Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2018/0830

 

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2018/0830

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С аймгийн Б сум, 0 дүгээр баг, Т гудамж, 0-0 тоотод оршин суух Б.С

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар Б.С-ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж С******* аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн ажил, албан үүргээс чөлөөлж, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураасан болохыг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3399 тоот мэдэгдлийг хүлээн авснаар Б.С өөртэй нь холбоотой эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт гарсныг мэдсэн.

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, актыг гаргасан этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв баримтлаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Б.С-ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авах ёстой байтал Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлээр сахилгын шийтгэл ногдуулсан.

Цагдаагийн цол гэдэг бол цагдаагийн албанд ажиллаж байгаа албан тушаалыг илэрхийлэхээс гадна цагдаагийн байгууллагад ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж олгодог илэрхийлэл бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд цагдаагийн цол хураах тухай заалт байхгүй байхад Б.С-ийн цагдаагийн хошууч цолыг хураасан нь үндэслэлгүй.

Б.С, Ц.О нарыг эр эмийн харилцаа үүсгэсэн талаарх Д.О-ын гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авч, албаны шалгалт явуулж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзжээ.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм нь цагдаагийн байгууллагын албан хаагч хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа баримтлах дүрэм байхад Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ цагдаагийн алба хаагч биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагч нь зөвхөн үйл ажиллагаандаа буюу төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бусадтай харилцах харилцааг л ёс зүйн дүрмээр зохицуулсан болохоос хувийн харилцааг ёс зүйн дүрмээр зохицуулах боломжгүй тул Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана гэж заасан. Ц.О, Б.С нар нь хайр сэтгэлийн асуудалтай байгаа гэсэн ч энэ нь цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд хамаагүй тул хувийн харилцаанд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлах шаардлагагүй.

Б.С төрийн тусгай албан хаагч, цагдаагийн алба хаагчийнхаа хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан эрхээ хэтрүүлээгүй, тус хуулийн 69 дүгээр зүйлд хамаарах хориглох үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй. Албаны шалгалтын хүрээнд шалгаж байгаа үйл баримтаас гадуур Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг үндэслэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

Б.С нь Д.О болон түүний ээж Ё.Ц нартай хувийн асуудлаар маргасан нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гарсан асуудалтай холбоогүй хувийн эрх зүйн буюу гэр бүлийн асуудлыг цагдаагийн байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлэн, өөрт хамааралгүй хувийн эрх зүйн асуудлыг шалгаж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийг төлөөлөх эрх шилжүүлэн авсан Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар Б.С-ийг С******* аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь: С******* аймгийн Б******* сумын ******* багийн иргэн Д.О 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С******* аймгийн Цагдаагийн газрын даргад хандаж Д.О би хэсгийн төлөөлөгч Ц.О-той ханилаад 14 жил болж байгаа бөгөөд 2 хүүхэдтэй. 5 жилийн өмнөөс Цагдаагийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Б.С-тэй эр эмийн харилцаатай болж, намайг хуурч мэхэлсэн. Энэ асуудлаар миний хадам ээж Ё.Ц Б.С-тэй уулзахад түүнийг хэл амаар доромжилсон. Гэр бүлийн уур амьсгал хөндийрч, бид гэр бүлээ цуцлуулах болоод байна. Иймд энэ асуудлыг шалгаж өгөөч гэсэн. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйтэй холбогдуулан өргөдөл гаргасан.

Д.О-ын өргөдлийн дагуу албаны шалгалт явуулахад ажлын шууд хамааралтай, нэг нэгэндээ ажлын үр дүнгээ тайлагнадаг албан тушаалтнууд болох С******* аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Б.С, хэсгийн төлөөлөгч Ц.О нар нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон.

Б.С нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар төрийн тусгай албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, ёс зүйн дүрмийг зөрчиж өөрт нь харьяалагдах албан тушаалтантай албан бус /гэр бүлээс гадуурх харилцаа/ харилцаа үүсгэсэн, олон нийтийн газарт бусадтай зүй бус харьцаж, хэрүүл маргаан үүсгэсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, шалгагчийн гаргасан саналыг даргын зөвлөлийн хуралд орсон гишүүдийн саналаар дэмжиж, Цагдаагийн албаны тухай 84 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад нийцсэн бөгөөд сонсох ажиллагааны явцад Б.С-т гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгсөн.

Иймд Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, С******* аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... Б.С-ийг төрийн тусгай албан хаагчийн албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй, хувийн асуудлаар албаны шалгалт явуулж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг бус Цагдаагийн албаны тухай хуулийг баримталсан нь үндэслэлгүй. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж, хариуцагч нь Б.С нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд төрийн хууль дээдлэх, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй боловч ажлын шууд хамааралтай, нэг нэгэндээ ажлын үр дүнгээ тайлагнадаг албан тушаалтан болох хэсгийн төлөөлөгч Ц.О-той гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, бусдыг хэл амаар доромжилсон болох нь албаны шалгалтаар тогтоогдсон. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд хууль, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх сахилгын шийтгэлийн төрлийг зааж өгсөн учраас Цагдаагийн албаны тухай хуулийг баримталж, сахилгын шийтгэл оногдуулсан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, С******* аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар[1] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, 9******* зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5.2.2-д заасныг үндэслэн С******* аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.С-ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.4.10-т заасныг зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураажээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх С******* аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 66 дугаар тушаалаар Б.С-ийг 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс тус хэлтэст туслах ажилтнаар, мөн даргын 2000 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 98 дугаар тушаалаар мөн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч, бичээчийн албан тушаалд цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цолоор шагнасан, мөн даргын 2005 оны 0******* сарын 26-ны өдрийн 75 дугаар тушаалаар тус хэлтэст шуудангийн ажил хариуцсан ажилтнаар, мөн даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар тушаалаар мөн хэлтсийн Хэв журмын тасагт цагдаагаар тус тус томилсон, Цагдаагийн ерөнхийй газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 570 дугаар тушаалаар С******* аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрдэнэцагаан сум дахь Цагдаагийн тасагт хэв журмын байцаагчаар томилж, цагдаагийн дэслэгч цол олгосон, мөн даргын 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр тушаалаар мөн хэлтэст хэв журмын байцаагчаар, мөн даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар мөн хэлтсийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар тус тус томилж, цагдаагийн хошууч цол олгосон болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23-04/1101 дүгээр[2], 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23-09/2586 дугаар лавлагаануудаар[3] тогтоогджээ.

Б.С-ийг С******* аймгийн Цагдаагийн хэлтэст хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр С******* аймгийн Б******* сумын ******* багийн иргэн Д.О нь тус аймгийн Цагдаагийн газрын даргад хандан өөрийн нөхөр Ц.О нь цагдаагийн албан хаагч Б.С-тэй эр эмийн харилцаатай болж, намайг хуурч мэхлэх болсон гэх агуулга бүхий өргөдөл[4] гаргасан байх бөгөөд уг өргөдлийн дагуу С******* аймгийн Цагдаагийн хэлтсээс албаны шалгалт[5] явуулж, Б.С-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цэргийн байнгын тэтгэвэрт гаргах санал гаргасан, улмаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс дээрх албаны шалгалтыг үргэлжлүүлэн явуулж, Б.С-ийг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.О-той 5 жилийн хугацаанд эр, эмийн харьцаанд орж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Б.С-т Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад зааснаар цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахаар санал[6] хүргүүлсэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар[7] уг асуудлыг хэлэлцэж, С******* аймгийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.С-т Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад заасан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ. Дээрх хуралдааны шийдвэрийг үндэслэж, Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтыг үндэслэж, маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар цагдаагийн байгууллагын офицер буюу Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж ойлгох ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл маргаан бүхий харилцаанд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлах ёстой гэж үзнэ.

Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж, орохгүйгээр халах гэж хуульчилжээ. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт цагдаагийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг нэрлэн заасан байх боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна.

Гэтэл маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг хууль зүйн үндэслэл болголгүй, дан ганц Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасныг гол үндэслэлээ болгож, нэхэмжлэгч Б.С-т сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.

Тодруулбал дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 2******* зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаанд ... хуульд үндэслэх ... зарчмыг баримтална, 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж тодорхойлон заасныг зөрчсөн байна. Үүний зэрэгцээ маргаан бүхий тушаалаар Б.С-т сахилгын шийтгэл оногдуулахдаа Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.10-т заасныг зөрчсөн буюу гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзжээ.

Хэдийгээр ёс зүйн дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болох боловч Б.С нь өөрийн гэр бүл, үр хүүхдэдээ ямар байдлаар хайр халамжгүй байсан, нийтээр зөвшөөрөгдсөн ямар хэм хэмжээг сахиж мөрдөөгүй гэж үзсэнээ хариуцагч маргаан бүхий тушаалд тодорхойлон заагаагүй байна.

Үүний зэрэгцээ маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т заасан ... өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, 40.2.5-т заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 2******* зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой. Сонсох ажиллагааны зорилго нь тухайн захиргааны актыг батлан гаргахын өмнө шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулах, оролцоог хангах замаар нэхэмжлэгчээс тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлын талаар дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэрэг үр дагаврыг агуулах бөгөөд эцсийн дүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгдэнэ.

Гэтэл хариуцагч нь сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий тушаалыг батлан гаргасан өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл[8] үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ. Учир нь захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар түүнээс тайлбар, санал, нотлох баримт гаргах өгөх боломж, хугацаа олгоогүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Б.С-ийг Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-т Ёс суртахуунтай байх, 2.4.1-т өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, 2.4.13-т иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зүй зохисгүй үг хэрэглэх ..., харилцааны дутагдал гаргахыг цээрлэх гэснийг зөрчсөн гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэлээ маргаан бүхий тушаалд заагаагүй, тушаалынхаа үндэслэл болгоогүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэдийгээр эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй ч Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан сонгож ногдуулахаар байна.

Нэхэмжлэгч Б.С нь 2017, 2018 онд сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй байхын зэрэгцээ 2018 оны 1, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад үр дүнгийн гэрээнд заагдсан үүргээ хангалттай биелүүлж, хамт олноо тэргүүлэн ажилласан гэж үзэж, түүнд албан тушаалын үндсэн цалингийн 10-20 хувиар тооцож, урамшуулал олгож байжээ.

Үүний зэрэгцээ хариуцагч нь ... нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж сонгох боломжтойгоор хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.С нь дээрх хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо шүүхэд гаргасныг буруутгах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул хариуцагчийн ...Б.С хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй шууд шүүхэд хандаж, уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчилсан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчийг цагдаагийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг С******* аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн хошууч цолыг сэргээх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хоёр: Нэхэмжлэгчийн ... ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн

шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнд сахилгын шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/648 дугаар тушаал нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 1 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.602.909 /гурван сая зургаан зуун хоёр мянга есөн зуун ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 2******* зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.С-ийг С******* аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний цагдаагийн хошууч цолыг сэргээн олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 1 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.602.909 /гурван сая зургаан зуун хоёр мянга есөн зуун ес/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Цагдаагийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН