Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00316

 

Х.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02989 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01411 дүгээр магадлалтай,

Х.С-н нэхэмжлэлтэй

Г.Э-д холбогдох

30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч Х.С-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Х.С нь Г.Э-д холбогдуулан 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02989 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Э-д холбогдох 30,078,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01411 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02989 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Э-с 752,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,325,780 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,618 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,343 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Х.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэргийг шийдэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй” гэж заасан нь тоглоом мөрийний шаардан авах эрхийг бий болгохгүй гэсэн заалт буюу буцаах, эргүүлэн шаардаж болохгүй гэх заалт биш байна. Мөн хуулийн 486 дугаар зүйлийн 486.3, 486.4 дэх заалтууд нь зөвхөн тоглоом, мөрийтэй холбоотой зохицуулалт болохоос уг заалтууд нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл С.Т нь 30,078,605 төгрөгийг Г.Э-тай тоглоом тоглож хожигдож алдаагүй, харин түүнээс UC худалдан авсан төлбөр юм. Мөн энэ тоглоомын эрхийг авч өгөх үйлдэл хориглогдоогүй ч хэнд авч өгч, худалдаж болохгүй нь Иргэний хуулийн 16, 17, 56, 243 дугаар зүйлүүдээр зохицуулагдана.

...Мөн шүүхээс “насанд хүрээгүйг мэдэх боломжгүй байжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Худалдан авалт хийснээс гадна онлайнаар дуу хоолойг нь сонсоод хамт тоглож байгаа хүнийг хүүхэд гэж мэдэх боломжтой бөгөөд хэт өндөр үнийн дүнгээр удаа дараа худалдан авалт хийж байгаа тохиолдолд цаана нь хүүхэд байж болзошгүй гэдгийг анхаарч тодруулах ёстой байтал огт ийм оролдлого хийгээгүй нь хариуцагчийн буруу. ...Насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй бол уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх буюу мэдсэн, мэдээгүй гэх нөхцөл хуульд байхгүй юм. ...Иргэний хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдэд 30,078,605 төгрөгөөр UC худалдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл тул хуулийн 56.5-д зааснаар хууль бус хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх даалгаврын гэрээ гэж үзэж харилцан өөрөөр шийдсэн тул гомдол гаргаж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.С-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01339 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Г.Э-д холбогдуулан 30,078,605 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “...Г.Э нь насанд хүрээгүй хүүхэдтэй эцэг, эхийн зөвшөөрөлгүй хэлцэл байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул миний хүү С.Т-с PUBG тоглоом тоглох зорилгоор түүний данс руу шилжүүлсэн 35,138,605 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэж үзэж байна, охин С.Н-н дансыг би ажилдаа ашигладаг байсан, уг мөнгөнөөс буцааж 5,060,000 төгрөгийг авсан..., Г.Э нь насанд хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг, тэр тусмаа их хэмжээний мөнгө шилжүүлж байгаа тохиолдолд шалгаагүй буруутай...” гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ “...PUBG тоглоомыг олон улсын MIDASBUY сайтад мөнгө төлж, эрх авч тоглодог. Хүмүүс энэ сайтаас олон улсын карт ашиглаж, эрх авдаг талаар мэддэггүй тул би пэйж хуудас үүсгэж, хүмүүст эрх авч өгч дундаас нь 1-10 хувийн урамшуулал авдаг. Тоглоомын эрхийг авч өгөхдөө тухайн хүний царайг харах боломжгүй, хандсан хүнд нь авч өгдөг. С.Т-г насанд хүрээгүй гэж мэдээгүй. С.Т өөрөө төлбөрөө төлж тоглоомын эрх авсан. Би урамшуулал болгон авсан байсан 5,060,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгсөн. Үлдэх 30,078,605 төгрөг нь MIDASBUY сайтаас тоглоомын эрх худалдан авсан төлбөр ба надад энэ мөнгө үлдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тус тус мэтгэлцжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрт: нэхэмжлэгч Х.С насанд хүрээгүй хүү С.Т-н бусадтай хийсэн хэлцлийн үр дагаврыг хариуцах үүрэгтэй..., Иргэний хуульд хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно гэж заасан..., PUBG MOBILE тоглоомын эрхийг олон улсын байгууллагаас худалдан авч өгөх үйл ажиллагааг хуулиар хориглоогүй байхаас гадна энэ төрлийн үйл ажиллагааг явуулахдаа үйлчлүүлэгчийн насны хязгаарыг тогтоосон журам батлагдаагүй байна..., тоглоомын эрхийг авахдаа цахимаар харилцаж авдаг, дүрсээ хардаггүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримтыг тодруулах буюу насанд хүрсэн эсэхийг мэдэх боломжгүй байна...иймд хариуцагч Г.Э-г хууль зөрчиж хэлцэл байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй..., нөгөө талаар, нэхэмжлэгч нь хүүхдийг хараа хяналтгүй байлгаж, удаан хугацаагаар тоглоом тоглох нөхцөлийг бүрдүүлж, өөрийн өмчлөлийн гар утсыг хүүхдэд шилжүүлсэн, интернэт банкны нууц кодоо хүүхдээс нууцлаагүй зэрэг буруутай үйлдэл нөлөөлсөн..., шилжүүлсэн 30,078,605 төгрөг нь PUBG MOBILE SINGAPORE гэх гүйлгээгээр гадаад улсын MIDASBUY сайт руу шилжин орсон нь дансны хуулгаар тогтоогдсон..., хариуцагч Г.Э уг мөнгөн хөрөнгийг өөртөө олж аваагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 752,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож, үлдэх 29,325,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...тоглоом, мөрийний шаардах эрх талуудын харилцаанд хамааралгүй ба С.Т нь Г.Э руу 30,078,605 төгрөг шилжүүлж, үүний дагуу Г.Э нь дээрх мөнгийг MIDASBUY сайт руу шилжүүлж уг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрхийг С.Т-н цахим тоглоомын хаяг руу шилжүүлж буй харилцаа нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байна, түүнчлэн цахим тоглоом нь хуулиар хориглогдоогүй, гэрээг байгуулах үед зохих этгээдээс зөвшөөрөл авах ёстой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй..., 30,078,605 төгрөгөөр үнэлэгдэх цахим тоглоомын эрхийг нэхэмжлэгчийн хүү хүлээн авсан, уг мөнгө хариуцагчид үлдээгүй байх тул энэ мөнгөн дүнгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь 752,825 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх боломжтой болохоо илэрхийлсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав...” гэжээ.

9.Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг хүчин төгөлдөр гэж ижил дүгнэлт хийсэн боловч гэрээний харилцааг өөр өөрөөр тодорхойлсон болохоос гадна нэхэмжлэлийн үндэслэлд бүрэн дүгнэлт өгч чадаагүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

10.Хэрэгт байгаа баримтаар, Г.Э нь “********” нэртэй пэйж хуудсаар дамжуулан PUBG тоглоомын эрхийг авч өгөх, хамтарч тоглох, үүний төлөө урамшуулал авах нөхцөл бүхий гэрээний саналыг нийтэд илэрхийлсэн, уг пэйж хуудсаар дамжуулан Х.С-н хүү С.Т PUBG тоглоомын эрх авах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч Х.С-н охин С.Н-н эзэмшлийн ****** банк дахь 5********6 тоот данснаас 2023.04.19-2023.04.23-ны өдрүүдэд хариуцагч Г.Э-н эзэмшлийн ****** банк дахь 5********9 тоот дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 35,138,605 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг нэхэмжлэгчийн төрсөн хүү С.Т түүний гар утсаар интернэт банкаар шилжүүлсэн, хариуцагч 5,060,000 төгрөгийг урамшуулалд тооцон авсан, үлдэх 30,078,605 төгрөг нь MIDASBUY сайтаас тоглоомын эрхийг цэнэглэсэн үйл баримт тогтоогджээ.

11.Нэхэмжлэгчийн хүү С.Т 2010.**.**-ны өдөр төрсөн, 2023 оны 04 дүгээр сард Г.Э-р зуучлуулан тоглоомын эрх авч тоглох үед тэрээр 12 нас *** сартай, насанд хүрээгүй байжээ. С.Т нь иргэний эрх зүйн зарим чадамжтай гэж тооцогдох тул өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч хийх эрхтэй байна.

************ дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023.12.22-ны өдрийн 04 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Г.Э-д холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан ба уг ажиллагааны явцад С.Т нь “...2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой аав ажлаасаа ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд маргааш, нөгөөдөр нь аав гэрт архи уугаад байсан... би гэрээс гарахдаа аавын гар утсыг авч гарсан. Аавын гар утсанд гэрч Н-н ****** банкны 5********6 дугаарын данс байдаг. Би тэр дансных нь нууц үг болон кодыг нь мэддэг юм. Дансанд нь 67,000,000 орчим төгрөг байсан. Уг мөнгөнөөс PUBG тоглоомын эрх /UC/ худалдаж авсан. Намайг тоглоомын эрх авахыг хэн ч хүчээр шахаж шаардаагүй...” гэсэн мэдүүлэг өгчээ.

12.Хариуцагч Г.Э-н PUBG MOBILE тоглоомын эрхийг олон улсын байгууллагаас худалдан авч, уг тоглоомын эрхийг бусдад дамжуулсан  үйл ажиллагаа нь нэг удаагийн шинжтэй, уг үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй, зохигчийн хооронд үүссэн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56, 58, 59, 60 дугаар зүйлийг зөрчөөгүй хэдий ч ийм үйл ажиллагааг ашиг олохын тулд тогтвортой эрхлэх нь хууль бус шинжийг агуулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзэв. Учир нь тус тоглоомын тухайд насанд хүрээгүй хүүхэд тоглох боломжийг хязгаарласан байдгаас гадна хүүхдүүдийн тоглоом тоглоход зарцуулах цагийг хязгаарлах, насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүй хийсэн мөнгөн төлбөрийн зарцуулалтыг хянахад чиглэсэн дүрмүүд, хэрэглэгчийн эрх болоод тоглоомын зохион бүтээгч компанийн хариуцлага зэргийг илүү тодорхой болгосон журам, зааварчилгаа байдаг учраас тоглох эрхийг дамжуулах, зуучлах үйл ажиллагааг явуулах нь хууль бус болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тоглоом болон мөрийний шинжтэй гэрээний төрөл гэж үзэж Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг өөрөөр тодорхойлсон.

Хариуцагч Г.Э нь С.Т-н өмнөөс, түүний заавраар ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд сайтад нэвтэрч, тоглох эрх авч өгөн, үүний төлөө хөлс авсан үйлдэл нь даалгаврын гэрээ биш юм. Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгодог ба нэхэмжлэгчийн хүү PUBG MOBILE тоглоомыг хариуцагчтай бус олон улсын сайт дахь сервертэй холбогдож тоглосон, талуудын хооронд тоглоомын харилцаа үүсээгүй учир анхан шатны шүүхийн хууль хэрэглээ оновчтой болоогүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан шинж байхгүй тул зуучлалын гэрээ биш бөгөөд талуудын хэлцэл хуулиар шууд нэрлээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг агуулсан учир нэрлэгдээгүй гэрээ гэж үзэв. Нэрлэгдээгүй гэрээнд үүргийн нийтлэг үндэслэл хэрэглэхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан ба нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаагүй юм.

13.Харин тоглогч болох С.Т нь насанд хүрээгүй, түүний хууль ёсны төлөөлөгч Х.С нь түүний Г.Э-тай байгуулсан “PUBG MOBILE” тоглоом тоглох эрх худалдан авсан хэлцлийг дэмжээгүй нь Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т зааснаар дамжин хуулийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг бий болгож болох боловч Г.Э нь 30,078,605 төгрөгийг өөртөө аваагүй, тоглоомын эрхийг цэнэглэсэн, үүнийг нь С.Т захиран зарцуулсан учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

14.Гагцхүү хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэснээс гадна “хариуцагч гэм буруутай үйлдлээр хохирол учруулсан” гэсэн гэм хорын эрх зүйн шаардах эрх давхар агуулсан байгааг анхаараагүй нь учир дутагдалтай болсон байна. Нэхэмжлэгч этгээдэд нэг эрх зүйн харилцаанд хэд хэдэн шаардах эрх байж болох бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл бүрд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй.

14.1.“PUBG MOBILE” тоглоомыг БНСУ-д “Какао” нэртэй серверээр дамжуулдаг бөгөөд Какао сервер ашигладаг компьютерыг 15-аас доош насны хэрэглэгчид ашиглахыг хориглодог бол орон даяар ашиглагдаж буй сервер болох Xbox One, PlayStation-ийг насанд хүрээгүй хүүхэд ашиглах боломжгүйгээр бүтээсэн байна. Уг тоглоом нь үнэ төлбөртэйгөөр PC түгээлтийн платформ болох Steam-ээр дамжуулагддаг байсан бол дамжуулах серверүүд хөгжсөөр гар утсаар үнэгүй тоглох эрхтэй болжээ. Улмаар тоглогч нь тоглоом доторх өөрийн дүрийг хөгжүүлэхдээ тодорхой виртуал хэрэгсэл буюу барааг /virtual goods/ зөвхөн уг тоглоомд ашиглах боломжтой төлбөрийн хэрэгсэл болох UC /unknown cash/-р авдаг. Энэхүү виртуал бараа болон тоглоомын төлбөрийн хэрэгслийг бусдад зарж борлуулах, шилжүүлэх, мөн хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжгүй буюу зөвхөн тоглоомыг тоглох хүрээнд л ашиглахаар хязгаарлажээ.

“PUBG MOBILE” тоглоомыг тоглохын тулд тоглоомын аппликейшн татаж авснаар санхүүгийн буюу төлбөрийг төлөх нөхцөл нь гарч ирдэг. Ийнхүү тоглогч тоглоомыг тоглох нөхцөлийн дагуу тухайн төлбөрийг төлснөөр тоглоомыг тоглох эрх нь баталгааждаг. Төлбөр төлөх /pay/ цэс рүү хандахад “midasbuy”[1] гэх гуравдагч платформыг холбосон байх ба үүгээр дамжуулан тоглоом дотор ашиглах төлбөрийн хэрэгсэл болох UC-г худалдан авдаг байна. Тухайн midasbuy гэх платформын хэрэглэх нөхцөлийн удиртгал хэсэгт “Хэрэв та 18-аас доош /эсхүл тухайн улсын хуулиар насанд хүрээгүй хэмээн тооцогдох/ настай бол таны эцэг эх, эсхүл асран хамгаалагч энэхүү нөхцөлийг урьдчилан хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай” гэж, мөн 15.7 дахь хэсэгт “ямар нэг бүтээгдэхүүнийг худалдан авахаар захиалга хийсэн тохиолдолд та бидэнд өөрийн данснаасаа төлбөрийг татах эрхийг олгож байгаа ба ийнхүү худалдан авалт хийх санаа зорилгогүй байсан зэрэг тохиолдолд ч буцаалт хийгдэх боломжгүй...” гэж, 12.2 дахь хэсэгт “Бид ямар нэгэн гуравдагч этгээдийн шаардаж буй төлбөрийг хариуцахгүй” гэж гарч ирдэг байна.

14.2.Ийнхүү хориглосон агуулга бүхий нөхцөл, анхааруулгыг тоглоомын хэрэглэгчийн зүгээс зайлшгүй уншиж танилцан, зөвшөөрснөөр цахим хэлцэл байгуулагддаг байхад хариуцагч Г.Э нь энэ талаар тоглогчийн эрхийг эдлүүлээгүй, тоглогч нь насанд хүрсэн эсэх, эцэг эх эсхүл асран хамгаалагч нь зөвшөөрсөн эсэхийг шалгаагүй, уг тоглоомыг тоглох үр дагавар сөрөг нөлөөтэй болохыг анхаараагүй нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн, хариуцагч энэ үйл ажиллагааг тогтвортой эрхэлдэг үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаарх шүүхүүдийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хүү насанд хүрээгүй учир анхнаасаа тоглоомын эрхийг авч чадахгүй ба тоглогч нь өөрийгөө насанд хүрсэн гэж хэлэх нь хангалтгүй бөгөөд хариуцагч нь тоглох эрх худалдан авахаас өмнө түүнийг насанд хүрсэн эсэхийг шалгах үүргээ биелүүлэх ёстой байжээ. Энэ талаар тогтоох боломжтой байхад цахимаар харилцаж, дүрсээ хардаггүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримтыг тодруулах буюу насанд хүрсэн эсэхийг мэдэх боломжгүй байхаас гадна энэ төрлийн үйл ажиллагааг явуулахдаа үйлчлүүлэгчийн насны хязгаарыг тогтоосон журам батлагдаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байв.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 30,078,605 төгрөгийг өөртөө аваагүй, уг мөнгийг тоглоомын эрхийг цэнэглэх замаар нэхэмжлэгчийн хүү С.Т захиран зарцуулсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан шалтгаант холбоо байгаа учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэг үйл баримтаас үүдэлтэй хэд хэдэн шаардах эрх байгаа тохиолдолд шүүх эрх зүйн хувьд тус бүрд нь дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд хоёр шатны шүүх зөвхөн үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх тухайд хуулийг хэрэглэсэн нь хууль ёсны шаардлагад нийцээгүй боловч дээрх байдлаар залруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

14.3.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь хүү С.Т-н тоглоомын эрхийг худалдан авах болсон үйлдэлд эцэг Х.С нь хүүхдийг хараа хяналтгүй байлгаж, удаан хугацаагаар тоглоом тоглох нөхцөлийг бүрдүүлж, өөрийн өмчлөлийн гар утсыг хүүхдэд шилжүүлсэн, интернэт банкны нууц кодоо хүүхдээс нууцлаагүй зэрэг буруутай үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдож байх тул хохирлыг хэмжээг багасгаж хариуцагчаас 12,031,442 төгрөгийг гаргуулж (30,078,605 төгрөгийн 40 хувиар), шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01411 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/02989 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Г.Э-с 12,031,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,047,163 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Г.Э-с 207,453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Х.С-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.30-ны өдөр төлсөн 308,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРМАА

                  ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                Н.БАТЧИМЭГ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Д.ЦОЛМОН

 

[1] Шүүхийн академи, “Пабжи мобайл” /Pubg mobile/ тоглоомын талаарх харьцуулсан судалгаа, х.4 (2024)