| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2023/02139/И |
| Дугаар | 001/ХТ2025/00009 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00009
М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01880 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01886 дугаар магадлалтай,
Э-т холбогдох
3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. М нь Э-т холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01880 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,335 төгрөгийн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 230,385 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Э-аас 70,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01886 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э-т холбогдох, автомашины моторыг солиулахад гарсан зардал 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 210/МА2024/01886 дугаар магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт "... Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байх боловч худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан эсэхийг шалгалгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ." гэж нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг анхан шатны шүүхээс өөрөөр дүгнэж тайлбарласан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан. Хуулийн энэ хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба автомашины моторын далд гэмтлийг иргэн хүн чихээрээ сонсоод мэдэх боломжгүй байхад автомашиныг хүлээж авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан гэх давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Магадлалын Хянавал хэсэгт "... Машины мотор дуугарч дуутай байгааг хоёулаа мэдэж байсан. М нь тосыг солиулахаар зүгээр болчихдог гэж хэлээд "Доктор авто сервис" дээр очиж тосыг солиулаад "одоо зүгээр байна" гэж хэлээд машинаа аваад явсан ..." гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх нэг талын тайлбарт хэт үндэслэж, хариуцагч талд ашигтай байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэж байгаад ихээхэн гомдолтой байна. Харин ч хариуцагчийн дээрх тайлбараар автомашины моторын гэмтэл худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө байсан болох нь нотлогдох ба хариуцагчийн худалдан борлуулсан автомашины мотор нь анхнаасаа дуутай, доголдолтой байсныг илтгэнэ. Хариуцагч нь доголдолтой автомашин шилжүүлсэн болохоо үгүйсгээгүй, доголдолгүй автомашин шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй болно. Худалдагч тал нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх анхдагч үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх бүрэн эрхтэй гэж үзнэ. Хэргийн 65 дах хуудсанд "Д" ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн дүгнэлт авагдсан ба үүнд “дээд клапан 45%-ийн дуутай, гавлын жийрэг болон тагны жийргээр тос алдсан, хуруувч резин солих шаардлагатай, моторын гинж 30%-ийн дугаралттай, цаашид энэ хөдөлгүүр хэвийн ажиллах боломжгүй” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2023.04.07-ны өдөр машиныг хүлээн авч, 2024.04.15-ны өдөр доголдлын талаар мэдэгдэж, нэхэмжлэлийн шаардлагаа 2024.04.20-ны өдөр анхан шатны шүүхэд гаргаж, 2024.06.27-ны өдөр автомашины моторын доголдлыг илрүүлсэн нь хуульд заасан 6 сарын хугацаанд хамаарах юм. Нэхэмжлэгч нь шатах камерын оношлогоо буюу моторын ком оношилгоог мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж байж моторын доголдлыг илрүүлсэн ба энэ нь нарийн багаж, тусгай мэдлэг шаардсан ажил учраас энэ талын мэдлэггүй нэхэмжлэгчийг уг доголдлыг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг авч, шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний зөрүүтэй, хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн 2024.10.14-ний өдрийн 210/МА2024/01886 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.29-ний өдрийн 183/ШШ2024/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
5. Нэхэмжлэгч М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.13-ны өдрийн 001/ШХТ2024/01592 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч М нь хариуцагч Э-т холбогдуулан “ ...2023.04.07-ны өдөр автомашиныг Э-аас 28,000,000 төгрөгөөр худалдан авсан, ...машины мотор эвдрэлтэй байгаа тул буцаах” гэсэн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...худалдан авсан автомашины хөдөлгүүр солиулахад гарсан зардал болох 3,500,000 төгрөгийг гаргуулна” гэж өөрчилсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... тухайн үед өөрөө автомашинаа үзэж хараад авсан. Доктор авто сервис дээр очиж машины тос солиулаад явсан, нэхэмжлэгч нь мотор дуутай байгааг мэдэж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... М худалдан авсан автомашины доголдлыг арилгахад 3,500,000 төгрөг зарцуулсан болох нь “Д” ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн 3/152 дүгнэлт, “Д ” ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн зарлагын баримт, и-баримтаар тогтоогдож байна. Хариуцагч тухайн автомашины мотор гэмтэлтэй байсныг зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.” гэж дүгнэсэн байна.
8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... нэхэмжлэгч М нь автомашиныг хүлээж авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдрөө буюу 2023.04.07-ны өдөр Доктор авто сүлжээгээр автомашины моторын тос, тосны шүүр, агаар шүүгч солиулах үйлчилгээ хийлгэсэн, мөн “Д ” ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн дүгнэлтэд ...дээд клапан 45%-ийн дуутай, гавлын жийрэг болон тагны жийргээр тос алдсан, хуруувч резин солих шаардлагатай, моторын гинж 30%-ийн дугаралттай... гэж дурдагдсан зэргийг харьцуулан дүгнэвэл ...Машины мотор дуугарч дуутай байгааг талууд мэдэж байсан. М- тосыг нь солиулахаар зүгээр болчихдог гэж хэлээд Доктор авто сервис дээр очиж тосыг солиулаад одоо зүгээр байна гэж хэлээд машинаа аваад явсан... гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
9. Нэхэмжлэгч М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
10. Э- ... арлын дугаартай, ... гаалийн мэдүүлгийн дугаартай, Lexus HS250h маркын 2010 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн суудлын автомашиныг 2023.04.07-ны өдөр 0434 дугаар итгэмжлэлээр М-д бусдад худалдах, бэлэглэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, нэр шилжүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг шилжүүлэн өгсөн буюу хариуцагч нь итгэмжлэлээр автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн, 2023.04.07-ны өдөр автомашины үнэ 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдрөө “Доктор авто сүлжээ” авто үйлчилгээний газарт автомашины моторын тос, тосны шүүр, агаар шүүгч солиулах үйлчилгээ хийлгэсэн, мөн “Д“ ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн дүгнэлтэд ... дээд клапан 45%-ийн дуутай, гавлын жийрэг болон тагны жийргээр тос алдсан, хуруувч резин солих шаардлагатай, моторын гинж 30%-ийн дугаралттай... гэж дурдагдсан зэргийг харьцуулан дүгнэвэл ...Машины мотор хэвийн бус дуутай байгааг хоёулаа мэдэж байсан. М- тосыг нь солиулахаар зүгээр болчихдог гэж хэлээд Доктор авто сервис дээр очиж тосыг солиулаад одоо зүгээр байна гэж хэлээд машинаа аваад явсан...” зэргээс үзэхэд нэхэмжлэгч М- нь автомашиныг хүлээж авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
12. Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болж буй автомашиныг нэхэмжлэгч бусдад худалдсан байх тул зохигчийн хооронд үүссэн маргаанд хамаарах худалдах-худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг тогтоох боломжгүй нөхцөл бий болсон байна. Түүнчлэн уг автомашиныг ямар үнээр, хэзээ бусдад худалдсан талаарх баримт, тайлбар хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг доголдолтой автомашин худалдан авснаас чухамхүү 3,500,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх нөхцөл тогтоогдсонгүй.
13. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01886 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД