| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2020/03009/И |
| Дугаар | 182/ШШ2021/00118 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2021/00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ч-д холбогдох,
“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Э миний бие нь 2013 онд Д.Ч-той танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 00 дугаар сарын 00-ний өдөр охин Э.А төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 онд салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон.
Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Э.А-ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Э-ын нэхэмжлэлтэй танилцсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Д.Ч-д холбогдуулан “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Д.Ч нар нь 2013 онд танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байх ба хамтран амьдарч байх хугацаанд 2015 оны 00 дугаар сарын 00-ний өдөр охин Э.А-ыг төрүүлсэн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Э.А-ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар тогтоох бөгөөд 2015 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Э.А-ын эцэг нь хариуцагч Д.Ч мөн болохоо хүлээн зөвшөөрч байна.
Ж.Э, Д.Ч нар нь 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Э.А эх Ж.Э-ын асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд охин Э.А-ыг эхийн асрамжид үлдээх талаар талууд маргаагүй тул охин Э.А-ыг эх Ж.Э-ын асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.Ч нь охин Э.А-ыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Д.Ч-оос тэтгэлэг гаргуулж, охин Э.А-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд бага насны хүүхэд болох охин Э.А эх Ж.Э-ын асрамжид байгаа нь Д.Ч-ын хувьд эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд эцэг Д.Ч-ын энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Ж.Э нь саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Э.А-ын эцэг нь Д.Ч мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Э.А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус сар бүр төрсөн эцэг Д.Ч-оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-оос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Ч-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 35,868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Д.Ч-ыг эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх Ж.Э саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС