Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

             Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

             Улсын яллагч Ц.Чингүүн,

             Шүүгдэгч Т.Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн *********  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Т.Э.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх 508 тоотод хохирогч Н.Н хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас түүнд халдаж, хохирогчийн зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, мөн хутга ашиглан зүүн тавхайнд шарх бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх 508 тоотод хохирогч Н.Н хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас түүнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

           Үүнд: Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.А үл ойлголцож маргалдах явцдаа тохойгоороо түүний зүүн нүдний орчим цохисон. Мөн хутга барих үед Н.А миний хутга барьсан гар руу өшиглөсөн тэгэхэд зүүн хөлийн тавхайд гэмтэл учирсан...Бид хоёр эвлэрсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

             Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Н манай гэрийн зуухыг хөлөөрөө өшиглөхөөр нь би чи яаж байгаа юм гэж хэлээд хөл рүү нь өшиглөсөн юм. Тэгтэл Э.Н манай гэрийн гал тогооны шүүгээнээс модон иштэй хутга бариад над руу гүйгээд ирэхээр нь гар луу нь өшиглөсөн чинь миний зүүн хөлийн ул хэсэг рүү Э.Н барьж над руу дайрч ирсэн хутга нь гутлыг нэвтэрч орж гэмтэл учруулсан. Э.Н хутгаа тавихгүй байхаар нь С.Р бид ноцолдож гараас нь хутгыг нь арай гэж салгаж авсан.... Э.Н гал тогооны шүүгээ хэсгээс хутга аваад над руу гүйгээд ирэхээр нь би зүүн хөлөөрөө хутгатай гар луу нь хутгыг нь унагахаар өшиглөсөн тэгтэл миний зүүн хөл рүү хутга орж хөлийг маань зүсэж гэмтэл учруулсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14, 16-р хуудас),

              Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрээс явж байхад М.Л дэлгүүрийн тэнд Э.Н гар нь цус болсон байдалтай байж байхаар нь Э.Наас юу болов гэж асуухад Мишээл дэлгүүрийн энд хүмүүстэй маргалдаад гэхээр нь шууд эмнэлэг рүү авч явсан, эмнэлэг дээр очоод байж байхад миний араас ахлах ахлагч  Түмэннасан, Н.Г аваад эмнэлэг дээр орж ирсэн за энэ юу боловч гэхэд Э.Н, Н.А нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан асуудал болсон байсан цагдаагаас ахлах ахлагч Б.Ж мөн эмнэлэг дээр байсан...Эмнэлэг дээр Н.н зүүн хөлийн хуруу хэсэгт боолт хийж байхыг нь харсан...Э.Н гар нь цус болсон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийгөө авч явах чадвар муу нэлээн сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

            Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.н эхнэр нь над руу би аймагт байна тэр Э.Н, Н.А хоёр зодолдох гээд байх шиг маргаад байна гэхээр нь би очсон, намайг очиход хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд Э.Н Н.Н хиймэл шүдийг цохисон. Мөн гэрийнх нь зуухыг хөлөөр өшиглөсөн тэгээд Н.А давраад байгаарай гэсэн тэгтэл Э.Н шүүгээнээс хутга аваад Н.А руу дайрсан, Н.А хойшоо ор луу унахдаа хөлөөрөө Э.Ны хутгатай гар луу өшиглөсөн юм уу эсвэл Э.Н хутгалсан юм шиг байна лээ би тэгээд тэр хоёрыг салгаж Э.Ны гараас нь хутгыг нь булааж авсан, тэгээд хутгыг гаргаж хаясан, Н.А гараад явсан. Түмэннасан ахынд очсон юм байна лээ тэгээд удалгүй байж байтал Түмэннасан ах намайг ирж авсан...Намайг явснаас хойш архи согтууруулах ундааны зүйл нэмж уусан юм байна лээ тэгээд хоорондоо маргалдсан байсан тэгээд намайг ирснээс хойш мөн маргалдаж байгаад Н.Аг Э.Н бор өнгийн модон иштэй нарийн 3 хутгаар хутгалсан асуудал болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

            Гэрч Х.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.А манайд ирэхдээ зүүн талын хөлөндөө гуталгүй, нүд нь хавдсан хөлөө боосон байдалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа манай гэрт орж ирсэн. Н.А манай гэрт орж ирэхдээ Э.Н намайг хутгалчихлаа гэсээр орж ирэхэд нь тэд нарыг маргалдсаныг мэдсэн... Э.Н, С.Р нар нэг төгсөлтийн залуучууд байгаа юм, тэгээд Н.Агийн гэрт архидан согтуурсан талаар надад Н.А хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

           Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 587 дугаартай дүгнэлтэд:

           1. Н.Н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн тавхайнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх зүүн тавхайны шарх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний зовхины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд тус тус үүсгэгджээ.

           3. Н.Н.Агийн биед учирсан гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 30-р хуудас), Хохирогч Н.Н.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-р хуудас) Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38, 42-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Т.Э.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх 508 тоотод хохирогч Н.Н.Атай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас түүнд халдаж, хохирогчийн зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, мөн хутга ашиглан зүүн тавхайнд шарх бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Э.Ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн 4 хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

          Хохирогч Н.Н.Агийн (хх-ийн 13-14, 16-р хуудас), гэрч Э.Д (хх-ийн 21-22-р хуудас) гэрч Х.Тгийн (хх-ийн 27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 587 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.   

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

           Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.Э.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

           Шүүгдэгч Т.Э.Н нь хохирогч Н.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд Хохирогч Н.Н.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-р хуудас) байгуулсан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгч Т.Э.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас)-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Э.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

           Шүүгдэгч Т.Э.Н нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн 5 хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

           Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй, модон ишин дээрээ 3 ширхэг жижиг төмрөөр цоолж бэхэлсэн, ажлын хэсэг нь 14 см урттай төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. Эрүүгийн *******  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:  

           1. Шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.   

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Э.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.    

          4. Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй, модон ишин дээрээ 3 ширхэг жижиг төмрөөр цоолж бэхэлсэн, ажлын хэсэг нь 14см урттай төмөр хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.     

           5. Эрүүгийн ******** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ХҮРЭЛБААТАР