Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 016

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг
 Улсын яллагч: М.Отгонжаргал
 Хохирогчийн өмгөөлөгч: Я.Сьезд
 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
 Шүүгдэгч: С.Гүлзат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Узынмылтых овогт Сайндолдагийн Гүлзатад холбогдох эрүүгийн 201604000208 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1978 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын бүрэн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч ажилтай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Узынмылтых овогт Сайндолдагийн Гүлзат. РД:БВ78032505.   
Шүүгдэгч С.Гүлзат нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Ш.Хуангантай хэрүүл маргааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Гүлзатын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би Ш.Хуанганыг зодоогүй. Ш.Хуанган намайг хэл амаар доромжилж, миний өрөөний түлхүүрийг аваад өрөөнөөс гараад яваад өгсөн. Би Ш.Хуангантай түлхүүрээ булаацалдсанаас биш түүнийг зодоогүй. Ш.Хуанган Цагдаагийн байгууллагад хэзээ гомдол мэдээлэл гаргасан гэдгийг мэдэх гэсэн юм. Тэрээр тухайн үйл явдал болсноос хойш 7 хоногийн дараа Шүүхийн шинжилгээний албанд үзүүлж акт тогтоолгосон байна. Ш.Хуанганы аймагт ирж, эмнэлэгт үзүүлсэн гэх бичиг баримт нь хуурамч гэдгийг хавтаст хэрэгтээ танилцсаны дараа мэдсэн. Лист бичсэн Айбек гэдэг эмч физик эмчилгээний эмч  байсан. Үүнийг улсын яллагч яагаад шалгаагүй. Ш.Хуанган надад ажлын шалтгаанаар гомдолтой явдаг. Тэрээр Асылжан кампани захирал. Уг компани сургуулийн хоол хүнсний асуудлыг хариуцаж байсан тул би хэд хэдэн удаа шаардлага тавьсан. Тэрээр албаны ажлаа хийлгүй, компани ажлаа хийдэг тул би удаа дараа шаардлага тавьж байсан. Ш.Хуанган надад ажлаас болж өш хонзон санаж явдаг. Иймд намайг худал гүтгэсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч Ш.Хуанганы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн захирал С.Гүлзатын өрөөнд албаны ажлаар очсон юм. С.Гүлзат бид хоёр албан ажлын маргаанаас болж хоорондоо маргалдсан ба улмаас би ширээн дээр байсан С.Гүлзатын өрөөний түлхүүрийг аваад гарахад С.Гүлзат дагаж гарсан ба миний нүүрэн тус газар цохиж зодож өмсөж явсан цамцыг татаж урсан ба өрөөнд сургуулийн эмч С.Жархынгүл байсан, үүдэнд манай нөхөр Хойшбай бид хоёрыг салгаж авсан. Би сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирсон ба гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9-р хуудас/
- Гэрч С.Жархынгүлийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн захирал С.Гүлзат хурал хийгээд би захирал С.Гүлзатад дотуур байрны хоолны цэсийг батлуулахаар очсон юм. Тухайн үед гаднаас Ш.Хуанган орж ирсэн.  Тухайн үед Ш.Хуанган С.Гүлзатад “Асылжан” ХХК-ныг чи биш, би мэднэ гэж хэлсэн. Тэгээд Ш.Хуанган ширээн дээр байсан С.Гүлзатын түлхүүрийг аваад гадаа гарахад С.Гүлзат дагаж гарсан. Тухайн үед С.Гүлзатын өрөөний хаалга хаагдсан ба би дотор талд  нь үлдсэн. Хаалга онгойлгоод гарахад С.Гүлзат гараа хойшоо татаж байсан ба яг Ш.Хуанганыг цохиж зодсоныг хараагүй. Тухайн үед Ш.Хуанганы амнаас цус гарсныг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шинжээчийн 
    1. Иргэн Ш.Хуанганы биед тархины битүү, доргилттой, зулай, чамархайн хэсэгт даралттай, зүүн талын чих гадна, шанаа, чамархайн хэсгийг хамаарсан хавдартай, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, дээд уруулд хавдартай, шархтай.
    2. Дээрх гэмтэл учраад 1-10 хоног болсон ба эрүүл мэндийг сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл байна. 
    3. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.
    4. Тархины гэмтлийн хор уршиг үлдцийг эмчилгээний үр дүнгээс хамаарч дахиж тогтоох болно" гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/
- Гэрч Х.Хойшбай, Ш.Хайнел, Ж.Тасхынбек нарын мэдүүлэг /хх-ийн 11, 12, 13-р хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/
- Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 45-46-р хуудас/
-Эд мөрийн баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг шинжлэн судлав. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд зэргийг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ. 
Шүүгдэгч С.Гүлзат нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотор хохирогч Ш.Хуанганыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ш.Хуанганы мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 433 дугаар дүгнэлт, гэрч С.Жархынгүлийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураагдсан цамц зэргээр нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч С.Гүлзат нь хэдийгээр хохирогчийг зодоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатай идэвхтэй үйлдэл хийж, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, цамцыг нь урсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйг дурдах нь зүйтэй байна.  
 Иймд С.Гүлзатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч хохирогчид 400000 төгрөг өгсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 85-р хуудас/, хохирогч, өмгөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 
Уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол нь шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн 60000 төгрөгийн үнэтэй цамц болон 80000 төгрөгийн тээврийн зардал нийт 140000 төгрөгийн хохирол учирсан байна. 
Харин хөдөлмөрийн чадвар түр алдалтын буюу листтэй байсан 8 хоногийн тэтгэмж нэхэмжилснийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, үүнийг нийгмийн даатгалын болон холбогдох байгууллагаас ирүүлсэн баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Өмгөөлөгчийн хөлс 250000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.1.4-д байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлсөн зардлыг хамааруулжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40.2-д заасны дагуу төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гаргасан өмгөөлөгчийн унааны зардал, өмгөөллийн хөлс бусад зардлаас бүрдэх бөгөөд мөн хуулийн 99.2-д төр хариуцахаар зохицуулсан байна.
 Өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч Ш.Хуанган нарын хороонд хийгдсэн гэрээ нь иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байх тул өмгөөллийн хөлс 250000 төгрөгийг шүүгдэгч С.Гүлзатаас гаргуулах үндэслэлгүй байна. 
Мөн илүү нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Уг гэмт хэрэг гаргахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч С.Жархынгүл нарын мэдүүлгээр нотлогдож байна. 
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51.3-т зааснаар баривчлах ялыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэхийг хориглосон зэргийг үндэслэн түүнд торгох ялыг хэрэглэх нь зүйтэй юм. 
Торгох ялыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. 
Шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдсан ноосон цамцыг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч С.Гүлзатын гэр бүлийн дундын өмч болох 77-48 БӨТ Ланд крузер маркийн автомашиныг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297, 298, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Шеруши овогт Сайндолдагийн Гүлзатыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гүлзатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч С.Гүлзат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.  
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ноосон цамцыг хохирогч Ш.Хуанганд буцаан олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.1-д зааснаар шүүгдэгч С.Гүлзатын гэр бүлийн дундын өмч болох 7748 БӨТ улсын дугаартай Ланд крузер маркийн авто машин битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй. 
6. Шүүгдэгч С.Гүлзат нь хохирогчид 400000 төгрөг өгснийг дурдаж, Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 140000 төгрөгийг төлсөнд тооцож, харин хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж нэхэмжилснийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, үлдсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
   8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ