Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 76

 

Г.Г-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0211/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Т-, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                               Б.Батсүх

Нарийн бичгийн дарга          Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын Г-өд холбогдох, 2018002110191 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1980 оны 11 дүгээр сарын 25-нд  Дархан-Уул аймагт төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ын Г-.

Шүүгдэгч Г.Г-  нь  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-г 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зодсон., 2020 оны 02 дугаар сарын 27., 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар гудамжны ** тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, байнга буюу 3 удаа зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар шүүгдэгч Г.Г-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-г зодсон гэх үйлдэл, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.д зааснаар Г.Г-өд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1., 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч Б- овогт Г-ын Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б- овогт Г-ын Г-өд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хэлэлцээд 235 дугаар шийтгэх тогтоолоор “ ... Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэдэгт тоон илэрхийллийн хувьд 3 болон түүнээс дээш удаа зодсон үйлдлийг ойлгох ба үйлдлүүдийн хооронд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхыг шаардана.

Хорих ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Г- нь 2019-01-03-ны өдөр эхнэр Г.Б-г зодсон үйлдлээс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д зааснаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 .т зааснаар Г.Г-өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар  зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж, Г.Г-ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 2 дугаар заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох нь “хэсгийн 2 дугаар заалтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосон атлаа, мөн  энэ  заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т  зааснаар Г.Г-өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1., 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.т заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг  зөрчсөн  байна.

Иймд  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтэндээ:

Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх тухай хугацаа өнгөрсөн байна гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.т зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж гэдэг дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г-  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-г 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зодсон., 2020 оны 02 дугаар сарын 27., мөн  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхант 3 дугаар гудамжны 37 тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, байнга буюу 3 удаа зодсон гэмт хэрэг  үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Г.Б-, гэрч Д.Д-, Ц.Г-, Г.Г-, насанд хүрээгүй гэрч О.М- нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-03-06-ны өдрийн 235 дугаар дүгнэлт,  шинжээч эмч Д.Т-гийн  тайлбар мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогджээ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч  Г.Г-ийн үйлдэл нь  үргэлжилсэн   шинжтэй бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн  хугацаандхамааруулах бөгөөд  мөн гэмт хэрэг тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулах болохыг зөрчиж зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Харин  шүүх хэрийг дахин хэлэлцэхдээ тухайн үед болсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал, хохирогчид  ямар хохирол учирснаас хамаар энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.,  11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар зүйлчлэх эсхүл  аль нэг зүйл, хэсгээр зүйлчлэх нь шүүх хуралдаанаар  хэрэг хянан хэлэлцэх  явцад  шийдвэрлэх  боломжтой.

Үүнээс гадна хэргээс үзэхэд шүүдэгч нь ослын улмаас эрүүл мэндийн хувьд тархины ямар нэг гэмтэл, согогтой байж болзошгүй мөн энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх талаар  эрх бүхий байгууллагаар тодорхойлуулах нь хэрэг шийдвэрлэхэд  нөлөөлж болох нөхцөл байдал болох эсэхийг анхаарах нь шаардлагатай.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г-ын Г-өд холбогдох, 2018002110191 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Г-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧ                                      Ц.ТУЯА

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР