Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

2024       08           26                                       2024/ШЦТ/174

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогч: Б.М,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Аын Тд холбогдох эрүүгийн 2435000000150 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 04 дүгээр сарын 23-нд Увс аймгийн .............. суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй З овогт Аын Т /РД:.................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бохирго гэх нэртэй газар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгч А.Тыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Т нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бохирго гэх нэртэй газар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 31-ний өглөө нөхөр Т.Ө 08 цагийн үед байх бог малаа хариулаад гэрээс гараад явсан. Би гэртээ хүү Ө.Уын хамт үлдсэн. Тухайн өдрийн 10 цагийн үед байх би гэрийн баруун талд байх зурагтыг, гэрийн хоймор хэсэгт суугаад үзэж байхад гэрийн гадна мотоцикль ирэх чимээ гарч, гэрт А.Т гэх залуу ганцаараа орж ирсэн. А.Т гэрт орж ирээд гэрийн баруун талд байх зурагтын урдуур сууж, нөхөр Т.Өг хаашаа явсан талаар асуусан. Би нөхрийг бог малаа хариулж яваа гэж ярилцаад А.Тад цай аягалж өгсөн. А.Т надаас нөхөр чинь хэзээ ирэх юм гэж асуухад, би үдээс хойш ирнэ гэж хариулсан. А.Т надаас нөхөртэй хэрхэн танилцсан талаар асууж, ойр зуурын зүйл ярилцаж байгаад гэрийн хойморт сууж байсан над руу босож ирээд миний араас тэврээд авахаар нь би боль гэж хэлэхэд А.Т намайг тэвэрсэн гараа тавьж, надаас гараа авсан. Би А.Тад хандаж энэ үйлдэл чинь хүчингийн хэрэг шүү гэж хэлээд А.Тагаас холдож гэрийн зүүн талд байх орон дээрээ очиж суухад А.Т над руу ойртож ирээд намайг орон дээр хойш нь дарж хэвтүүлээд миний өмдийг өвдөг хүртэл хагас тайлсан. Би А.Тад хандаж боль гэж хэлээд эсэргүүцсэн боловч хүч хүрээгүй. Тухайн үед А.Т хүрэн өнгийн дээлтэй байсан бөгөөд дээл хормойгоо дээш нь сөхөж, өмдөө өвдөг хүртлээ хагас тайлж, өөрийн бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү оруулж хөдөлсөн. Би эсэргүүцсэн боловч хүч хүрэхгүй байсан бөгөөд А.Т намайг ойролцоогоор 5 орчим минут хүчиндэж, бэлгийн харьцаанд ороод түүний дараа шууд гэрээс гараад явсан хаашаа явж байгааг нь би мэдээгүй. Нөхөр Т.Ө тухайн өдрийн 14 цагийн үед бог малаасаа гэртээ ирэхэд А.Т намайг хүчиндсэн талаар хэлсэн бөгөөд нөхөр Т.Ө Наранбулаг сумын цагдаа руу дуудлага өгсөн. Би тухайн журамд заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, зэрэг тогтоолгохгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн учирсан зүйл байхгүй. Тухайн хүний намайг хүчирхийлсэн үйлдэлд нь гомдолтой бөгөөд би тухайн хүнээс нэг ч төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дахь тал),

            Гэрч Т.Өн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг өнгөрөөд бог малаа тууж бэлчээрт хариулсан. Миний бог малаа хариулсан газар нь манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт ууланд хариулсан. Уг газар нь өндөрлөг газар байсан тул манай гэр дурангаар харахад харагдаж байсан. Тухайн өдрийн үдийн үед гэрийнхээ зүг дурангаар харахад гэрээс нэг мотоцикль хөдөлж, ертөнцийн зүгээр урд зүг рүү явж байгаа харагдсан. Энэ үед эхнэр Б.Мээс хаана явж байна гэх зурвас ирэхээр нь эхнэр Б.М рүү залгаж хэн гэрт ирсэн бэ гэж асуухад, эхнэр Б.М, А.Т ирээд явлаа гэж хариулсан, өөр зүйл ярилцалгүй би утсаа салгаад, тухайн өдрийн 14 цагийн үед гэртээ ирж эхнэр Б.Мээс А.Т ямар ажлаар явж байна гэж асуухад зүгээр явж байна гэж хариулаад, надад хандаж А.Т намайг оролдож, хүчиндсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сумын төвд гэртээ байж байхад хүргэн хүрлээ манайд ирээд ээж манай дүүг А.Та гэртээ байхад 10 цагийн үед Б.Мийг хүүхдээ хөхүүлээд зурагт үзээд сууж байхад дөхөж ирээд өмд тайлж хүчиндэж хаячаад гараад явчихсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаартай “Үзүүлэгч Б.М нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Учир нь Б.Мийн биед үзлэг хийх үед авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй. Шүүх биологийн шинжилгээний №12 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Б.М одоогоор жирэмсэн биш байна. Б.Мийн биед үтрээний үүдэвч хэсгийн салстад болон охин хальсны хуучин урагдлын ёроол хэсгээр 3 цагийн байрлалд бага зэрэг улайж хүрэнтсэн жижиг хэмжээний цус харвалттай байна. Үзлэг хийх үед биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэл тогтоогдоогүй. Биеийн бусад хэсэгт гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултад хариулах боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Б.Мийн биед үзлэг хийх үед авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал),

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай “Б.Мийн өмсөж байсан хувцаснуудад урагдалт, цооролт ханзралт байхгүй байна. Б.Мийн өмсөж байсан хувцаснуудад шинэ, хуучин урагдалт, цооролт ханзралт байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Шүүгдэгч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өлзий гэх айл нь ганц гэрээрээ Бохирго гэх газарт мэддэг учраас 10-11 цагийн үед гэрт нь очиход тухайн айлын эхнэр Б.М нь өөрийн бага насны хүүхэдтэй байсан бөгөөд би тухайн айлд ороход надад цай хийж өгөхөөр нь цайг нь ууж ойр зуурын юм ярилцаж, нөхрийг нь хаана байгаа талаар асуухад малдаа явсан, үдээс хойш ирнэ гэсэн учраас миний бие өөрийн биеийг барьж чадахгүй уг эмэгтэйд хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ тухайн хүнийг зодож цохисон зүйл байхгүй боловч бэлгийн харьцаанд өдрөөр, хүүхдийн дэргэд тийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус хуульчлан тодорхойлсон.

Шүүгдэгч А.Т нь хохирогч Б.Мийг гэртээ ганцаараа байгааг нь далимдуулан зөвшөөрөөгүй байхад нь хүчээр бэлгийн харилцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл байна.

Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж тодорхойлсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хүчиндэх гэмт хэргийн объектив  талын заавал байх үндсэн шинж нь хохирогчийг зөвшөөрөөгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгохоор байна.

Шүүгдэгч А.Т нь хохирогч Б.Мийн хүсэл зоригийн эсрэг буюу түүнийг зөвшөөрөхгүй байхад хүчээр бэлэг эрхтэн рүү нь өөрийн бэлэг эрхтнээ оруулсан нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн үйлдэл юм.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаартай “Үзүүлэгч Б.М нь бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Учир нь Б.Мийн биед үзлэг хийх үед авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй. Б.М одоогоор жирэмсэн биш байна. Б.Мийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих халдварт өвчин илрээгүй байна. Б.Мийн биед үтрээний үүдэвч хэсгийн салстад болон охин хальсны хуучин урагдлын ёроол хэсгээр 3 цагийн байрлалд бага зэрэг улайж хүрэнтсэн жижиг хэмжээний цус харвалттай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)-ээр шүүгдэгч А.Т нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бохирго гэх нэртэй газар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Мийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсны улмаас түүний охин хальсны хуучин урагдлын ёроол хэсгээр 3 цагийн байрлалд бага зэрэг улайж хүрэнтсэн жижиг хэмжээний цус харвалт үүссэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Хохирогч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд: “Би тухайн журамд заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, зэрэг тогтоолгохгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч А.Тас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үнэлээд шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Тас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар : 

Шүүгдэгч А.Т нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал)-аар  тогтоогджээ. 

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч А.Бгийн өгсөн: “А.Т нь Улаангом сумын 1 дүгээр курст сурч 10 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой Сургууль төгсөөд Завхан Тэс суманд цэргийн алба хааж, цэргийн албанаас халагдаж ирээд Наранбулаг суманд аавын хамт мал маллан амьдарч байгаа Одоогоор албан ёсоор тусдаа гарч гэр бүл болоогүй байгаа. А.Тын зан байдлын хувьд гэвэл төлөв даруу, хөдөө мал маллан амьдардаг хүн юм. Бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Урьд өмнө эмэгтэй хүнтэй үерхэж байсан боловч 2016 онд нэг хүнтэй гэр бүл болсон боловч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж,  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Тын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Аын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Тын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                  

                              

                                 ДАРГАЛАГЧ,  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ