| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
2024 08 29 2024/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н
Шүүгдэгч: Н.Т, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Нын Т, Ш овогт Эын Г нарт холбогдох эрүүгийн 2435000000188 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны 01 дүгээр сарын 21-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн .........-р хороо ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Нын Т /РД:....................../
Монгол Улсын иргэн, 19....... оны 4 дүгээр сарын 12-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 3 дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Эын Г /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... тоотод Д.Бийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Т Э.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... тоотод Д.Бийг бүлэглэн зодсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
Хохирогч Д.Бийн өвчний түүхийн хуулбарууд, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8-26 дахь тал),
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 31, 111 дэх тал),
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
Гэрч Д.Оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
Гэрч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 115 дахь тал),
Шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61, 117 дахь тал),
Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68, 70, 119 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 317 дугаартай “Үзүүлэгч Д.Бийн биед тархи доргилт, толгойн хуйханд язарсан шарх, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсчихсэн талаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн №4344 дугаартай яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна. Тархи доргилт, толгойн хуйханд язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо“гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дэх тал)-ээр хохирогч Д.Бийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Н.Т, Э.Г нарыг энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Т, Э.Г нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... тоотод Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул шүүгдэгч Н.Т, Э.Г нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Н.Т, Э.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд “Би тухайн хоёр хүнээс гитар эвдэлсэн гэж 100’000 төгрөг, сандал эвдэлсэн гэж 50’000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 580’000 төгрөг, замын зардал 515’000 төгрөг нийт 1’200’000 төгрөг хохирол авсан. Одоо надад тухайн хоёр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Миний сэтгэц, сэтгэл санаанд хохирол учраагүй тул би тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч Б.Бын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1’532’934 (нэг сая таван зуун гучин хоёр мянга есөн зуун гучин дөрөв) төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банкны 10..............80 тоот дансанд “Т ОЮ..............” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 130 дахь тал)-ыг тус тус үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Н.Т, Э.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Т, Э.Г нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 84, 92 дахь тал)-аар тогтоогдсон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ
Шүүгдэгч Н.Т, Э.Г нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Н.Т, Э.Г нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж торгох ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд биелүүлэхээр заасан тул прокурортой тохиролцсон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлэхээр тусгайлан заах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Э.Г, Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор зэвсгийн чанартай ашигласан шар өнгийн будагтай модон сандал нь ахуйн хэрэглээний зүйл боловч хөл нь хугарч цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Г, Н.Т нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Эын Г, Ш овогт Нын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Н.Т нарт тус бүрт нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Г, Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хөл нь хугархай сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Г, Н.Т нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ