Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2018/00098

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00410 дугаар шийдвэртэй, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ болон түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөрт тооцуулж, тус сургуулиас Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цайны газрыг түрээслэх, сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Тус аймгийн Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "Ц" ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн захиргаатай "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээг 2018 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаатай байгуулсан. Мөн цайны газрыг түрээслүүлэх гэрээг захирал М.А-тай 2017 оны 8 дугаар сарын 16-аас 5 жилийн хугацаатай байгуулсан. Одоо уг гэрээ маань хүчинтэй үйлчилж байна. Гэрээ ёсоор тус компани нь Өлгий сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн захиалгын дагуу хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлж тус сургуульд "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ сайн гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, түрээсэлсэн хөрөнгийг зохих ёсоор ашиглан, гарсан эвдрэл гэмтлийг цаг тухайд нь сэргээн засварлах, харуул хамгаалалт, орчны цэвэрлэгээ, галын аюулгүй байдлыг зохих түвшинд ханган ажиллаж ирсэн. Тус сургуулийн захирал Н.О нь томилогдсоны дараа манай компанийн ажилд элдэв шалтаг зааж аль болохоор үйл ажиллагааг хааж боогдуулах, хэвийн үйл ажиллагааг хэвийн алдагдуулах зэрэг саад тотгор учруулах оролдлогыг байнга гарган удирдлагын зүгээс дарамт, шахалт үзүүлж ирсэн. Улмаар тус компани нь 2017 оны 11-р сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газартай Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаагаа байгуулж сар бүр байрны түрээсний төлбөрийг хийж байгаа. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх цайны газрыг түрээслэх сонгон шалгаруулалт зарласныг Баян-Өлгий аймгийн "Саян" телевизээс тэр өдрийн оройн цагаар мэдсэн. Өлгий сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн захирал Н.О нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн тус компанитай хууль ёсоор байгуулсан гэрээг ямар ч шалтаг, шалтгаангүй гэнэтийн байдлаар цуцлахыг байнга оролдож өөртөө ашиг сонирхлын зөрчилтэй өөр хувийн хэвшлийн компанитай цайны газрын гэрээ байгуулахыг санаархаж байгаа асуудалд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй ба хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах ёстой. Тухайлбал Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.1 .-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан.

Иймд "Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ болон "Түрээсийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөрт тооцуулах, тус сургуулиас "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цайны газрыг түрээслэх, сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүйд тооцуулах" тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хуульд нийцээгүй бодит байдалд үндэслэгдээгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн сургуулийн "Үдийн цай"-ны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа "Ц" ХХК нь тус сургуультай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан байх ба тухайн гэрээ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379/341 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх журам"-ыг зөрчсөн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, шинээр "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатайгаар нэхэмжлэгч "Ц" ХХК-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл, "Ц" ХХК-ийн менежер Г.М нь 2017 оны 10 дугаар сарын 02, 2017 оны 12 сарын 01-ний өдрийн "Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хамран ажиллах гэрээ"-нд заасан үндэслэлүүдийг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч компанийн тамга, тэмдгийг дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар өмнөх гэрээ нь хүчингүйд тооцогдсон бөгөөд тухайн өдрөөс эхлэн сүүлд байгуулагдсан гэрээгээр талууд хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа. 2018 оны 01 сарын 01-ээс эхлэн Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоол гарснаар цайны газрын түрээсийг Орон нутгийн өмчийн газарт биш сургуульд төлөх болсон. Гэвч дээрх компани өнөөдрийг хүртэл түрээс төлөхгүй, мөн цайны газар түрээслэх гэрээ байгуулах шаардлагатай байхад гэрээ байгуулахгүй дураараа аашилж өдий хүрлээ. Мэргэжлийн хяналтын газраас 2 удаагийн шалгалт ирж үйл ажиллагаагаа сайжруулах, хангалтгүй байгаа талаар анхааруулсан боловч 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сурагчдад удаж хуучирсан, хөгцөрсөн боорцог өгсөн зөрчлийг гаргаж Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох болсон. Мөн манай сургуулиас "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" хэлэлцүүлэг зохион байгуулж 100 бага ангийн эцэг эх оролцож тэдгээрээс авсан санал асуулгаар сургуулийн үдийн цайны хэрэгжилтийг 89%-ийн саналаар хангалтгүй өөрчлөх шаардлагатай гэсэн санал гарсан ба өнөөдөр тус сургуулийн үдийн цайг хэрэгжүүлж буй компани нь ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр орж ирсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00410 дугаар шийдвэрээр: 

“1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ерөнхий боловсролын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн болон 2017 оны 12 сарын 01-ний өдрийн гэрээнүүдийг хүчинтэйд тооцож, Орон нутгийн өмчийн газартай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 15 дугаартай Түрээсийн гэрээг хүчинтэйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Үдийн цай” хөтөлбөрт сонгон шалгаруулалт явуулсан шийдвэрийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00410 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379/341 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын 1.3-д зааснаар сургуулийн захирал аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээг 2-3 сарын хугацаатай байгуулахаар зохицуулсан байдаг. Гэтэл өмнө нь сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь дээрх журмыг зөрчиж “Ц” ХХК-тай Ерөнхий боловсролын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг 9 сарын хугацаагаар байгуулсан байсан. Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргүүлэн томилогдсоны дараа дээрх зөрчлийг арилгаж “Ц” ХХК-тай эхлээд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, дараа нь мөн оны 12 сарын 01-ний өдөр 2 удаа хоёр сарын хугацаатай гэрээ байгуулсан. “Ц” ХХК-ийн захирал Г.М нь дээрх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулан үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Нэгэнт эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн гэрээ байгуулсан учир 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ хүчингүй болсон байсан. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг хүчинтэйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Манай сургуулийн “Ц” ХХК-тай 2017 оны 1сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дууссан байсан.Тэрнээс хойших хугацаанд сургуулийн захирлын зүгээс тус компанийн захирлаас үргэлжлүүлэн гэрээ байгуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээ байгуулаагүй. Дараа нь тус компаниас шүүхэд нэхэмжлэл гаргасан учир шүүхийн шийдвэр гарахыг хүлээж “Үдийн цай” хөтөлбөрийг тус компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр “Ц” ХХК-тай 2017 оны 1сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа дууссан байхад хүчинтэйд тооцсон нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 196 дугаар зүйлийн 196.1, 196.2-т заасныг тус тус баримталсан байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд энэ нь гэрээг хүчинтэйд тооцоход ямар ч хамааралгүй заалт юм. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлд “Гэрээ байгуулсанд тооцох” үндэслэлүүдийг зохицуулсан байдаг. Манай сургууль болон “Ц” ХХК-ийн аль аль нь гэрээ байгуулсан эсэх асуудлаар огт маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрээ байгуулсан эсэх асуудлаар маргасан мэтээр шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00410 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ерөнхий боловсролын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн болон 2017 оны 12 сарын 01-ний өдрийн гэрээнүүдийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ болон түрээсийн гэрээг тус тус хүчин төгөлдөрт тооцуулж, тус сургуулиас Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цайны газрыг түрээслэх, сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон “Ц” ХХК-ний хооронд ерөнхий боловсролын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаанд “Ц” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж байгаа, дээрх гэрээнүүдийг хүчингүй болгосон, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байх тул маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон “Ц” ХХК-ний хооронд ерөнхий боловсролын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаатай, 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай байгуулсан гэрээнүүдэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг хүчин төгөлдөрт тооцуулахыг шаардсан байхад хүсэл зоригийг тайлбарлах хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т заасан зохицуулалт нь хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахыг зохицуулсан, нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөрт тооцуулахыг шаардаж байх тул хуулийн дээрх заалт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00410 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,” гэснийг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ