Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2021/00699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Г-д холбогдох, 

 

“Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Г-тэй танилцаж, бид хоорондоо холбоотой явж байгаад бидний дундаас хүү, охин хоёр төрсөн. Бид хамтран амьдраагүй ба гэрлээгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүүхдүүд маань ээж Б.Г болон эцэг Ж.Н бидний хамтын асрамжид байдаг ч би хүүхдүүддээ халамж анхаарал тавьсаар ирсэн ба хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Хүү Н-ийн Г-О 2009 оны 00 дугаар сарын 00-нд төрсөн. 2020 оны 05 дугаар сараас хойш хүү маань надтай байгаа бөгөөд цаашид аавтайгаа хамт амьдрах хүсэлтэй байгаа тул хүү Н.Г-о-ыг миний асрамжид үлдээж өгнө үү.

            Хүүхдийн тэтгэмжийг эх Б.Г-ээс нэхэмжлэхгүй болно” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2000-аад оны үед танилцаад хааяа уулздаг найзууд байсан. 2009 онд Г-О, 2014 онд А хүүхэд төрсөн. Надаас нууж хүүхэд гаргадаг. Г-О-оос надад гомдол ирж, өнгөрсөн жил шүүхэд өргөдөл гаргах болсон. Хүүхдийн хүмүүжил сургалт, амьдралын цаашид батлан дааж, хүүхдийн зүгээс ээжтэйгээ байхаас боломжгүй, айдаг учраас өөр дээрээ авахаар шийдсэн. Өнгөрсөн жил манай хүүхэд ээж нь зүй бус үйлдэл гаргадаг, хөл нүцгэн хөөж гаргадаг, хоол их идлээ гээд ус уулгаж байгаад буцаагаад бөөлжүүлдэг, бурхныхаа өмнө 108 удаа мөргөдөг, мөргөхгүй бол утас цэнэглэгчээр зоддог. Олон зүйл надад ярьсан. Үүнээс болж хүүхдээ өөрийнхөө шийдвэрт авахаар болсон. Манай хүүхэд ээжээсээ маш их айдаг. Өнгөрсөн долоо хоногт уулзсан айж байх шиг байсан. Хүүхэд эрхлүүлж, үнссэнээс болж өвчин дамждаг гээд үнсэх гээд дайраад хүүхэд зугтаасан. Би холоос хараад зогсож байсан. Ийм асуудлуудаас болж хүүхдээ асрамжид авъя гэж байгаа юм. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй” гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Н-тэй 2000 онд танилцан дотно холбоотой байсаар ирсэн. Гэрлэлтийн баталгаагүй. Бидний дундаас хүү, охин хоёр төрсөн. Хүүхдүүд маань төрсөн цагаасаа өдийг хүртэл ээж Б.Г миний асрамжид байсан. Эцэг Ж.Н нь хувцаслах, хүүгийн сургуулийн зардлыг хариуцдаг. Хааяа аав дээрээ очдог байсан. 2020 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүүг маань агаарт гаргаж, хөдөө авч явна гээд эцэг нь авч явсан бөгөөд өнөөдрийг хүртэл эхтэй нь, эмээтэй нь/хүүг өсгөсөн/ , дүүтэй нь, эгчтэй/хүүг өсгөлцсөн/ уулзуулахгүй, утсаар ч яриулахгүй, бүх шугамыг блок хийж, биднийг амьдын хагацалд учруулж өнөөдрийг хүрсэн. Энэ нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, бага насны хүүхдийг эрхшээлдээ оруулан хүчирхийлж буй хэрэг юм.

Ж.Н хүүг маань өөрийн асрамжид үлдээх хүсэлтээ илэрхийлэн нэхэмжлэл гаргасан байна. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, бага насны хүүхдийг эрхшээлдээ байлгаж, эхийнх нь эсрэг элдэв үг хүртэл зааж, гүтгэх хэрэг үйлдэж буй хүнд асран хамгаалах эрх олгуулахаас айж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар өгч байна. Миний бие өдий болтол өсгөсөн хүүгээ асран хамгаалах үүргээсээ татгалзах эрхгүй гэж өөрийгөө үзэж байна” гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2001 онд Н-тэй танилцсан. Намайг гүтгэж, дээрэлхэж доромж маягаар хэлж байна. Би таньдаг найзаасаа жирэмсэн болсон мэт ярьж байна. Энэ хүн хүүхдэд маш дургүй. Жирэмсэн байхад байнга хүүхдээ авхуул гэж дарамталдаг байсан учир би айдаг байсан. 20 жил холбоотой байсныгаа зүгээр таньдаг найз мэтээр ярьж байна. Хүүхэд ээжтэйгээ байхгүй гэж шууд гүтгэж байна. 

Хүүхэд 10 жилийн турш би өөрөө өсгөсөн. Г-О-ыг 11 жилийн турш би өсгөсөн байтал хааяа аав дээрээ очдог байсан. Гэтэл гүтгэлгийн чанартай зүйл яриад байна. Хүүхдийг ээжтэйгээ байхад 108 удаа мөргүүлдэг, хоол идээд бөөлжүүлдэг гэж байна цэвэр гүтгэлэг. Би өөрөө бөөлжиж чаддаггүй, гэтэл өөрийнхөө байдлыг над дээр ярьж байгаа юм шиг санагдаж байна. Хүүхэд энэ хүний үгээр хэлж байгаа. Ийм байдалд ортол нь хүүхдийг маань дарамталж байна. 10 жилийн турш айж ичихгүй яаж надтай байдаг байсан юм бэ? Төрсөн ах дүү хоёрыг салгах нь зөв үү. Би эрхээ хасуулсан хүн биш учраас уулзах эрхтэй, гэтэл тухайн өдөр зохион байгуулалттайгаар гадаа, гудамжинд уулзсан. Очиж уулзахад хүүхэд маань айсан цаанаасаа үг заалгасан нь тодорхой. 8 сарын турш уулзаагүй хүүхэдтэйгээ уулзахдаа маш их баяр хөөртэй гэртээ авч яваад хүүхэдтэйгээ байна гэж бодсон боловч огт өөр энэ хүн хүүхдэд маань үг заасан чихэнд нь шивнэсэн, хүүхэд маань надтай маш муухай харьцсан. Хүүхдийг маань тийм муухай харьцахад хүргэж байгаа хүмүүжил олгож байгаа эцэг хүн байх уу. Цэвэр намайг гүтгэж байгаа. Шашин шүтлэгээр доромжлоод байна. Хүн Үндсэн хуульд заасан шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Шашин шүтдэг эрхээр дайрч доромжилсон хандлага гаргаж байна. Амралтын өдөр уулзсан уулзалт дээр миний хувьд 08 сарын турш хүүтэйгээ уулзаагүй байж байгаад уулзахад маш эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Энэ хүн надтай 20 жилийн турш найзалж ирсэн найз юм байна. Би хэн нэгэн таньдаг найзаасаа үр хүүхэдтэй болсон мэтээр гүтгэж байгаа хүн хүүхдийн хүмүүжилд ямар нөлөөлөл үзүүлэх вэ? надад маш их харамсалтай байна. Энэ хүний асрамжид өгөхөөс айж байна. Хүүхдэд маань янз бүрийн үг зааж өгч байна. Эхийг нь гүтгүүлж байна, гүтгэх мэтийн янз бүрийн юм зааж өгч байгаа хүн яаж хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх вэ? Эцгийн хувьд зарим үүргээ гүйцэтгэдэг. Гэтэл хүүхдийн хүмүүжлийг ийм болгож байна. Миний хүү бид хоёр үргэлж найрсаг харьцаатай ирсэн. Хүүхдийг эвгүй байдалд оруулж байна. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Миний хүү зохиож ярьсан бол хүүхдийн хүмүүжилд дэмжлэг үзүүлж байгаа бол энэ нь сөргөөр нөлөөлж байна. Төрсөн эхтэй нь уулзуулахгүй, төрсөн дүүтэй нь уулзуулахгүй байгаа нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа хүнд асран хамгаалагчаар өгөхөөс айж байна. Хүүхдээ өдийг хүртэл өсгөчхөөд асран хамгаалах эрхээсээ татгалзах үндэсгүй гэж бодож байна” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Б.Г-д холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Ж.Н, Б.Г нар 2000 онд танилцаж, түүнээс хойш хугацаанд 2009 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү Н-ийн Г-о-ыг төрүүлсэн бөгөөд зохигчид гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Н.Г-О-ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4 тал/

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар тогтоох бөгөөд 2009 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Н-ийн Г-о-ын эцэг нь Ж.Н болох нь захиргааны журмаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь 2009 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Н.Г-О-ыг өөрийн асрамжид авах хүсэлттэй байх бөгөөд хариуцагч Б.Г мөн өөрийн асрамжид байлгахыг хүсэж байна гэж тайлбарлаж талууд маргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй бол шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхийг шийдвэрлэдэг байна. Ийнхүү шийдвэрлэхэд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой хэдий ч зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид хамтран амьдарч байгаагүй байх бөгөөд 2020 оны 5 дугаар сараас хүү Н.Г-О нь эцэг Ж.Н-ийн асрамжид өсөж байгаа байдал, өсөж хүмүүжих, амьдрах орчин нөхцөл зэрэг байдал, хүү Н.Г-О нь 2013 оны 09 дүгээр сараас хойш Улаанбаатар дахь Бритиш сургуульд суралцаж байгаа болон Ж.Н-ийн амьдран суугаа орон сууц тухайн сургуультай ойролцоо байрладаг байдал, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу хүү Н.Г-О-ын санал зэргийг харгалзан үзэж, мөн Ж.Н эрхэлсэн тодорхой ажилтай болох нь “Битумина Монголиа” ХХК-ийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэнд, сурч боловсрох тал дээр анхаардаг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Хариуцагч Б.Г нь Нийслэлийн ерөнхий боловсролын лаботари 00 дугаар сургуулийн багшаар ажиллаж байгаа бөгөөд 1,361,147 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон баримт, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлаагаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 407 байр, 67 тоот орон сууц болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж, 6 дугаар байрны 31 тоот орон сууцны өмчлөгч Б.Г болох нь баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх баримтаар эх Б.Г нь хүү Н.Г-О-ыг өөрийн асрамжид байлгах боломжтойгоо тайлбарлаж байгаа хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өгсөн бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтойгоо баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.

           

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.”, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

            Дээрх үндэслэлүүдээр шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 14.7, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүүхдийн насны онцлог байдал, хүүхдийн санал, хүүхдийн хувьд хэнд нь илүү ээнэгшин дассан байдлыг түүнчлэн ахуйн нөхцөл бололцоо зэрэг бусад байдлыг харгалзан хүү Н.Г-О-ыг эцэг Ж.Н-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

                                   

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Б.Г нь хүү Н.Г-О нь эцэг Ж.Н-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эцэг Ж.Н саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.

 

            Нэхэмжлэгч Ж.Н нь хүү Н.Г-О-д хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Н-ийн Г-О-ыг эцэг Ж.Н-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгч Ж.Н хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ж.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийг эхийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эцэг Ж.Н саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС