрээгүй нас барсан байсан юм шиг байна лээ. С.А эгч А.Э-г нас барахын өмнөх өдөр нь орж ирээд ажилтай гээд, усанд оруулаад яваад өгсөн. С.А эгч ер нь гэрт байхгүй 3 хүүхдийг нь М.Р эгч Т.н ах нар хардаг байсан. С.А эгч Тэмүүжин ахад А.Э живхийг аваарай гээд мөнгө шилжүүлдэг байсан. С.А эгч А.Э-г сард 2-3 удаа усанд хальт оруулдаг байсан. А.Э өөрөө хоол барьж идэхгүй, асгаад гараараа түлхээд байдаг. Угжиндаа сүүлтэй болон хар цай барьж өгөхөөр өөрөө бариад уудаг байсан. С.А эгч А.Э-д эм өгдөггүй. С.А эгч өөрөө гадуур яваад А.Э-д хоол унд өгөхгүй. Тэмүүжин ах өгдөг байсан. Хааяа Тэмүүжин ах бид нарыг А.Э-д хоол, унд өг гэдэг байсан. А.Э нас барахаасаа 2 хоногийн өмнө шөл өгсөн. Өдөр бүр А.Э-д гурилан хүнс 4-5 ширхэг идээд идэхгүй гээд гараараа түлхээд байдаг байсан. Живхийг нь шээж баасан үед нь Т.Н ах нар сольдог байсан... Мянганбаяр эгч өдөр бүр гэрт ирж байж байгаад хадам руугаа яваад өгдөг. .. С.А эгч хааяа нэг гэрт ирээд байнга гадуур явдаг байсан. А.Э-г харж хандаж байгаагүй. Хааяа 2-3 хоног явж ирж А.Э-д шөлтэй хоолны шөл, гурилан идэх юм өгдөг байсан...А.Э-г С.А эгч Улаанбаатар хот руу 2021 оны 12 дугаар сард авч яваад 1 сар болоод ирсэн. А.Э-д эмчилгээ хийлгэх гэхэд эмнэлэг олдоогүй гээд аавын өгсөн мөнгөөр приус машин худалдаж аваад ирсэн...С.А эгч ажил хийдэггүй. Их урц гээд газрын тэнд найз залуу нь байдаг гэсэн...Бид нарт Тэмүүжин ах хоол, хүнс авч өгч байгаа. Аав бас авч өгдөг. Аав Хөх толгойд байдаг. Аав гэртээ хааяа ирж хоол, хүнс авч өгөөд явдаг...С.А эгч Мөрөн суманд гадуур байгаа. У.Г Т.Н ах харж байгаа. Ариун-Эрдэнийг 2 хоногийн өмнө С.А эгч аваад явсан...Урангоо одоо 2 дугаар анги. С.А эгч У.А хувцас авч өгөөд гэрт үлдээгээд яваад өгдөг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49 тал/,
Насанд хүрээгүй гэрч Л.А өгсөн: “...Манай төрсөн эгч Л.С 2018 оноос хойш Мөрөн сумын 13 дугаар багийн 16-17 тоотод манай гэрт 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. С.А эгчийн нөхөр нь салаад явсан. С.А эгч 7 настай эмэгтэй Урангоо, 4 настай А.Э нарын хамт байдаг байсан. Тэгтэл А.Э маань бие муу С.А эгч хүүхдээ харахгүй байж байгаад 2022 оны 02 дугаар сард гэртээ нас барсан. С.А эгч эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох гэж байхдаа А.Э-г гэрт байхад нь нас барах гэж байгаа юм байна гээд тоохгүй эмнэлэг рүү юм уу хүнтэй уулзах гээд яваад өгсөн. Тэгээд А.Э-г нас барчихсан байхад нь ирж хараад өөрөө усанд орлоо гээд яваад өгсөн. А.Э-д С.А эгч хоол, унд өгөхгүй, гэр орондоо ирэхгүй 1 сар болсон. Би А.Э-г нас барахаас 7 хоногийн өмнө нэг удаа бантан хийж өгсөн. А.Э сайн идэхгүй хүчээр өгдөг. А.Э-д байнга угжинд нь хар цай хийж өгөхөөр өөрөө уудаг байсан. Манай гэрт байдаг Тэмүүжин гээд ах Болор-Эрдэнэ, Өнөрбуян бид нарыг А.Э-г хоолло гэдэг байсан. Болор-Эрдэнэ, Өнөрбуян бид хоёр хааяа хоол өгдөг байсан. А.Э-д ер нь бол бид нар шингэн шөл өгдөг байсан. Өдөр болгон өгөх гэхээр А.Э хоол сайн идэхгүй болохоор өгч чаддаггүй байсан. Тэмүүжин ах утсаар тоглож байхдаа бид нарыг А.Э-д хоол өгөхөөр А.Э уйлаад, орилоод байдаг байхад дуугаа болгооч гэдэг байсан. С.А эгч хот Мөрөн 2-ын хооронд явна. Гэртээ бараг байхгүй, хааяа архи ууж ирээд хоноод яваад өгдөг байсан...Би гэртээ төрсөн ах Тэмүүжин, аавын дүүгийн хүүхэд Сосорбарам, төрсөн дүү Болор-Эрдэнэ, Өнөрбуян, Ариун-Наран, С.А эгчийн хүүхэд Урангоо, А.Э-ын нарын хамт амьдардаг байсан. .. Мөрөн сумын 13-р багийн дарга нар ирэх гэхээр нь над руу залгаарай гэж хэлээд яваад өгдөг байсан. Дарга нар ирэх гэж байна гээд гэр орноо хааяа цэвэрлэ гэдэг байсан. С.А эгч 3 хүүхдээ харахгүй. А.Э хааяа хардаг байсан. А.Э-г С.А эгч харахгүй, тоохгүй, хоол унд өгөхгүй байдаг байсан. А.Э-г хааяа нэг С.А эгч ирж усанд оруулдаг байсан. Сүүлд А.Э биед хааяа тос түрхэж өгдөг байсан... Миний төрсөн эгч Мянганбаяр гэртээ байхдаа А.Э-г харж хоол, унд өгдөг байсан. А.Э-г Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явна гээд С.А эгч ааваас 10 сая төгрөг авч яваад эмчилгээнд хийлгэхгүй өөрөө машин авч унаад ирсэн. Улаанбаатар хотод байхдаа ааваас С.А эгч байнга мөнгө нэхдэг байсан. А.Э өвчтэй, юм ярихгүй, 2 хөлөөрөө явдаг, уйлдаг, угжаа бариад байдаг байсан. А.Э толгойг идээлсэн байхад нь С.А эгч шахаад цус, ногоон идээ гаргаад байсан. А.Э байнга живх, хэрэглэдэг байсан. Болор-Эрдэнэ, Өнөрбуян бид 3 өдөр болгон цаг тутам сольдог байсан. А.Э живхэндээ байнга баадаг байсан. Живх авах мөнгийг аав болон С.А эгч өгдөг байсан...С.А эгч ажил хийдэггүй. Ааваас байнга мөнгө авдаг. Хүүхдийн мөнгө гэж авдаг...Одоо бид нар хоол хүнсээ дэлгүүрээс аваад ээж ирэхээрээ мөнгийг нь төлдөг. Аав ээжийг байхгүй үед мах, хоол, хүнс өгдөг байсан...Эмийг нь хааяа Болор-Эрдэнэ, Өнөрбуян нар өгдөг. Эмнэлэгт үзүүлэхгүй, эмчид ханддаггүй байсан. С.А эгч өөрөө эм өгөхгүй наад чинь өвчин биш гэдэг байсан. Эмнэлэгт нэг удаа 2 хоног хэвтээд С.А эгч А.Э-г аваад гараад ирсэн. Би хэзээ эмнэлэгт хэвтсэн болон Улаанбаатар хот руу А.Э-г авч явсан он, сар, өдрийг санахгүй байна...С.А эгч Мөрөн сумын 10 дугаар хороонд шинэ найз залуугынхаа гэрт амьдарч байгаа. Урангоо, А.Э нар манай гэрт бид нар харж байгаа. Ээж маань 3 хоногийн өмнө ирсэн хамт байхгүй байгаа...Ээж бид нарыг байхгүй үедээ харж ханддаг. Аав, ээж 2 маань 4-5 жилийн өмнө салаад тус тусдаа амьдарч байгаа....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53-55 тал/,
Гэрч С.А өгсөн: “ ... 2016 оноос манай Мөрөн сумын 13 дугаар багт Алаг-Эрдэнэ сумаас шилжиж ирсэн манай багийн үндсэн иргэн болж амьдардаг Л.С тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй, бага насны 2 хүүхэдтэй, амьдралын баталгаат түвшин доогуур амьдардаг. С.А 3 хүүхдийн мөнгөн тэтгэмжээр амьдардаг. Мөн Сод-Эрдэм сургуульд С.Агийн төрсөн 2 дүү нь сурдаг. Тус сургуулийн нийгмийн ажилтай Хишигжаргал над руу утсаар яриад манай сургуулийн хоёр сурагч уранхай хувцастай ирээд байна, 2-лаа гэрт очиж үзье гээд бид хоёр 2021 оны 9 дүгээр сард очсон. Үнэндээ идэх хоол байхгүй бохир заваан хэцүү харагдсан. С.Агийн 2 ихэр хүүхдийн нэг А.Э өсөлт хөгжилгүй, толгойгоор нь яр гарсан өвчтэй бие муутай хүүхэд харагдсан. Тэгээд бид хоёр ерөнхий нөхцөл байдлыг хараад хамтарсан багийн хурал зарлаад С.Аг 3 хүүхэдтэй нь Мөрөн сумын хүүхэд хамгаалах түр байранд 7 хоног тусгаарласан. Дараа нь дахиж хамгаалах байранд хамтарсан баг хуралдаад бие муутай А.Э охиныг Улаанбаатар хот руу сувилалд авч явах санал гаргасан. Энэ саналыг С.А нь зөвшөөрөөгүй. Тэгээд С.А манай хүүхдийг аймгийн эмнэлэг эмчилж чадахгүй гэж хэлээд бид нар хамтарсан баг хуралдаж байхад баталгаат гарын үсэг зурж танай хамтарсан багтай хамтарч ажиллахгүй, хүүхдээс цаашид өөрөө мэднэ гэсэн утгатай хүсэлт гаргасан. Би багийн даргын хувьд С.Атай утсаар ярьж Амин-Эрдэнийн биеийг асууж залгаж ярихад С.А Улаанбаатар хотод А.Э-г үзүүлж явна гэж хэлсэн. С.Агийн ээж Эрдэнэчулуунтай утсаар ярьж энэ байдлыг хэлсэн. Тэгээд А.Э охиныг сарын өмнө нас барсан гэж сонсоод буяны ажлаар нь өөрийн хувийн зүгээсээ хүнсний зүйл авч өгсөн...2018 онд хүнсний хангамж нэг удаа аавын ам бүл дотор байхдаа авч байсан. С.А 3 хүүхдийн мөнгийг улсаас авч байгаа. .. С.А аав ээжийн тогтворгүй амьдралаас болж сэтгэл санааны хямралд орсон байна гэж би бодсон...Манай багийн өрхийн эмч Өлзийнаран ойр ойрхон очиж А.Э-г үзэж байсан. С.А сүүлдээ өрхийн эмчид үзүүлэхгүй гээд эмчийг нэлээн цааргалсан байх...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 56-59 тал/,
Гэрч Э.Хишигжаргалын өгсөн: “...Би анх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр айлуудаар гэр айлчлал хийж явж байгаад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р баг 16-17 тоотод С.Агийн том охин Урангоогийн гэрээр орж нөхцөл байдлыг тодруулахаар орсон. Тэгтэл С.Агийн охин гээд 4 настай хүүхэд тураалд орсон, өвчтэй нүцгэн шалан дээр хэвтэж байсан. Мөн живх нь дүүрээд өмхий үнэр орсон. Хүүхдийг хархаар нь нүд халтирам байхаар нь цагдаагийн газарт мэдэгдсэн. Энэ үед гэрт нь дүү Сүхбаатар, Тэмүүжин, Болор-Эрдэнэ, Мянганбаяр, Ариун-Эрдэнэ нар байсан. С.А гэртээ байхгүй байсан. Ингээд цагдаа ирээд бид нар хамтран ажиллаж эхэлсэн. Цагдаагаас С.Аг тухайн үед дуудаад ирэхийг хэлсэн. С.А завгүй байна гээд байсан. Мөн сумын 13-р багийн хамтарсан баг хуралдаж А.Э-г эрүүл мэндийн хувьд эрсдэл өндөр, тураалын 3-р зэрэгтэй, гээд хамгаалах байранд С.Атай, Ариун-Эрдэнэ, Урангоо нарыг оруулсан. С.А нь 3 хүүхдийн хамт хамгаалах байранд орой орсон боловч гарах юм яриад нэг цэгт нэлээн удаан асуудал гаргасан. Ингээд маргааш өглөө нь хамтарсан баг дахин хуралдаж А.Э-д эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Тэгсэн чинь С.А хамгаалах байранд 1-2 хоноод аав Лхасранбаатарын хамгаалалтад гаргасан. Үүнээс хойш А.Э хоол хүнсний тусламж өгөх гэхээр С.А авахгүй та нарын тусламж хэрэггүй би өөрөө амьдралаа мэдэж байна гэдэг байсан. Мөрөн сумын 13-р багийн өрхийн эмч Өлзий-Наран А.Э дээр өдөр бүр очиж үзлэг хийж, тураалтай болохоор нь бичил тэжээл, хүнс өгөх гээд очихоор С.А байхгүй байдаг байсан гэсэн. Нэг удаа Өлзийнаран С.Атай тааралдаад бичил тэжээлээ үлдээгээд явсан чинь хэдэн хоногийн дараа очиход бичил тэжээлээ өгөөгүй хэвээр нь байлгаж байсан гэсэн. Өлзийнаран өрхийн эмнэлэг дээр А.Э-г авч ирж сэргээн засах эмчилгээ, иллэг массаж хийлгэх талаар хэлсэн чинь С.А нэг удаа очоод дахиж ирээгүй. Өлзийнаран гэрт нь очоод С.Ад яагаад хүүхдээ эмчилгээнд хамруулах талаар асуухад чи миний хүүхдийг хатгаа авахуулж алах уу гээд уурлаад хөөгөөд явуулсан байсан. Хамгаалах байрнаас гарсан өдөр нь 5 хоног С.Аг Амин-Эрдэнийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн. С.А 5 хоноод эмнэлгээс гарсан байсан. 2021 оны 12 дугаар сарын дундуур С.Агийн гэрт очиж миний бие үнэлгээ хийсэн. Амин-Эрдэний эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан. С.Аг дахиж 3 хүүхдийн хамт хүчээр хамгаалах байранд авч ирж хүлээлгэн өгсөн. Хамтарсан багаар А.Э-г Улаанбаатар хот руу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран халамжийн төвд явуулах шийдвэр гаргаад С.Ад хэлсэн чинь над руу дайраад хэл амаар доромжилсон. Тэгээд Лхагсранбаатар гээд С.Агийн аавын дуудаад ирж уулзаагүй. Тэр үед хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ю.Одгэрэл дээр С.Ад холбогдох зөрчлийн хэрэг үүссэн байсан. С.А өөрөө Мөрөн сумын 13-р багийн хамтарсан багийн А.Э үзүүлэх үйлчилгээнээс татгалзаж байна гэж хүсэлт бичиж, гарын үсэг зурсан. Сүүлд хамгаалах байранд 2 хоног болсон байсан. Лхасранбаатар А.Э эмчилгээ хийлгэж сайхан болгох юм яриад хамгаалах байрнаас аваад явсан байсан. Намайг С.Атай утсаар ярих гэхээр ярихгүй, гар утсаа авдаггүй...Миний бие С.Агийн гэрт 11 удаа очсон. Эхний үед очиход С.А огт байхгүй байдаг байсан. Сүүлд хамтарсан багийн 4-5 удаа хийсэн үнэлгээнд гэртээ байсан. Гэрт нь очих үед А.Э-д С.Агаас хайр халамж, тэжээн тэтгэх асуудал байхгүй байдаг байсан. А.Э тураалтай, газарт бараг хог түүж иддэг байсан. А.Э-д 100% ээжийн хайр халамж муутай байсан. Амин-Эрдэнийн биеэр туурсан байсан зүйл нь 2 сар болоход арилаагүй, дахиад их турсан байсан. А.Э босоод явдаг байсан чинь сүүлдээ явж чадахгүй, бие их сул байсан. А.Э-г өрхийн эмч хэлэхдээ асаргаа сайн хийгээд явах юм бол хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд биш гэж ярьж байсан...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-63 тал/,
Гэрч Ж.Эрдэнэчулууны өгсөн: “...Би Л.Сгийн төрсөн ээж нь байгаа юм. .. С.Агийн хувьд А.Э нь 2-3 жилийн өмнөөс биеийн байдал муудаж тархины өвчтэй гэсэн гэж С.А хэлж байсан. Би байнга сүүлийн жилд байнга хүүхдүүдтэйгээ хамт байж чадаагүй. Утсаар байнга ярьдаг байсан. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод очиж С.Атай уулзахад А.Э нь тураалдаа орсон, биеэр нь юм туурсан их хэцүү болсон байсан. С.Атай Улаанбаатар хотод А.Э-г 2 өдөр Эх нялхаст 2 удаа очиж эмчид үзүүлэхэд эмч толгой сэгсэрч байсан.Хэн гэж эмчид үзүүлснээ мэдэхгүй байна. Надтай хамт С.А өөр эмнэлгээр А.Э-г авч яваагүй. Би Улаанбаатар хотод С.Атай 3 хоносон. Намайг хот орохоос өмнө С.А 2 ихэр хүүхдээ авч очоод дүү Мянганбаяр дээр үлдээгээд 7 хоног байхгүй байж байгаад ирсэн гэж Мянганбаяр хэлж байсан. С.А ер нь 3 хүүхдээ тоохгүй. Одоо ч гэсэн харж хандсан зүйл С.Ад байхгүй 2 хүүхдээ дүү нар дээрээ үлдээгээд хоол унд хувцас байхгүй хаашаа яваад өгдөг юм бүү мэд гэртээ байдаггүй гэсэн... С.А хүүхдүүдээ харж, хандаж, хайрлаж, хамгаалж, хувцаслаж байгаагүй. А.Э асаргаа байхгүй, хоол, ундгүй өлсөөд нас барсан юм шиг байна лээ. С.А машин унасан, хүнээс мөнгө зээлсэн, баян тарган хүний дүрд тоглоод явж байдаг юм шиг байна лээ. Хүнээс л тэгж сонссон. .. Би Сэлэнгэ аймгийн Бугант суманд амьдарч байхдаа хүүхдүүдээ чадах хэрээр мөнгө төгрөг явуулдаг байсан. Хүүхдүүдээ дэлгүүрээс зээл тавиад аваарай гэж хэлээд дэлгүүрт нь мөнгөтэй болохоор зээл төлдөг. Мөрөн сумын 13-р багт байдаг Чандмань дэлгүүр сайн мэднэ....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-66 тал/,
Гэрч Х.Өлзийнарангийн өгсөн: “...Л.С гэж манай өрхийн эмнэлгийн хяналтад байдаг байсан. Анх 2021 оны 11 дүгээр сарын эхээр /өдрийг нь мартсан/ нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч Амартүвшин миний гар утас руу залгаад танай багийн 4 настай А.Э гэдэг хүүхэд манай тасагт хэвтээд гарсан гэсэн. А.Э-г тураалтай, цус багадалттай учир хяналтдаа аваарай гэж ярьсан. Ингээд тэр өдөр би С.Агийн гар утас руу залгаад сувилагчтайгаа танайд гадаа байна гараад ирээ гэсэн чинь би гадуур ажилтай, бөөд үзүүлж байсан. Би өөрөө 16 цагт танай эмнэлэг дээр яваад очъё гээд тэр өдөр ирээгүй. Тэгээд би ажлынхаа үйлчлэгчийг С.Агийн гэр рүү явуулахад С.Агийн 3 хүүхэд, дүү нар байна. А.Э-г хувцас өмсөөгүй шалан дээр хог түүгээд идээд сууж байна. Гэрт нь нэг залуу байна гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь 10 цагийн үед С.Агийн гэрт очиход С.А байхгүй байсан. Би С.Агийн гар утас руу залгаад асуухад би гэртээ байхгүй байна. Би 13 цагаас өмнө очьё гээд ажил дээр ирэхгүй байхаар нь 17 цагийн үед гэрт нь яваад очсон чинь нэлээн олон хүүхэд хоол идээд сууж байсан. С.Аг дүү нь өчигдөр түлээнд явсан гэж хэлсэн. Би талийгаач А.Э-г ихэртэй нь хамт өрхийн эмнэлэг дээр аваачиж үзлэг хийсэн. Талийгаач А.Э 4 настай хүүхэд мөртлөө 10кг 530 гр-тай тураалын 3-р зэрэгт орсон. Цус багадалт 3-р зэрэгтэй, ярьж чадахгүй, хөл дээрээ хальт зогсдог, явж чадахгүй, шүдээ байнга хавирдаг, толгой, нүүр, биеийн бүх хэсэг харшлын гаралтай шархтай, үс нь халцарсан байдалтай бие хэртэй угааж цэвэрлээгүй байсан. Талийгаач хүүхэд 2 настай байхдаа аутизм өвчний онош тогтоогдсон юм байна лээ. Аутизм өвчин дээр нэмэгдээд цус багадалт, тураалын 3-р зэрэгт орсон. Хүүхдийн тасагт хэвтээд гарахад нь талийгаачид хоол тэжээлийн дутагдалд орсон учир 7 хоногийн хоол самрын нухаш өгсөн байсан. С.Агийн А.Э –ийн хувьд биеийн өсөлт , хөгжил зүгээр буюу хэвийн байсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байхаа сувилагчтайгаа би С.Агийн гэрт нь очиход С.А түлээнд яваад ирлээ гэсээр гэртээ орж ирсэн. С.Аг талийгаач А.Этэй хамт өрхийн эмнэлэг дээр аваачиж хүүхдийг усанд оруулж эмчилгээ хийх гэхэд С.А татгалзсан. Би дараагийн 1 дэх өдөр хүүхдийн эмчид үзүүлсэн, Нэмэлт хоолыг идүүлэхгүй гэж хэлсэн. Мөн би өрхийн эмнэлгээр явахгүй гэж эмч, сувилагч, хүүхдэд хийх эмчилгээ, хоолноос татгалзсан. Тэгээд дараа 7 хоногийн 1 дэх өдөр С.Агийн гэрт очиход хаалгаа тайлж өгөхгүй, гар утсаа авахгүй байсан. Түүнээс хойш манай ажилтан нараас С.Агийн гэрт очиход байхгүй байсан. Гэрт нь дүү нар нь байсан учир жин аваачиж талийгаач А.Э-г жинг үзэхэд 10 кг 200 гр болсон байсан. Талийгаач А.Э-д асаргаа, хайр, халамж дутагдаж тураал, цус багадалттай болж харшилд өвчин нь эдгэрэхгүй, биеийн хэсгээр шарх их болсон байсан. Манай эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн бол ядаж нас барахгүй тураал, цус багадалт, харшил нэмэгдэхгүй эмнэлгээс өгсөн бэлдмэл, эмчилгээний хоолыг өгч байсан нэмж тураалд орохгүй байсан. Тэр үед А.Э-г энэ чигтээ хараа хяналт, хоол, унд, халамж, эмчилгээгүй байх юм бол үхэх эрсдэлтэйг анхааруулж хэлж байсан. Эмчилгээ бид нарыг хийх гэхээр С.А татгалзаад байсан. Талийгаач 2 настай байхдаа аутизм өвчтэй болсон ч энэ өвчин нь асаргаа, халамж сайн байхад тураал, цус багадалтад орохгүй байх бүрэн боломжтой. Би өмнө зөрчлийн хэрэг дээр энэ талаар тодорхой ярьсан байгаа....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70 тал/,
Гэрч Б.Мөнхзулын өгсөн: “...Би Л.С гэдэг хүнийг танина. Би С.Агийн охин С.А.Э-г 1 сар хүрээгүй байхад нь байхаа эмчилгээ хийж эхэлсэн. Амь хохирогч С.А нь 1 сар хүрэхээс өмнө байхаа хүчил төрөгчийн дутагдалтай ирж, тэр үед онош тогтоохоор Эх нялхас яваад хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа гэж ирсэн. Амь хохирогч С.А аутизм өвчний онош гээд 2021 онд /өдрийн санахгүй байна/ би үзэж байсан. Би 2019 оны 1 дүгээр сард төрөөд ажилдаа 2020 оны 03 дугаар сард орсон. Энэ хооронд надад С.А хүүхдээ үзүүлээгүй. 2021 онд хэзээг нь санахгүй байна. Манай хүүхдийн тасагт амь хохирогч ээж С.Атай ирж хэвтсэн. Тэр үед Амин-Эрдэнийн биеийн дунд зэрэг аутизм өвчний шинж тэмдэг илэрсэн, шүдээ хавирдаг, газарт унасан зүйлийг түүж идээд байдаг, тураалтай, эрчимт эмчилгээнд ирсэн. 2021 оны сүүлээр хүүхдийн тасагт Амартүвшин эмчийн хяналтанд хэвтсэн. С.А амь хохирогч А.Этэй эмнэлэгт хэвтэхдээ хүүхдээ харж асарч байдаг байсан. Өөр туслах хүн байхгүй гэсэн. Хүүхдэдээ хоол унд өгдөг байсан байх би тэр үеэр нь яг таарч байгаагүй. Өдрийн цагаар гурилан хүнс өгч харагддаг байсан...Амь хохирогч С.Амин-Эрдэнийн аутизм нь хүнд өвчин байсан. Асаргаа сувилгаа, халамж сайн байхад нийгмийн харилцаанд орох чадвартай байдаг. Нийгмийн харилцаанд гэхээр Амин-Эрдэнийн хувьд миний харж байснаар ээжтэйгээ байхаар их зөөлөн байдаг. Бид /эмч, сувилагч/ нарыг харахаар уурлаад, уйлаад шүдээ хавираад байдаг байсан. Биеийн байдлын хувьд суурь өвчин болон тураал, цус багадалтыг эмчлэх юм бол эмчилгээ авна. Надад С.А эмчийн хяналтад байгаа гэж чатаар бичиж байсан. Манай тасаг дээр хэвтэж байгаагүй.....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-74 тал/,
Гэрч Ц.Б өгсөн: “...Би С.Атай 2016 онд танилцаад гэр бүл болсон. С.А бид хоёрын дундаас хоёр ихэр охин 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. С.А надтай анх суухдаа дагавар охинтой ирсэн. Тэгээд С.А бид хоёр Мөрөн сумын 13-р баг 16-17 тоотод хамт хүүхдүүдтэйгээ хадам аавын гэрт амьдарсан. Манай 2 ихэр хүүхэд анх эхээс төрөхдөө талийгаач охин маань толгойны өвчтэй, хөгжил муутай, хоол унд идэхдээ муу, хүчээр хоол иддэг байсан. Ингээд С.А бид 2 Мөрөн болон Улаанбаатар хотод эх нялхасад үзүүлэхэд талийгаач охиныг маань тархины өвчтэй, усжилттай, цус хуралттай, аутизм өвчтэй гэсэн. С.А бид хоёр 3 жил хамт амьдрахад 3 хүүхдээ С.А хараад би ажил хийдэг байсан. С.А 3 охиндоо санаа тавьж, хайрлаж, халамжлан ээж хүн ямар байх уу тийм л байсан. ... 2019 оны 10 дугаар сараас эхлээд С.А бид хоёр хоорондоо таарахгүй болж салсан. Би 2 хүүхдээ авах гэхэд С.А өгөхгүй гээд шүүхээр хүүхдийн мөнгө тогтоолгож, 2020 оноос хойш би 2 охиндоо сар бүр 230,000 төгрөг Хаан банкны дансаар С.Агийн данс руу шилжүүлдэг...Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдрахаа болиод Улаанбаатар хотод амьдарч эхэлсэн. .. Намайг ажил дээр 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр байхад С.А утсаар залгаад А.Э нас барчихлаа гээд уйлаад байсан... Би өчигдөр ирээд 2 охинтойгоо уулзах гэж С.Атай утсаар ярьсан. Тэгээд С.А А бид 3 уулзаж хоолонд орсон. Охин маань цэцэрлэгт явж байгаа юм байна лээ. .. Утсаар хааяа С.А-тай ярихад хүүхдээ эмнэлэгт үзүүлж байна эмнэлэгт хэвтэж байна гэдэг байсан. 2021 оны өвөл байхаа би хөдөө уурхайд ажил дээр байхад талийгаачийг үзүүлэх гээд Улаанбаатар хотод байна гэж ярьж байсан. Тэр үед талийгаач охиндоо 500.000 төгрөг эмчилгээнд нь шилжүүлсэн. Би өөрийн охин А.Э харах хүнгүй болбол харж, хандаж, өөр дээрээ байлгамаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78тал/,
Гэрч Х.Гүнсэнгийн өгсөн: “...Би Л.Стай найзлаад 7 жил болж байна. Нөхөр нь Бямбаа гээд залуу байдаг байсан салаад явсан. С.А 3 охины хамт энд үлдсэн. С.Агийн хоёр бага ихэр нэг ихэр нь бие муутай байсан. Талийгаач А.Э бие муутай болохоор С.А байнга асарч хардаг байсан. Хааяа С.Аг ажилтай болохоор өдрийн цагаар дүү нар нь харж ханддаг байсан. ... Талийгаач А.Э хоол, унд идэх дургүй байсан. Талийгаач бөөрөнхий сүүт гэдэг хүнс идэх дуртай байсан. Хоолыг хүчээр өгөөд ч сайн иддэггүй байсан. С.Агийн гэрт очиход талийгаач байнга ээжийнхээ хажууд өвөр дээр байдаг байсан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-82 тал/,
Гэрч Ч.Дэлгэрмөрөнгийн өгсөн: “...Талийгаач А.Э өвчин их ороодог болохоор эмнэлэг, бөө, лам гээд их явсан. Талийгаач охиноо С.А хот руу эмчилгээнд Цагааннуур луу бөөд хүртэл үзүүлэх гээд авч явж байсан. Талийгаач хоолонд муу байсан болохоор тураад байхаар С.А хүчээр зутан бантан өгдөг байсан. .. С.А хүүхдээ хараад ажил хөдөлмөр хийх боломж байдаггүй байсан. Хүүхдээ эмчилгээнд авч явахдаа аав нь мал зарж мөнгө өгдөг байсан байх...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-86 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай: “... Амь хохирогч С.А цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч С.А цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. С.А нь хоол тэжээлийн дутагдал болон арчилгаа муутайн улмаас олон эрхтний дутагдалд нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон лабораторийн шинжилгээний хариугаар тус тус батлагдаж байна ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 91-92 тал/,
Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Хоол тэжээлийн дутагдалгүй, жингийн дутмагшилгүй, арчилгаа сайн, эмчилгээ сайн байсан бол нас барахгүй байсан. Амь хохирогч С.А цогцост задлан шинжилгээ хийхэд ходоод, нарийн бүдүүн гэдсэнд хоол тэжээл агууламжгүй байсан нь сүүлийн 7-10 хоног орчим хугацаанд хоол ундгүй байсан гэдэг нь батлагдаж байна. Аутизм гэж оношлогдсон гэх ба уг онош нь задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр батлагдаагүй...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97-98 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 11 тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 13-16 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17-18 тал/,
Яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 145 тал/,
Өвчний түүх /1 хх-ийн 245-250 тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2 хх-ийн 43-46, 59-62 тал/,
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2 хх-ийн 47-50, 53-58 тал/,
Шүүгдэгч Л.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би нас барсан охиныхоо тухай ярихад хэцүү байна. Байгааг нь харж тэсээд амьдарч байна. Миний талийгаач охин 2017-09-25-ны өдөр төрсөн. Төрөөд охиныг маань тархины даралттай, шаралттай гэж байсан. Би төрөөд 2 сар шахуу Мөрөнгийн хүүхдийн тасагт ихэр 2 хүүхэдтэйгээ хэвтэж эмчлүүлсэн. Талийгаач А.Э маань ихэр, нөгөө ихрийг нь А.Э гэдэг. Гэртээ гараад 1 сар болох үгүй талийгаач гэнэт халуураад 3 өдөр дараалан түргэн дуудаж халуун намдаах лаа, тариа тариад явсан. 3 дахь өдрийн өглөө нь би хүүхдээ аваад /А.Э/ нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж үзүүлсэн чинь эмч нь шинжилгээ аваад, лаа хийгээд явуулсан. Мөн Аюуш эмчийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Аюуш эмч вирусийн гарал байх шиг байна гээд 5 хоног хэвтсэн. Ингээд нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шилжүүлсэн. 7 хоног хэвтэх үед биеийн байдал нь сайн болоогүй. Онош тогтоогдоогүй. Эмч тархины өвчин байх магадлалтай гээд шинжилгээ өгсөн боловч онош тогтоогдоогүй. Нэгдсэн эмнэлэг 13 маягт өгөөд Улаанбаатар хот явсан. Хотод очоод Эх нялхсын төвд 3 хоног хэвтсэн. Эх нялхсын эмнэлэгт үзүүлэх үед аав нь аваад явсан. Би А.Э хараад үлдсэн. Тэгээд 3 хоногийн дараа талийгаачийг эмнэлгээс гарахад нь араас нь очсон. Тэгээд талийгаач охин маань нэг хэсэг гайгүй байсан. Гэхдээ А.Э хөдөлгөөнд ороход хөгжил сайн байхад талийгаач хөдөлгөөн муу байсан. Би хэзээ ч охин үрээ үхээсэй гэж бодохгүй. Бие нь дээр болох байх гээд эмнэлэг, эмч бүр дээр очсон. .. Би өөрийн чадах бүх боломжоороо охиноо харж хандаж 5 нас хүртэл өсгөөд ийм байдалд орлоо. Би 3 охинтой 1 охиноо алдсан. Надад ганц өвчтэй охин маань байгаагүй дахиад 2 охин байгаа би тэд нарыг өсгөх, хувцаслах, хоол унд гээд бүгдийг ганцаараа зориулж байсан... Би талийгаач охиноо өвчтэй цагаас хойш асарч халамжилж харлаад ирсэн. Би хүүхдээсээ нэг удаа ч шантарч үзээгүй. Талийгаач охиныхоо төлөө сайн гэсэн лам, бөө, эмчээр явсан... Манай аав, ээж намайг дүү нарыг харахаас илүү надаар туслуулж байсан. Би хамгийн сүүлд ийм байдалд ороод байгаа нь хэцүү байна. Намайг дүү нараа хүүдээ яаж өсгөж хоол, унд, хувцас хунар, авах гэж мөнгө зохицуулж явсныг хэн ч мэдэхгүй байж миний талаар тогтоолоос уншсан мэдүүлэг зүйлд гомдож байна. .. Миний талийгаач охин хоол идэж мэдэхгүй, хүчээр хоол зутан бантан, шингэн төрлийн зүйл өгдөг байсан. Шингэн идэх зүйлээ сүүлдээ дургүй болсон. Үүнээс болоод уургийн дутагдалд ороод, уураг нөхөх эмчилгээ хийлгэж байсан. Миний биеийн байдал ч муу үед байсан. Талийгаач охиноо нас барах үед би эмнэлэгт хагалгаанд ороод гарсан. Би шантарсан бол хүүхдээ өгөх газар нь өгөөд явах байсан байх. Миний хүүхэд дүү нарыгаа харахад маань эмэгтэй дүү Мянганбаяр тус болдог байсан. Эрэгтэй хүүхдүүд нарийн зүйлд тус болохгүй. Гэхдээ түлээ, хоол унд бэлтгэх асуудал дээр тус болдог. ... Талийгаач хоолны дуршил муу байсан тул биеийн эсэргүүцэл муудаж дархлаа сул болсон. Тэгээд өвчин туссан эдгэрэлт нь маш удаан болсон. Хамгийн сүүлийн байдлаар аутизм хавсарсан оюуны хомсдол гэдэг оноштой болоод өвчний хувьд эмнэлгээс эмчилгээ байхгүй гэсэн...Би шүүхээр өөрөө хөөцөлдөж байгаад 2021 оны 07 дугаар сараас хүүхдийн тэтгэмж авдаг болсон. Хүүхдүүдээ мөнгө өгөхдөө хэл амтай өгдөг. Би Бямбадагва руу яриад ийм байдалд орлоо чи намайг таслагдаад явах юм бол хүүхдээ харж чадах уу гэж асуухад Бямбадагва мэдэхгүй байна гэсэн. Би үлдэж байгаа 2 хүүхдээ өөрөө өсгөж чадна. Гэхдээ ийм байдалд байгаа болохоор том охиноо Алаг-Эрдэнэ сум руу ахынхаа гэр лүү сургуульд суулгах гэж байгаа. Миний бага охин цэцэрлэгт явж байгаа. Том охин маань Сод-Эрдэм сургуульд одоо сурдаг. Том охин маань Бямбадагвын хүүхэд биш.... Надад нэг удаа л боломж олгоод хараад үзээч гэж гуйж байна. Миний бага охин талийгаач ихрээ эмнэлэгт байгаа гэж боддог. Би охиндоо ихрийг нь нас барсан гэж хэлээгүй. Намайг байхгүй үед бага охин маань өвчин ороож ханиад, хоолой өвдөөд, сэтгэлээр унадаг. Би хүүхдээ үлдээж хааяа хөдөө гадаа 1-2 хоногоор ажлаар хоол унд бэлтгэх, мөнгө төгрөг олох, түлээ түлшээ бэлтгэх хөлсний жолоочоор ч явдаг үе байдаг. Ууж идэж цэнгэж явдаггүй. Хааяа нэг найз нартайгаа уулзах үе байдаг. Би өөрийгөө 100 хувь зөвтгөхгүй...Миний хувьд өссөн орчин хатуу байсан. ... Гэхдээ би амьдралыг хатуу байнгын хэрүүл зодоонтой аав ээжийн хажууд өсөхдөө тэр 2 шиг болоогүй. Би хүүхэд, дүү нараа орхиж өнчрүүлээгүй. Хүний хувьд гуниад хааяа нэг гаргасан алдааг маань дандаа юм шиг муу хүнээр төсөөлсөнд харамсаж байна. Хэрэв би буруу, муу хүн байсан бол миний хүүхдүүд, гудамжинд гараад, хаягдах байсан. Ааваас би нэг удаа 8.000.000-9.000.000 төгрөг аваад буцааж өгсөн. Дүү нарт маань мөнгөний хэрэг гарах үед би ааваас өөртөө хэрэгтэй юм шиг гуйж авсан. Тухайн үед дүү маань хулгайн хэрэгт орооцолдсон байсан болохоор хохирол барагдуулах гээд мөнгө ааваас авч өгсөн. Нэг дүү маань автотээврийн осол гаргаад мөн л хохирлыг нь ааваас би авч өгсөн. Тэрнээс энэ мөнгийг талийгаач охины эмчилгээнд хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 105-106, 109-111 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даваадуламын мэдүүлэг, гэрч Л.Л, Б.С, С.А, Э.Х, Ж.Э, Х.Ө, Б.М, насанд хүрээгүй гэрч Л.Ө, Л.А нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Л.С нь 2020 оны 1 дүгээр сараас эхлэн өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 4 нас 4 сар 29 хоногтой С.А.Э-г үл хайхарч хоол хүнсээр зориуд гачигдуулж “Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” үүрэг мөн өөрийн хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 16-17 тоотод 4 нас 4 сар 29 хоногтой С.А нь хоол тэжээлийн дутагдал болон арчилгаа муутайн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан буюу эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд Л.С нь өөрийн төрсөн хүүхэд болох С.А.Э-г хоол тэжээлийн дутагдал болон арчилгаа муутайн улмаас олон эрхтний дутагдалд орж 4 нас 4 сар 29 хоногтой С.А нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэж асран хамгаалагч, харгалзан дэмжигч асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон байраар хангах, сувилах, эрх ашиг сонирхлыг хамгаалах, мөнгөн хөрөнгө, .. бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах ..үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Л.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.С нь эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Сгийн гэм буруутай үйлдлийн улмаас хүүхдийн амь хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн хохирол байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Сг эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Сгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 158 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Л.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Сгийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Л.Сгийн асрамжинд байгаа түүний төрсөн охин П.У, Л.А нарт асран хамгаалагч тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар П.У, Л.А нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй ба шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар П.У, Л.А нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН